Ярилцлага

Аймгийн начин Э.Чойнямын гэргий Б.Хулан: Одоо өөрөө спортоос зай барьж, нөхрөө дэмжиж, шавь нартаа үлгэрлэхээр шийдсэн

“Бөх хүний гэргий байх нь...” хэмээн нөхрөө Төв аймгийн наадамд зодоглож, тавын даваанд өвдөг шороодсон мөчид дээлний нь захыг мушгиж зогссон дурсамж сэтгэгдлээ хуваалцсан Б.Хулангийн бичвэр цахим сүлжээнд анхаарал татсан.

Б.Хулан өөрөө жиү жицүгээр олон жил хичээллэж буй, дэлхийн аварга тамирчин аж. Мөн “Thunder BJJ” жиү жицү, жүдогийн клубийг үүсгэн байгуулж, багачуудад энэ спортыг зааж, сургаж байгаа. Түүний нөхөр Э.Чойням нь Төв аймгийн харьяат, аймгийн начин бөх юм байна. Тэд танилцаад найман жил болж буй. Б.Хулантай ярилцлаа.

-Таны нөхөр хэдэн жил барилдаж байна вэ?

-Бид хоёр танилцахаас өмнө сумын заан цолонд хүрсэн, барилддаг хүн байсан. Тэгэхээр нийтдээ 10 гаруй жил болж байна. Өөрөө МУБИС-ийг Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Одоо бодибилдингийн хувийн дасгалжуулагчаар ажилладаг.

-Наадмын барилдаанд зодоглоход дэргэд нь байсан удаа танд хэр олон бол?

-Үерхээд жил хагас болсны дараа нөхөр маань намайг дагаж Жиү Жицүгээр хичээллэж эхэлсэн. Улмаар хамтдаа олон тэмцээнд орсон. Жиү Жицүгээр барилдахад нь би зааж, зөвлөж болоод байдаг. Гэтэл үндэсний бөхөөр барилдах үед арай л өөр. Заах битгий хэл эвгүй хөдлөхөд нь дагаж дальдчаад, амаргүй байдаг (Инээв).

Наадам бүрд л хамт явдаг. Энэ жилийн хувьд сэтгэлд мэдрэмж, дурсамж зүйл ихтэй наадам боллоо. Хоёулаа дээш цолонд хүрнэ гэж их бэлтгэсэн юм.  Тэр хэмжээгээр л манай гэр бүл багагүй зүйлийг золиослох болно шүү дээ. Бүтэн жилийн хугацаанд тэгж их хичээсэн тул сая тавын даваанд унахад нь өөрөө уначихсан юм шиг тун хэцүү мэдрэмж авсан. Түүнийгээ яаж илэрхийлэхээ мэдэхгүй байж байгаад, пост болгож бичихээр шийдсэн.

-Барьц салсан үед мэх хийгээд унагасан юм билээ. Улсын наадмын үзүүр, түрүүний барилдаанд ч энэ сэдэв анхаарал татсан шүү дээ?

-Тэгсэн. Гэхдээ дахиж барилдуулсан. Өөрөөс нь илүү жинтэй бөх учраас яах аргагүй дахин давсан.

Үндэсний бөх эхний 20 минутад барилдаан хийхгүй хий зогсоход сануулга өгдөггүй. Энэ л надад замбараагүй санагддаг. Хүмүүсийг талцуулах гол шалтгаан болж байна. Жүдо дээр бол мэх хийлгүй татамигаас ухарч гарсан бол торгодог. Жиү Жицү дээр  ч мөн адил. Үндэсний бөх тэгдэггүй, үүнийгээ бөхчүүд тактик болгодог. Н.Батсуурь аваргын хувьд ч залуу хүүхдийн омголон эрч хүчийг тийм маягаар дарж аваад, дараа нь мэхээ хийлээ шүү дээ.

Аймгийн начин Э.Чойням

-Аймгийн барилдаан дээр ч энэ тал ажиглагдаж байв уу?

-Нөхрийнхөө барилдааны бичлэгийг үзэж суухад учраа бөх нь 20 минутад 11 удаа ухарч гарсан байсан.

-Ер нь бөх хүн яаж бэлтгэл хийдгийг спортоос хол хүмүүс ойлгодоггүй л болов уу. Цаанаасаа л эр бяртай төрсөн юм шиг сэтгэгдэл төрдөг шүү дээ?

-Үндэсний бөхийн хувьд масс ихтэй л бол илүү барилддаг болчихсон. Учир нь өндөр жин харгалздаггүй спорт, тийм дүрэмтэй.

Нөхөр маань хичээж жин нэмээд одоо 100 кг хүрсэн. Ихэнх бөх хамгийн багадаа 110 кг жинтэй байгаа. Иймд хоолонд их анхаарна, хүчний бэлтгэлээ хийнэ, хажуугаар нь ажлаа хийнэ. Аавынхаа үүргийг гүйцэтгэнэ гээд асар олон зүйлийг амжуулах болдог. Орой 21.00 цаг гээд л гэртээ ирнэ. Даваа, лхагва, баасанд хүчний бэлтгэл хийсэн бол бусад өдөр нь бөхийн барилдаандаа бэлтгэх жишээтэй. Ийм хэмнэлийг удаан хугацаанд, тогтмол бэлтгэх шаардлагатай.

-Анх танилцахад хэдэн кг байсан бэ?

-Би 70 кг, нөхөр маань 75 кг байсан.

-Жин нэмэх их чухал сэдэв болдог юм байна.

-Тийм. Гэхдээ зарим хүн амархан жин нэмдэг л дээ. Манай нөхөр багадаа хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан. Тийм болохоор энэ тал дээр амаргүй. Бусад бөхчүүд “Идээд бай, идээд бай” л гэнэ, тэгсэн мөртлөө нөхөр маань төдийлөн жин нэмдэггүй. Би нэмүүлэх гэж хоолыг нь бэлдэж суусаар өөрөө 10 кг нэмчихдэг хүн шүү дээ (Инээв). Хоолыг нь би бэлдэх ч хааяа үнэхээр амждаггүй. Би өөрөө спортоос холдвол нөхөртөө цаг зарцуулах бүрэн боломжтой болно гэж бодох боллоо. Өдөрт 3-4 удаа хоол идэх ёстой. Ихэвчлэн өглөө, өдрийн хоолыг нь бэлдэж өгөөд явуулдаг.

-Нөхөр нь яагаад үндэсний бөхөд амжилт гаргахыг эрмэлзсэн бол?

-Миний бодлоор тэр сонирхол бүр зүрхэнд нь байх шиг. Би өөрөө ч хүүхэд гаргачихсан, больё гэвэл болих мөртлөө цаанаасаа л тэмцээнд ормоор, өөрийгөө соримоор санагдаад явдаг. Үгээр хэлэхэд хэцүү мэдрэмж л дээ.

Яг л үүн шиг нөхөр маань цолоо нэмж, нутгийнхаа нэрийг гаргахыг хичээдэг. Төв аймгаас энэ жил л хоёр бөх улсын цолоо ахиуллаа. Сүүлийн жилүүдэд амжилт нэлээд тасарсан. Тэр утгаар нутгийнхаа нэрийг ч гаргамаар байдаг болов уу гэж боддог.

-Барилдааны дараа машинд суугаад явтал дуугаа хурааж, нэг харахад нүдэнд нь нулимс цийлэгнэж байсан гэсэн.

-Харин тийм, тэр надад их хэцүү туссан. Уначихсан чинь би ямар үг хэлэхээ мэдээгүй. Юу ч ярьж чадаагүй. Нөхөр маань ч дуугардаггүй. Тэгээд машиндаа суугаад явж байтал, гэнэт баруун тийм жолоо мушгиад замын хажууд зогсчихсон. Тэгснээ хаалгаа онгойлгож, цаашаа хараад суучихсан.

Тамирчин хүний сэтгэл зүйг мэдэж, гадарлаж байсан л даа. Гэхдээ миний нүдэнд нулимс цийлэгнээд байсан. Хаалганы толинд хартал нүд нь улайгаад, том том нулимс урсаж байсан. Би бараг л нөхрийнхөө нулимсыг харж байгаагүй хүн. Тийм болохоор үүнийг хараад зүрх аймаар өвдсөн. Дагаад л, өөр тийшээ хараад уйлаад суучихсан. Нөхрөө барагтай тэгэхийг хараагүй байхгүй юу.

-Тэр сэтгэл зүйг ойлгож байгаа нь та тамирчин хүн болохоор, нөгөө талаар эхнэр хүний хайр ч байсан байх.

-Монгол бөхийн гэргий бүр л ийм зүйлийг мэдэрдэг байх гэж боддог. Сонсож байхад яг л нөхрийнхөө төлөө бүхнээ зориулж, өөх тосыг нь ялгаж хоолыг нь бэлддэг, хүргэж өгдөг гэдэг. Тэр утгаар нөхрөө дэмжихийн тулд эхнэрүүд нь бүгд хичээж байгаа. Спорт өөрөө хэзээ ч нэг хүний хичээл зүтгэл биш. Тамирчин өөрөө 80 хувь зүтгэлээ гэхэд үлдсэн хэсэгт нь гэр бүл, багш дасгалжуулагч чухал үүрэгтэй.

-Залуус үндэсний бөхийн зарим зүйлийг шинэчлээсэй, улам боловсронгуй болоосой гэж хүсэж байгаа. Залуу бөхийн гэр бүлийн хувьд, та энэ тал дээр юуг хэлмээр байдаг вэ?

-Анзаарах нь ээ, үндэсний бөхийн клуб их цөөн байна. “Хуурнин шуугигч” клуб хүүхдүүдийг их өдөөж өгдөг. Гэхдээ л бага насны хүүхдэд зориулсан секц, дугуйлан ховор. Жүдо, чөлөөт бөхөөр сууриа тавьсан хүүхдүүд үндэсний бөхөд амжилт гаргах нь нийтлэг. Тэр утгаар эцэг эхчүүд хүүхдээ Жүдогийн дугуйланд их явууж байна.

Аль ч улс орон өөрсдийн үндэсний өв соёлыг хадгалж явдаг шиг, үндэсний бөх манай соёл, ялгаралд хамгийн чухалд тооцогддог шүү дээ. Хичээллэж буй залуус маань өөрсдөө үнэнч шударга, зөв байж, үнэ цэнээ хайрлаж авч явах ёстой санагддаг. Зарим залуусыг харахаар олны хайр хүндэтгэлийг хүлээж эхлүүтээ эвдэрч байх шиг. Бид эсрэгээр нь энэ нэр хүндийг дээш нь өргөж, залж явах ёстой. Сүмог дэлхий даяар үздэг. Бид хүндэтгэлтэй хандан хичээж чадвал үндэсний бөхөд ч тийм боломж бий гэж боддог.

-Эвдрэх гэдэг нь?

-Их зан суух, бусдад дээрэнгүй хандах гэх мэт. Би өөрөө бөхийн спорттой ойр амьдардаг учраас нүдэнд ил байх юм. Дээр нь допингийн асуудал маш хүнд байгаа. Манай гэр бүлийн хувьд эрс эсэргүүцдэг. Хоолоороо жин нэмэх гээд л үзээд байна. Дээр үеийн бөхчүүд зургаан булчин нь ярайж байжээ. Одоо том том гүзээтэй болж. Бөхчүүд өөрсдөө буруу үлгэр дуурайл болоод буйгаа энэ тал дээр анзаараасай гэж эмзэглэдэг. Допинг эргээд эрүүл мэндэд хор хөнөөл ихтэй зүйл шүү дээ.

-Барилдахын өмнө л хэрэглэдэг биш, урьдаас курсээр хэрэглэж биеэ задалдаг эд юм билээ шүү дээ?

-Тийм. Ачаалал даах чадварыг хиймлээр нэмж байгаа юм. 100 удаа л сунайдаг мөртлөө 200 сунайсан ч ядрахгүй болчихно гэсэн үг. Үр дагавар нь муу гэдгийг бодолцохгүй байна л даа. Одоо сумын цолтой бөхчүүд ч хэрэглэдэг болчихлоо.

-Хэрэглээд, ялангуяа залууст сөрөг үр дагавар гарсан кэйс хэр сонсогдож байна?

-Халзарч үс нь унах, нуруу нүүрээр нь батга гарахаас эхлээд элэг томрох гээд мэр сэр сонсогдоно оо. Дотор эрхтнүүд томрохоор амь насанд ч халтай болж ирнэ.

-Бөхийн жудаг гэдэг үг, ойлголт их трэнд болчихлоо. Энэ танай гэр бүлийн хувьд ямар ойлголт юм бэ, зөвхөн үндэсний бөх биш ер спортын хувьд?

-Жудаг гэхээр тусгай тодорхойлолт өгөхөд амаргүй ойлголт болоод байна.

Н.Батсуурь аварга бэртэлтэй бөх амласан нь жудаггүй болчхов уу. Нүд рүү хуруугаа хийсэн нь юм уу, хэлж мэдэхэд амаргүй. Миний хувьд Н.Батсуурь аваргыг дүрмийн дагуу барилдсан гэж харж байгаа. Төдийлөн сөргөөр хараагүй.

Харин би шавь нартаа бол хүнлэг, хүн шиг бай. Нэг нэгнээ хүндэл гэж хэлдэг. Өөрийнхөө хувьд илүү байгаа байдлаараа бусдыг дээрэлхэхгүй байхыг л жудаг гэж ойлгодог. Барилдааны агуулгаар ч түвшин өөр гээд аархаж, алж хядах гэж буй аятай барилдахыг буруу гэж үздэг. Муухай, хүндлэлгүй, илүүрхдэг харилцаа л жудаггүй харагдуулдаг гэж би боддог. Манай нөхөр ч бусадтай тайван, эелдэг дөлгөөн харилцдаг.

-Хоёулаа спортын хүн байх ямар вэ?

-Жаахан хэцүү.

-Юу нь хэцүү байх вэ?

-Нэг талаараа нэг нэгнээ ойлгоод байгаа мэт боловч гэр бүлд зарцуулах цаг маш хомс. Хэн хэнд нь. Би гадаад руу тэмцээнд 7-10 хоног явахад ард нөхөр, хүүхэд хоёр үлдэнэ. Эсвэл нөхөр маань явсан ч хүү бид хоёр олон хоногоор үлдэнэ шүү дээ. Хоёулаа өглөө эрт бэлтгэлтэй гээд гарна. Ядраад орж ирэхэд халуун хоол цайтай байвал сайхан даа. Гэтэл хоёулаа л хамт ядраад ороод ирнэ. Тамирчин хүмүүс учраас уураг, витамин зэрэг спортын чиглэлийн зардал хоёр дахин нэмэгдэнэ. Миний хувьд спортоос өөрийгөө бага багаар татаж авч байгаа. Тэгж байж нөхрөө бүрэн дэмжиж, нөхөр маань амжилт гаргах юм шиг санагдаж байгаа.

-Хоорондын ойлголцлын хувьд?

-Хоёр өөр орчинд өссөн хүмүүс нийлээд учраа ололцохгүй шүү дээ, анхандаа. Харин сүүлдээ нэгнээ ойлгодог, мэдэрдэг болчихдог юм байна. Би бол нөхрөө дуугаа хураахад нь хэсэг харзнаж, тайвширсных нь дараа ярилцдаг. Намайг уурлавал нөхөр маань тоглоом шоглоом хийгээд яриа өддөг. 24, 25 настай байхад спортын зангаараа нэгэндээ бууж өгөхгүй үзээд байдаг байсан. Цаг хугацаа өнгөрөх хэрээр энэ нь намжиж, дарагдсан даа. Ер нь муудалцахгүй амьдрал гэж байхгүй. Нэгэнтээ буулт хийж л сурах ёстой юм шиг. Яваандаа бүр илүү зөөлрөх болов уу гэж боддог.

-Хүү нь мөн спортын хүн болох юм шиг шинж ажиглагдаж байна уу?

-Төрөөд, хүүгээ дөрвөн сартай байхад би клубээ нээсэн. Тэгэхээр дэвжээн дээр мөлхөж, сууж сурсан. Одоо зурагтаар жиү жицү гарвал кимоногоо өмсөөд суучихна. Үндэсний бөх гарвал зодог шуудгаа өмсөөд суучихна. Сумын наадамд хүү маань зодоглосон. Аав, хүү хоёрын барилдааны бичлэгийг хийгээд Фэйсбүүктээ тавьтал мөн олон хүнд хүрсэн байна лээ. Хүү маань БНСУ-д болсон жиү жицүгийн тэмцээнд насныхаа ангилалд, хамгийн бага жинд барилдаад алтан медаль авсан. Одоо “Бөх болно” л гэдэг. Аав нь “Толгойдоо л мэдлэгтэй хүн болно шүү, хичээлээ хийх хэрэгтэй” гэдэг. Одоо дөрвөн настай. Бүр цусанд нь л барилдах гэдэг зүйл байгаад байна. Мэдлэгтэй, боловсролтой бөх болгох юм шүү гэж л бид хоёр ярьж байна.

Аав ээж хүү 3ийн наадам эхэллээ????????

Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн, баяр наадам эхэллээ???????????????????????? Нэг дээл, малгай залж нэг цүнх үүрээд явдаг байсан бол энэ жилээс 2 болж байх шиг байна даа❤️‍????❤️‍????❤️‍????

Posted by Batbaatar Khulan on Sunday, July 7, 2024

-Таны клуб хэдэн шавьтай вэ?

-Анх нээсний дараа цар тахал гарч, хоёр жил өнжсөн. 2022 оны аравдугаар сард дахин нээсэн. Хоёр туслах багштай, 60 орчим хүүхэдтэй хичээллэж байна. Жүдо, жиү жицү хосолж заадаг.

-Эцэг эхчүүд ямар зорилгоор хүүхдүүдээ өгч байна?

-Янз бүр байна. Анзаарахад, спорт хүүхдийг үнэхээр төлөвшүүлдэг юм байна. Утас их оролддог хүүхдүүд ирнэ. Бүр донтсон хүүхдүүд саажчихсан юм шиг болчихдог юм билээ. Манайд суралцсан хэд хэдэн хүүхэд үүнийгээ больсон, утас оролдохоо бүр больж, донтолтоосоо салсан. Спортоор хичээллээд, хичээлдээ яваад ирэхээр ядарч, эрхгүй хариад л унтчихдаг юм байна. Юу зөв, бурууг ялгадаг болдог нь анзаарагдсан.

-Та өөрөө спортод яагаад хөл тавьсан бэ?

-Эрэгтэй дүү маань анх жүдогоор хичээллэж эхэлсэн юм. Дүүтэйгээ барилдаж тоглох үеэр би давчихдаг байсан. Гэтэл нагац ах хараад, намайг бөхийн спортод оруулсан. Анх хэцүү, чадахгүй байсан. Би бууж өгөх дургүй болохоор шаралхаж хичээсээр спортын хүн болчихсон.

-Гаргасан амжилтаа та танилцуулаач?

-Жүдо бөхөөр төдийлөн амжилт гаргаж чадаагүй. Бэртэл аваад больсон. Хамгийн том нь ДАШТ-ий багийн хүрэл медаль юм уу даа. Самбо бөхөөр дэлхийн аварга болж байсан. Ширинг гэдэг солонгос бөхийн төрөлд Монголын анхны дэлхийн аварга болсон. Жиү Жицүгээр бол ДАШТ-ий хоёр хүрэл, нэг мөнгөн медальтай.

-Спортоороо замнавал ирээдүйтэй тамирчин гэж өөрийгөө боддог уу?

-Яах вэ, амжилт бол гаргах байх. Гэхдээ олон жил хичээллэсэн болохоор, одоо өөртөө дарамт үүсгэхээ больсон. Дур сонирхлоороо л бэлтгэлээ хийнэ. Харин хүүдүүддээ хичээл заах л надад сайхан санагдах болсон. Хамтдаа хөгжих илүү сайхан юм байна.

-Багшлах, тэгээд нөхрөө дэргэд нь дэмжих чиглэлд л өөрийгөө зориулъя гэж шийдэж байна уу?

-Тийм. Багш болсноос хойш хүүхдүүдэд гэрэлтэй ирээдүй өгч чадаж байна гэж бодох болсон. Шваь нар маань сайхан амжилт гаргаад, дээр нь “ширүүн” орж ирсэн нөхдүүд хүмүүжээд ирж байна. Эцэг эх нь “Баярлалаа багш аа, захирлын өрөөнөөс салдаггүй байсан бол одоо ангийн тэргүүний сурагч боллоо, манай хүүхэд” гэж хэлдэг.

Хайртай, олон жил хичээллэсэн спортоороо олон хүүхдэд гэрэлт ирээдүй бэлэглэж байгаагаа мэдрэх надад илүү сайхан байна. “Жиү Жицүгийн Б.Хулан” гэгддэг ч одоо “Нөгөө улсын тэр цолтой бөхийн эхнэр шүү дээ” гэж хэлүүлэх нь гоё ч юм шиг. Сайн ээж байхыг хичээж байгаа.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
7 сар 19, 2024 15:18

ХӨӨРХӨН ЮМАА ЗҮГЭЭРЭЭ МОНГОЛ УЛСЫН АРСЛАН ЧОЙНЯМ ЯМАР СОНСОГДОЖ БАЙНА ЭНЭ ЖИЛ ТЭНГЭР ХАРАА Л БИЗ ИРЭХ ЖИЛИЙН УЛСЫН НААДМААР БАТСУУРИЙГ НЭГИЙН ДАВААНД ДАВХАР ХАМААРАЙ МУУ ЛАЛАРЫГ АМЖИЛТ ХОЁРОО СПОРТЫН ГОЁ ГЭР БҮЛ ЧАДНАА ХАРАВААС ЦОГЛОГ НҮДЭНД ДУЛААХАН ИХ ГОЁ ХОСУУД БАЙНА ИРЭХ ЖИЛ ШУУД УЛСАД ТҮРҮҮЛНЭЭ БИ МЭДЭЖ БАЙНА

Зочин
Зочин
7 сар 19, 2024 16:14

Дүрмээр ч гэх шиг. Дүрмээс илүү жудаг гэж юм бдаг юм аа. Монголоос өөр хаана ч байхгүй.

Зочин
Зочин
7 сар 20, 2024 04:05

Заас авгайн дээлиин захын мушгаад үздэгч гэх шиг тэнэг юмуу

Zocin
Zocin
7 сар 22, 2024 23:42
Reply to  Зочин

Ysnnn uurtcn tgj suux avgai bxqu blxr dnda neg sonin2 ym bcx yma 60,70oniixon

Зочин
Зочин
7 сар 21, 2024 16:10

Энэ Чойням нь наадмаар тэгээд яасан, начин энэ тэр болж чадсан уу, ирэх жилийг хүлээхээр болсон уу

Холбоотой мэдээ

Back to top button