Khishig production: Жүжигчний мэргэжлээр холбогдож, дуулах замналаа эхлүүлсэн

Аав, ээжийн тухай дуу сонсохоор хүн болгонд л хамгийн нандин дурсамжууд бодогддог. Тэгвэл бидний зүрхэнд шингэсэн аав, ээж, гол усны тухай попури хийж олонд танигдсан “Хишиг” продакшны залуустай ярилцлаа.
Тус залуусыг Ж.Саруул-Эрдэнэ, Я.Төгс-Амгалан, Б.Эрдэмсайхан, А.Анх-Төгөлдөр, Д.Хишигбаатар гэдэг бөгөөд бүгд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн билээ. Тэд хоёр жилийн өмнөөс тавуулаа нэгдэж, нэгэн гэр бүл шиг хамтралыг бий болгожээ.
Жүжигчин мэргэжлээр холбогдож дуу хөгжмийн ертөнцөд өөрсдийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлж буй цоглог, золбоолог залуустай ярилцсан ярилцлагаа хүргэж байна.
-"Хишиг" продакшны залуус анх хэрхэн нэгдэж байв. Түүхээсээ хуваалцаач?
-Манай продакшны захирал Д.Хишигбаатар 2014 онд СУИС-ийг төгсөж байсан. Төгссөнийхөө дараагаар Хишиг продакшныг байгуулаад видео, клип, зураг чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг юм.
Бүгд СУИС-ийн театрын ангийг төгссөн болохоор хэн нэг нь төгссөн ч гэсэн тусалж дэмжээд явцгаадаг байсан л даа. Тиймдээ бүгд төгсөөд санаа бодлоороо нэгдэж Хишиг продакш гэх нэрээр овоглосон доо.
Жүжигчний мэргэжлээр төгссөн хүмүүс ямар нэгэн юм хийх л хүсэлтэй байдаг шүү дээ. Тэгээд л бэлэн студитэй, фонограмм байсан учраас “Ороод дуулаад үзье гээд” нэг нэгээрээ орж дуулаад л нөгөөдхийг нь манай студийн Өлзий гэдэг залуу ирж янзалж өгөөд л “Хүүе та нар чинь чадах юм байна. Болох юм биш үү” гээд л бид хэдэд дэм өгдөг байсан. Тэгж л анх дуулах сэдэл төрж байсан юм.
-Анхны попуригаа машинд сууж явахдаа дуулаад цацсан байда. Энэ санааг хэн гаргасан бэ?
-Тухайн үед тэр попуриг студид бичүүлчихсэн байсан. Удалгүй Өвөрхангай явж байх замдаа “Хүүш нөгөө дуугаа утсан дээрээ бичээд цахимд нийтэлчих үү гээд” гээд л санаа нийлээд дуулсан бичлэгээ хийж байсан. Гэхдээ тэр бичлэгээс өмнө Төв аймгаас Улаанбаатар хот орох хүртэл бичлэгээ хийх гэж бөөн юм болсон байдаг. Тэгээд л сүүлд нь Өвөрхангай орохдоо бичээд цацсан.
-Бид тавуулаа жүжигчин мэргэжилтэй. Дээрээс нь продакшны бүх ажлыг хийж чаддагаараа давуу талтай-
-Хишиг продакшны ард хэчнээн хүн ажилладаг вэ?
-Бид таваас гадна дуу бичлэгийн студийн Өлзий ах, туслах дүү нар бас байдаг. Нийтдээ 8-9 хүн ажилладаг. Ажлуудаа хуваагаад бөөнөөрөө хийх юм аа хийгээд л, тус тусдаа хийх юм аа хийгээд л явдаг. Яг "Хишиг" продакшнд харьяалагддаг хүмүүс их олон бий.
-Сонсогч, үзэгчид та бүхнийг "Хишиг" продакшны залуус гэдгээр нь мэддэг шүү дээ. Ингэхэд хамтлагийн нэр байгаа юу?
-Бид тав өөрсдөдөө нэр их бодсон л доо. Анхныхаа бичлэгийг цацахдаа хүртэл яаж цацах вэ, юунаас цацах вэ зэргийг бодож, ярилцсаны эцэст продакшныхаа пэйжээр цацсан. Гэхдээ тухайн үедээ нэрээ ч мартчихсан Хишгийн дуулдаг 5 гээд л тавьчихсан.
-Тэгэхээр цаашаа нэр өгөхгүй гэж ойлголоо?
-Тийм ээ хүмүүст танигдсанаараа “Хишигийн таван уран бүтээлчид” гэдгээрээ л явах байх даа.
-Урлагийн салбарт маш олон продакшн байдаг. Та бүхэн бусад продакшнаас юугаараа ялгарч байгаа гэж бодож байна?
-Хамгийн түрүүнд бид тав бүгдээрээ жүжигчин мэргэжилтэй. Кино уран бүтээл, клип янз бүрийн ажил руу ороход бүгд зургаа авч, гэрлээ тавьж, монтажаа хийчих чадвартай хүмүүс. Дээрээс нь бид тав дуулдаг/инээв/
-Таван залуу уран бүтээлээ хийгээд явж байна. Ажил мэргэжлийн тал дээр зөрчилдөх тохиолдол бишгүй л тохиолддог байх?
-Санаа нэгдэж байгаа болохоор л одоог хүртэл хамт явж байгаа байх. Ажил үүргийнхээ хэмжээнд бол толгойлоод Хишгээ, Анхаа ах нар ахлах тохиолдол их байдаг. Мэдээж энэ хугацаанд зөрчилдөх зүйл их гардаг. Гэхдээ бие биеийнхээ үгийг маш сайн сонсдог учраас болох болохгүй бүхий л зүйлээ ярилцаад дор бүрнээ ойлголцоод явчихдаг.
-Дуунуудынхаа санааг гаргадаг вэ. Хийсэн попури болгон нь хүмүүст ихээр хүрээд байгаа шүү дээ?
-Өөрсдөө багаасаа сонсож өссөн дуунуудаа сэргээж дуулах хүсэл бид тавд байсан. Тийм ч учраас бас л хоорондоо юм ярьж байгаад хуучны сайхан дуунуудыг дахин шинэчилж, гаргаж ирэх хүслийнхээ дагуу дуунуудаа дуулсан. Мөн Аав, ээж, найз, хайр, багш гээд л попурины сэдэв ерөөсөө дуусдаггүй юм билээ.
Одоо бол дөрвөн попури буюу “Аав, ээж, гол ус, төгсөгчдийн” дууг гаргасан байгаа. Наадмын өмнө морины тухай тав дахь дуугаа цацах гэж байгаа.
-Ингэхэд үзэгч, сонсогчдын ирж байсан хамгийн их сэтгэгдэл нь юу байсан бэ?
-“Саруул хөөрхөн шүү. Саруул гоё инээдэг шүү. Саруул гоё шүдтэй шүү” гэх мэтчилэн 100-ны 70 хувийг манай Саруул тухайн сэтгэгдлүүд байдаг даа. Бас Эрдэмийг эхнэртэй крашладаг шүү. /Инээв/
-Хамтлагийн залуусын давуу зан чанарыг дурдвал?
-Өмнө нь бид бие биеийнхээ давуу талыг бодож үзсэн л дээ. Анх бичлэг хийснийхээ дараагаар жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Цаашдаа зорилго тавиад явж байна гэдэг бол бие биедээ итгэж, хүндэлдгийн давуу тал юм болов уу. Энэ зан чанар хувь хувьд нь байгаа болохоор дөрвүүлээ ингээд сууж байна. Нэг нь бол яалтачгүй хөдөө ажлаар явж байгаа өнөөдрийн ярилцлагад ирж амжаагүй.
-“Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг шиг бид тууштай, үнэнч, шударга зан чанарыг баримтлахыг эрхэмлэдэг-
-Урлагаар явж байгаа хэн бүхэнд санхүүгийн асуудал тулгардаг. Та бүхэнд урлагийн зах зээл хэр ээлтэй байгаа вэ?
-Бид тавын хувьд бүгд л урлагийг амьдралаа болгочихсон, холдчихсон хүмүүс шүү дээ. Тийм учраас ямар нэгэн байдлаар урлагтайгаа ойрхон юм хийе, урлагтай хамт байя, энэ чиглэлээрээ ажиллая гэдэг утгаараа цаашдаа энэ салбараас гарахгүй нь ойлгомжтой.
Урлагийн салбарт бүх л хүмүүс хоорондоо амьдрахын тулд, энэ чиглэлээрээ ажиллахын тулд, амжилт гаргахын тулд өрсөлдөж байгаа. Тэр дунд бид ч бас ороод амьдралаа болгоод явж байгаа. Тийм учраас болох болохгүйгээс болгох хүртлээ хөдөлмөрлөх хэрэгтэй.
-Дуу хийхээс гадна кино уран бүтээл гаргадаг шүү дээ. Та бүхэн ямар уран бүтээлд яаж ажилласан бэ?
-Тавуулаа нийлснээс хойш нэг бүрэн хэмжээний кино, гурван контент хийсэн байдаг. “Архинаас гарсан чоно”, “Хүргэнтэй цагаан сар”, “Зурвас” “30 саяын секс” зэрэг бас л цаг үедээ тааруулахыг хичээж арын алба болон бүх зүйлсийг нь өөрсдөө хийсэн уран бүтээлүүд байдаг.
-Урлагийн амьдрал цаг завгүй мэргэжил шүү дээ. Гэр бүлдээ одоо цаг гаргаж чадаж байгаа юу?
-Бид чинь ямар нэгэн цагт баригдалгүй ажлаа хийдэг хүмүүс. Өөрсдийнхөө дураар л ажилладаг хүмүүс шүү дээ. Хийх ёстой ажлаа хурдан хийж чадах юм бол бусад үед нь завтай байдаг.
Гэхдээ анх энэ чиглэлээр ажлаа эхлүүлж байхдаа гарт ороогүй удаан байсан болохоор нэг их хугацааг гэр бүлдээ зарцуулдаггүй байсан. Одоо бол ажил гарын үзүүрт орсон гэдэг шиг хурдхан шиг л ажил төрлөө зохицуулаад гэртээ цаг, зав гаргаж эхэлж байна даа.
-Уран бүтээлээс гадна хурим, найр дээр их уригддаг юм билээ. Хүмүүсийн дандаа аз жаргалтай мөчүүд дээр очиж, аз жаргалыг нь хуваалцдаг. Тэдгээр үйл явдлаас нулимс дуслуулж байсан мөч бий юу?
А.А: Манайх уран бүтээлээ очиж дуулахаас гадна хуримын зураг авалт буюу фото, видео хийдэг л дээ. Миний хувьд гурван удаа хуримын ордон руу орж байлаа. Танихгүй хүний хурим шүү дээ. Тэнд ороод зураг, бичлэг хийх гээд орох болгондоо уйлж байсан. Тэр газраас маш сайхан энерги мэдэрдэг.
Я.Т: Би бас саяхан найзынхаа хурим дээр гэрчээр оролцсон л доо. Тухайн үед үнэхээр л нүдэнд нулимс цийлгэнээд гайхалтай байдаг юм билээ. Саяхан бас танихгүй хүний хурим дээр очиход өөрийн эрхгүй нулимс цийлгэнээд, гайхалтай байдаг юм билээ.
Хурим бол амьдралд ганцхан тохиолдох үйл явдал шүү дээ. Тиймээс тэр дундаас хүмүүсийн хамгийн сайн сайхан зүйлийг мэдэрч чаддаг юм болов уу. Бас хамгийн сайхан нь хуримын бүх үйл ажиллагаа дууссаны дараа ар гэрийнхэн нь “Үнэхээр сайхан байлаа. Та бүхэнд үнэхээр их баярлалаа. Бидний нандин мөчийн гэрч болсонд баярлалаа” зэрэг гайхалтай үгсийг хэлэх юу юунаас илүү гайхалтай мэдрэмжийг өгдөг.
ВИДЕО:
-Бид тав дуучнаасаа гадна жүжигчний мэргэжлээ ашиглаж клипээ хийж байгаа нь хүмүүсийн сэтгэлд хүрдэг-
-Хишиг продакшны залуусын хувьд дуулахаас гадна шүлэг уншдаг. Тухайн шүлгүүдээ хэрхэн бодож олдог вэ?
-Энд тэндээс яруу найрагчдын шүлгүүдийг хайж уншдаг. Хэрвээ яруу найрагч нь амьд байх юм бол зөвшөөрлийг нь авч уншина. Мөн тухайн дуулж байгаа сэдвийнхээ дагуу л эрэлд гардаг даа. Зарим мөрийг нь нэмж бичнэ, бусад гишүүдээсээ тусламж авах зэргээр их олон зүйлийг туулж уншдаг.
Бид зөвхөн шүлгээс гадна дуулж байгаа дуунуудынхаа дуучдаас нь заавал зөвшөөрөл авч байж дуулдаг. Уран бүтээлчдээс зөвшөөрөл авах үед шинэ үеийн залуучууд гээд үнэхээр нааштай ханддаг.
-Одоогийн залуус илүү цоглог, хип хоп жанрын дуунуудыг л сонсож байгаа. Та хэд нийтийн дууг дуулаад гарч ирсэн их шинэлэг, бас хүмүүсийн хүлээсэн уран бүтээлүүд байсан юм болов уу гэж бодсон?
-Бид тав бол таван өөр төрлийн дуунуудыг сонсдог. Гэхдээ нийтийн дууг бол манай үеийнхэн багаасаа л сонсож өссөн. Цаашлаад бид бүгдээрээ хөдөө амьдарч байсан хүмүүс шүү дээ. Тийм учраас нийтийн дуутай илүү ойрхон байдаг юм болов уу гэж боддог.
Гэхдээ бид яг тэдгээр дуунуудаа мэргэжлийн түвшинд дуулж чадахгүй, өөрсдийнхөө л хэмжээнд дуулж байгаа. Жүжигчин хүмүүс учраас клипэндээ арай өөр цоглог, хүнд хүргэх талаас нь илүү ажилладаг учраас хүмүүст ч гэсэн их таалагдаж байгаа сэтгэгдэл ирдэг л дээ.
Биднийг бүр хоёр настай хүүхэд үзээд, дагаж аялаад байх жишээний. Хүмүүс үзээд “Ямар гоё цоглог залуучууд вэ. Маш гоё эрч хүч мэдрэгдэж байна” зэргээр магтдаг. Энэ нь л бидний уран бүтээлээ хамгийн сайн дамжуулж байгаагийн нэгэн хэлбэр юм болов уу гэж боддог.
-Ойрын хугацаанд ямар уран бүтээл дээр ажиллах вэ?
-Баяр наадам болох гэж байна. Бид бүхэн морины тухай уран бүтээл хийчихсэн өнөө маргаашдаа цацах гэж байгаа. Түүний дараагаар хийх уран бүтээлүүдийг одоохондоо сонсогчдодоо нууц хэвээр нь үлдээе. Ямартай ч бие даасан “Найз”-ын тухай шинэ уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа.
-Ярилцсанд баярлалаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.