ОХУ энэ зундаа багтааж томоохон довтолгоо эхлүүлж чадахгүй
Товч агуулга: Украины дайн эхлээд хоёр жил таван сар өнгөрөөд байна. Одоогийн байдлаар ОХУ фронт дээр бага багаар ахиц гаргасан явцтай байгаа юм. Гэхдээ шинжээчид энэ зундаа багтааж фронт дээр ямар нэгэн томоохон довтолгоо эхлэхгүй гэж үзэж байна.
2022 оны хоёрдугаар сард ОХУ Украин руу цэргээ оруулснаас хойш 900 гаруй хоног өнгөрөөд байна. Дайны эхэн үед Оросын хүчин хурдацтай ахиц гарган Донецк, Луганск, Харьков мужуудыг хяналтдаа авсан билээ.
Үүнээс гадна Москва 2014 оноос хойш Крымын хойгийг эзэмшиж байгаа. Украин 2022 оны намар маш хурдтай сөрөг довтолгоо явуулж Харьков мужийг эгүүлэн авсан юм.
Өвөл ирэхтэй зэрэгцэн фронт царцсан тул Украины холбоотнууд 2023 оны зун явуулах сөрөг довтолгоо нь амжилт авчирна гэж хүлээж байсан билээ. Гэвч зун өнгөрөхөд Украин нэг их хэмжээний газар нутаг буцааж авч чадалгүй өнгөрсөн.
Харин одоо ОХУ-ын тал фронт дээр бага багаар ахиц гаргасаар байгаа юм. Оросын хүчин өнгөрсөн хоёрдугаар сард стратегийн ач холбогдол бүхий Авдеевка хотыг буулган авсны дараа чамгүй урагшлаад буй.
Тэгвэл барууны болон Украины шинжээчид ОХУ энэ зундаа багтааж томоохон хэмжээний довтолгоо эхлүүлж чадахгүй гэж үзэж байгаа аж.
Тухайлбал Украины цэргийн тагнуулын газрын төлөөлөгч Андрий Юсов “Newsweek” сайтад “2022 оны хоёрдугаар сард болсон шиг өргөн цар хүрээтэй, бүх фронтын шугамыг хамарсан довтолгоо одоо хийх боломж байхгүй” гэжээ.
Долоодугаар сарын сүүлээр АНУ-д төвтэй судалгааны байгууллага болох Дайны судлалын хүрээлэн (ISW) Оросын хүчин материаллаг болон хүн хүчний хязгаарлалтын улмаас шинэ томоохон зуны довтолгоо хийх магадлал бага гэж дүгнэсэн байна.
Москва долоодугаар сарын сүүлээр Украины Донецк мужийн баруун бүсэд хэсэгчилсэн довтолгоогоо үргэлжлүүлсэн. Гэхдээ энэ зунд багтааж Донецк муж болон фронтын бусад хэсэгт шинэ давшилтын ажиллагаа явуулах хүчин чадал дутмаг байгаа байх магадлалтай гэж “ISW” үнэлсэн юм.
Энэ дүгнэлт ерөнхийдөө зөв гэж Лондонд төвтэй Хааны Нэгдсэн Үйлчилгээний Институт (RUSI) судалгааны байгууллагын газрын цэргийн асуудал хариуцсан судлаач Ник Рейнольдс хэлжээ.
Гэхдээ нөхцөл байдал хоёр талын хувьд тогтворгүй, урьдчилан таамаглах боломжгүй гэдгийг тэр онцолсон байна.
Шинжээчид болон албаны хүмүүсийн хэлж буйгаар ОХУ урт хугацааны, Украины хүчнийг ядраах стратеги баримталж эхэлсэн. Ийм учраас Москва цэргийн нөөцөө шавхахаас өмнө сөрөг Киевийн дайчид болон цэргийн тоног төхөөрөмжийн нөөцийг элэгдүүлэхийг зорилгоо болгосон юм.
Барууны тагнуулын мэдээгээр ОХУ Иран, БНХАУ, БНАСАУ зэрэг холбоотнуудаасаа цэргийн хангамж авч байгаа. Энэ нь Москвагийн урт хугацааны дайны төлөвлөгөөнд ихээхэн тус болж буй.
Үүнээс гадна Оросын эрх баригчид батлан хамгаалах салбараа урт хугацааны дайны бэлэн байдалд оруулж, Зөвлөлтийн үеэс үлдсэн асар их нөөцөөсөө тоног төхөөрөмжийг ашиглаж байна.
Урт хугацааны дайн рүү чиглэсэн Оросын тактик нь ч гэсэн логиктой. Учир нь ОХУ Украинаас гурав дахин их хүн амтай, мөн эдийн засаг нь хавьгүй том. Ийм учраас урт хугацааны дайнд Украины нөөц эхэлж шавхагдана.
Гэхдээ ОХУ-ын сүүлийн үед фронт дээр гаргаж буй ахиц нь ихээхэн золиосны үр дүнд ирсэн. Украины мэдээлж буйгаар сүүлийн саруудад өдөрт мянга гаруй Орос цэрэг шархадсан эсвэл амь үрэгдэж байгаа юм.
Оросын талаас томоохон хэмжээний давшилт ирэх онд илүү магадлалтай гэж Рейнольдс таамаглаж байна. Гэхдээ тэр хүртэл Москва жижиг хэмжээний довтолгоогоор амжилт олохоо үргэлжлүүлж магадгүй.
Украины хувьд ч гэсэн одоохондоо жижиг хэмжээний дайралтаа үргэлжлүүлж дараа жилийн зун л томоохон дайралт хийж, фронтыг нэвтлэх оролдлого гаргах магадлал их. Дөрөвдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украин руу нэмэлтээр илгээх цэргийн тусламжийг баталсан.
Батлагдахаас өмнө Украины арми олон сарын турш барууны дорвитой цэргийн тусламжгүй байлдсан тул зэр зэвсгийн нөөц нь улайсан байгаа нь гарцаагүй. Ийм учраас Украины арми бэлтгэлээ сайн ханган ирэх зун томоохон довтолгоо эхлүүлэх магадлалтай.
Эх сурвалж: Newsweek
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.