Д.Минжмаа: Рашааны гам эмчилгээний 50 хувьд тооцогддог

Хүн амд эрүүл мэндийн талаарх хэрэгтэй ойлголтыг энгийн үгээр ойлгомжтойгоор бэлтгэн хүргэдэг "Анагаах мэдлэг" энэ удаад “Ачуут гол” эмнэлгийн тасгийн эрхлэгч, эмч Д.Минжмаатай ярилцлаа.
Урин дулааны цаг ирэхэд монголчууд рашаан эмчилгээнд явахыг илүүд үздэг. Ингэхдээ ихэвчлэн амнаас ам дамжсан үр дүнг сонсоод рашаан сувиллыг сонгож очдог. Нийтлэгээрээ бараг амралт гэж ойлгодог гэхэд хилсдэхгүй. Тийм учраас энэ удаад рашааны тухай цогц хэрэгтэй мэдээллийг өгөхийг зорилоо.
-Рашаан гэж юу вэ. Рашааны төрөл, ашиг тус?
Хүн төрөлхтөн эрт дээр үеэс рашаан усыг ашиглан судалж, өвчин эмгэгийг эмнэн сувилж анагаасаар ирсэн баялаг түүхтэй. Рашаан нь "rasauna" гэсэн санскрит үг бөгөөд энэ нь "мөнхийн ус, хутаг ус, амтат шүүдэр" гэсэн утгатай. Рашаан гэдэг нь найрлагадаа давс, хий, микроэлемент, биологийн идэвхт бусад нэгдэл агуулсан газрын гүнээс ундран гарч байгаа эрдсийн найрлагын нэгдэл юм. Хүний аль нэгэн эрхтэн улмаар бүх бие махбодод зохистой нөлөөлдөг онцгой чанар, найрлагатай байгалийн ус бол рашаан юм.
Рашааныг химийн найрлага, эрдэсжилт, дулаан (температур), цацраг идэвхт чанар, найрлагад оролцсон биологийн идэвхт элемент, хүчиллэг буюу шүлтлэг чанар, ууссан буюу холилдон орших хий эдгээр 7 үндсэн үзүүлэлтээр ангилсан олон ангилал байдаг. Монгол орны рашааныг
нүүрс хүчлийн хүйтэн рашаан, азотын халуун рашаан, холимог найрлагат рашаан гэж үндсэн 3 муж болгон ангилдаг.
Нүүрс хүчлийн хүйтэн рашаанд Монгол орны зүүн болон зүүн хойд хэсэгт орших рашаанууд орно. 1-р мужийн хүйтэн рашаан нь нүүрсхүчлийн хий, төмөр элбэг, цацраг идэвх багатай. Гидрокарбонат кальци, магнитай рашаанууд нь эмчилгээний хувьд гол бүрэлдэхүүн нь нүүрсхүчлийн хий болон 2 атомт төмөр байдаг. Ийм рашаан нь уураг, өөх тос, нүүрс усны солилцоог идэвхжүүлж, хаван хөөх, өвчнөөс сэргийлэхээс гадна кальци нь зүрхний хэвийн ажиллагаанд зохистой нөлөө үзүүлнэ. Арьс булчингийн мэдрэлийн төгсгөлийг цочроож, яс шүдийг бэхжүүлэх, ходоод, элэг, бөөр, цөсний архаг өвчин, өөх чихрийн илүүдлийг анагаахад илүү нөлөөлдөг. Жишээ нь: Жанчивлан, Улаанбаатарын рашаан хамаарна.
Азотын шүлтлэг натри бүхий цахиурлаг халуун рашааны микроэлементэд нь карбонат, сульфатын давс дангаараа ба хавсарна. 20-91 градусын температуртай. Иймд цөсний ялгаралтад сайн нөлөө үзүүлэн архаг гастрит, ходоодны хүчил багасах, ходоодны шархлаа, элэг цөсний бусад өвчин, өөх чихрийн солилцооны алдагдлын үед сайн. Халуун рашаанууд нь сульфат, гидрокарбонат натри, гидрокарбонат сульфат натригаар баялаг бөгөөд найрлаган дахь цахиурын хүчил, бор, цацраг идэвхт бодис зэрэг нь хэрлэг яс булчин шөрмөсний өвчнүүд, захын мэдрэлийн болон эмэгтэйчүүдийн өвчинд илүү үйлчилгээтэй. Үүнд, Хужирт, Шаргалжуут, Отгонтэнгэрийн рашаан болно.
Рашаан нь өвчлөлийг анагаах өвчнөөс урьдчилан сэргийлэх эерэг нөлөөтэй. Ерөнхийдөө бол рашаан эмчилгээ нь шууд, алсын гэсэн 2 үр дүнтэй. Шууд үр дүн нь судасны цохилт, артерийн даралт, амьсгал, биеийн халуун, захын судасны цусан хангамжид гарах өөрчлөлтөөр илэрч уг заслаас хойш 12-48 цаг үргэлжлэх бөгөөд энэ үед энерги, бодисын солилцоо, гормоны нэгдэл идэвхжих зэрэг биохимийн эерэг үзэгдэл илэрдэг. Алсын үр дүн нь дээрх өөрчлөлт аажмаар биед хуримтлагдсаар дасан зохицох эсвэл хариу урвал болж илэрнэ. Хариу урвал 3-4 заслын дараа үүсч 2-4 өдөр үргэлжилдэг. Энэ тохиолдолд рашаан opox, уух хоорондох хугацааг уртасгах, орох хугацаа, халууныг бууруулах арга хэмжээг авна.
-Тархины болон зүрхний титэм судас нарийссан хүнд рашаан тохиромжгүй-
-Рашаан ямар өвчинд тохиромжтой, ямар өвчинд тохиромжгүй вэ?
-Рашаанаар янз бүрийн өвчнийг анагаахдаа тохируулж хэрэглэх нь чухал. Үүнд,
Зүрх судасны өвчнүүд нь нүүрсхүчлийн хий, хүхэрустөрөгч, цацраг идэвх чанартай рашаан бүхий рашаан сувиллын газар тохирно. Үүнд зүрхний булчингийн үрэвсэл гажиг, цусны даралт ихэдсэн болон багадсан үед тохиромжтой.
Амьсгалын эрхтний өвчнүүд нь сүрьеэгийн шалтгаанаас үүсээгүй бол далайн эрэг, уул, хад, ой модтой газрын уур амьсгалын рашаан тохирно.
Үе мөчний ба гэмтлийн дараах үлдэгдэл зэрэг өвчнүүдийг их төлөв хлорт натри хүхэрустөрөгч ба радонт сулавтар эрдэсжсэн халуун рашаан, шавраар эмчлэхэд тохирно. Үүнд сүрьеэгийн биш гаралтай артрит, полиартрит, нуруу, яс булчин, шөрмөсний өвчнүүд орно.
Төв ба захын мэдрэлийн системийн өвчнүүд нь шавар ба хлорт натри хүхэрустөрөгч ба радонт бүхий сулавтар эрдэсжсэн халуун рашаанаар эмчилдэг. Үүнд: радикулит, неврофибромиозит, менинго-энцефалита, элдэв гэмтэл шархдасны улмаас үүссэн, төв ба захын мэдрэлийн системийн өвчнүүд орохоос гадна мэдрэлийн ажиллагааны өөрчлөлтийн өвчнүүд, уур амьсгалын буюу нүүрсхүчлийн хий радиом бүхий рашаанаар эмчлүүлдэг.
Эмэгтэйчүүдийн умай бэлгийн өвчнүүд шавар ба янз бүрийн найрлагатай халуун рашаанд сүрьеэгээс бусад янз бүрийн үүссэн өндгөвч умай дутуу хөгжилт, үтрээн архаг өвчин бэлэг эрхтний ажиллагааны дутагдал зэрэг орно.
Хоол боловсруулах эрхтний төрөл бүрийн өвчнийг хүчиллэг буюу шүлтлэг, нүүрсхүчлийн хийн радон бүхий рашаанаар эмчилдэг. Үүнд ходоодны архаг үрэвслүүд, ходоод, гэдэсний шарх, мэс засал хийлгэсний дараах үе, ходоодны хоол боловсруулах ажиллагаа, нарийн бүдүүн гэдэсний архаг үрэвсэл элэг цөсний замын архаг үрэвсэл зэрэг өвчнүүд орно.
Бодисын солилцооны ба дотоод шүүрлийн булчирхайн өвчнийг их төлөв уух рашаантай, уур амьсгалын зөөлөн нөхцөл бүхий газарт эмчлүүлнэ. Үүнд: хөнгөн явцтай чихрийн өвчин, подогра, "Диатез, халдварт ба хордлогоос үүссэн нефритийг цөл говийн уур амьсгалтай элсэн шарлага бүхий халуун газар сувилна.
Арьсны өвчнүүд нь гол төлөв эмнэлгийн шавар ба хүхэр устөрөгч, радионт халуун рашаанд тохирно.
Архаг хордлогот хүхэрустөрөгч бүхий халуун рашаан бүхий газар тохирно.
Шээс боловсруулах ба ялгаруулах эрхтний өвчнүүд нь уух болон орох халуун рашаан, шавар бүхий газар тохирно.
Чих, хамар, хоолойн архаг үрэвсэл өвчнүүд нь гол төлөв шавар, рашаанаар уур утлага хийх газарт тохирно.
Харин рашаан шавраар эмчилж тохирохгүй өвчнүүд гэж бий. Үүнд, хорт цусны өвчин, полиглобулия, лейкозы янз бүрийн шалтгаанаар үүссэн хэт тууралт, хорт хавдар, эрүүл бус жирэмслэлт ба 5 сартайгаас хойших эрүүл жирэмсэн, зүрх судасны системийн өвчнүүд.
Зүрхний титэм судасны нарийссанаас зүрхний булчин тэжээлээр дутагдаж, булчин стенокардийн үзэгдэлтэй байх, зүрхний хэмнэл жигд бус өөрчлөгдсөн, урьд өмнө зүрхний инфаракт болж байсан бол, тархины судас нарийссан бол рашаан хориглоно.
Харин амьсгалын замын өвчнүүдийн тухайд уушиг соривжин хатуурсан, плевер хальсны үрэвсэл бүхий уушигны үрэвслийн үзэгдэл зэрэг өвчнүүд нь цусны эргэлтийн дутагдал шинж тэмдэгтэй байх идээтэй цэр гаргаж байгаа ба хэт эцэж турсан байвал болохгүй.
Хоол боловсруулах замын эрхтний өвчний улаан хоолой, ходоодны гарах хэсэгт, гэдсэнд соривжин нарийсаж хоолны зүйл явах зам сааталтай бол, ходоод, гэдэсний шарх өвчин нь хурц үе, элэгний бэтэг, хатингар өвчнүүд, гэдэсний сүрьеэ өвчин, бөөрийн хурц өвчнүүд, ажиллагааны дутагдалтай, бөөрийн нефроклероз гидронефроз, бөөр, шээс ялгаруулах зам ба бэлэг эрхтний сүрьеэ, ямар нэгэн шалтгаанаар цустай шээх үед рашаан тохиромжгүй.
Мөн төв мэдрэлийн системийн өвчнүүд буюу хүнд гэмтэл, унаж татах, хүндэрсэн, сэтгэл мэдрэлийн өвчнүүд, үе мөч, яснаас идээ бээр гарч байгаа, арьс өнгөний өвчин, хурц ба хурцавтар үедээ яваа арьсны бүх өвчнүүд, арьс ба хумсны мөөгөнцөр, арьсны халдварууд, арьсны сүрьеэ, бэлгэсийн ба бусад халдварт өвчнүүд, чих, хамар, хоолойн бүх өвчнүүд нь хурц үед тохиромжгүй байдаг.
-Жишээ нь, элэгний вирустэй хүн рашаан хориотой гэж эмч хэлдэг. Хүмүүс мэдлэггүйгээсээ болж рашаанд орсноор биед нь ямар сөрөг үр дагавар үүсэх вэ?
-Элэг цөсний өвчлөлтэй хүнд халуун чанарын буюу азотын халуун рашаан, холимог найрлагат рашааныг хориглодог. Элэгний В,С,Д вирустэй, элэгний архаг үрэвсэлтэй, элэгний цирроз 1,2,3,4-р үе шат элэгний хавдартай, элэгний уйланхайтай, элэгний гемангиома бусад цөсний үрэвсэлт өвчнүүдийн үед халуун чанарын рашаан хэрэглэхгүй. Учир нь элэг цөсний өвчлөлүүдийг улам даамжруулж хүндрүүлдэг. Халуун чанартай рашаанууд элэгний эсийн задрал гэмтлийг түргэсгэж, вирусны идэвхжилийг нэмэгдүүлдэг учраас хориглоно. Харин нүүрс хүчлийн хүйтэн рашааныг мэргэжлийн эмчийн хяналтад дотуур уух болон гадуур хэрэглэж болно.
-Эсрэгээрээ хэн рашаанд орсноор эрүүл мэндэд нь сайн үр дүн гарах вэ?
-Мэдээж өөрийн өвчлөлд тохирсон рашаанд эмчийн заавраар зөв рашааныг, зөв улиралд, зөв цагт, зөв аргаар, зөв гамыг сахин хэрэглэвэл хэн бүхэнд өвлөлөөс урьдчилан сэргийлэх болон өвчнөө эдгээх эерэг үр дүнгүүд гарна. Гол нь эмчийн заавраар эмчийн хяналтад хэрэглэх нь хамгийн чухал.
-Рашааныг биеийн жингийн 1 кг тутамд 3,3 мл хэмжээгээр нэг удаа уух хэмжээгээ тохируулна-

-Ихэнх нь рашаан сувилалд эрхтэн бүрд тохирсон гэх рашаан ундаргууд байдаг. Жишээ нь, нэг өвчин нь хориотой байсан ч бусад хориглоогүй эрхтний рашаан ууж шавшиж угааж хэрэглэх болох уу?
-Дээр хэлсэнчлэн рашааны төрөл зүйлээс хамаарна мөн яаж хэрэглэх арга нь чухал. Рашаан нь биеийн арьс болон сүв бүхэнд байрласан мэдрэлийн төгсгөлд физик, хими, механик, дулааны цочрол үүсгэж, микронайрлага дахь натри, хлор, иод, хүхэр зэрэг бодисууд цусны судсаар нэвчиж биед орж, химийн нөлөө үзүүлдэг. Рашааныг тохирсон өвчинд 7-14 хоног уух, 7-21 хоног орж гам дэглэм барих ёстой. Мөн ихэвчлэн биеийн жингийн 1кг тутамд 3,3 мл хэмжээгээр нэг удаа уух хэмжээгээ тохируулна. Уух орох рашааны хэмжээгээ алгуур өсгөж дундаас нь дахин багассаар дуусгана. Рашааныг ерөнхий 2 аргаар хэрэглэнэ.
Рашааныг дотуур хэрэглэх аргад рашаан уух, ам хоолой зайлах, ходоод цөс, бүдүүн гэдэс угаах, утах зэрэг орно.
Рашаан уух арга нь хоол боловсруулах эрхтний өвчин, бодисын солилцооны өвчний үед хэрэглэх эмчилгээний гол хэлбэр юм. Рашааны температур, хэмжээ, өвөрмөц чанар, уух цаг хугацаа, орчны нөхцөл зэрэг нь биед чухал нөлөөтэй. Ууж хэрэглэснээр рашаан нь биед мэдрэлийн ба химийн гэсэн 2 замаар нөлөөлдөг. Рашаан уух нь эмчилгээний 2 үе шаттай. Эхний шатанд рашаан амны хөндий, ходоод гэдэсний салст бүрхүүл дэх мэдрэлийн төгсгөлд шууд үйлчилдэг бол дараагийн шатанд рашааны найрлага дахь химийн бодис зохих нөлөөг үзүүлдэг байна.
Рашаан уухад амны хөндийн салст бүрхэвчийг цочроосноор шүлс ялгаралт ихсэн, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа идэвхжиж улмаар 12 хуруу гэдсэнд шилжин цочроосноор ходоодны шүүс ялгаралтад урвуу нөлөө үзүүлдэг. Иймд гол нь ходоодны шүүсний их багыг харгалзах нь чухал.
Рашаанаар ходоод угаах арга нь үрэвслийн шүүрлээс ходоодыг цэвэршүүлэх ходоодны галын илчийг ихэсгэхэд тустай байдаг.
рашаанаар цөс угааж болох бөгөөд 7 хоногт 2-3 удаа угаахад цөсний замын булчингийн агчил намдаж, цөсний урсгал түргэсэн, цөсний хүүдийг элсэнцэр чулуунаас чөлөөлдөг.
Амьсгалын дээд замын үрэвсэлт өвчний үед халуун рашаанаар утлага хийх, шүд буйл амны хөндийн архаг өвчний үед зайлах, эмэгтэйчүүдийн умайн хүзүүний архаг үрэвслийн үед шавших, үтрээ угаах зэргээр хэрэглэдэг.
Рашааныг гадуур хэрэглэх арга, онгоцонд бүтэн, хэсэгчлэн орох, шүршүүрт орох, шавших зэрэг аргуудаар рашааныг гадуур хэрэглэнэ.
Нүүрсхүчлийн хүйтэн рашаанд ороход нүүрсхүчлийн хий арьс амьсгалын замаар биед нэвтэрч, биеийн хүчил шүлтийн тэнцвэрийг өөрчлөн цусны судас, амьсгалын төвийг цочроосноор амьсгал, судасны цохилт цөөрч, цусны хэмжээ ихсэн, улмаар тархи зүрх, арьс, бөөрний судсууд тэлэгддэг. Нүүрсхүчлийн хий нь судасны ханын нэвчих чадварыг дээшлүүлэн, эд эсийн амьсгал, эдийн хүчилтөрөгчийн хангамжийг дээшлүүлж, цусан дахь сахарын хэмжээг бууруулна. Мөн хөндлөн судалт ба гөлгөр булчингийн агших чадварыг дээшлүүлдэг.
Азотын халуун рашаанд ороход судас тэлж, захын цусан хангамж ихсэн, судасны цохилт цөөрч, зүрх судасны үйл ажиллагаанд нөлөөлөхийн зэрэгцээ бодисын солилцоо сайжран, өвдөлт намдаж, цусны бүлэгнэлт, сарын тэмдгийн алдагдал хэвийн болдог.
-Рашааны гам гэж ярьдаг. Үүнийг тайлбарлаж өгөөч?
-Рашаан уусан эсвэл орсны дараа гам заавал барина. Рашаан нь биеийн арьс болон сүв бүхэнд байрласан мэдрэлийн төгсгөлд очиж физик, хими, механик, дулааны цочрол үүсгэдэг тул гамыг сайтар баримтлах нь эмчилгээний 50% тооцогдоно. Гам бариагүйгээс болж эмчилгээ үр дүнгүй болох, өвчний явц даамжрах, улам архагших зэрэг хүндрэлүүд гардаг учраас гам дэглэм бол эмчилгээний нэг хэсэг юм.
Рашаан эмчилгээ хэрэглэж байх үедээ их халуунд халж болохгүй, хүйтэн усанд гар хөлөө дүрэх бороонд норох, даарахгүй байх, өвчинд тохирохгүй хурц хоол унд идэх уухыг цээрлэж, өвчиндөө тохирсон чанартай хөнгөн хоол унд тохируулан хэрэглэх дулаан хувцас өмсөх зэрэг ерөнхий гам сайн барих хэрэгтэй.
-Аль улиралд орохоос шалтгаалан рашааны үйлчилгээний онцлог гэж байх уу?
-Рашаан эмчилгээ хийх үед рашаанд орох, уух, цаг улирал чухал. Бороо хур татарсан намрын сар, хавар цаг, мөсний ус хайлж хөрсөнд шингэхээс өмнө ууж хэрэглэх нь зөв.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.