Зөвлөмж: Интернэт банкаа аюулгүй ашиглая гэвэл

Интернэт банк хэрэглээнд нэвтэрснээр бидэнд олон давуу тал бий болсон.
Тэр дундаа манай Монголын интернэт банкны үйлчилгээ шуурхай гэдгээрээ бусад орныхоос ялгардаг юм билээ. Зарим улсын интернэт банкны гүйлгээ хэдэн цагийн дараа хийгдэх нь ч бий. Харин манайд товч дарсан дор.
Мөн гүйлгээнээс гадна шинэ данс нээх, төрөл төрлийн хадгаламж үүсгэх, зээл авах, карт захиалах гээд бүх үйлчилгээ интернэт банканд, бидний гар утсанд багтсан.
Гэвч технологийн хөгжлийг дагаад болгоомжилж, бодож явууштай зүйл үргэлжид байсаар ирсэн. Интернэт банкан дээр ч бас.
Хувь хүний интернэт банк руу нэвтрэхэд нэр, нууц үг гэсэн үндсэн хоёр мэдээлэл шаардлагатай. Үүнийг л алдвал, таны дансыг хэн нэгэн этгээд өөрийн дураар удирдах бодит эрсдэл бий юм.
Үүнийг дагаад, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлд технологийн хөгжүүлэлт хийгдсээр байгаа. Өөр төхөөрөмжөөс нэвтрэх оролдлого хийвэл танд мэдэгддэг болсон.
Гэхдээ л хувь хэрэглэгч бүр сэрэмжтэй байх, мэдлэг мэдээллээ сайжруулах шаардлага үгүй болоогүй. Учир нь интернэт банканд суурилсан залилан болон кибер гэмт хэрэг тасрахгүй байгааг цагдаагийн байгууллагаас тогтмол сануулдаг.
ЦЕГ-аас 2023 онд гаргасан мэдээллээр бол, сүүлийн таван жилд 14,085 залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэнээс 97% нь цахим орчинд үйлдэгдсэн аж.
2018 онд 590 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2019 онд 641, 2020 онд 1,281, 2021 онд 3,865, 2022 онд 7,708 болсон байна. Үүнээс харвал 2018 онд үйлдэгдсэн цахим залилангийн гэмт хэргийг 2022 оны эцсийн байдалтай харьцуулахад 15 дахин нэмэгджээ.
Иймд интернэт банкийг ашиглахдаа санууштай хэд хэдэн зөвлөмж бий.
Тухайлбал, интернэт банкийг ашиглах цорын ганц хүн та байх учиртай. Энэ нь нэвтрэх мэдээллийг хөндлөнгийн этгээдэд алдахгүй байх боломжийг нэмэгдүүлнэ. Мөн тогтмол нэг төхөөрөмжөөр, өөрөө хандаж ашиглах нь аюулгүй байдлыг системийн ажиллагааг дэмжих юм. Хэрэв ойр, дотнын хүмүүстээ ашиглуулах бол өндөр хараа хяналт тавих, дараа нь нууц үгээ солих хэрэгтэй.
Нууц үгээ тогтмол солих нь дараагийн найдвартай арга хэмжээ. Нууц үг тогтмол шинэчлэгдэж байх тусмаа л эрсдэлийг буруулна. Мэдээж нууц үгэнд өөрийн хувийн мэдээллийг (нэр, төрсөн огноо, утасны дугаар гэх мэт) оруулж дэмий. Аль болох таамаглах боломжгүй, аппликейшний аюулгүй байдлын шаардлага хангасан нууц үг зохиогоорой.
Мөн интернэт банкны нэвтрэх мэдээлэл болон бусад хувийн мэдээллийг хулгайлах зорилготой, банкны нэрийн өмнөөс хуурамч и-мэйл илгээх цахим гэмт хэрэг түгээмэл гардгийг санууштай. Иймээс хуурамч холбоос, сэжиг бүхий хавсралт файл агуулсан и-мейлийг ялган таньж сураарай. Нэн тэргүүнд, нягталж шалгалгүй дарж, орж болохгүй. Банкандаа яаралтай мэдэгдэх нь зүй.
Түүнчлэн, зарим интернэт сүлжээ аюултай байдаг. Энэ гэхдээ цөөн. Үнэгүй Wi-Fi, эсвэл бусдын хэрэглэдэг баталгаагүй төхөөрөмж зэргийг ашиглан интернэт банканд холбогдохдоо анзааргатай байгаарай.
Интернэт банк бол орчин үеийн технологийн шийдэл. Технологийн шийдэлд хөл нийлүүлэн алхах нь бидний амьдралд хөнгөвчлөх тустай. Гэхдээ аюулгүй байдал чухал шүү дээ. Иймд бодож явахад илүүдэхгүй хэмээн дээрх зөвлөмжийг хүргэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баярл�##�аа. Хэрэгтэй зөвлөгөө байна.