Гаднын хэвлэлүүд: Монголд өндөр ач холбогдолтой, парламентыг өөрчлөх сонгууль болох гэж байна

Монгол Улсын УИХ-ын ээлжит сонгууль энэ сарын 28-нд явагдана. Сонгуулийн талаар гаднын хэвлэл, байгууллагууд хэрхэн мэдээлж байгааг харцгаая.
The Diplomat: Монгол Улс сонгууль бэлтгэж байгаатай холбогдуулан авлигын асуудал анхаарал татаж байна
“The Diplomat” нь Ази, Номхон далайн бүс нутгийн цаг үеийн асуудлаар нийтэлдэг олон улсын сэтгүүл юм.

Монголчууд сар хүрэхгүй хугацааны дараа шинэ парламентаа сонгоно. Олон монголчуудын хувьд энэ сонгууль нь уул уурхайн баялгийг хуваалцах, нийгэмд нь өргөн тархсан авлигатай тэмцэхэд хамгийн тохиромжтой гэж үзэж буй намаа сонгох боломж юм.
Улс төрийн төвийг баримталсан барууны үзэлтэй Монгол Ардын Нам найман жилийн турш тасралтгүй засаглаж ирсэн эрх мэдлээ сунгахаар зорьж байна. Одоогийн УИХ-ын 76 суудлын 61-ийг МАН эзэмшдэг. 2021 оноос хойш ерөнхийлөгчийн албыг хашиж буй У.Хүрэлсүх нь мөн МАН-ын гишүүн.
Тэгвэл Монголын сөрөг хүчин сүүлийн жилүүдэд улс орныг нь донсолгосон авлигын дуулиант хэргүүд өөрчлөлт хийх шалтгаан гэж үзэж байна.
Өрсөлдөгч намууд 6-р сарын 28-ны санал хураалт явагдахаас өмнө сонгогчдод өөрсдийн байр сууриа илэрхийлэх боломжтой. Санал хураалтаас өмнө нэр дэвшигчид хөдөө тосгод, алслагдмал газар оршин суудаг сонгогчдыг ятган сэнхрүүлэхийн тулд богино ч гэсэн бужигнасан кампанит ажил явуулдаг юм.
Энэ жилийн сонгууль өмнөх сонгуулиудтай харьцуулахад илүү өргөн цар хүрээтэй байх төлөвтэй. Парламентын суудлын тоо 76-аас 126 болж нэмэгдсэн юм. Энэ нь жижиг намуудад суудал олж авах, өөрсдийн нэр хүндийг өсгөх боломж гэсэн үг. Гэхдээ илүү олон суудалтай болсон ч гэсэн МАН-ын нөлөө улс орон даяар гүн хэвээр байна.
Сонгуулийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр удирдуулж буй Монголын засгийн газар тэтгэвэр, нийгмийн халамжийн тэтгэмжийг нэмэгдүүлж өөрсдийн нэр хүндийг өсгөсөн. Нийслэлд гэхэд эрх баригчид метро барих төлөвлөгөөг танилцуулж, хотын түгжрэлд залхсан сонгогчдод хандан үүнийгээ сурталчилжээ.
Харин хөдөө орон нутагт албан тушаалтнууд хахир өвөлд 7 сая гаруй малаа алдсан малчдыг дэмжихийн тулд бага хүүтэй зээл санал болгож байгаа юм. Өнгөрсөн сард эрх баригчид ирэх гурван жилийн хугацаанд 600 сая гаруй ам.доллар малчдыг дэмжихэд зарцуулна гэж амласан.
Гэх мэт арга хэмжээ авсан нь өөрсдийгөө социал демократ гэж тодорхойлдог МАН-ыг санал асуулгад тэргүүлэхэд түлхэц болжээ. 2016 оноос хойш тасралтгүй эрх барьж буй МАН дахин ялалт байгуулах магадлал өндөр байна.
Гэхдээ зарим хүмүүс сонгуулийн үр дүн тааварлашгүй хэвээр, МАН-ын төр дэх эрх мэдэл бөхөж болно гэж үзэж байгаа юм.
Asia House: 2024 оны Монголын сонгуулийн дүн шинжилгээ
“Asia House” нь зөвлөх үйлчилгээ үзүүлдэг бие даасан судалгааны төв юм. Тус фирм Ази, Ойрх дорнод, Европ компани, засгийн газруудтай хамтран ажиллаж өндөр түвшний яриа хэлэлцээг хөнгөвчлөх, бизнес болон зах зээлийн мэдээлэл олгодог байна.

6-р сарын 28-нд Монголчууд ихээхэн өөрчлөгдсөн сонгуулийн тогтолцооны хүрээнд шинэ засгийн газраа сонгоно. Энэ нь Өвөр Ази дахь ардчилсан улс болох Монголд гадаадын хөрөнгө оруулалтад хамаарах бодлого, гэрээнд томоохон нөлөө үзүүлж болох сонгууль юм.
Сонгогчдын гол анхаарал хандуулж буй бодлогын асуудлуудад:
- Эдийн засгийн өсөлтийг эдийн засгийн хүртээмжтэй байдал, нийгмийн хамгаалалттай хослуулах. Үүнд шинэ Үндэсний баялгийн сан байгуулах, цахим засгийн газрын үйлчилгээ нэвтрүүлэх гэх мэт.
- Саяхан өргөн цар хүрээтэй жагсаал гарахад хүргэсэн нүүрсний салбарт авлигыг хязгаарлах.
- Хөдөө орон нутагт боловсролын хүртээмжийг хангах болон байгаль орчин, малчдыг дэмжих.
- Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах зэрэг хамаарна.
1990 онд ардчиллыг нэвтрүүлснээс хойш Монгол Улсад сонгуулийн тогтолцоо олон удаа өөрчлөгдөж байсан. Гэхдээ энэ удаагийн сонгуульд нэвтрүүлж буй өөрчлөлтүүд сүүлийн үед хийгдсэн ач холбогдолтой нь юм.
Сонгуулийн тогтолцоог бүс нутгийн болон улсын түвшинд илүү төвлөрүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, олон намын засаглалыг бэхжүүлэх, эмэгтэйчүүд болон залуучуудыг сонгуулийн үйл явцад илүү ихээр оролцуулах зорилготой өөрчлөлт хийжээ.
Тодруулбал 2023 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын суудлыг 76-гаас 126 болгож нэмэгдүүлсэн. Мөн суудлыг пропорциональ байдлаар олгох болсон байна.
Эдгээр өөрчлөлтүүд болон тэдгээрийн үр дагавар нь хууль тогтоогчдыг тодорхой тойргийн асуудлуудаас илүүтэй үндэсний асуудалд анхаарлаа хандуулахад хүргэх магадлалтай. Мөн парламент доторх маргаан, мэтгэлцээнийг нэмэгдүүлэх болно.
Харин Монголын эдийн засгаа төрөлжүүлэх зорилгоор хөгжүүлэхийг хүсэж буй сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, дижитал/технологи болон бусад ашигт малтмал олборлолтын бус салбарт гадаад хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах хүсэлд нөлөөлөх магадлал бага.
Үүнээс гадна хууль тогтоомжийг боловсруулах, хэлэлцэхэд илүү их хугацаа шаардагдах магадлалтай. Энэ нь парламентын гишүүдийн тоо нэмэгдсэнтэй болон нам доторх зохицуулалтууд хэрэгцээтэй байгаатай холбоотой юм.
Эх сурвалж: The Diplomat, Asia House
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүн бүр сонголтондоо маш хариуцлагатай хандаасай
Zaluuchuud songuulia idevhtei uguh heregtei