Филиппиний тосгоны дарга яагаад Хятадын тагнуул гэж сэжиглэгдэх болов

Филиппинд байрладаг нэгэн жижиг тосгоны дарга Хятадын тагнуул гэж сэжиглэгдэх болов. Бамбан тосгоны захирагч 35 настай Алис Гуо сонсголын үеэр Сенатын өмнө асуултад хариулах явцад ийм зүйл болсон байна.
Гуо нь Филиппиний Тагалог хэлээр ямар нэгэн аялаггүй цэвэр ярьдаг. Гэхдээ түүний өнгөрсөн амьдралын талаар мэдээлэл хомс байдаг аж.
Хууль сахиулагчид Бамбан тосгонд цахим казино гэх нэрийдлээр залилангийн хэрэг үйлддэг байсан газрыг илрүүлжээ. Албаныхан гуравдугаар сард тус байгууламжид нэгжлэг хийж 700 гаруй ажилтыг аварсан байна.
Тэдний 202 нь БНХАУ-ын иргэн байсан юм. Гуо тус байгууллага үйл ажиллагаа явуулж байсан газрын талыг нь эзэмшдэг байжээ. Тэрбээр 2022 онд тосгоны удирдагчид өрсөлдөхөөсөө өмнө тус газрын зарсан гэж мэдүүлсэн юм.
Энэ мэт газруудыг Филиппинд Пого гэж нэрлэдэг аж. Сүүлийн үед Пого байгууллагууд цахим залилан, хүний наймааны хэрэгт холбогдох болсон тул тус улсын парламент энэ талаар сонсгол явуулжээ.
Сонсголд Гуо оролцохдоо сенатуудын асуултад тодорхой хариулт өгөлгүй бүдэг бадаг хариулсаар байсан аж.

Ийм учраас сонсголын дараа сенатор Риса Хонтиверос түүнийг хувийн болон бизнесийн амьдралынхаа тухай асуултуудад бүрхэг хариулж байсан тул БНХАУ-ын ажилтан уу гэж асуусан юм.
Хонтиверос “Гуогийн хариултууд, ялангуяа түүний өсөж торнисон нөхцөл байдлын талаар асуухад бүрхэг хариулт өгч байгаад би хамгийн их түгшиж байна. Дарга Алис болон түүн шиг нууцлаг гаралтай хүмүүс Филиппиний улс төрд нөлөөлөхийн тулд томилогдон Хятадтай ажиллаж байна уу?” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.
Мөн сонсголд оролцсон сенатор Шервин Гатчалиан “Бамбан тосгоны дарга Алис Гуо асуултад үргэлж “Мэдэхгүй” гэж хариулсан байхад түүнд итгэхэд хэцүү л юм. Тэр хаана амьдарч байснаа хүртэл санахгүй байна гэсэн” хэмээжээ.
Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниор хүртэл түүний гарал угсаанд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.
Маркос Жуниор өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2024.05.16/ “Түүний талаар хэн ч мэддэггүй. Хаана өсөж торнисныг нь мэдэхийг хүсэж байгаа учраас бид шалгалт явуулж байна. Түүний иргэншилтэй холбоотой асуулт байгаа учир Цагаачлалын албатай хамтран шалгалт явуулж байгаа” гэсэн юм.
Алис Гуогийн тодорхойгүй өнгөрсөн амьдрал
Гуогийн талаар тосгоны хүмүүс нь нэг их мэддэггүй. Филиппиний алслагдмал, жижиг тосгонд амьдардаг байтал оршин суугчид түүний талаар сайн мэдэхгүй байна гэдэг нь хачирхалтай үзэгдэл.
Гуо төрсний гэрчилгээгээ 17 настайдаа авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тэр үүнийг тайлбарлахдаа эмнэлэгт бус гэрт төрсөн учир ингэж оройтож авсан хэмээжээ.
Үүнээс гадна гэрийн сургуульд явдаг байсан талаараа тэр тодорхой мэдээлэл өгөөгүй юм. Зөвхөн нэг багшийнхаа л нэрийг хэлсэн байна. Дээрээс нь тэр аавыгаа Филиппин иргэн гэж хэлсэн бол бизнесийн баримт бичгээс харвал Хятад иргэн байсан нь илэрсэн юм.
“GMA News” мэдээлснээр Гуо 2022 онд тосгоны даргын төлөөх сонгуулийн кампанит ажлынхаа үеэр “Би Бамбанд мэндэлсэн Алис Гуо байна. Миний ээж Филиппин харин аав Хятад” гэж хэлж байжээ.
Мөн тэр Хятад гаралтай Филиппин иргэнүүдийн дунд ховорт тооцогддог овогтой нь анхаарал татаж байгаа юм. Энэ мэт түүний өнгөрсөн амьдралын талаар мэдээлэл бүрхэг буй байдал зарим филиппинчүүд түүнийг Хятадын тагнуул гэж сэжиглэхэд хүргэсэн байна.
Эх сурвалж: Times Now News, BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.