Хуулийн мэдлэгт #2: Сонгуулийн тухай хууль зөрчсөн гомдлыг шийдвэрлэх харьяалал
Хуулийн мэдлэгт цувралын хоёр дахь дугаарт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль зөрчсөн тухай гомдол, маргааныг шийдвэрлэх харьяаллын талаар танилцуулахаар бэлтгэлээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн тухай гомдол, маргааныг шийдвэрлэх харьяалал
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т “Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж хуульчилсан”. Энэхүү хуулиас үзэхэд Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд ямар зөрчил гаргаснаас хамаарч маргааны харьяаллыг тодорхойлдог. Мөн сонгуулийн хууль тогтоомжтой холбоотой аливаа маргааныг сонгуулийн жилд багтаан шийдвэрлэхээр хуульд заасан байна.
Тухайлбал, Сонгуулийн хорооноос мэдээлсэн санал хураалтын урьдчилсан дүнг илтэд гуйвуулсан, өөрөөр мэдээлсэн, сонгуулийн ажилд туслалцаа үзүүлэх, эсхүл сонгуулийн хорооны ажлын байр, санал авах байрыг үнэ төлбөргүй гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, намын далбаа, уриа, таних тэмдгийг байрлуулахыг хориглосон газарт байрлуулсан, сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт өгсөн, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан, сонгогчдын саналыг татах зорилгоор бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй эсхүл үнэ төлбөргүйгээр үзүүлсэн зэрэг үйлдлийг Зөрчлийн хэрэг гэж үзэж цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагчид гомдол гаргана.
Мөн Зөрчлийн зарим маргаан нь тагнуулын алба, харилцаа холбооны зохицуулах хороо, сонгуулийн ерөнхий хороо, шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын улсын байцаагч зэрэг харьяалалд хамаардаг. Жишээ нь, хуульд зааснаас бусад тохиолдолд сонгогчдын нэрийн жагсаалтыг олшруулсан, эсхүл тараасан бол Улсын бүртгэлийн хяналтын байцаагчид гомдол гаргана. Харин сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээдээс бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийсэн бол харилцаа холбооны хяналтын улсын байцаагчид гомдол гаргана. Зөрчлийн тухай хуулиар торгох, хууль бусаар олсон орлогыг хураах зэрэг хариуцлага хүлээлгэдэг болно.
Харин иргэд сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх, сонгууль, ард нийтийн санал асуулгад хууль бусаар нөлөөлөх, санал хураалтын дүнг буруу гаргах, сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах ажил зохион байгуулсан зэрэг зөрчил илэрвэл Эрүүгийн хэрэг гэж үзэн цагдаагийн байгууллагад гомдол гаргана.
Эрүүгийн хуулиар торгох, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, хорих хариуцлагыг хүлээлгэдэг.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээ, сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, сонгууль зохион байгуулахтай холбогдуулан дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өгсөн үүргийг биелүүлэх зэрэг сонгуулийн хорооны үйл ажиллагаатай холбоотой маргааныг сум, дүүргийн сонгуулийн хороо хүлээн авч 7 хоногийн дотор шийдвэрлэдэг.
Хэрэв гомдол гаргагч нь сум дүүргийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл аймаг, нийслэлийнсонгуулийн хороонд гомдол гаргана.
Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооноос гарсан шийдвэрийг гомдол гаргагч эс зөвшөөрвөл Сонгуулийн ерөнхий хороонд гомдол гаргана.
Сонгуулийн ерөнхий хороо тус гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэж,шаардлагатай бол хугацааг сунгаж, гомдол гаргагчидбичгээр мэдэгдэнэ.
Гомдол гаргагч нь Сонгуулийн ерөнхий хорооны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргана. Өргөдөл, гомдол нь Сонгуулийн ерөнхий хорооны эрх хэмжээнд үл хамаарах бол харьяаллын бус өргөдөл, гомдлыг харьяалах этгээдэд ажлын 3 хоногийн дотор шилжүүлж хуульд заасны дагуу өргөдөл гомдлыг шийдвэрлэх боломжгүй бол гомдол гаргагчид буцаана.
Мөн, Сонгуулийн ерөнхий хороо нь нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан, хууль бус сурталчилгаа хориглосон, нэр дэвшигчийг хассан зэрэг маргааныг хүлээн авч шийдвэрлэдэг.
Гадаад улсад байгаа иргэд санал өгөх, сонгуулийн ажлыг зохион байгуулахтай холбоотой маргааныг төв комиссын газар, санал авах байр, саналын хайрцагтай холбоотой асуудлыг салбар комиссын газрын харьяалалд хамаардаг.Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийн жагсаалтад нэр бүртгэгдээгүй, давхар бүртгэгдсэн зэрэг гомдлыг нэр дэвшиж буй аймаг, сумын улсын бүртгэлийн газар гаргана.
Хэрэв Улсын Их Хурлын сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн бол Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргана.
Сонгуулийн ерөнхий хорооны www.gec.gov.mn платформын “өргөдөл гомдол санал хүсэлт авах” хэсэгт гомдол гаргагч нь өргөдөл, гомдолоо цахимаар гаргах боломжтой.
Өмнөх цувралаар хүргэсэн мэдээллийг доорх линкээр уншаарай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.