С.Ганбаатар: Хүүхдүүдээ тэмцээнд орохыг нь харахаар тэнгэрт нисэж яваа шувуу шиг санагддаг

Хэдий 60 гаран жилийн түүхтэй ч мотоспортын талаарх монголчууд бид төдийлөн сайн мэддэггүй, сонирхдоггүй. Хурд хүч авхаалж самбаа сорьсон эрсдэл дагуулсан экстрим спортын төрөлд шилдгийн шилдэг нь байна гэдэг санаснаар болох зүйл биш.
Харин энэ хүнд спортоор С.Ганбаатарын дөрвөн хүүхэд гурван жилийн өмнөөс хичээллэж эхэлжээ. Түүний хамгийн том хүү нь наймдугаар ангид суралцдаг бол хамгийн бага хүү нь гурван настай билээ.
Тэрбээр "Хамгийн анх том хүүдээ Хятад мотоцикл авч өгснөөр манай гэр бүлийн өдөр тутмын хэмнэл спорт болж хувирсан. Хүүхдийнхээ хоббиг дэмжих нь гэр бүлийн холбоос нягт болохоос гадна зөв хүмүүжилтэй болдог" хэмээн ярьсан юм.
Ийн Eguur.mn агентлаг нэгэн спортлог гэр бүлийнхэнтэй ярилцсан ярилцлагаа та бүхэнд хүргэж байна.
-Мотоспорт бол экстрим төрөлд ордог. Ийм хүнд спортыг сонгон хичээллүүлэх болсон шалгаан нь юу байв?
-Анх би том хүүдээ 2021 онд энгийн хэрэглээний Хятад дугуй авч өгч байсан. Тухайн үед хүү маань унаж үзээд их хөөрхөн эвсэлтэй унаад байсан. Түүний араас Японы мэргэжлийн тамирчид уралддаг мотоцикл авч өгснөөр тэмцээн уралдаанд орж эхэлсэн. Манай дунд хүү гуравдугаар анги л даа. Бас л ахыгаа дагаад мотоцикл унадаг болсон. Үүний дараагаас гурав дахь хүү минь мотоспортыг эхэлсэн. Одоо анхныхаа тэмцээнд орох гээд бэлтгэлээ хийгээд явж байна даа.
- Хэрвээ хятад мотоциклоор бартаат замд уралдвал яах вэ?
-Хятад мотоцикл бол зөвхөн ахуйн хэрэглээнд унах зориулалттай. Хэрвээ бартаат замд уралдаж туршиж үзэх бодолтой байгаа бол амиа хорлохтой л ижил зүйл болно шүү. Уралдааны мотоциклын тухайд бол адаглаад эд анги нь бат бөх, өндөр чанартай хийгддэг. Тиймээс энэ бол тоглоом биш.
-Гэр бүлээрээ спортоор хичээллэснээр хүүхдүүдтэйгээ харилцах харилцааны хувьд маш гоё халуун дотно болсон-
-Мотоциклынхоо хүчээр харайгаад байх шиг л харагддаг?
-Хүмүүсийн ихэвчлэн та нар мотоцикл унадаг байж яагаад ядраад байдаг юм бэ, юундаа бэлтгэл хийгээд байдаг юм гэж асуудаг. Яг мотоцикл жолоодоод унаад явах бол амархан. Биед нь ямар ч ачаалал ирэхгүй. Яг уралдахад биеийн бүх булчин 100 хувиар ачаалж, 20 минутын турш бүх хүчээ дайчилж ажиллана. Босно, сууна, татна, түлхэнэ гэхчлэн биеийн бүх булчин ажилладаг. Бэлтгэлгүй хүн бол бахардаад унадаг. Цээжинд нь цус амтагдах нь ч бий. Тэгэхээр бид чинь бэлтгэлээ хийхийн тулд кросст гүйнэ, биеийн хүчний бэлтгэл хийнэ, дээрээс нь мотоциклтой бэлтгэл зэрэг их юм хийх ёстой болдог. Сэтгэл санааны бэлтгэл ч давхар хийнэ.
-Спортоор гэр бүлээрээ хичээллэхийн давуу талын талаар?
-Сүүлийн хэдэн жилүүдэд манай хүүхдүүд мотоспорт, таеквондо зэрэг спортоор хичээллэсэн. Хүүхдүүдтэйгээ харилцах харилцаа, хүүхдүүдийгээ ойлгох мөн хамтарч ажиллах гэх мэтчилэн гэр бүлийн харилцааны хувьд маш гоё халуун дотно болсон. Бид мотокросс дээр өдөртөө бэлтгэлээ хийгээд орой нь бэлтгэлийнхээ бичлэгийг үзээд алдаа дутагдлаа ярилцах зэргээр илүү нягт харилцаатай болсон.
-Хүүхдүүд нь тэмцээнд орох мөч хамгийн догдлом бас сандрам байдаг байх?
-Бид бүгд л маш их айдастай. Айдсаа бүгд л даван туулахын тулд алдаа гаргахгүйгээр хичээж явж байгаа. Эцэг хүний хувьд маш их айдаг. Том хүү минь 20 минутын талбай дээр тасралтгүй уралддаг. Энэ хооронд зүрх бол салганаастай. Хамаг бие чангараад сандардаг.
Би хүүхдүүддээ уралдааны талбай дээр гарахаас нь өмнө “Заавал түрүүлнэ шүү” гэж шаардлага тавьдаггүй. Өөрөө ч гэсэн их горьдлого тээдэггүй. Хамгийн гол нь “Ямар ч осол авааргүй, бэртэлгүйгээр замаа дуусгана шүү” гэж хүүхдүүддээ захидаг.
-Хүүхдүүд нь хэдэн жил хичээллэж байгаа вэ?
-Том хүү гурав дахь жилдээ хичээллэж байна. Хоёр дахь хүү маань хоёр дох жилдээ, харин гурав дахь хүү минь эхний жилдээ мотоцикл унаж байна. Хамгийн бага хүү минь гурван настай. Ах нарыгаа дагаад бэлтгэлийн үеэр л цуг унадаг. Их дуртай байгаа.
-Том нь нэг спортоор хичээллэчихвэл бусад нь араас нь дагаад л явдаг юм билээ-
-Дүү нар нь спортоор хичээллэхэд том ах нь их нөлөөлжээ?
-Тийм шүү. Том хүү минь анх ОХУ-ын Хиагтад тэмцээнд оролцоод мөнгөн медаль аваад гэртээ ирсэн чинь хоёрдох хүү маань “Надад мотоцикл аваад өг. Би ч гэсэн медаль авмаар байна” гээд л уйлаад эхэлсэн. Сонирхлыг нь дэмжээд мөн л мотоциклыг нь авч өгөөд тэмцээн уралдаанд оролцуулж эхэлсэн. Үүний дараагаар гурав дахь хүү ах нарыгаа дагаад дугуй унадаг болсон. Мөн дээрээс нь хамгийн бага хүү маань унаад эхэлсэн байна. Өвлийн цагт ч гэсэн цахилгаан дугуй унаад гэртээ байнгын бэлтгэл сургуулилт хийгээд явдаг. Том нь нэг спортоор хичээллэчихвэл бусад нь араас нь дагаад л явдаг юм билээ.
-Спортоор хичээллүүлэх нь олон давуу талтай. Танай хөвгүүд ямар давуу чанаруудыг өөртөө суулгаж байна?
-Спортоор хичээллэх бол ямар ч хүнд хэрэгтэй. Том хүү минь анх тэмцээнд оролцоод ирэхдээ гараа ч атгаж чадахгүй болж ирж байсан. Тэгэхээр хамгийн эхэнд мотокроссын хувьд тамирчдыг тэсвэр хатуужилтай болдог. Мөн биеийн бүх булчин хөгжиж өгнө, тархи ажиллана, хурдан хугацаанд шийдвэр гаргахад бэлтгэлтэй байх зэрэг маш олон давуу талд суралцаж байгаа гэж боддог. Таеквондо бол мэдээж бие хамгаалах спорт. Тэгэхээр мэдээж эрэгтэй хүүхдүүд учраас биеэ хамгаалах гэнэтийн халдлага, бусдыг хамгаалах ёс суртахуунд суралцана.
-Хүүхдүүд нь маш олон медальтай байсан. Таны хувьд энэ олон тэмцээнээс хамгийн их баярлаж байсан тэмцээний талаар яриач?
-Бидний хувьд тэмцээн болгон л чухал санагддаг. Гэхдээ аливаа зүйлийн хамгийн анхны зүйл мартагдашгүй үе гэж боддог. Тэр ч утгаараа том хүү минь таеквондогийн тэмцээнээс хамгийн анх мөнгөн медаль авахад нь хагартлаа баярлаж байсан. Би ямар ч ажилтай байсан бүх цаг үе дээр хүүхдүүдтэйгээ бэлтгэл хийх болон тэмцээн уралдаанд нь байнга хамт байж урам дэм, эрч хүчийг өгдөг.
- Улсын аваргад оролцоход шалгуур тавих уу?
-Экстрим спортын төрөл бол Монголд ид хөгжиж байна. Техник хэрэгсэл, биеийн хамгаалалт тоноглол зэрэг нь өртөг өндөртэй. Гэсэн хэдий ч бүх шаардлагыг хангасан байх ёстой.
Манай гэр бүлийнхэн ютүб дээрээс гаднын тамирчдын бичлэгүүдийг үзэхээс гадна playstation-оос мотокростой холбоотой тоглоомуудыг тоглодог. Энэ бүхнээс сурсан зарим нэгэн элементийг амьдрал дээр туршиж үздэг.
-Монголд мото спортын олон улсын чанартай тэмцээн хэр их болдог вэ. Манайд хөгжил нь хэр зэрэгт явж байна гэж үзэж байна вэ?
-Мотоспортод манай гэр бүл маш ихээр дурлаж орсон. Энэ спорт нь үүсэж хөгжөөд маш олон жилийг туулж яваа. Бидний хувьд энэ спортын хөгжлийг маш гоёор хүлээж авч байгаа. Маш олон эцэг эхчүүд, хүүхэд залуучууд сүүлийн жилүүдэд хүч түрэн орж ирж байна.
-Ингэхэд хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хамгаалдаг вэ?
-Нэгдүгээрт ямар брэндийн мотоцикл унахаас шалтгаална. Австри, Япон, Итали мотоциклууд төмөр сайтай, мэргэжлийн түвшинд байдаг. Хоёрдугаарт хамгаалах хэрэгсэл маш чухал.
-Энэ төрлийн спортын тамирчид амьдрал дээр ч гэсэн экстрим зүйлд дуртай, хурц араншинтай, үзээд алдахаас сийхгүй зантай байх гэж бодогддог?
-Спортоосоо гэхээс илүү хувь хүний зан араншингаас л болдог байх. Яг л спорт шигээ хүү хаа гээд л хаашаа ч хамаагүй үсэрч цовхчоод байдаг хүмүүс байдаг.
Экстрим төрлийн спортын тамирчидыг ажиглаад байхаар тэмцээн дээр гаргаж байгаа дайчин чанар, хурц үйлдлүүд, явалтаас нь өөрийнх нь зан төлөвшил шууд харагддаг. Ширүүн догшин зантай хүн бол ширүүн давхидаг бол төлөв хүмүүсийн явдал ч гэсэн намуухан байх нь бий. Кино бүтээлүүд дээр гардаг шиг тийм галзуу хүмүүс ховор доо. Уралдаан дээрээ харайж, эргэж, давхиж давхичихаад амьдрал дээрээ даруухан байдаг даа.
С.Ганбаатарын хоёр том хүү нь таеквондо болон мотоспортоор хичээллэдэг. Тэднийг Г.Итгэл, Г.Эрдэм гэдэг.
-Мотоциклоор харайхаар тэнгэрт нисэж яваа шувуу шиг санагддаг-

- Мотоспортыг анх сонирхож эхэлсэн түүхээсээ хуваалцаач?
-Г.И: Өөрөө мотоцикл унах сонирхолтой байсан. Тэгээд гурав, дөрвөн жилийн өмнөөс яг спортын чиглэлээр нь илүү сонирхож эхэлсэн. Хотод Индоро гээд шавар, мод зэрэг байгалийн бартаа ашигласан мотоциклын уралдааны төрөл байдаг. Түүнд би анх өөрийн сонирхлоороо оролцож туршлага хуримтлуулж авсан. Бас аав минь миний хоббиг дэмжиж сонирхлын дугуйг минь авч өгснөөр энэ: спортоор хичээллэх болсон доо.
-Бэлтгэл хийхдээ интернэтээс харсан зүйлээ туршиж үзэх тохиолдол хэр гардаг вэ?
-Г.И: Үзэж байсан зүйлээ туршина. Тэгээд унан, их юм болно. Сая нэг тэмцээн дээр, зургаадугаар сард уралдаж байгаад харайлт туршиж байгаад унасан. Зөндөө их юм туршина. Бичлэг үзээд л харахад амархан, болчмоор санагдана. Яг тэр мотоциклийг унаад өндөр харайлт руу давхиад очингуут шал өөр юм бодогдоно. Асар их хурдтай давхиж яваад маш өндөрт харайсан ч хэдхэн секунтын дотор явагдана шүү дээ. Тэр богино хугацаанд өнөөхөө хийж амжих уу гэдэг л байна.
-Мотоспортоор хичээллэхэд хамгийн хэцүү нь юу вэ?
-Г.Э: Тэвчээртэй байх хэрэгтэй. Аль ч спорт адилхан тамирчин хүнээс тэсвэр тэвчээр шаарддаг. Мотоциклийн спорт чинь аймаар их гэмтэл авдаг спорт. Хуруу гарны яснууд цуурах бол энгийн үзэгдэл гэж болно. Нимгэн бээлийтэй явдаг учраас нэг чулуу үсрээд л цохиход хурууны яс цуурчихдаг. Гар хөлөө эвгүй дарж унаад хугалах, эгэмний ясаа хугалах бол энгийн үзэгдэл. Нуруу хугарчихаагүй бол томд тооцохгүй шүү дээ. Мотоспортын тамирчид дунд хадаастай хүн их байдаг. Гар, хөлөө хадуулсан гээд л. Тэвчээртэй байж аливаа хэцүү зүйлийн ард нь гарч чаддаг байх хэрэгтэй. Өвчин өвдөлтийг давж гарах сэтгэлийн хат мотоспортын тамирчдад их чухал.
-Тэмцээнд уралдаанд их ордог бололтой. Өрөө нь медалиар дүүрсэн харагдаж байна
-Тийм ээ. Ах бид хоёр орох боломжтой бүх тэмцээнүүдэд оролцсон. Одоо ч бараг тоогоо алдсан даа. /Инээв/ Их олон том тэмцээнүүдээс медаль авсан. Гадагшаа гэхэд хоёр, гурван удаа тэмцээнд амжилттай оролцоод ирсэн. Бүгдийг нь дурдаад ярих юм бол өдөржин л ярилцах хэрэг гарах байх.
-Уралдахдаа ямар тактик хэрэглэдэг вэ. Сандардаг уу?
-Г.И: Гараанаас гарахад л жаахан сандардаг. Тэгээд л тайвширчихдаг юм. Тэмцээн дөхөхөөр уралдаанаас өөр зүйл бодогддоггүй. Яаж амжилттай уралдах вэ гэж бодоод байхаар хоол ч хоолойгоор давахгүй үе гарна.
Би уралдаанд аль болох өндөрт харайх дуртай. Тэнгэрт нисэж яваа шувуу шиг санагддаг. Хүн сонирхсон зүйлдээ тэмүүлэхээр зорилготой болдог юм билээ. Дурлаж байгаа тэр зүйлдээ цаг хугацаа, хөдөлмөрөө зарцуулахдаа харамсдаггүй. Бэлтгэлээ сайн базаасан ч тооцоолоогүй саад, бэртэл гэмтэл, осол гарахаар байр хойшлох үе бий. Уралдааны өмнөх өдөр сэтгэл зүйгээ тайван байлгаж, техникээ сайн шалгаж, алдаа, осол гаргахгүй байхаар тооцоолох хэрэгтэй. Биднийг тэмцээнд оролцохын өмнөх өдөр аав мотоциклийг маань шалгаж, эд ангийг нь засаж өгдөг.
-Танай гэр бүлийн гол ярианы сэдэв мото спорт уу?
-Г.И: Тийм ээ, орой хооллож байхдаа амжилтаа ахиулах, мотоциклийнхээ эд ангийг засах, өрсөлдөгчдийнхөө давуу талаас хэрхэн суралцах тухай ярилцдаг. Бас нэг нэгнээсээ шүүмжлэл сонсоно. Мөн хойшид оролцох тэмцээнийхээ төлөвлөгөөг боловсруулдаг. Энэ жилийн тухайд хөл хориотой байгаа учраас тэмцээн, уралдаан болсонгүй. Спортын гэр бүл байх сайхан. “Уралдъя, дүүлье, урагшаа, амжилт” гэсэн яриа байнга сонсоно. Байнга ийм хүсэл тэмүүлэлтэй үг сонсохоор эрч хүчтэй амьдардаг юм шиг санагддаг.
-Ярилцсанд баярлалаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.