Төвөдүүд Далай ламгүй ирээдүйгээс айж байна

Дээрхийн гэгээнтэн Далай ламын төрсөн өдөр бямба гарагт /2024.07.07/ тохиож, тэрбээр 89 нас хүрсэн билээ. Гэвч БНХАУ түүний залгамжлагчийг өөрсдөө сонгоно гэж шаардаж буй нь Далай ламын хувийн зөнчийн санааг зовоож байна.
Зөнч Нечун лам "Дээрхийн гэгээнтэн бол арван дөрөвдүгээр Далай лам. Ийм учраас арван тавдугаар, арван зургаадугаар, арван долоодугаар Далай лам ч байх болно" гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ "Бусад улс орнуудад улс оронд удирдагчид солигддог, тэгээд тэдний түүх өндөрлөдөг. Харин Төвөдөд өөр" хэмээв.
Төвөдийн буддын шашинтнууд эрдэмтэн лам нар амьсгал хураасныхаа дараа хүн болж дахин төрдөг гэж итгэдэг. АНУ-д өвдөгний эмчилгээ хийлгэснийхээ дараах гамыг барьж буй Далай лам өөрийн 90 насны ойгоор залгамжлалын асуудлыг тодруулна гэж мэдэгдсэн юм. Дахин төрөх үйл явцыг тодорхойлохын тулд Нечун лам сүнс дуудаж, ирээдүйн зөнг харах ёстой.
Одоогийн Далай лам олон улсын хэмжээнд Буддын шашныг түгээж, Төвөдийн эрх чөлөөний төлөө тэмцэж, Нобелийн Энх тайвны шагналт нэгэн юм.
БНХАУ түүнийг аюултай салан тусгаарлагч гэж үздэг. Гэхдээ тэрбээр энх тайвны замаар Төвөдөд жинхэнэ өөртөө засах эрх, шашны эрх чөлөөг тогтоохыг зорьсон "Дундаж Зам" хэмээх зарчмыг дэмждэг гэдгээ илэрхийлсэн билээ.
Ямартай ч түүний залгамжлагч туршлагагүй, дэлхийн тавцанд үл мэдэгдэх нэгэн байх болно. Энэ нь “Дундаж зам” хөдөлгөөнийг сааруулж эсвэл илүү эрчимжүүлэн Бээжин болон Вашингтоны хоорондын хурцадмал байдлыг нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүй гэж зарим шинжээчид үзэж байна.
Цөлөгдсөний улмаас Энэтхэгт үйл ажиллагаа явуулдаг Төвөдийн засгийн газар болон тэдний баруун Энэтхэг дахь хамтрагчид XIV Далай ламын нөлөөлөлгүй ирээдүйд бэлтгэх болжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден удахгүй БНХАУ-аас Төвөдтэй холбоотой гаргаж буй "хуурамч мэдээлэл"-ийг эсэргүүцэх хуулинд гарын үсэг зурах төлөвтэй байгаа.
Хятад улс 1951 онд Төвөдийг эзэлж авсан. Гэсэн хэр нь БНХАУ-ын эрх баригчид Төвөдийг эртнээс Хятадын нэг хэсэг байсан гэж мэдэгддэг юм. Байдены гарын үсэг зурах хууль нь үүнийг эсэргүүцэх тухай.
Лондоны Олон улсын судлалын сургуулийн Төвөдийн мэргэжилтэн Роберт Барнетт "БНХАУ Төвөдийг эрт дээр үеэс Хятадын нэг хэсэг байсан гэж хүлээн зөвшөөрүүлэхийг хүсэж байгаа. Харин энэ хууль нь (Байдены гарын үсэг зурах) барууны улсууд Төвөд Хятадынх байсан хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байх нь харьцангуй амархан гэдгийг Төвөдийн дэмжигчдэд харууллаа" гэв.
АНУ-ын хууль тогтоогчид, тэр дундаа Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси зургаадугаар сард Далай ламтай уулзаж, Конгресс тус хуулийг дэмжсэнийг тэмдэглэсэн.

Энэ хууль нь хүчээр нэгтгэх гэх мэт БНХАУ-аас явуулж буй эрхийн зөрчлөөс татгалзах стратегийн өөрчлөлтийн нэг хэсэг гэж Төвөдийн Дарамсала дахь засгийн газрын тэргүүн Пенпа Цэрин хэлж байсан юм.
2021 оноос хойш Төвөдийн засгийн газар улсыг нь үргэлж Хятадын нэг хэсэг байсан гэх мэдэгдлийг няцаахын тулд АНУ гэх мэт 20 гаруй оронд лобби хийж байгаа.
Энэхүү стратегийн ард АНУ-ын жинтэй нөлөө орж ирснээр, цөллөгт буй Төвөдийн засгийн газар БНХАУ-ыг хэлэлцээрийн ширээний урд авчрахыг зорьж буй. Цэрин "Хэрвээ бүх улс орон Төвөдийг БНХАУ-ын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрсөөр байвал, Хятад бидэнтэй ярилцах ямар шалтгаан байх вэ?" гэж хэлэв.
Хятадын Гадаад хэргийн яам “Reuters” агентлагт тодруулга өгөхдөө "Эх орноо хуваах байр сууриа үнэхээр орхисон" бол Далай ламтай түүний "хувийн ирээдүйн талаар" хэлэлцэхэд нээлттэй байх болно гэсэн байна.
Бээжин 2010 оноос хойш Далай ламын төлөөлөгчидтэй албан ёсны яриа хэлэлцээр хийгээгүй. Мөн Байденыг хуульд гарын үсэг зурахгүй байхыг уриалсан байгаа.
Залгамжлалын асуудал
Ихэнх түүхчид Төвөд 13-14-р зууны Юань гүрний үед Монголын эзэнт улсад нэгдсэн гэж үздэг. Төвөд Юань гүрэнд нэгдсэн нь тус улсыг Хятадын нэг хэсэг гэдгийг нотолж байна гэсэн байр суурийг Бээжин илэрхийлж буй.
Гэхдээ Төвөд Юанийн харилцаа олон зууны турш ихээхэн өөрчлөгдөж, тухайн үед Төвөд ихэнхдээ өөртөө засаглаж байсан гэж судлаачид үздэг юм.
1950 онд БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Арми Төвөд рүү орж ирж, “энх тайван” байдлаар тус улсыг чөлөөлж байна хэмээсэн билээ. 1959 онд төвөдүүд Хятадын засаглалыг эсэргүүцсэн боссон нь бүтэлгүйтсэний дараа залуу Далай лам Энэтхэг рүү цөлөгдөн зугтсан.
1995 онд шашингүй Хятад улс болон Далай лам хоёр тус тусдаа Төвөдийн Буддизмын хоёр дахь чухал хамгийн удирдагч болох Панчен ламыг тодруулжээ. БНХАУ-ын эрх баригчид Далай ламын сонгосон хүүг хулгайлж, тэр цагаас хойш сураггүй болсон байдаг.
Буддын шашныг дагадаг олон сүсэгтнүүд Бээжин шашных нь тэргүүнийг сонгож буй явдлыг хууль бус гэж үздэг. Гэвч ихэнх сүсэгтнүүд Далай ламын залгамжлагчийг тодруулахад Бээжин мөн өөрийн залгамжлагчаа гаргаж ирнэ гэж таамаглаж байгаа.
Учир нь Хятадын эрх баригчид Төвөд Буддизмын тэргүүнүүдийн залгамжлагчийг тэд батлах ёстой гэж үздэг.
АНУ-ын Бүгд Найрамдах намын Гадаад хэргийн хорооны дарга Майкл Маккаул Дарамсалад айлчлах үедээ "Хятадын эрх баригчид Далай ламын залгамжлалд оролцохыг оролдсон. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй" хэмээсэн юм.
Залгамжлалын асуудалд Энэтхэг улс оролцож магадгүй. Учир нь тус улсад олон арван мянган төвөдүүд амьдардгаас гадна Энэтхэгийн олон улсын тавцан дахь дуу хоолой томорсоор байгаа билээ. Энэ нь Энэтхэгийг Төвөдийн асуудалд татагдан ороход хүргэнэ гэж Энэтхэгийн дипломат ажиглагчид хэлж байна.

Энэтхэгийн зарим мэргэжилтнүүд Ерөнхий сайд Нарендра Модиг Далай ламтай уулзаж Хятадад шахалт үзүүлэхийг уриалж байсан удаатай.
Гэхдээ одоогийн байдлаар тус улс ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байгаа. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Өмнөд Азийн асуудал эрхэлсэн ахлах албан тушаалтан асан Доналд Кэмп “АНУ БНХАУ-аас олон мянган км хол оршдог тул хилийн мөргөлдөөнд санаа зовох шаардлагагүй. Харин Энэтхэг үүнээс болгоомжлох хэрэгтэй" гэж хэлэв.
Энэтхэгийн Гадаад хэргийн яам Далай ламын залгамжлалын талаар мэдэгдэл хийхээс татгалзсан. Гэхдээ БНХАУ дахь Энэтхэгийн элчин сайд асан Ашок Канта "БНХАУ залгамжлалын процессыг удирдах гэж оролдох нь Энэтхэгийн хувьд таагүй байх болно" хэмээжээ.
Тэрбээр "Бид Хятадын талд хувийн байдлаар мэдэгдсэн... БНХАУ-ын хувьд хамгийн зөв сонголт нь Далай лам болон түүний төлөөлөгчидтэй хэлэлцэх явдал. Арван дөрөвдүгээр Далай ламын дараа юу болохыг бид мэдэхгүй" гэж нэмж хэлсэн юм.
Далай ламын сүр нөлөө нь цөллөгт буй төвөдүүдийн уур бухимдал болон тусгаар тогтнолд хүрэх эрмэлзлийг дарж ирсэн. Гэвч түүнийг таалал төгссөний дараа тэр тэнцвэр хадгалагдах эсэх нь тодорхойгүй байна.
Төвөдийн залуучуудын конгрессын ерөнхий нарийн бичгийн дарга Сонам Цэрин хэлэхдээ тус бүлэг "Дундаж Зам"-ыг хүндэтгэж байгаа боловч бусад олон залуу төвөдүүдийн нэгэн адил бүрэн тусгаар тогтнолыг хүсэж байна гэжээ.
Одоогоор төвөдүүд Далай ламыг амьсгал хураахаасаа өмнө төрөлх нутагтаа буцах хүслийг дэмжихэд анхаарч байна гэж тэр хэлсэн юм.
Хэрэв энэ хүсэл нь биелэхгүй бол төвөдүүдийн сэтгэл хөдлөлийн тэсрэлт, тэдний туулж буй сэтгэл хөдлөлийн сорилтууд ямар байх талаар төсөөлөхөд хэцүү байх болно гэдгийг Сонам онцоллоо.
Гэхдээ Далай лам болон түүний ард түмний хувьд цаг хугацаа шавхарч эхэлж байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төвөдийн з�##�уучуудын холбооны дарга нь Сонам цэрин гэх монгол нэртэы. Шашин машн гэж тэнэгтэх хэрэггүй. Өнөөгийн энэ даяршлын үед бүх төрлийн шашинтай холбоотой зан үйл нь тухайн улс үндэстнийхээ хэв хууль болчихсон. Иймд энэ дэлхий дээр бүх төрлийн шашин болон лём нар хэрэггүй.
UGAASAA BOOL BOLNO. ZAYA NI TER
Нэмж гай болохгүй дэлхийгээс �######�в�##� таарна .Монголчуудыг 1571 оноос л хуурч мунхаруулаж байсан бол 1959 оноос Амeрик тэргүүтэй дэлхийн олон орныг хуурч мунхаруулаж яваа гэмт хэрэгтэн шүү дээ цаад д�##�ай лам чинь .