НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра: Сүүлийн 30 гаруй жилд анх удаа тогтвортой байдал харагдаж байна

"Монголын эдийн засгийн форум-2024" өчигдөр буюу долдугаар сарын 8-ны өдөр эхэллээ. Форум нийт хоёр өдөр үргэлжлэх юм. Эхний өдөр бүсчилсэн хөгжил, ногоон эрчим хүч буюу эрчим хүчний шилжилт, аялал жуулчлал зэрэг сэдвээр нэгдсэн болон салбар хэлэлцүүлэг боллоо.
Бид хэлэлцүүлгүүдэд оролцож, байр сууриа илэрхийлж байсан НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишратай товч ярилцаж, сэтгэгдлийг нь сонслоо.
-Форумын эхний өдрийн төгсгөл дэх таны сэтгэгдэл, дүгнэлт юу байна вэ?
-Маш сайхан байна. Гайхамшигтай (Монголоор хэлэв, сэтг.). Эдийн засгийн форумд зөвхөн монголчууд оролцдоггүй. Хөгжилд чухал хувь нэмрээ оруулах гадаадын зочид төлөөлөгчид, томоохон компаниудын удирдлага, хувьцаа эзэмшигчид ч ирдэг. Ийнхүү хамтдаа Монгол улсын эдийн засгийн хөгжлийн асуудлаар, маш тогтвортой арга замаар ярилцаж, хэлэлцдэг. Өнөө өглөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлснээс хойш бүсчилсэн хөгжил болон эрчим хүч, аялал жуулчалын асуудлаар чухал сэдвүүд хөндөгдлөө. Энэ бол эдийн засгийг хөгжүүлэхийн тулд гарц гаргалгаа хайх, зарим асуудлыг шийдвэрлэх том боломж.
Ярилцах бол гол суурь
-Ярьдаг сэдвүүдээ л ярьдаг, үр дүн бага гэж шүүмжлэх хэсэг ч бий. Та гол ач холбогдлыг нь яг хэрхэн хардаг вэ?
-Монголын эдийн засгийн форум 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тэгэхээр сүүлийн 10 жилийн турш, жил бүр эдийн засгийн асуудлаар яриа хэлэлцээ болсон гэсэн үг. Монголын, эсвэл Улаанбаатар хотын өнгөрсөн 10 жилийг аваад үзвэл хөгжсөн байна. Нэг хүнд ноогдох ДНБ 6 мянган ам.доллар давчихлаа. Мэдэгдэхүйц, бодит өсөлт мөн. Мэдээж сорилтууд тулгамдаж байна. Гэхдээ би үүнийг монголчуудын хувьд урагшилсны баталгаа гэж хэлнэ. Улс төрийн тогтворгүй байдал үүсэж байсан ч итгэлээ алдах хэрэггүй. Би үүнийг өөдрөгөөр харж явдаг. Харилцаа бол аливаа бодит алхмын эхлэл. Хүмүүс нэгдсэн ойлголтод хүрнэ шүү дээ. Хэрхэн хөгжих, урагшлах тал дээрээ нэгэн ойлголттой болж, зөвшилцөөд авна гэдэг маш чухал. Санал нийлэхгүй байх асуудал мэдээж гарна. Гэхдээ суугаад ярилцана гэдэг тун чухал ач холбогдол бүхий арга хэрэгсэл юм. Санаа бодлыг үйлдэл, төлөвлөгөө, стратеги болгож хөгжүүлэх үндсэн суурь нь. Хугацаа авна л даа. Би энд НҮБ-ыг төлөөлдөг. Банк, зээл, хөрөнгө оруулалтын салбарын хүн биш. НҮБ-ын гишүүн орон бүрийн тэмүүлбэл зохих бүх талын оролцоог хангасан, тогтвортой хөгжлийг дэмжинэ. Малчин, нүүдэлчин, тусгай хэрэгцээт, бэлгийн цөөнх гээд бүх хүмүүс ижил түвшинд оролцож, тогтвортой хөгжиж чадах боломжийг ийм форум, яриа хэлэлцээр хангаж байдаг давуу талтай.

- Та нэгдсэн болон салбар хуралдаануудад панелистаар оролцлоо. НҮБ-ыг төлөөлж буйн хувьд, хамгийн анхаарал хандуулж, урагшлуулаасай гэсэн бодлого юу байв?
-Бүсчилсэн хөгжил. Сүүлийн 30 гаруй жил бид энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийсэнгүй. Бүсчилж хөгжсөнгүй. Өнөөдөр Улаанбаатар хотыг хар л даа. 1.5 сая, бараг нийт хүн амын тал нь энд амьдардаг. Гэтэл хоёр дахь том хотууд болох Дархан, Эрдэнэтэд маш цөөн хүн амьдарч байна. Монголыг хүний биетэй харьцуулбал, Улаанбаатар бол илүүдэл жинтэй хүний том гэгч гүзээ. Гэдэс нь. Түгжрэл маш их. “Улаанбаатарын үдэш намуухан” биш. “Улаанбаатарын үдэш түгжрэлтэй, түгжрэлтэй” болчхоод байна. Агаарын бохирдол, боловсролын тэгш бус хүртээмж гээд асуудал олон. Улаанбаатараас хүмүүсийг мэдээж хүчээр хөөж болохгүй. Харин очоод амьдрах бүх талын боломж, нөхцөлийг бий болгох ёстой. Үүнд хөрөнгө оруулалтыг чиглүүлэх хэрэгтэй. Малчин, нүүдэлчин хүмүүст ч гэрэлт ирээдүйг санал болгох ёстой. Бодлого, дэд бүтэц, зээл, хөрөнгө оруулалт ийш чиглэвэл зүй.
Пуужингийн шинжлэх ухаан биш шүү дээ, хөгжлийн гарц энгийн харагддаг
-Өнөөдрийн чухал сэдэв мэдээж бүсчилсэн хөгжил. Үнэндээ хөдөө орон нутаг гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахгүй, эргээд л Улаанбаатар хотыг сонирхож байгааг панелистууд онцолж байлаа л даа. Та энэ сэдвээрх хуралдаанд оролцсон, гарцыг хувьдаа юу гэж харав?
-Бусдаас суралцах хэрэгтэй. Бид үүдээ хааж, хаалттай, тусгаарлагдсан байдлаар ажиллаад энэ чиглэлд амжилт олохгүй. Аль болох нээлттэй байж гэмээнэ л гадаадын хөрөнгө оруулалтыг хөдөө орон нутагт татах чиглэлд амжилт олно. Нөгөө талаар, өөрсдийнхөө ард иргэдийн төлөө ажиллах хэрэгтэй. Хөдөө адилхан л монгол хүмүүс амьдарч байна шүү дээ. Тэдэнд хөрөнгө зарах ёстой. Гэхдээ надад их энгийн санагддаг. Пуужингийн шинжлэх ухаан биш шүү дээ. “Говь”, “Гоёо”, “Ханбогд” гэх мэт ноолуурын брэндүүд байна. Хөдөө, малчдад суурилж хөгжих боломж их. Гэхдээ нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг болох нь л чухал. 65 сая мал байна. Гэтэл өөрсдөө үйлдвэрлэчхэж болох малын гаралтай бүтээгдэхүүнийг ОХУ, Шинэ Зеландаас импортолж байна. Энэ юу вэ. 28 сая ямаатай. Ямааны сүү, бяслаг өрнөдийн ертөнцөд трэнд. Гэтэл бид экспортолж чаддаг уу, үгүй. Ноолуурынхаа дийлэнх хувийг зөвхөн угаагаад, урд хөршдөө худалдаж байгаа шүү дээ. Үүнд жаахан л бүтээлч сэтгэлгээ, стратеги төлөвлөлт хэрэгтэй. Тэгж чадвал Монголд гэрэлт ирээдүй ойрхон гэж боддог.
-Анх удаа 126 гишүүнтэй парламент байгуулаад удаагүй, эрх баригч нам АН, ХҮН намтай хамтарч Засгийн газар байгуулахаа зарласан энэ өдөр форум боллоо. Та энэ улс төрийн шинэ нөхцөл байдлыг хөгжил талаас нь хэрхэн харж байна. Эерэг, сөрөг байр суурь холилдсоор байна шүү дээ?
-32 жилийн ардчиллын зам мөрийг харвал маш тогтворгүй байж ирлээ. Засгийн газрын дундаж нас 1.5 жил. Энэ тогтвортой хөгжил биш. Бодлого өөрчлөгдөнө, богино хугацааны ашиг сонирхол үйлчилнэ. Харин одоо би илүү тогтвортой байдлыг олж харж байна. Урт хугацааны төлөвлөлт хийгдэж байна. Шинэ парламентад салбар салбарын төлөөлөл орж, бодлогын мэтгэлцээн өрнөх боломжууд үүслээ. Гурван нам эвссэн анхны Засгийн газар байгуулах нь. МАН, АН, ХҮН гэдэг гурван нам хамтарч байна. Хүчтэй Засгийн газар, хүчтэй сөрөг хүчинтэй байж хөгжинө. Харин энэ гурван нам яг хэрхэн зөвшилцөх л анхаарал татаж байна. Учир нь улс төрийн нам бол улс төрийн л нам байдаг. Яг хөгжлийн төлөө нэгдэж, нээлттэй байж, үр дүнтэй ажиллаж чадвал энэ зөв замдаа орж буйн шинж гэж харж байна.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.