ЛеБрон Жеймс хүүтэйгээ тоглох боллоо

Бүх цаг үеийн хамгийн шилдэг тамирчдын нэг болох ЛеБрон Жеймс өөрийн хүүтэйгээ тоглох боломжтой болов.
Пүрэв гарагт /2024.06.27/ “NBA”-ийн сонголтууд энэ жилийн драфтаа хийсэн байна. Драфтын хоёрдугаар шатанд “Los Angeles Lakers” баг Бронни Жеймсийг сонгожээ.
“ESPN” мэдээлснээр Lakers-ийн ерөнхий менежер Роб Пелинка Бронни руу залгаж драфтлагдсан гэдгийг нь хэлсний дараа ЛеБрон гэр бүл, найз нөхдийнхөө хамтаар оргилуун дарс буудуулж тэмдэглэсэн байна.
Ингэснээр Бронни, ЛеБрон хоёр "NBA"-д нэгэн зэрэг, нэг багт тоглосон анхны аав хүү хоёр болно. Бронни шинэ тоглогч тул эхний улиралдаа талбайд олон минут тоглож чадахгүй ч аав хүү хоёр нэг багт тоглож байна гэх утгаараа ЛеБроны хувьд маш чухал юм.
Драфт хийлт дууссаны дараа Бронни өөрийн Instagram хуудас дээрээ Lakers-ийн өмсгөлтэй авхуулсан зургаа нийтэлжээ. Түүнд Lakers-ийн домогт сагсан бөмбөгч Мажик Жонсон баяр хүргэж, Бронни сонгогдсон нь түүхэн явдал гэсэн байна.
Өнгөрсөн жил Бронни Өмнөд Калифорнийн их сургуулийн зааланд бэлтгэл хийж байхдаа зүрх нь зогсож эмнэлэгт яаралтай хүргэгдсэн. Эмч нар түүнийг арваннэгдүгээр сард бэлтгэлдээ эргэж орж болно гэж мэдэгдсэн юм.
Үүний дараа тэрбээр их сургуулийнхаа Trojans багт тоглож улирлын турш дунджаар 4.8 оноо, 2.8 самбараас бөмбөг авалт, 2.1 оновчтой дамжуулалт хийжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.