НИЙГЭМНийгэм ярилцлага

Б.Амарболд: Теннисийн спортоороо олимпын аварга болохыг хүсдэг

Бусдын гарыг хараад суулгүй, асуудалд шийдэл олж, боломжит зүйлсийг туршин, хүүхдийнхээ хөгжилд юу юунаас илүү анхаарч, нийгэмшүүлж, үрийнхээ царайд өдөр бүр инээмсэглэл тодруулж, аз жаргалтай байлгаж чаддаг эцэг эх, гэр бүл олон байдаг нь сайхан. Тэдний нэг бол Монголын Дауны холбооны гишүүн М.Батжаргал юм.

Бид Тусгай Хорооны манлайлагч тамирчин Б.Амарболд хүүтэй ярилцах өдөр ширээний теннисний тэмцээнд оролцож байлаа. Өөрөө төдийгүй гэр бүлийнхнийгээ ширээний теннисээр хичээллэхэд хамгийн том нөлөөлөл үзүүлж мөн эргэн тойрныхоо бүхий л хүмүүст итгэл найдвар инээмсэглэл бэлэглэсэн Б.Амарболдтой хэдхэн хором халуун дотно яриа өрнүүлээд амжсан юм. Түүний хувьд спортоос гадна ажлын байрны дадлагажуулагч хөтөлбөрт хамрагдаж байгаа. Тэрбээр 18 нас хүрч байгаа учраас өөрт тохирсон ажил хийхийг хүсэж, бие даан ажиллаж чадна гэдгээ харуулахыг хичээж буй. 

-Анх 2012 онд аав, ээж хоёр зуслан дээр теннисийн ширээ авч тавиад тоглож эхэлсэн-

-Анх хэрхэн спорттой холбогдсон бэ? Спортын ямар  төрлөөр хичээллэдэг вэ? 

- Анх ширээний теннисийн спортоор хичээллэж эхэлсэн. Бочи, сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг байсан. 2007 онд Шанхайгийн Тусгай олимпыг аав, ээж хоёр очиж үзээд анх намайг спортоор хичээллүүлье, тамирчин болгоё гэж шийдэж байсан гэсэн. Мөн 2012 онд анх аав, ээж хоёр зуслан дээр теннисийн ширээ авч тавиад тоглож эхэлж байсан. Тухайн үед манай гэрт ирсэн хүмүүс тоглохыг хараад л сууж байдаг байсан. Одоо бол өөрөө теннисээ тоглоод амжилт үзүүлээд л явж  байна даа.

-Теннисны спорт хувь хүнээс ямар ур чадварыг шаарддаг вэ? 

- Маш нарийн мэдрэмж шаарддаг. Хамгийн их хөдөлгөөнтэй спорт. Тийм жижигхэн бөмбөгийг олж цохино гэдэг их хэцүү. Нүдний хараа сайжирдаг. Нэг хэсэг хараа муудаад нүдний шил зүүх шаардлагатай болсон. Харин теннисний спортоор тоглодог болсноос хойш нүдний хараа их  сайжирсан шүү.  

Нэг цаг теннис тоглоход 1,6км гүйсэнтэй тэнцдэг гэдэг судалгаа байдаг. Хүн 10,000 удаа бөмбөг цохиж дасгал хийхэд бөмбөг авч, харилцаж сурдаг гэдэг бас судалгаа байдаг. 

- Теннисний спортоос гадна бочигоор хичээллэдэг гэсэн. Бочигоор тэмцээнд орж байсан уу? 

- 63-р сургууль дээр очиж тэмцээнд орж байсан. Боччегийн Улсын аваргаас хүрэл медаль авч байсан. Хоёр, гурван медаль байгаа байх. Нэг удаа Найрамдалд амарч байхад Бочигийн тэмцээн боллоо гээд өглөө нь тэмцээндээ орчхоод медалиа зүүгээд орой нь очоод амарч байсан. 

- Одоо ямар клубт хэрхэн бэлтгэл хийж байна вэ? 

- 2015 оноос хойш 25-р сургуулийн Гансүх багшид шавь ороод 2016 онд анхныхаа тэмцээнд ороод хүрэл медаль авч байсан. Тэрнээс хойш теннисээр тууштай хичээллэж эхлээд зундаа зуслан дээрээ, өвөлдөө “Шинэ-Од” клуб дээрээ бэлтгэл хийдэг болсон. Сүүлийн хоёр жилд Энхтөр багш дээр Чампионс гээд клубт бэлтгэл хийж байгаа. Энэхүү клубд дандаа энгийн хүүхдүүд хичээллэдэг. Хичээл эхлэсэн өдрүүдэд бол 1-5 дахь өдрүүдэд таван өдөр  4-7 цагт тогтмол бэлтгэлээ хийдэг. 

Зуны сурагчдын амралтаар Хэнтий аймгийн Батширээт сум руу очиж, хээрийн сургуулилт хийсэн. Өглөө уулын оргил руу гүйдэг. Голын эргээр хөл нүцгэн гүйж бэлтгэл хийж байсан. 

Тэмцээний дараа ч гэсэн завсардахгүйгээр бэлтгэлээ хийхийг хичээдэг. 2019 онд Абу-Даби явж ирээд маргаашаас нь шууд бэлтгэлдээ явж эхэлсэн. 

- Олон Улсад туршлага судлахаар явж байв уу? 

- Японы тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эцэг эхийн зөвлөлтэй холбогдож 2017 онд Японы Осака хотод очиж туршлага судалж байсан. Ээж, аав 2 хүүхэдтэйгээ хэрхэн харьцах, яаж дэмжих талаар суралцсан. Японд  Дараа нь Япончууд Монголд ирж туршлага судалж 14 хоносон. 

-Өнгөрсөн жил Берлиний олимпод оролцоод мөнгөн медаль хүртээд маш их баярласан-

- Хамгийн том тэмцээн нь ямар тэмцээн байсан бэ? 

- 2019 онд Абу-Даби хотод зохион байгуулагдсан Тусгай олимпод ширээний теннисээр ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль, дэмжин тоглогчтой төрөлд хүрэл медаль авч байсан. Гадаад улс руу явсан, газар үзсэн болохоор их гоё мэдрэмж төрж байсан.

Мөн Берлины олимпод оролцоод мөнгөн медалийг хүртээд ирсэн. Энэ нь дэлхийн хамгийн том спортын арга хэмжээ юм. Энэ удаагийн наадамд нийт 190 орны 7000 гаран тамирчин спортын 26 төрөлд оролцож байгаа бөгөөд МУ-н Тусгай Олимпийн баг тамирчид 9 спортоор 44 тамирчин, 18 багш дасгалжуулагч гээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. Энэ бол миний хамгийн том тэмцээн байсан. Олон орны хүүхдүүдтэй өрсөлдөөд медаль авна гэдэг бол маш том баяр, бахдал юм.

-Тус тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс тамирчид цугларсан учраас их сонирхолтой байсан байх. Өөр орны тамирчин найзуудтай болсон уу?

- Олон найзтай болсон. Өөр улсын дэмжин тоглогч нартай найзууд болсон. Би хамгийн жоохон нь байсан 14 настай. Тэгээд нөгөө багийн маань олон орны хүмүүс намайг их өхөөрдөж, зургаа даруулж байсан. 

-Хамгийн гоё медалиа хэлээч гэвэл? 

-Алтан медалиуд л их гоё санагддаг. Би сая медалиа тоолж үзэхэд 16 алт, есөн мөнгө, есөн хүрэл байсан. Хамгийн их хичээж авсан медаль нь Абу-Дабугийн медалиуд байдаг. Харахад их гоё хэр нь хүнд медаль байдаг. Олимпоос медаль авахад ээж намайг тэвэрч аваад үнсэхэд жоохон ичмээр байсан. Гэхдээ ээжийнхээ бахархлыг төрүүлсэндээ баяртай байгаа.

-Хожихоор их гоё байдаг, хашхирч эмоцио илэрхийлэх дуртай. Хожигдохоор муухай байдаг-

 -Тэмцээнд ороод ялах, ялагдах мэдрэмж ямар байдаг вэ? 

-Хожихоор их гоё байдаг, хашхирч эмоцио илэрхийлэх дуртай. Хожигдохоор муухай байдаг. Илүү их сайн бэлтгэлээ хийе гэж боддог. Ээждээ ч гэсэн сайн бэлтгэлээ хийгээрэй гэж хэлдэг.  Ээж хааяа хожигдохоороо уурлаад байдаг. Би бол уурлах нь хамгийн буруу гэж боддог. 

-Үлгэр дуурайлал авдаг тамирчин байгаа юу? 

-Харимото гээд Японы тамирчнаас үлгэр дуурайлал авдаг. Утсаараа бичлэгийг нь үзэж суралцдаг. Харимото одоо 19 настай Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг тамирчин байдаг. Харимото шиг байна гээд ааваараа адилхан цохиур авхуулсан. Харимотог саяхан харахад үсээ ургуулчихсан байсан. Би ч гэсэн үсээ ургуулна гэж бодчихсон байгаа. /инээв/

-Спортоос өөр юунд дуртай вэ. Чөлөөт цагаараа юу хийдэг вэ? 

-Дуу дуулах дуртай. Өөрийн гэсэн СиДи гаргаж, дуугаа хүмүүст сонсгохыг хүсдэг. Чингис хааны тухай дуунуудыг сонсох, дуулах дуртай. РокитБэй бас их сонсох дуртай. Манай ээж бол зохиолын дуу сонсох дуртай. 

-Б.Амарболдын маань ээж хүүдээ цаг тутамд тусалдаг шүү дээ. Чиний хувьд ээждээ хэрхэн тусалж байна? 

- Ээждээ их тусалдаг. Ширээгээ арчина, тоосоо арчина, хоол хийхэд нь ногоогоо цэвэрлэнэ зэрэг хийх ажил мундахгүй ээ. 

- МТОХ-той яаж танилцаж байсан бэ? 

- 2015 онд Америкийн ЛА-д болсон ТО-д Монголчууд оролцсон. Тэр үед анх ТО-ийг үзэж байсан. Тэр олимп дээр МТОХ-ны ажилтнууд, тамирчидтай анх танилцаж байсан. Тэрнээс хойшоо холбоотой байж үйл ажиллагаануудад оролцож байсан. 
Харимото оноо авахаараа өрсөлдөгч рүүгээ харж хашхирдаггүй, өөрийгөө соёлтой илэрхийлдэг нь надад их таалагддаг. 

-Манлайлагч тамирчны ирээдүйн зорилго нь юу вэ? 

-Теннисийн спортоороо Олимпын аварга болохыг хүсэж байгаа. Ирэх 2023 оны Германы олимпоор цом өргөх зорилготой байна. 

-Нууц биш бол ирээдүйд хүрэх мөрөөдлөө хэлээч? 

-Одоо би ажлын байрны дадлагажуулагч хөтөлбөрт хамрагдаж байгаа. Ээж, аавтайгаа хамт явахгүйгээр, өөр хүнтэй хамт ажлын байран дээрээ очиж хийж чадаж байгаа ажлаа хийхэд нь дэмжлэг үзүүлдэг хөтөлбөр байгаа. Би 18 нас хүрч байгаа учраас ажил хийхийг хүсэж байгаа. Өөрт тохирсон ажлаа олбол ажилд орно. 

- Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button