Гадаад мэдээДЭЛХИЙ

Их Британид 30 мянган хүн бохирлогдсон цус сэлбүүлснээр ХДХВ, хепатит С-гийн халдвар авсан хэрэг

Товч агуулга: Их Британид 1970-1980 оны хооронд бохирлогдсон цусан бүтээгдэхүүний улмаас 30 мянга гаруй хүн ХДХВ болон хепатит С вирусийн халдвар авсан байна. Албан ёсны мөрдөн байцаалт энэ хэргийг “аймшигтай” хэмээн тодорхойлж, засгийн газар болон Британийн Үндэсний эрүүл мэндийн алба, эмч нарыг өвчтөнүүдийн аюулгүй байдлыг хангаж чадаагүй гэж дүгнэсэн юм. Их Британийн засгийн газар хохирол барагдуулахад 10 тэрбум фунт стерлинг төсөвлөжээ.


1970-аад оны эхээр Их Британи цус бүлэгнэлттэй холбоо бүхий эмгэгийн эмчилгээг явуулах цусны бүтээгдэхүүний хангамжаа бүрдүүлж чадахгүй байжээ. Ийм учраас цусан бүтээгдэхүүн АНУ-аас худалдаж авах болсон аж.

Гэвч импортолсон ихэнх цусыг шоронгийн хоригдлууд, хар тамхи хэрэглэдэг хүмүүс гэх мэт өндөр эрсдэлтэй доноруудаас авсан байжээ. 1970-аад оны дундуур АНУ-аас импортолж буй цусан бүтээгдэхүүн аюултай гэх сэрэмжлүүлэг хэд хэдэн удаа гарсан.

Их Британи эрүүл мэндийн зорилготой цусан бүтээгдэхүүнийг дотооддоо хангах гэсэн оролдлого нь бүтэлгүйтсэн тул Үндэсний эрүүл мэндийн алба (Британийн төрөөс санхүүжүүлдэг эрүүл мэндийн тогтолцооны ерөнхий нэр) гадаадаас оруулж ирсэн бүтээгдэхүүн ашигласаар байжээ.

Бохирлогдсон цусан бүтээгдэхүүнээс болж ямар хүмүүс хохирсон бэ

Үндэсний эрүүл мэндийн албаны түүхэн дэх хамгийн том гамшиг гэгдээг буй тус хэрэгт хоёр үндсэн бүлэг өвчтөнүүд хохирсон юм.

Эхний бүлэг нь хемофили болон түүнтэй төстэй өвчинтэй хүмүүс. Хемофили нь цус бүлэгнэхэд хүндрэлтэй болгодог ховор тохиолддог удамшлын өвчин. Цус бүлэгнэхэд “фактор” нэртэй хэд хэдэн бодис оролцдог.

Хемофили А өвчинтэй хүмүүс VIII фактор, харин хемофили B өвчинтэй хүмүүс IX факторын дутагдалтай байдаг юм. 1970-аад онд эдгээр факторыг орлуулахын тулд хандивласан цусны сийвэнг ашиглах эмчилгээг зохион бүтээсэн.

Гэвч импортолсон цусны бүтээгдэхүүн ХДХВ болон хепатит С вирусээр халдварласан байжээ. Факторыг гаргаж авахыг тулд олон мянган хүний хандивласан цусыг хольдог юм.

Зургийн эх сурвалж: The Telegraph

Ийм учраас нэг л уут цус халдвартай бол хольц бүхэлдээ бохирлогдох эрсдэлтэй. Бохирлогдсон цусны сийвэнгээр эмчилгээ хийлгэсэн 1,250 хүн ХДХВ, хепатит С-гийн давхар халдвар авсан байна. Тэднээс 380 нь хүүхэд байжээ.

Эдгээр хүмүүсийн гуравны хоёр нь ДОХ-ын хүндрэлийн улмаас нас барсан. Зарим нь ХДХВ-ийн халдварыг хамтрагчдадаа санамсаргүйгээр өгсөн байна.

Үүнээс гадна 2,400-5000 хүн дан хепатит С-гийн халдвар авсан юм. Уг вирусийн халдвар элэгний хатуурал болон хорт хавдраар хүндэрч болдог. Их Британийн Хемофилийн нийгэмлэг 2017 онд уг хэргийг шалгаж эхэлснээс хойш бүтээгдэхүүний улмаас халдвар авсан эсвэл тэдний ар гэрийн 650 хүн амь үрэгдсэн гэж тооцоолжээ.

Хоёр дахь бүлгийн өвчтөнүүд нь 1970-1991 оны хооронд хүүхэд төрүүлснийхээ дараа цус сэлбүүлсэн эмэгтэйчүүд юм. Тэдгээр эмэгтэйчүүдийн 80-100 нь ХДХВ, 27 мянга орчим нь хепатит С-гийн халдвар авсан гэх тооцоо бий. Бохирлогдсон цусан бүтээгдэхүүнээс болж нийтдээ 2,900 хүн амь үрэгдсэн байх магадлалтай юм.

Албан ёсны мөрдөн шалгалт ямар дүгнэлт гаргасан бэ

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт /2024.05.20/ бие даасан шалгалтын тайлан нийтлэгдсэн.

Тус тайлан хохирогчдын аюулгүй байдлыг нэг бус олон удаа хангаж чадаагүй, цусны бүтээгдэхүүнээр вирусийн халдвар дамждаг гэдгийг 1948 оноос хойш эрдэмтэд мэддэг байсан гэдгийг онцолжээ.

Шалгалтын албаны дарга Брайан Лангстафф эрх баригчдын зүгээс ил тод байдал дутмаг, бичиг баримт устгах гэх мэт илт хууран мэхлэх оролдлогууд байсан гэсэн юм.

Тэрбээр “Энэ гамшиг санамсаргүй болоогүй. Эмч, цус сэлбэлтийн алба болон үе үеийн засгийн газар дахь эрх мэдэл бүхий хүмүүс өвчтөнүүдийн аюулгүй байдлыг нэгт тавиагүйн улмаас тэд халдвар авсан” хэмээжээ.

Тайланд:

  • Хоригдлууд, хар тамхинаас хамааралтай болсон хүмүүс зэрэг өндөр эрсдэлтэй донороос авсан цусан бүтээгдэхүүнийг гадаадаад оруулж ирэхийг зогсоох талаар бага арга хэмжээ авсан.
  • Их Британид 1986 он хүртэл өндөр эрсдэлтэй хүмүүсээс цусны хандив авсаар байсан.
  • 1982 онд цусны бүтээгдэхүүний эрсдэл мэдэгдэж байсан ч 1985 оны сүүл хүртэл цусан бүтээгдэхүүн дахь ХДХВ-ийг устгах ажилбарыг хийж эхлээгүй.
  • 1970-аад оноос хойш хепатитийн эрсдэлийг бууруулах урьдчилсан шинжилгээ бага хийсэн гэж бичжээ.

Хохирлыг хэрхэн барагдуулах вэ?

Их Британийн засгийн газар бохирлогдсон цусны бүтээгдэхүүнээс болж хохирсон хүмүүсийн хохирлыг барагдуулахын тулд 10 тэрбум фунт стерлинг зарцуулахаа мэдэгдсэн.

Зургийн эх сурвалж: Sky News

Мөрдөн шалгалтын тайлан нийтлэгдсэн өдөр Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак уучлал гуйж “Их Британийн төрийн хувьд ичгүүртэй өдөр боллоо” гэжээ. Тэрбээр “Энэхүү аймшигт шударга бус явдлын өмнөөс би чин сэтгэлээсээ уучлал гуйж байна” хэмээсэн юм.

ХДХВ-ийн халдвар авсан хүн 2.2-2.6 сая фунт дунджаар хүлээн авна. Энэ нь доод болон дээд хязгаар биш.

Зургаан сараас дээш хугацаанд хепатит С-гийн халдвартай явсан архаг халдвартай хүмүүс 665-810 мянган фунтийн нөхөн төлбөр авна. Мөн халдвар авсан хүмүүсийн гэр бүлийн гишүүдэд нөхөн төлбөр өгнө.

Тухайлбал өнөөдөр амьд байгаа ХДХВ-ийн халдвар авсан хүний гэр бүлийн хүн 110 мянган фунт, хүүхэд нь 55 мянган фунтийн нөхөн төлбөр авах юм. Ойр дотнын хүн нь халдварын улмаас нас барсан бол мөн нөхөн төлбөр авах боломжтой.

Халдварлагдсан цусны улмаас дан ганц Их Британи иргэд хохироогүй юм. Тайланг танилцуулсан Лангстафф Франц, Япон, Финланд гэх мэт улсуудад бохирлогдсон цусны улмаас хүмүүс хохирчээ.

АНУ-д халдвартай бүтээгдэхүүн нийлүүлсэн компаниуд хохирогчидтой шүүхээс гадуур тохиролцож олон сая ам.долларын нөхөн төлбөр өгсөн байна. Харин Франц, Япон зэрэг улсуудад улс төрчид, эмийн компаниудыг үл хайхрамжгүй хандсан хэргээр ялласан юм

Эх сурвалж: BBC, Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 31, 2024 13:42

завхарсан, тухайн үед ажиллаж байсан дарга нарыг шийтгэх хэрэгтэй. Тэд ажлаа муу хийснээс болж хүмүүс эрүүл мэндээрээ хохирч байна.

Зочин
Зочин
6 сар 2, 2024 11:42

Америкчууд бохир заваан үнэтэй юм аа бу�####�д шахдаг орон. Одоо ч үнэтэй шатахуунаа барууныханд шахсаар байна.Саяхан оросын шатахууны хоригийг түр зогсоохоор ярилцаж байх юм. Ид тари�##��##�тын үед шатахууны хоригоо цуцлах гэнэ..Өглөө юу .

Зочин
Зочин
6 сар 3, 2024 07:42

Импорт гэж ийм аюултай зүйл. Манайхан шүтсээр, хэрэглэсээр, идсээр, үхсээр

Холбоотой мэдээ

Back to top button