Top StoriesНийгэм ярилцлага

Ц.Ганзориг: Фитнесээ орхихгүй, бодибилдингийн Азийн аваргад хүч үзэх мөрөөдөл бий

Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Монголын Мистер-2024" Бодибилдинг фитнесийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд "Маск" продакшны жүжигчин Ц.Ганзориг амжилттай оролцож дөрөвдүгээр байрт орсон. 43 настай түүний хувьд 120 хоногт 16 кг хасаж 69 кг ангилалд орсон байна. Түүний хувьд коронавирус гарснаас хойш тайз дэлгэцийн уран бүтээлээс зайгаа бариадсан бол энэ удаад тэс өөр тайзан дээрээс үзэгчидтэй мэндэлсэн юм.

Бид энэ удаад түүнтэй урлагийн бус тамирчин хүний амьдралын хэв маягийн талаар ярилцлаа.

-Юуны өмнө "Монголын Мистер-2024" тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе. Тэмцээний сэтгэгдлээс хуваалцаач. Хэр удаан бэлдэж орсон бэ?

-Би энэ хүртэл амжилтад хүрнэ гэж бодоогүй. Хүмүүс маш гоё хүлээж авсан нь олон жил тайзан дээр гараагүй сэтгэл хөдлөлийг минь дахин мэдрүүлж өгсөн.

Би фитнест яваад хоёр гаруй жил болж байна. Гэхдээ тэр хоёр жилийн хугацаанд тасралтгүй явсан гэж ойлгож болохгүй. Ажлын цаг зав, ачаалал зэргээс шалтгаалаад зарим өдрүүдэд кино зураг ихтэй байсан учраас 2-3 сар түр завсарлага авах зэргээр тасалдах үе бага зэрэг байсан л даа.

Тэмцээнд орсон тухай бол өнгөрсөн цагаан сарын өмнөхөн фитнесийнхээ багшид “Би улсын аваргын тэмцээнд орж үзье. Өөрийгөө бүрэн өөрчилмөөр байна” гэж хэлж шокт оруулсан. Багш гайхаад “Юу яриад байна аа. Чи өөхлөлт ихтэй амжихгүй шүү дээ” гээд алмайрч байсан л даа. Тэгээд нээх ч удаагүй багш бид хоёр хоорондоо маш сайн ярилцсаны үндсэн дээр улсын аваргын тэмцээнд оролцохоор болсон байдаг.

Цагаан сар ч өнгөрлөө. Миний бэлтгэл эхэлсэн. Тухайн үед давхар ажлаа хийгээд явж байсан учраас санал аваад байсан 2-3 кинонд тоглох байснаа цуцлаад тэмцээнийхээ бэлтгэлд шаргуу орж эхэлсэн дээ. Тэгээд л гурван сарын хугацаанд яг л бусад тамирчид шиг бэлтгэл хийж, оролцсон юм.

-Үүрийн 04.00 цагт Зайсан толгой руу алхаж, 120 хоногт 16 кг жин хасах амар байгаагүй ч ард нь гарах мэдрэмж хамгийн сайхан байлаа-

-Бэлтгэл хийсэн гурван сарын хугацаанд маш их өөрчлөлтийг гаргасан байна. Амаргүй л байсан байх даа?

-Би фитнест явахаасаа өмнө 99.3 кг жинтэй байсан. Энэ бол миний хувьд байж болохгүй их таргалалт байсан. Тийм учраас эрүүл мэндээ бодож, анх фитнест бүртгүүлж байлаа. Бүртгүүлсний дараагаар хааяа нэг явдагт байснаа дээр хэлсэнчлэн цагаан сарын дараагаас л тасралтгүй бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. Цагаан сарын дараа бол 86 кг-тай бэлтгэл хийж эхэлж байсан бол яг тэмцээнд орохдоо 69 кг жинтэй орсон. Мэдээж үүнд асар их бэлтгэл сургуулилт, хоолны дэглэм барих зэрэг асуудлууд байсан. Үүрийн 04.00 цагт Зайсан толгой руу алхаж, 120 хоногт 16 кг жин хасах амар байгаагүй ч ард нь гарах мэдрэмж хамгийн сайхан байлаа.

-Бодибилдингийн тэмцээнд анх удаа оролцсон шүү дээ. Шүүгч нарын шүүлт хэр бодитой санагдсан бэ?

-Фитнесийн тэмцээн их олон төрөл байдаг юм билээ. Миний орсон ангилал бол “Фит бие” байсан. Энэ ангиллын 50 хувьд үзүүлбэрийн оноо байдаг. Тэр үзүүлбэрт нь тамирчин хүний хурд, хүч, авхаалж самбаа, биеийн уян хатан чанар, тэнцвэр гэсэн шалгууртай явагдсан. Харин үлдсэн 50 хувь нь биеийн хөгжил байсан.

Тэгэхээр хэт их том, өргөн булчин биш ерөнхий биеийн пропорц, гоо сайхан оршдог байж таарсан. Би бол тэмцээнд оролцохдоо ангиллаа маш сайн судалсны үндсэн дээр энэ ангиллаа сонгосон.

Энэ удаагийн улсын аварга шалгаруулалт аз болоход яг энэ орсон ангилалд маань дөрөвхөн хүн л орж таарсан. Хүмүүс бодохдоо ямар ч булчин шөрмөсгүй хүн 40-50 хүнтэй өрсөлдөөд дөрөвдүгээр байрт орчихлоо гэсэн шүүмжлэл их байсан. Үүнд бол би эмзэглэж, ичихгүй байгаа. харин би өөрөө өөрийгөө өөрчилж чадсан учраас түүндээ их сэтгэл хангалуун баяртай байгаад байна.

-Ц.Ганзориг гэдэг жүжигчин яаж өөрийгөө өөрчилсөн бэ гэдгийг харуулахын тулд тэмцээнд оролцсон-

-Нэг талаасаа спорт, нөгөө талаас нь харвал урлаг, гоо зүйн тэмцээн ч юм шиг сонсогдож байна?

-Тийм шүү. Тэгээд л эрхэмсэг, тансаг спорт гээд байгаа юм. Хүний биеийн төгс сайхныг харуулдаг нь урлаг шиг сонсогдож байгаа байх л даа. Гэвч гэрлийн тусгалаа алдаж тооцоолоод буруу зогсоход л бүтэн жилийн хөдөлмөрөө балладаг хатуу спорт. Бэлтгэл хийх үедээ байнга тольтой ажилладаг бол тайзан дээр тийм боломж байхгүй шүү дээ.

Тийм болохоор тамирчны мэдрэмж, багийн ажиллагаа тун чухал байдаг. Мөн тайзан дээр гарч, үзүүлбэрээ үзүүлтлээ юу ч уухгүй байх ёстой. Бусад спортод бэлтгэл хийж байгаад яг жиндээ хүрээд суллаад тавьдаг бол бодибилдингд тийм биш. Сүүлчийн дусал шүлсээ залгиж байгаад л ямар ч шингэн уухгүйгээр тэмцээний турш байхыг шаарддаг үе ч бий.

-Олон магтаалын хажуугаар шүүмжилж байсан нэлээд хүн харагдсан л даа ?

-Хүмүүсийн нэг андуураад байгаа зүйл нь зарим шүүгчдийг жүжигчид болон олны танил хүмүүсийг хархаараа долигонодог гэсэн асуудал яригдаж байсан. Гэтэл миний ангилалд дөрвөн хүн орсон. Хамт орсон гурван тамирчин маань 20 гаран насны мэргэжлийн тамирчин залуучууд байсан л даа. Надаас бусад нь үнэхээр төгс байсан учраас эхний байруудыг авч, би дөрөвдүгээр байрт орсон.

Миний зүгээс энэ хугацаанд хувь хүнд минь маш том өөрчлөлт ирсэн учраас маш их баяртай байсан. Мөн “Нас гэдэг зүгээр л тоо юм шүү” гэдгийг харуулах гэж, нийгэмдээ зөв үлгэр дуурайлал үзүүлэхийн тулд олон талын зорилго агуулж энэ тэмцээнд орсон. Түүнээс биш ямар нэгэн медаль горилж ороогүй юм шүү. Ц.Ганзориг гэдэг жүжигчин хүн ямар их өндөр жинтэй байгаад яаж өөрийгөө өөрчилсөн бэ гэдгийг харуулахыг зорьсон.

-Энэ хоёр жилийн хугацаанд спортоос багагүй зүйлийг суралцсан байх?

-Энэ спортоос суралцах зүйл маш их. Миний хувьд жүжигчин хүн. Аливаа зүйлд амархан уналтад орж, сэтгэлзүйн тогтворгүй байсан бол фитнесийн спортоор хоёр жил хичээлснээр хүмүүжил, сэтгэлзүй, дэг журам, хариуцлагын хувьд маш их зүйлийг ухаарсан.

Би хүүхэд байхдаа спортоос их хол хүүхэд байлаа. Тэгэхэд спортын ямар ч суурьгүй хүн ингэж хичээгээд орно гэдэг бол их гайхалтай тохиолдол л доо.

Тайзан дээр гараад зогсож байхад шүүгч хамгийн түрүүнд дөрөвдүгээр байрыг дуудсан нь би байсан. Хэдий сүүлд орсон ч гэсэн хамгийн сайхан мөчүүдийн минь нэг. Учир нь би нэг жилийн өмнө гэдсээ унжуулсан, хөдөлж ядсан хүн байсан. Харин одоо тэмцээнд орох хэмжээний сайн өөрчлөлтийг өөртөө авчирсан байна шүү дээ. Яг тэмцээний тайзан дээр зогсоход өөрөөрөө болон намайг бэлдэж өгсөн багшаараа их бахархсан.

-Ер нь та фитнесийн спортод орсон чин хүсэл тань юу юм бэ?

-Энэ бол яалтачгүй манай эхнэрээс эхлэлтэй. Манай эхнэр 3 жилийн дөнгөж төрсөн удаагүй байхдаа МУГТ Г.Угалзцэцэгийн “Хэвлийгээрээ инээмсэглэе” сургалтад явж эхэлсэн. Тухайн үед надад хэлэхгүйгээр хамт бүртгүүлсэн байсан л даа.

Би нэг долоо хоног хамт фитнест яваад шантраад эхнэртээ уурлаж байснаа санаж байна. Гэхдээ нэгэнт төлбөрөө төлсөн учраас цааш яваад 10 дах хоног дээрээ хэмжилтэд орсон чинь тодорхой хэмжээний жин хассанаа хараад тэр эрчээрээ бага багаар фитнесийг сонирхож эхэлсэн. Үүнээс хойш хэсэг уран бүтээлдээ төвлөрсний дараагаар дахин хичээллэх гээд “Ган спорт” клубийн гишүүнээр бүртгүүлж, одоог хэр нь явж байна.

-Спорт өөрийгөө хөгжүүлэх ухамсар, урагшлах хүчийг өгдөг юм байна-

-Фитнесээр хичээллэж эхлэх хүнд байв уу? Шантарч мохох үе хэр их байв?

-Анх хичээллэж эхлэхэд бие суларч, булчин цуцаж, буларч эхлэх хамгийн хэцүү. Эхний тэр өдрүүдийг л давж чадвал аандаа биеийн булраа арилж, бие хөнгөрдөг юм. Энэ үеийг давж чадалгүй мохох хүн олон байдаг. Би ч бас тэгж байсан. Гэвч өөрөө дурлаж очсон болохоор хаяж чадаагүй. Мэргэжлийн чанга дэглэмтэй бэлтгэл сургуулилт хийж, ачааллаа илт нэмэхийн зэрэгцээ хоолны нарийн дэглэм барих, огцом жин хасах үед их олон юм бодогддог юм билээ.

Хүмүүс хажууд амттай хоол хүнс хэрэглэж байхад, би огт тосгүй, давсгүй, амтлагчгүй, амтгүй, аргасан тахианы мах, будаа зэргийг хязгаартайгаар идэхээр сэтгэл зүйн болоод бие махбодын маш их өөрчлөлт өгдөг юм билээ.

-Таныхаар жин хасахдаа ямар дэглэм баривал зүгээр вэ. Идэх хүслээ хэрхэн удирдаж сурсан вэ?

-Хамгийн гол нь өдөрт хоол хүнсээрээ авч буй илчлэгийн хэмжээ зарцуулж байгаагаасаа бага байх ёстой. Жин хасаж байгаа үед бэлтгэлийн өмнө чанартай нүүрс ус авах хэрэгтэй.

Бэлтгэлээс хойш нүүрс усаа багасгаад явна. Орой ходоодондоо аль болох бага ачаалал өгөх хэрэгтэй. Хоолны дэглэмийг биеийн жин болон өдөрт авч буй ачаалалдаа тохируулан нарийн гаргах хэрэгтэй. Идэх хүслээ өөрөө л удирдаж сурна даа.

-Цаашид фитнесээ орхихгүй, Бодибилдингийн Азийн аваргад хүч үзэх мөрөөдөл бий-

-Фитнесийг өглөө хийх нь үр дүнтэй, эсвэл оройд илүү үр дүнтэй гэж янз бүрээр ярьдаг. Дээр дурдсанчлан энэ нь тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалдаг байх. Та бэлтгэлээ хэдийд хийдэг вэ?

-Ер нь ажиглаад байхад фитнест явж байгаа хүмүүсийн дийлэнх нь орой ажлаа тараад ирдэг. Тэр үеэр ч ачаалал ихтэй болдог. Харин харьцангуй ахмад настай хүмүүс өглөөд, оюутан залуус өдрөөр ирж дасгал хийж байгаа шиг түлхүү анзаарагддаг. Гэхдээ энэ бол харьцангуй асуудал. Хүн өөрт гарсан чөлөөт цагаараа л ирж байгаа шүү дээ.

Манай багш бол хэрэв яг жингээ хасъя, өөхөө шатаая гэж бодож байгаа бол өглөөд фитнес хийх нь зүгээр гэж зөвлөдөг. Учир нь өглөөд өөх шатах процесс их хурдан явагддаг. Тэгэхээр жингээ хасахыг зорьж байгаа хүмүүс өглөөд ажилдаа явахаасаа өмнө фитнестээ явбал их зүгээр санагдсан.

-Цаашид мэдээж фитнесээ орхихгүй байх. Харин мэргэжлийн тэмцээн уралдаанд орох хүсэл бий юу?

- Мэдээж нэг удаа орсон юм чинь цаашид энэ амжилтаа ахиулна. Гэхдээ ямарваа нэгэн медалийн төлөө улайрахгүй. Энэ жил миний хувьд анхны тэмцээн байсан болохоор маш том туршлага судалсан. Тэгэхээр дараа жил орохдоо үзүүлбэр дээрээ “Гол техникээ маш сайн анхаарна, поз авахаа сайжруулна” гэсэн бодолтой байгаа.

Хүн ер нь томыг л мөрөөдөх хэрэгтэй. Ямар сайндаа тэмцээндээ амжилттай оролцоод гарч ирээд багшдаа “За багшаа хоёулаа Азийн аваргын тэмцээн хүртэл зүтгэнэ шүү” гэж итгэлтэйгээр хэлсэн. Ийм гоё спортыг хобби болгосон юм чинь цаашид намайг гэдэг бүх хүмүүстээ маш гоё бэлгүүдийг барина.

-Урлагийн тайз, спортын тайз хоёр маш их ялгаатай байсан биз?

-Урлагийн тайз бол үзэгчдэд аз жаргал, инээд хөөр бэлэглэнэ. Тэр их баяр хөөрөөс бид ч гэсэн эрч хүч авдаг. Харин спортын тайз бол чанга, босго өндөртэй юм байна. Гэхдээ тэр олон мэргэжлийн тамирчдын дунд өөрийгөө голохгүй булчингаа чангалаад тайзан дээр гарах гэж байгаа мэдрэмж бол эр хүний хувь үгээр хэлэхийн аргагүй огших мэдрэмж авдаг юм билээ.

-Ковидоос хойш уран бүтээлд орсонгүй. Урлагийн тайзаа маш их санасан байна-

-Ингэхэд уран бүтээлээ түр завсарласан шүү дээ. Одоо бол буцаад орох юм байгаа биз дээ?

-Надад одоогоор 2-3 киноны санал ирсэн байгаа. Тэр зохиулууд таалагдах юм бол кинондоо тоглоно. Ямартай ч энэ зун уран бүтээл рүүгээ нэлээн орох төлөвлөгөөтэй байна. Намар 10 сард “Маск” продакшн бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж шоу тоглолт хийх гэж байгаа. Мөн миний тоглохыг хүсээд ч тоглож чаддаггүй байсан эсрэг дүрийн саналууд их ирдэг болсон.

Урлагийн тайзаа маш их санасан байна. Ковидоос хойш уран бүтээл хийсэнгүй. Хэт их таргалалттай байсан учраас ямар нэгэн кино, телевизийн шоу зэргийн урилгийг огт хүлээж авахгүй байсан. Хамгийн түрүүнд өөрөө өөрийгөө өөрчлөх хэрэгтэй байсан учраас урлагийн тайзнаасаа түр завсарлага аваад байсан. Харин одоо бол тодорхой хэмжээний сайн өөрчлөлттэй болсон учраас дараа дараагийнхаа төлөвлөгөөг гаргаад явна гэсэн зорилготой байна даа.

-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 14, 2024 08:47

zow hoo eruul bj goo ba

Зочин
Зочин
5 сар 14, 2024 13:31

Та нарын жүжиглэх гэж юу байхав, �##�иа с�##�бадай нар биз дээ. Хэд хэдэн киноны урилгатай ч гэх шиг, хэн үздэг кино бол?

Зочин
Зочин
5 сар 14, 2024 14:21

Жин хассаных байх даа, яасан их хөгширөө вэ

Аниа
Аниа
5 сар 14, 2024 14:43

Жит хасахаасаа өмнөх төрх нь аятайхан байсан юм уг нь.. Яахвээ яахав хэсэг царай �##�даж байгаад арьс үс нь чангараад гоё болно доо гэж 20 жил фитнесс, аэробикаар заним�##�дсан аниа нь хэлье дээ.. хэхэ

хүннү
хүннү
5 сар 14, 2024 18:59

Яасан муухай болоо вэ? �######�уул. Жин хасах нь ч зөв шүү. Тэр муу өөх хэнд хэрэгтэй юм, хаяж л байх ёстой. Гэхдээ ийм чөтгөр шиг болж болохгүй ээ. Ёстой зүүд зэрэглээ болж болохгүй. Чи АШУИС-н хичээлийн хэрэглэгдхүүн бодох чинь дутаа юу?

Холбоотой мэдээ

Back to top button