Улаанбурхан өвчний эсрэг вакциныг амбултори, өрхийн эмнэлгүүдэд хийж эхэллээ
Улаанбурхан өвчний эсрэг вакциныг Эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүдэд хийж эхэллээ.
Манай улсад улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн тохиолдол 2024 оны наймдугаар сарын 01-нд бүртгэгдсэн.
Тодруулбал, 47 настай эрэгтэй 2024 оны зургаадугаар сарын 25-наас долдугаар сарын 20-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улс болон Алмата хотод, долдугаар сарын 17-нд Сан Франциско-Истанбул, Истанбул-Алмата чиглэлд ниссэн. Улмаар долдугаар сарын 20-нд Казахстанаас Улаанбаатар хотод ирсэн.
Улмаар долдугаар сарын 31-ний 15:25 цагт улаанбурхан болох нь батлагдсан бөгөөд одоогийн байдлаар тохиолдол 2, хавьтал 700 гаруй тогтоогдоод буй. Тиймээс улаанбурхан өвчний эсрэг вакциныг ЭМТ, ӨЭМТ-дэд хийж эхэллээ.
Улаанбурхан туйлын халдвартай өвчин ангилалд хамаардаг. Өмнө нь өвчилж байгаагүй бол халдвар авах эрсдэлтэй. 2023 оны байдлаар 173 оронд 330,000 гаруй тохиолдол батлагдсан байна. Харин 2024 оны эхний долоон сарын байдлаар 178 оронд 341,000 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 200,000 гаруй нь батлагджээ.
Энэ оны эхний долоон сарын байдлаар халдварын тархалт өндөр байгаа улс орнууд нь Азербайжан, Киргизстан, Казахстан, Йемен, Ирак, Румын, Экваторын Гвиней, Армен зэрэг байна. Иймээс эдгээр улсад зорчих бол явахаасаа 14 хоногийн өмнө улаанбурхан өвчний вакцин заавал хийлгэхийг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.Уг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет болон өрх, дүүргийн эрүүл мэндийн төвдөө хийлгэх боломжтой.
Хүүхдийг есөн сартайд нь болон хоёр настайд нь товлолын дагуу улаанбурхан өвчний вакциныг хийдэг. Гэхдээ хэрэв та есөн сартай болон хоёр настай хүүхэдтэй бол уг вакциныг хийлгэсэн эсэхээ нягталж, хэрэв үгүй бол яаралтай хийлгэхийг зөвлөж байна.
Улаанбурхан нь амьсгалын замаар дамжих туйлын халдвартай өвчин тул олон нийтийн газарт үйлчлүүлэхдээ амны хаалтаа зүүх, гараа угаах зэрэг халдвар хамгааллын дэглэмээ баримтлаарай.
-Улаанбурхан өвчний шинж тэмдэг-
Улаанбурхан нь амьсгалын замын эрхтнүүд болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, вирусын гаралтай, зөвхөн хүнээс хүнд халддаг хурц халдварт өвчин.
Нууц үе нь дундажаар 9-11 хоног. Энэ өвчний шинж тэмдэг илрэх хугацаа хэтэрхий их урт, заримдаа суларч сунжирсан улаанбурханы хувьд дөрвөн 7 хоног хүрч сунжрах ч бий. Энэ үедээ өвчин тараах нь улам ихсэнэ. Өвчин цочмог байдлаар өндөр халуурах (39°-40°С), бие сулрах, цочромтгой, ууртай болж, ерөнхий хордлогын шинж илэрч, толгой өвдөх, хоолны дуршил буурч, нойр хямардаг.
Стимсоны гурвал хам шинж:
Нэгдүгээрт: Ринит
Хоёрдугаарт: Ларингит
Гуравдугаарт: Коньюктивит гэсэн гурван шинж тэмдэг илэрдэг тул энэ үед нь амны хөндийд нарийвчилсан үзлэг хийж, улайх үрэвслийн үед нь л оношийг эрт тавих нь маш их ач холбогдолтой.
Хамар залгиурын үрэвсэлд, найтаах, хамар битүүрэх, хамраас эхэндээ ус шиг, цаашдаа ногоон өнгөтэй нус гарна.
Төвөнхийн үрэвслийн үед хуурай шаналгаатай, олон удаа хуцуулж ханиана, хоолой сөөнө.
Нүдний үрэвсэлд: нүдний салст хавагнах, улайх, гэрэлд гялбах, нулимс гоожих, нуух цувах, өвчтөний нүүр хөөнгөдүү, хамар, уруулын салст, зовхи, хавагнасан байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Here vaccine hiilgesen bol uvduugui ch gesen dahin vaccine hiilgeh shaarlagagui gesen ug u?