Дэлхийн хөрөнгийн зах зээлүүд тогтворгүй байгаа нь өөр шалтгаантай
Сүүлийн өдрүүдэд дэлхийн томоохон хөрөнгийн зах зээлүүд тогтворгүй байгаа. Зарим шинжээчид энэ нь АНУ-ын эдийн засаг сулрах шинж тэмдэг илэрсэнтэй холбоотой гэж үзсэн юм.
Өнгөрсөн баасан гарагт /2024.08.02/ АНУ-ын Хөдөлмөрийн яам долоодугаар сарын тоо баримтаа нийтэлсэн. Тус тайлангаас харвал АНУ-ын ажилгүйдлийн түвшин 4.3 хувь болжээ.
Зургаадугаар сард ажилгүйдэл 4.1 хувь байсан юм. Ажилгүйдлийн 4.3 хувь болсон нь сүүлийн гурван жилд үзэгдээгүй өндөр үзүүлэлт байв.
Энэ үзүүлэлт хөдөлмөрийн зах зээл муудаж, АНУ-ын эдийн засгийн уналтад орох эрсдэл рүү хүргэнэ гэх айдсыг нэмэгдүүлжээ.
“Goldman Sachs” фирмийн шинжээчид АНУ-ын эдийн засаг уналтад орох магадлал 25 хувь гэж тооцоолсон байна. Харин “JP Morgan”-ий шинжээчид эдийн засаг нь уналтад орох эрсдэлийг 50 хувь гэж үзсэн юм.
АНУ-ын ажилгүйдлийн түвшин ихэссэн “Сахмын дүрэм”-тэй нийцсэн тул хөрөнгө оруулагчдыг айлгажээ. Энэ дүрэм нь эдийн засгийн уналт ойрхон байгаа эсэсхийг харуулдаг байна.
Сахмын дүрмээс харвал гурван сарын ажилгүйдлийн түвшний дундаж хэмжээ сүүлийн жилийн ажилгүйдлийн түвшний хамгийн бага хэмжээнээс 0.5 хувиар ихэсвэл идэвхэждэг юм. Тус дүрэм 1970 оноос хойш АНУ-ын бүх эдийн засгийн уналтыг амжилттай таамаглажээ.
Иймд болгоомжилсон хөрөнгө оруулагчид даваа гарагт хөрөнгийн биржүүд нээгдэхэд хувьцаагаа их хэмжээгээр арилжсан гэж зарим шинжээчид үзсэн юм.
Даваа гарагийн арилжаа хаагдахад Японы Nikkei 225 индекс 12.40 хувиар буурч нэгж нь 31,458.42 ам.долларт хүрсэн байна. Энэ нь 1987 оноос хойш нэг өдөрт үзэгдсэн хамгийн том уналт байв.
Мөн Японы Topix индекс 12.48 хувиар буурч нэгж нь 2,220.91 ам.доллар болжээ. Европын STOXX 600 индекс 2.6 хувиар буурч 487.15 оноод хүрчээ. Энэ нь хоёрдугаар сарын 13-наас хойш үзэгдээгүй үр дүн.
Германы DAX, Францын CAC 40, Их Британийн FTSE, Испанийн IBEX 35 индексүүд бүгд 2 гаруй хувиар буурсан юм. Мягмар гарагт /2024.08.06/ Азид арилжаа нээгдэхэд хувьцааны индексүүд өссөн байна. Тухайлбал Nikkei 225 индекс 9.4 хувь, Topix 9.3 хувиар нэмэгджээ.
АНУ-ын эдийн засаг гэхээсээ илүү өөр шалтгаантай
Дэлхийн хөрөнгийн зах зээлүүд тогтворгүй байдалд орсон нь АНУ-ын эдийн засгийн хэтийн төлөв гэнэт өөрчлөгдсөнөөс илүүтэйгээр тээврийн арилжаа багассантай холбоотой гэж хэсэг шинжээчид үзэж байгаа юм.
Хэдийгээр АНУ-ын ажилгүйдлийн тоо баримт хөдөлгөгч хүч болж өгсөн ч дангаараа ийм хэмжээний уналт үүсгэх гол шалтгаан биш байсан гэж тэд үзэж буй.
“BlueBay Asset Management” фирмийн хөрөнгө оруулалт захирал Марк Доудинг “Бидний дүгнэлтээр бол хэд хэдэн макро сангуудын арилжаа буруу замаар орсны улмаас ханш уналт эхэлсэн” гэж хэлжээ.
Өөрөөр хэлбэл хөрөнгийн зах зээлийн тогтворгүй байдал нь тээвэр арилжаа суларсантай илүү холбоотой. Тээвэр арилжаа гэдэг нь Япон, Швейцар гэх мэт бодлогын хүү багатай эдийн засгуудаас хөрөнгө оруулагчид мөнгө их хэмжээгээр зээлж, өөр улсад өндөр ашигтай хөрөнгө оруулалт хийхийг хэлдэг.
Сар гаруйн өмнө Япон иений ханш ам.долларын эсрэг 38 жилд байгаагүй доод хэмжээнд хүрээд байсан. Тэгтэл одоо иений ханш ам.долларын эсрэг 11 хувиар чангараад буй.
Өнгөрсөн долоо хоногт Японы төв банк гэнэт бодлогын хүүгээ нэмсэн нь тээвэр арилжаанд нөлөөлжээ. Бодлогын хүү нэмэгдэж, иений ханш чангарсан нь хөрөнгө оруулагчдыг хувьцаагаа зарж, тээвэр арилжаа хийхээр авсан зээлээ төлөхөд хүргэсэн байж магадгүй юм.
Азид байрлалтай нэгэн хөрөнгө оруулагч “Reuters” агентлагт хэлэхдээ томоохон хэдж сангууд өнгөрсөн долоо хоногт Японы төв банк гэнэт бодлогын хүүгээ нэмсний дараа хувьцаагаа зарж эхэлсэн гэжээ.
“State Streets Global Markets” фирмийн Европын макро стратегийн газрын дарга Тим Граф “Энэ нь иенээр санхүүжсэн тээвэр арилжаа болон Япон хувьцаатай холбоотой бууралт” хэмээсэн юм.
Харин “Societe Generale”-ийн “Дэлхийн түүхэн дэх хамгийн том тээвэр арилжааг хэд хэдэн үр дүнгүй задлах боломжгүй” гэжээ.
Шинжээчид богино хугацаанд ханш уналт үзэгдэх боломжтой ч зах зээлийн доргилт хязгаарлагдмал байх болно гэдгийг онцолж байна.
Эх сурвалж: Reuters, Japan Today, VOX
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.