Хезболла бүлэг Израилтай бүрэн хэмжээний дайн хийхэд бэлэн гэжээ

Газын зурваст Израил-Хамасын дайн эхлээд 241 хоног өнгөрч байна. Дайн эхэлснээс хойш Израилтай хөрш орнууд дахь Ираны дэмждэг террорист бүлгүүд Израил руу агаарын цохилт өгсөн.
Тэдний нэг нь Ливаны Хезболла бүлэг юм. Тэгвэл тус бүлгийн дэд удирдагч Израилтай мөргөлдөөнөө хурцатгах эрмэлзэл байхгүй ч аливаа бүрэн хэмжээний дайнд бэлэн гэж “Al Jazeera” агентлагт хэлжээ.
Хезболлагийн дэд тэргүүн Шейх Наим Кассем “Байлдаанд бэлэн байгаа бөгөөд Израилд ямар нэгэн ялалт байгуулахыг зөвшөөрөхгүй” гэсэн байна.
Аравдугаар сарын 7-ноос хойш Израилын цохилтод Хезболлагийн 300 орчим гишүүн, 80 гаруй энгийн иргэн амь үрэгджээ. Харин Хезболлагийн цохилтын улмаас 18 Израил цэрэг, 10 энгийн иргэн амь үрэгдсэн гэж тус улсын зэвсэгт хүчин мэдэгдсэн юм.
Энэхүү мөргөлдөөнд 2006 онд Израил-Хезболлагийн дайтсанаас хойш үзэгдээгүй олон тооны хүний амь эрсэдсэн байна.
Кассем “Израилаас Ливантай хийж буй дайныг ямар нэгэн байдлаар хурцатгах юм бол хариуд нь Израилд сүйрэл учирч, иргэд нь нүүн суурьших хэрэгтэй болно. Хэрвээ Израил бүрэн хэмжээний дайн хүсэж байвал бид бэлэн” гэжээ.
Эх сурвалж: Al Jazeera
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.