"Дархануул аймаг Дархан сум, Шары гол, Хонгор гэдэг 3 сумаа хамарсан байдлаар Дархан хот болж хувирна"

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.05.03/ нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, эдийн засгийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, "Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу нийслэл нь засаг захиргаа нэгжийн хувьд дүүрэг, дүүрэг нь хороодод хуваагдах хэвээрээ байгаа. Бид дүүргийн засаг захиргааны нэгжийн чиг үүргийг тус дүүрэг дээр байгуулагдсан хотуудад шилжүүлье гэж байгаа юм. Засаг захиргааны нэгж буюу дүүргүүдийн хэрэгжүүлж байгаа чиг үүргийг шинээр дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр байгуулагдах хотуудад шилжүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах асуудал дээр Үндсэн хуулийн зөрчил байхгүй. Өргөн барьсан хууль, тогтоолын төслүүдэд дүүргүүдийг татан буулгах, өөрчлөх асуудал огт хөндөгдөхгүй. Төвийн 6 дүүрэг хэвээрээ байна. Дээрх дүүргүүд 14 хоттой болж байгаа. 14 хотод 6 дүүргийн чиг үүргийг эдэлбэр газрынх нь хэмжээгээр шилжүүлж, хот нийтийн аж ахуйн асуудлуудаа хариуцаад явах юм. Хөдөө орон нутгийн хувьд онцлогтой. Аймгийн төвүүдийн сумдыг, төвлөрөл бүхий суурин газруудыг орон нутгийн зэрэглэлтэй хот болгох, заримыг нь тосгон болгож хөгжүүлэх бүрэн бололцоотой гэж харж байгаа. Аймгийн төвийн сумыг орон нутгийн зэрэглэлтэй хот болгож хөгжүүлж байгаа бол яг тэр сумын газар нутгийн хэмжээгээр нь эдэлбэр газрыг тогтооё гэж байгаа.
Дархануул аймаг Дархан сум, Шары гол, Хонгор гэдэг 3 сумаа хамарсан байдлаар Дархан хот болж хувирна. Эдэлбэр газрын хэмжээгээрээ Дархан хот улсын зэрэглэлтэй хот болно. Улсын зэрэглэлтэй хот нь орон нутгийн зэрэглэлтэй хоттой байж болно гэж үзэж байгаа. Ингэхээр Шарын голыг дагуул хот, суурин газруудыг тосгон хэлбэрээр, эсвэл хотын хороо гэдэг байдлаар хөгжүүлэх боломжтой гэж харсан. Дархануул аймаг тэр чигтээ Дархан хот болвол Шарын гол гэдэг дагуул хот нь хамтдаа төсвийн хязгаараа батлуулна гэсэн үг.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2025 оны 06 дугаар сарын 1-нээс, УИХ-ын тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэж тооцсон" гэсэн хариултыг өглөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орхон гээд бас нэг сум байдаг юмсан. Тэр нь хаашаа шилжих юм бол.