Нэг дороос | Шинээр томилогдсон 23 сайд тангараг өргөлөө

Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэнийг нэг дороос хүргэж байна.
НЭМЭЛТ 7:50 цаг
Шинээр томилогдсон 23 сайд тангараг өргөлөө.
















































НЭМЭЛТ: 06.00 цаг
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталсан. Үүнтэй холбогдуулан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ Засгийн газарт багтаж ажиллах 23 сайдаа УИХ-ын чуулганы хуралдаанд танилцууллаа.
Нэг. Шадар сайдын албан тушаал
- Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд: Л.Гантөмөр /АН/
- Монгол Улсын шадар сайд: Т.Доржханд /ХҮН/
- Монгол Улсын шадар сайд: С.Амарсайхан /МАН/
Хоёр. Үндэсний хорооны дарга
- ЗГХЭГ-ын даргаар Н.Учрал /МАН/
- Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга: Э.Одбаяр /АН/
- Монгол Улсын сайд, 20 минутын Үндэсний хорооны дарга: Р.Эрдэнэбүрэн /АН/
- Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга: Б.Тулга /МАН/
Гурав. Үндсэн чиг үүргийн /4/
- Эдийн засгийн хөгжлийн сайдаар Л.Гантөмөр /АН/
- Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг /МАН/
- Сангийн сайдаар Б.Жавхлан /МАН/
- Хууль зүй, дотоод хэргийн сайдаар О.Алтангэрэл /АН/
Дөрөв. Чиглэлийн яамд /12/
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар С.Одонтуяа /АН/
- Батлан хамгаалахын сайдаар С.Бямбацогт /МАН/
- Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайдаар: Ж.Батсуурь /АН/
- Боловсролын сайдаар П.Наранбаяр /ХҮН/
- Зам, тээврийн хөгжлийн сайдаар Б.Дэлгэрсайхан /МАН/
- Аялал жуулчлал, соёл, спорт, залуучуудын сайдаар Ч.Номин/МАН/
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Ц.Туваан /АН/
- Гэр бүл, нийгмийн хөгжил, хөдөлмөрийн сайдаар Л.Энх-Амгалан /МАН/
- Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ж.Энхбаяр /МАН/
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Ц.Баатархүү /АН/
- Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн /МАН/
- Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан /МАН/
УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссан тул тангараг өргөх үйл ажиллагаанд бэлтгэхээр хуралдаан түр завсарлалаа.
НЭМЭЛТ: 04.30 цаг
УИХ-ын чуулганаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өргөн барьсан тус хуулийн төсөлд гурван яамны нэрийг зассанаас өөр томоохон өөрчлөлтгүйгээр баталлаа.
Одоо шинэ бүтэц, бүрэлдэхүүнээр Ерөнхий сайд шинэ сайд нарыг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулна.
НЭМЭЛТ: 02.52 цаг
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг ТББХ-гоор хэлэлцсэний дараах зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хурааж дууслаа.
Үүгээр,
- Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яам гэснийг Хууль зүй, дотоод хэргийн яам гэж өөрчлөх - Дэмжигдлээ
- Гэр бүл, хүний хөгжлийн яам гэснийг Гэр бүл, нийгмийн хамгааллын яам гэж өөрчлөх - Дэмжигдлээ
- Зам тээврийн хөгжлийн яам гэснийг Зам тээврийн яам гэж өөрчлөх - Дэмжигдлээ
- Шадар сайд болон Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудалд "Бүсчилсэн хөгжлийг дэмжих" гэж нэмэх - Дэмжигдсэнгүй.
Санал тооллогын төхөөрөмж гацаж, санал хураалт маргаантай явагдаж байсанд УИХ-ын хэд хэдэн гишүүн горимын санал гаргасан. УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдын хувьд, нэгэнт зарим саналыг хүчингүй болгож, дахин явуулж байгаа нь логикийн үүднээс өмнөх саналууд ч маргаантай явагдсан гэсэн үг. Иймд алдааг засаж, эхнээс нь санал хураалт явуулъя гэж горимын санал гаргасан. Гэвч түүний саналаар саналт хураалт явуулаагүй.
Оронд нь УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн гаргасан, саналыг гар өргөж хураах горимын саналыг нийт гишүүдийн олонх дэмжсэн. Иймд гар өргөх маягаар санал хураалтыг явуулж дууслаа.
Улмаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүллээ.
НЭМЭЛТ: 01.38 цаг
Түр завсарлаад байсан УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ.
Одоо Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг эцэслэн баталж, шинэ сайд нар тангараг өргөнө.
Засгийн газарт багтаж ажиллах 23 сайдын нэрийг МАН-ын УЗ-өөр эцэслэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд нэгдсэн байдлаар танилцуулаад буй.
Сайд нар тангараг өргөхөөс өмнө УИХ-ын дэгийн тухай хуульд холбогдох тогтоолын төслийг баталлаа.
Одоо Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг анхдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлсэн талаарх ТББХ-ны санал дүгнэлтийг хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир уншиж танилцуулж байна.
НЭМЭЛТ: 23.15 цаг
ТББХ /2024.07.09/ дахин хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл, эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.
Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хууль, тогтоолын төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Д.Цогтбаатар нар Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төсөлд тусгасан “Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яам” гэснийг “Хууль зүй, дотоод хэргийн яам” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасан.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, “жастис” гэдэг нь зөвхөн шударга ёс гэдгээс гадна улс орны хууль зүйн системийг хэлдэг. ХЗДХЯ-ны англи нэршилд “жастис” гэж байгаа. Тиймээс давхардсан нэр томьёо байх нь зохимжгүй. Шударга ёс гэдэг үг зөвхөн нэг яамны нэрэнд орох бус цаашид хэрэгжүүлэх үнэт зүйл байх ёстой хэмээн саналаа тайлбарласан. Энэхүү саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Мөн УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, С.Зулпхар, Г.Лувсанжамц нарын найман гишүүн дээрх хуулийн төсөл дэх “Гэр бүл, хүний хөгжлийн яам” гэснийг “Гэр бүл, нийгмийн хамгааллын яам” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн гаргасан “Зам, тээврийн хөгжлийн яам” гэснийг “Зам, тээврийн яам” гэж өөрчлөх санал дэмжигдсэн.
Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлд тусгасан “Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайд” гэдгийг “Хууль зүй, дотоод хэргийн сайд” гэж өөрчлөх, “Гэр бүл, хүний хөгжлийн сайд” гэснийг “Гэр бүл, нийгмийн хамгааллын сайд” гэж, “Зам, тээврийн хөгжлийн сайд” гэснийг “Зам, тээврийн сайд гэж өөрчлөх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
НЭМЭЛТ: 20.35 цаг
-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүллээ-
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууслаа. Улмаар УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн тул Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүллээ.
ТББХ үүгээр хуралдаж эхлэв. Энэ хооронд УИХ хэлэлцэх асуудлаа үргэлжлүүлэх юм байна.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийнэ. Хэрэв зарчмын зөрүүтэй саналын томъёолол гарахгүй бол анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгтэй хамтатган хийх дэг бий. Үгүй бол дахин ТББХ руу буцааж, түүний дараа эцэслэн батлах юм. Мөн Засгийн газрын бүтцийг баталбал, араас нь шинэ сайд нар тангараг өргөх үйл явц шууд өрнөх хүлээлттэй байна.
НЭМЭЛТ: 20.08 цаг
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Улмаар гишүүд үг хэлсэн. УИХ-ын шинэ дэгээр, индэр дээр гарч үг хэлдэг болж өөрчлөгджээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал "Хэд хэдэн санал байна. Үндсэндээ бол Засгийн газрын шинэ бүтцийг дэмжиж байгаа. Яамдуудын томъёолол анхаарал татаж, үр дүнд чиглэсэн нь анзаарагдаж байна.
Нэгт, хуулийн төслийн 3.1.1-3.22 хүртэл бүх чиг үүрэгт агаарын бохирдлыг оруулсан байна. Үүнийг орчны бохирдол гэж өргөн хүрээнд оруулаасай гэж хүсэж байна. Ялангуяа хотын сайд дээр. Бид орчны бохирдлоор 180 орноос 155-д жагсдаг. Үүнийг ирээдүй, хойч үеийн эрх гэж томъёолдог тул анхаарч үзэх шаардлагатай.
Иргэдийн оролцоог хангах механизмыг уул уурхайн салбарт оруулж ирээсэй гэсэн санал байна. Энэ механизмыг сайд нь хариуцах ёстой, эрхлэх асуудалд нь хамаарвал зүгээр.
Батлан хамгаалахын сайд дээр цэргийн дэглэлт буюу хүний эрхийн зөрчлийг анхаарч үзэх ёстой. Тэгэхээр хүний эрхийн зөрчил буюу дүрмийн бус харилцааг халах агуулгыг сайдын эрхлэх асуудалд орвол оновчтой.
Байгаль орчны яаман дээр ундны усыг оруулмаар байна. Хөдөө орон нутгийн иргэдийн малчдын ундны усыг чухалчлахгүй бол том асуудал үүсгэхээр байгаа.
Боловсролын сайдын эрхлэх асуудалд, боловсролын байгууллагын засаглалын асуудал чухал, орхигдуулж болохгүй. Багц хууль батлаад, маш том ахиц гарсан. Үүнийг үргэлжлүүлэх шаардлагатай" гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Өнөөдрийн хуралдаануудыг харахаар Ерөнхий сайд "Тийм бол та нар өөрсдөө ажлаа хий л дээ" гэж хэлэхийг их сонслоо. Ажлаа хариуцдаг хүн бол Ерөнхий сайд. Өөрийнхөө кабинетыг яаж зохион байгуулах нь өөрийнх нь л эрх. Өөрийнхөө эрхийг бусдад шилжүүлэх маягаар, "Та нар хий л дээ" гэж ярьж болохгүй. "Би ийм ажил хийх гэж байгаа, үүн дээр хамтраач" гэж яривал илүү зүйтэй биз. Үндсэндээ 118 гишүүний дэмжлэгтэй Засгийн газар байгуулж байна. Үүний цаана нэг бодлого зурсан гэж найдаж байна. Шударга ёсны яам байгуулах гэж байгаа бол сайд нь УЕП болдог жишиг рүү явлаа гэж ойлгож, итгэж байна. 30 жил салхи ороогүй прокурорын байгууллагыг ингэж өөрчилнө гэж зорьж байгаа бол бахдмаар. Зөвхөн нэрийг нь өөрчлөөд, өөр нэг намд өгөөд байгаа чигт нь өнхрүүлнэ гэвэл харамсалтай" гэлээ.
НЭМЭЛТ: 19.10 цаг
-УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна-
Одоо УИХ-ын гишүүд хууль санаачлагч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Гэрээ, мөрийн хөтөлбөрөө эцэсэлсний дараа бүтцээ зурсан бол дээр байв уу. Хаана буухаа мэдэхгүй байж аварга том онгоц угсарч байгаа юм шиг санагдаад байна. Хоёрдугаарт, хотын сайд гэсэн нэг албан тушаал байна. Нийслэлийн Засаг дарга давхар хашсан бол оновчтой биш үү. Эдийн засгийн хөгжлийн яамнаас Хөрөнгө оруулалтын газрыг салгаад явуулчхаж байгаа юм байна. Тэгвэл хөрөнгө оруулалтын салбараа яах юм бэ. Хоёр шадар сайд нь ажлаа нааш цааш шидэлцээд хөдлөхгүй байх дүр зураг харагдаж байна. Яамд дээр өөр намын хүмүүс ирчихээр манай намын мөрийн хөтөлбөрийг яг хэрэгжүүлж чадна гэж үү?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд томилогдсоноос 14 хоногийн дотор Засгийн газраа эмхлэн байгуулах ёстой. Энэ хуулиар явж байна. Эхлээд гэрээгээ байгуулж, түүний дагуу бүтцээ тодорхойлох ёстой нь үнэн. Бид шинэ тутам, хамтын сорилтуудтай тулгарна. 76 гишүүнтэй хуучин парламентаараа бодож сэтгээд, дасахгүй байгаа хандлагууд ч ажиглагдаж байна. Бид хамтдаа л энэ тогтолцоо руу орсон. Анх л хувь тэнцүүлнэ гэдэг нь хамтарсан Засгийн газар байгуулна гэсэн үг гэдгийг ярьж байгаад баталсан. Үүнд дасахын тулд хугацаа орно оо.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Монгол Улсад итгэлцэл байхгүй болоод удсан. Бүх талаараа, бүх шатанд. Эдийн засгийн форумаар ч удаа дараа итгэлцлийн асуудлыг хөндсөн. Одоо бүгдээрээ хамтарна, зөвшилцөнө гэж байна. Өчигдөрхөн форум нээхэд CNN-ийн сэтгүүлч Ричард Кест, хамтарсан Засгийн газар байгуулах нь шинэ жишиг мөн үү гэж асуусан. Ерөнхий сайд бол энэ жишгийг санаачилсан эхний 10 улсын нэг байж магадгүй гэж хариулж байна лээ. Ард түмний итгэлийг олж авахад чиглэсэн эхний бодит ажил юу байх вэ гэж асууя.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Би яг тэгж хариулаагүй шүү. Дэлхий дээр мажоритар тогтолцоо улам хүндэрч байгаа. Холимог тогтолцоо руу орсноор тэр улсуудаас урд явж байгаа байж магадгүй. Цаг хугацаа харуулна биз ээ гэж хэлсэн. Санал гээгддэг тогтолцоо орчин үед явахгүй байна. Итгэлцлийг хөнддөг зөв. 30 жил итгэлцэл эвдэгдсэн. 126 гишүүнтэй парламент нурсан итгэлцлийн гүүр болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Үүний төлөө хамтдаа хичээцгээе. Тодоор бичигдэж үлдэх том өөрчлөлт мөн. Харин үр дүнг 20-30 жилийн дараа дүгнэнэ.
УИХ-ын гишүүн Б.Уянга: УУХҮЯ-ны нэрийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам гэж өөрчилсөн байна. Аж үйлдвэрийг ийн онцолсонд талархаж байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг бид баталж чадсан. Одоо хэрэгжүүлэх ёстой. Сангийн үйл ажиллагааг хуульдаа холбож өгөх байсан биш үү? Хоёрт, усны асуудлыг олон гишүүн ярьж байгаа. Нэгдсэн бодлогогүй явж ирсэн. Учир нь гадаргын ус БОАЖЯ дээр, газрын доорх ус УУХҮЯ дээр явж ирсэн. Энд уялдаа, зохион байгуулалт дутаж ирсэн. Үүн дээр бодлого санаачлах уу? Гуравт, агаарын бохирдлыг бууруулах асуудлыг бараг бүх яамдын чиг үүрэгт бичсэн байна. Үүнийг тодруулмаар байна. Дөрөвт, Боловсролын яамны хүрээнд "Насан туршийн боловсрол" гэдэг асуудлыг хамрах хүрээнд нь оруулж өгвөл ямар вэ?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Та уул уурхайн салбар дахь цөөн мэргэжилтний нэг. Хувь хүн гэхээсээ бүхэл салбарын төлөөлөл. Агаарын бохирдол бол салбар дагнасан асуудал. Өнөөдөр харагдаж буй нь шинж тэмдэг төдий. Яам, инститүц бүгдийн хийх ёстой зүйл. Усны асуудлыг ойлгож байгаа. Аймгууд хамтдаа асуудлыг шийдэх боломжийг нь олгох гэж байна. Суурь асуудлаа шийдэж чадвал деталь асуудлууд ч шийдэгдэнэ гэж би итгэдэг.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Хамтарсан Засгийн газарт хэн нь яамдуудыг авахыг одоогоор мэдэхгүй байна. Гэхдээ МАН өөрсдийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой. Үүний тулд хоёр их сургуулийг дэлхийн топ 1000-д оруулна. Боловсролын салбарт инновац нэвтрүүлнэ гэж нэмсэн. Боловсролын салбарын эрхлэх ажилд шинжлэх ухаан, инновац байхгүй болсон байна. Үүнийг анхаарч, нэмж өгвөл яасан юм. Хоёрдугаарт, шинэ Засгийн газар байгуулаад явах нь. Ингэснээр яамдад харьяалагдаж буй төрийн албан хаагчид ажилгүй болох эрсдэлтэй. ХЗДХЯ-ыг Ардчилсан намд өгөх юм байна, хомроголон халаад эхлэх вий дээ. Үүнээс хамгаалах тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бид хуулиа л барина. Үндсэн агуулга руугаа ч орох хэрэгтэй. Тэр нь, бид төрийн бүцтийг данхгар байна гэж ярьдаг. Энэ бол 76-г 126 болгосон асуудал биш. 225 мянган төрийн албан хаагчийг л чиг үүргийн хувьд давхцалгүй болгох вэ гэдэг асуудал юм. Зарим төрийн албан хаагчид гэртээ ч харьж чаддаггүй. Зарим нь маш бага ачаалалтай явдаг. Энэ бүтцийн реформыг хийхэд өмнө нь улс төрийн намууд зөвшилцөж чадаагүй. УИХ-ын гишүүн ингэж ярихаар төрийн албан хаагчид "Биднийг халах нь" гээд ойлгочихдог. Тэгээд ҮЭ-үүд босдог, улстөрчид өлгөж аваад улс төр хийдэг. Ингээд хойшлуулдаг. Ийм маягаар олон жил явсан. Энэ зөвшилцөл хийгдсэнээр төрийн албан хаагчдын эрх ашгийг хөндөхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Харин давхардсан чиг үүргийг салгах, цалинг нь нэмэх чиглэлд ажиллана. Засаглалыг нь сайжруулна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Шударга ёс гэхээр анхаарал татаж байна. Хэвлэлийн эрх чөлөөг яаж тусгах вэ. Шведийн загвараар мэдээлэл авах эрхийг нь нээгээд өгөхөд нэр хүндэд халдах асуудал байхгүй болдог. Хамтарсан Засгийн газар тул урьд нь яригдаж байсан том төслүүдийг урагшлуулна гэж итгэж байна. Гол нь говийн бүсэд ус татах асуудал яригдана. Үүн дээр АН-ын мөрийн хөтөлбөрийг нэгтгэх үү?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яамыг ардчилсан намд өгөх нь зүйтэй гэж Ерөнхий сайдын хувьд үзсэн. Шүүх, прокурор, гүйцэтгэх эрх мэдлийн ялгаатай байдлыг иргэд ойлгодоггүй. Нийтэд нь төр гэж хараад байдаг. Иймд энэ чиглэлд шинэчлэл хийхээр шийдсэн. Томилогдоод, та хэд маань хамтарч ажиллах хэрэгтэй. Эрх зүйн цогц реформ хийх боломж бүрдүүлэхийг хичээсэн. 30 хоногийн дотор ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр батална. Улмаар гэрээ байгуулна. Үүн дээр бүх төлөөллүүд оролцоно. ЗГ-т хамтарч ажиллахгүй байгаа ч парламентад суудалтай бүх намын мөрийн хөтөлбөрөөс тусгана. Маш нарийвчилсан гэрээ болно. Үүн дээр үзэл санаагаа нэгтгэвэл хамтарсан хөтөлбөр болно. Тэгээд гэрээгээ л биелүүлэх ажилтай болно.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Сонгуулийн үр дүнгийн ард Засгийн газарт хамтрах ёстой, ёсгүй хэмээн талцаж байгаа. Би хамтрахгүй байх ёстой гэсэн бодолтой. Гэвч намын бодлого шийдвэр гарсан учраас биелүүлээд явна. Хамтрахаар 118 гишүүн нэг талдаа гарчихна. МҮХАҮТ-ын төлөөлөл нь хүртэл ороод ирсэн. Бүх юм нэг талдаа гарах нь ардчиллын зарчим мөн эсэхэд эргэлздэг. Хамтарсан Засгийн газарт том төслүүдийг хөдөлгөх чухал гэдэг. Би бол эсрэг байна. Ард түмэнд л гоё сонсогддог. Төр хэрэгжүүлнэ гэхээр л нэг төрийн өмчит компани гарч ирдэг. Харин хөрөнгө оруулалтын орчныг нь сайжруулаад өгөх хэрэгтэй. Том төсөл хөдөлгөх агуулга дээр ямар байр суурьтай байна вэ. Үндсэн хуулиар, Ерөнхий сайд бодлого тодорхойлж, сайд нар нь түүнийг гүйцэтгэгч болчхоод байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хувь хүний улс төрийн тоглолтоос институцийн соёлд шилжих нь чухал байна. Бүлгийн дарга хүн байж намаа төлөөлж, нийт гишүүдийн хүсэл эрмэлзлийг илэрхийлэх ёстой л доо. Миний бодлоор Ардчилсан нам төлөөллийн төв байгууллагаараа шийдвэр гаргасан. 76 тойрогт түшиглэсэн парламентыг ийм болгож өөрчиллөө. Энэ бол тогтолцооны хувьд мөнхөд л Засгийн газар эвсэх чиглэлд орсон гэсэн үг. Шинэ Үндсэн хуулиар, шинэ соёлд дасан зохицох шаардлагатай байна. Том төсөл гэж ярихгүй байж болно оо, гэхдээ яаж, юу гэж ярих вэ. Том төслөө урагшлуулж байж л эдийн засаг хөгжинө. АН-ын бүлгийн дарга нь том төслүүдийг хөдөлгөх буруу гэж ярихаар гайхаж байна. Би таныг хувь хүн гэж ойлгох уу. АН-ын бүлгийн дарга намын бодлогоо төлөөлөн ярьж байна гэж ойлгох уу. Цаашид хамтарч гэрээ байгуулаад явахдаа тулбал яах вэ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Өмнө нь дандаа л гоё бүтэц хийдэг байсан. Гэвч үр дүн гараагүй. Сайд нар нь идтэн шидтэн болчихлоо гэж өөрсдийгөө санаад явчихдаг. Үүнээс сэргийлэх ямар арга байна вэ. Бизнесийн төлөөллийн байгууллагатай зөвшилцөж ойлголцдог механизмууд бий юу. Айн Рэнд хэлсэн, зөвшилцөл бол фашизм гэж. Эрх баригчид хоорондоо л зөвшилцвөл фашизм гэж хэлсэн хэрэг. Маргаан таслах гомдлын механизм гэдэг зүйл тусгагдсан уу. Сайн мэдээ гэвэл 2021-2025 онд Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө хувийн хэвшлийг хүндэтгэх, зөвшилцөх заалт оруулж ажилласан. Энэ үр дүнд хүрсэн. Одоо хэвээрээ юу?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Чухал асуудал хөндөгдлөө. Скандинав зэрэг сонгодог парламенттай орнуудад дандаа институцүүд хоорондоо харилцдаг. Байр сууриа нэгтгээд явдаг. Энэ ч агуулгаар МҮХАҮТ, Шинжлэх ухааны академын төлөөллийг урьсан. Бид энэ олон тендер, сонгон шалгаруулалтад реформ хийх ёстой. Иймд ХҮН намд төрийн худалдан авалтын бүх тендерийг өгч байгаа. Төсөв батлагдсаны дарааа шаардлагатай төсвийг МҮХАҮТ шийддэг болж ч болно. Төр бол нийтэд үйлчлэх институц. Албан тушаал бол эрх ямба биш юм.
ЭХЛЭЛ: 18.50 цаг
Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.
Танилцуулгадаа тэрбээр,
- Эдийн засгийн хөгжлийн яам дээр шинжлэх ухааны хөгжлийн асуудлын чиг үүргийг нэмсэн,
- ХЗДХЯ-ны нэрийн урд “Шударга ёс” гэж нэмсэн, үүнтэй уялдуулж зарим шинэ чиг үүргийг нэмсэн
- Нийгмийн хамгааллын яамыг илүү гэр бүлийг хариуцах чиг үүрэг рүү чиглүүлсэн
- Хот байгуулалтын асуудлыг БХБЯ-ны тэргүүн чиглэл болгосон, "20 минутын хот" бодлоготой уялдуулсан
- Залуусын асуудал, соёл, спорт, аялал жуулчлалыг нэгтгэх нь зүйтэй. Соёл эдгээртэй салшгүй холбоотой
- Байгаль орчны яамыг илүү уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн агуулгад ойртуулсан
- Уул уурхайг технологид суурилсан, ногоон хөгжилд ээлтэй байх, аж үйлдвэржилт рүү хандуулах чиглэл баримталсан
- Өмнө нь байсан 16 яамыг хэвээр хадгална, гэхдээ дэд сайд нарын албан тушаалыг багтаагаагүй зэргийг онцоллоо.
Хуулийн төслийг ТББХ-ны нийт гишүүдийн 85 хувь нь дэмжсэн талаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир мэдэгдэв. Тэрбээр ТББХ-ны хуралдааныг даргалсан юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хурдан засгаа байгуулаад, явж тамгаа хүлээлцээд , тэгээд харьж амраач ээ. Одоо та нарын юу ярих сонин биш, цагийн гарз. Засаг чинь 4 жил хэрхэн ажиллаж, хэр ахиц дэвшил улс орны хөгжилд авчрах чинь л сонин байна.
Ерөнхий сайд, гишүүдийн асуултанд маш тодорхойгүй хариулж дээ
Наад даравгар Дамдиннямаа эгүүлэн татаач ээ
Барьца�##�агдсан Монголын төр боллоо.Оюунэрдэнэ чадсангүй,чадахч үгүй юм бна.
Энэ Батцэцэг гэгч тэтгэврийн авгай ерөнхий сайп Хүрэлсүх хоёрын ямар хамтрагч юм бэ. Гадаадын улс орны тэргүүн нар энэ эргүүг авгай тоодог юм болов уу. ичгэвтэр . Ёстой ичгэвтэр.
Чамайг бодвол чадаж байгаа хүн шүү , чам шиг троллын ажил хийдэггүй
Батцэцэг бол тэтгэврийн авгай биш, хоёрдугаарт, гадаад бодлогыг маш сайн явуулж байгаа энэ сайдыг олон улсын төвшинд ихэд хүндэтгэн үздэг юм шүү м�##� минь. Хүнд атаархаж явах нь өөрт чинь л муу даа, эргүү толгойт минь.
Батцэцуг гэгч ичих эмээх юмгүй хүний өөдөөс харж мангартаж инээсэн б�##�ай авгай. Олон улсын хур�##� хэлэлцээрт суучихаад юу болсон ы нь ойлгодог гээ биз дээ. Нэртэйгээр нь бөх нөхрий нь сайд болгочих
Одонтуяад баяр хүргэе. Боловсролтой, мэргэшсэн улс төрч шүү дээ. Гадаад яамны сайд болгох гүй яасан юм бэ
За даа улс төрч гэхээсээ илүү чаддаг юм нь улс төржиж л чадна , одоо юу хийхийг нь харья , өнгөрсөн �##�дааг АН засаж чадахгүй гэж тэнэгтсэн шүү дээ
Одоо Батцэцэг гэгч ураг төрлийн холбоотой аялагч Батбаяраа онц бөгөөд бүрэн эрхэт элсэн сайд болгосон юмчинь дуучин гэх Отгон жарг�##�аа бас нэг улсад элчингээр томилчихсон нь дээд дээ.
Асуудлаа ярихгүй яаж ажил хийх юм харин ч бүүр сайн ярих хэрэгтэй