Бид Монголдоо

Бид Монголдоо #1: 80 га талбайд эрдэнэ шиш тариалж малын тэжээл гарган авдаг З.Чулуунцэцэг

Eguur News агентлаг эх орондоо сайхан амьдрах боломжийг өөртөө олж нээсэн, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж тодорхой амжилтад хүрсэн иргэн болоод өрхийн үйлдвэрлэгч, ААН-ийг дэмжиж олон нийтэд таниулан үзүүлж, уншуулах зорилгоор "Бид Монголдоо" тогтмол контентыг эхлүүлж байна.

Анхны дугаартаа бид эрдэнэ шиш тариалж малын даршилсан тэжээл гарган авдаг Төв аймгийн Сүмбэр сумын иргэн З.Чулуунцэцэгийг урилаа. Тэрбээр ногоон байгууламжийн инженер мэргэжилтэй, ХААИС-ийн докторант. Сумандаа гурван жилийн өмнөөс эхлэн эрдэнэ шиш тарих болсон бөгөөд одоогоор 80 га талбайд хоёр сортын эрдэнэшиш тариалж, ургацаа хураахад бэлэн болоод байгаа юм.

Түүний хувьд эрдэнэ шишийг ногооноор нь даршилж малд хамгийн тустай тэжээл бэлтгэж байна. Энэ даршилсан тэжээл малыг тарга тэвээрэг авахад, эрүүл байхад чухал үүрэгтэйгээс гадна хахир өвөл, урт хавар залгасан хүнд цагт малчид малаа тэжээхэд онцгой ач холбогдолтой, үр дүнтэй аж.

Бид түүнтэй Төв аймгийн Сүмбэр сумын нутаг дахь эрдэнэшишийн тариалангийнх нь талбайд ийн ярилцлаа.

-Энэ хавар эрдэнэ шиш тариалах хүсэлтэй хүмүүст зориулж 21 аймгийн төлөөлөлд сургалт орсон-

-Эрдэнэ шиш тариалах болсон учир шалтгаан их сонин байна. Тиймээс энэ асуултаар яриагаа эхлэх үү?

-Эрдэнэ шишийн тариаланг сонирхохоос өмнө дэлхийн номер нэгт энэ ургамал байдаг гэдгийг огт мэддэггүй байсан. Ингэж сонсоод их гайхсан. Гэтэл судлаад үзтэл эрдэнэ шишээр малын тэжээл хийдэг байсан. Тиймээс тариалахаар шийдсэн. Тариалах болсон хамгийн гол шалтгаан бол дотоод агууламж. Тухайлбал эрдэнэ шишийн нийт массын 63-68 хувьд нь нүүр ус агуулагдаж байдаг. Нүүрс ус бол хүн, амьтны энергийн эх үүсвэр. Иймээс Монгол орны эрс тэс уур амьсгалтай өвөл, хаврын улирлыг давах энергийн гол эх үүсвэр эрдэнэ шиш байж болох юм байна гэж ойлгоод тариалж эхэлсэн. Энэхүү ургамлыг малын тэжээлийн зориулалтаар тариалж малдаа өгснөөр хүнд хэцүү өвөл, хаврыг мал ядрахгүй, тарга алдахгүй, зовохгүйгээр давах боломжтой учраас л үүнийг нутагшуулж, өргөн дэлгэр түгээн дэлгэрүүлэх зорилго тээн хөдөлмөрлөж байна даа.

-Би энд ирэх хүртлээ Монголд эрдэнэ шиш ургадаггүй гэдэг нийтлэг ойлголттой хүмүүсийн нэг байлаа. Гэтэл бүр 80 га талбайд тариалаад, ургацаа хураах гэж байгааг хараад гайхаж байна. Энэ өрөөсгөл ойлголт хаанаас үүсэлтэй байж болох вэ?

-Үүнийг тайлбарлахын тулд эрдэнэ шишийг олон жил тариалчихсан зарим нэг томоохон аж ахуй нэгж, компанийн тухай ярих болдог. Тэдгээр ААН-үүд олон жил тариалчихсан мөртлөө үүнийгээ хэнд ч түгээн дэлгэрүүлдэггүй. Тийм учраас малчид, тариаланчдын дунд ургадаггүй гэдэг ойлголт байдаг. Үүнд ганц хоёр үндсэн шалтгаан байж магадгүй.

Нэгдүгээрт, Монгол орны цаг уурын дулааны нийлбэр, хөрсний чанар, агаарын хуурайшилт зэрэг маш олон хүчин зүйлүүдэд тохироогүй буюу тарих гэж байгаа бүс нутгийнхаа онцлогт тохирохгүй үр, сорт тарьсан байх магадлалтай. Хоёрдугаарт, олон жил тариалсан хүмүүс нь олон нийтэд түгээгээгүй байх магадлалтай гэж хардаг. Харин энэ жилээс энэ зүйл байхгүй болох болов уу гэж бодож байна.

Учир нь би 2024 оны хавар өөрийнхөө туршлагад үндэслээд эрдэнэ шиш тариалах хүсэлтэй хүмүүст зориулж онлайнаар сургалт хийсэн. Энэ сургалтад 21 аймгийн төлөөлөл тариалахаар сураад, үрээ аваад хаа сайгүй тарьж байна. Бүх аймагт ургуулж байна. Шавь нарын маань тарьсан эрдэнэ шиш яг л манай талбайтай адил сайхан ургаж байгаа. Үүгээрээ бид Монгол орны маань хаа ч ургах боломжтой гэдгийг баталсан. Гагцхүү тухайн газар нутгийнхаа байгаль, цаг уурын онцлогт тохирсон үрээ суулгаж, шаардлагатай арчилгаа, тордлогоо хийх л чухал.

-Хүмүүс эрдэнэ шишийг зөвхөн хүнсэнд хэрэглэдэг гэж ойлгох нь элбэг. Гэтэл тариалаад малын тэжээл болгож хэрэглэдэг чухал ач холбогдолтой, ашиг шимтэй зүйл юм байна. Энэ тухайд дэлгэрүүлээч?

-Хүний хүнс, малын тэжээлийг ялгаагүй том бүлгээр нь уураг, нүүрс ус, ислэг, ус гэж ангилдаг. Тухайн амьд амьтны идэж байгаа зүйлд уураг, нүүрс ус, ислэг хэр их байна гэдгээс хамаараад зориулалт нь өөр өөр болдог. Монголчуудын хувьд малд уурагтай л хоол тэжээл өгөх ёстой гэж ойлгоод байдаг.

Ойлгомжтой байх үүднээс хүний амьдрал дээр бодоод үзье. Хэрэв булчин суух гэж байгаа бол илүү их уураг хэрэглэнэ. Уураг хэрэглэснээр булчин хөөж, томорч ажиллагаа нь сайн болдог. Үүнээс уураг нь өөрөө булчинг хооллодог юм байна гэдгийг ойлгож болно. Харин нүүрс ус энергийн эх үүсвэр болж байдаг. Өөрөөр хэлбэл, булчингаа хөгжүүлэхийн тулд шаардлагатай дасгал хийх эрч хүчийг нүүрс ус өгнө. Ислэг бол хүний биед ороод бие дэх шингэнийг өөртөө сорж авч томроод ямар ч шингэцгүй, хоол тэжээл болохгүйгээр нарийн, бүдүүн гэдсийг цэвэрлээд өтгөн болоод гарч байгаа. Энэ нь малд ч бас яг адилхан.

Би малчдыг бизнес хийдэг хүмүүс болоосой гэж хүсдэг. Малчид малаараа бизнес хийдэг, ашиг олдог болохын тулд мал нь өвлийн хахир цагийг давдаг, үхдэггүй байхад л болно. Малаа үхүүлэхгүйн тулд сайн тэжээлтэй байх ёстой. Сайн тэжээл гэдэг нь нүүрс ус ихтэй хоол тэжээл. Үүнийг өгснөөр хүйтэнд мал дотроосоо даарахгүй, ядрахгүй, өлсөхгүй гэсэн үг.

Зуны цагт мал өөрт хэрэгтэй бүх зүйлээ байгалиасаа аваад тарга үүсгэчхэж байгаа. Харин өвөл нь амьд амьтан өөхөө задлах замаар нүүрс усаа гаргаж аваад энергийн эх үүсвэр болгож хэрэглэдэг. Энэ өөхөө задлах процессын үед нь бид гаднаас хоол тэжээлээр дамжуулан хэрэгцээтэй нүүрс усыг нь өгөөд байвал өөрийнхөө өөхийг задлах шаардлагагүй болно. Ингэж чадвал мал маань тарга, тэнхээтэй хэвээр хавартай золгох нь ээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ процесс алдагдахгүйгээр явж чадвал малчид малаа, махаа хүссэн, үнэд хүрсэн үед нь зарж бизнес хийх боломжтой.

-Эрдэнэ шишээр дарш буюу малын тэжээл гаргаж авах гэж байгаа тохиолдолд болцын хугацаа 90 хоног байна-

-Энэ боломжийг эрдэнэ шишээр бий болгож чадна гэж ойлгож болох уу?

-Зуун хувь тийм гэж хэлэх нь өрөөсгөл. Бусад таримлуудыг үгүйсгэсэн болно. Гэхдээ эрдэнэ шишийг ихээр тарьдаг болох нь тийм нөхцөлд хүргэх хамгийн зөв зам. Хоол тэжээлийн олон найрлага нь амьтныг эрүүл чийрэг байлгах зорилготой. Тиймээс ганц эрдэнэ шишийг сайн гээд дангаар нь хэрэглээд байвал нүүрс усны илүүдэлд орно гэсэн үг. Тиймээс олон төрлийн хоол найрлагаар малаа тэжээгээч ээ, түүнийхээ ядаж 40-50 хувьд эрдэнэ шишийг оруулаач ээ. Тэгвэл таны мал турахгүй, хүнд цагт үхэхгүй ээ гэдгийг л хэлээд байгаа юм. Иймээс л малчдаа тариалаасай гээд уриалаад байгаа хэрэг.

-Бидний энэ ярилцлагыг уншаад тантай адилхан тарья гэх хүмүүс гарч ирэх байх. Мөн тариалсныхаа дараа малдаа яаж, хэрхэн бэлтгэж өгөх юм бол гэдэг асуулт сонирхлыг нь татаж таарна. Энэ тухайд хариулт өгөөч?

-Эрдэнэ шишийн хувьд болц гүйцэхгүй байх ямар ч боломж байхгүй. Учир нь манайхны тариалдаг улаан буудайтай болцын хувьд адилхан хоногтой. Өөрөөр хэлбэл шиш буюу боргоцойг нь гаргаж авах гэж байгаа нөхцөлд будааг тарих хугацаатай адил тариалаад, хэзээ хурааж авдаг тэр үед нь хураагаад авахад болно.

Харин дарш буюу малын тэжээл гаргаж авах гэж байгаа тохиолдолд болцын хугацаа 90 хоног байна. Говийн аймгуудын хувьд дулаан учраас хэзээ л бол хэзээ тариалаад хураагаад авч болно. Хангайн бүс нутгийн тухайд харьцангуй сэрүүн уур амьсгалтай тул тохиромжтой үеэ өөрсдөө тооцоолоод тариалахад болно. Ингэж чадвал 90 хоногийн хугацаанд хамгийн өндөр үр шимтэй даршийг хурааж авах боломжтой.

Тариалахдаа яг л будаа, ногоон тэжээл тариалдаг шиг газраа хагалаад, бүс нутагтаа тохирсон үрээ суулгана. Үүн дээр нэмээд усалгааны системээ давхар шийдэж чадвал ургац алдахгүй байх том давуу тал болно. Миний хувьд усалгааны системгүйгээр гурав дахь жилдээ байгалийн бороогоор нь тариалж байгаа. Тэгсэн ч бороо хэвийн ордог тариалангийн бүс нутгуудад хэвийн ургаж байгаа.

Анхнаасаа тариалахдаа болж өгвөл эрдэнэ шишид зориулсан үндсэн бордоог үртэйгээ хийж явуулах нь маш сайн байдаг. Гэхдээ эрдэнэ шишид зориулсан бордоо оруулж ирж байгаа газар манайд байдаггүй. Энэ нь жаахан хүндрэлтэй. Цаашлаад тариалах талбайнхаа зэрлэг ургамлыг устгаж чадвал давуу тал болно. Мөн шингэн бордоо шүршиж чадвал илүү сайхан ургахад нөлөөлнө. Ногоон тэжээл, будаа тарьдаг хүмүүс үүнийг сайн мэдэж байгаа. Ингээд 90 юм уу 110 хонуулаад болцоо гүйцэхээр хурааж авна.

Энэхүү эрдэнэ шишээр малд зориулсан гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Нэгдүгээрт, боргоцой гаргаж аваад түүнийгээ будаа шиг цайруулж нэг нэгээр нь няцлаад малд өгнө. Үүнийг гаргаж авахын тулд массаа шарлуулна, хатааж байна гэсэн үг. Шишээ мултлаад авангуут шарласан масс үлдэнэ. Үүнийгээ дахиж аваад жижиглээд өвс шиг дөрвөлжин болгож прэсслээд эрдэнэ шиштэйгээ өгч болно. Өвс нь хивлэг болно гэсэн үг. Гуравдугаарт, ногоон байх үед нь доор нь 20 см үлдээгээд тасалж аваад 2-5 см хэмжээтэй болгож хэрчинэ. Үүнийхээ дараа даршилна. Том хэмжээтэй учраас нүх ухаж даршилдаг. Эсвэл шууд вакумддаг машинаар хураагаад даршлахдаа бэлдэж болно. Даршийг агааргүй орчинд дарж, вакумдаж өгснөөр шүүстэйгээ байгаа ногоон тэжээл дээр нь хүчилтөрөгч байхгүй болохоор энэ орчинд үүсдэг сүүн хүчлийн гэх бүлэг бактериуд бий болно. Өөрөөр хэлбэл пробиотик буюу ашигтай бактериуд бий болдог гэсэн үг. Эдгээрийн тусламжтайгаар исэлт явагдана. Энэ төрлийн бактериаар баяжсан байгаа хоол тэжээлийг идсэн малын хоол боловсруулах эрхтэн системүүд асар хурдан хугацаанд сайжирдаг. Ингэснээр тарга тэвээрэг алдахгүй, төл мал сайн гарна. Даршийг саалийн үнээний ферм зайлшгүй өгнө. Даршгүйгээр ферм байна гэж энэ хорвоо дэлхий дээр байхгүй.

-Нүхэнд хэр удаан дарах вэ?

-Даршны гүйцэд боловсрох хугацаа 45 хоног. Гэхдээ 35-40 хоногт исгэлт болчихдог юм байна лээ. Ногооноор нь хэрчээд авангуут ойролцоогоор нийт массын 20 орчим хувь өөрийнх нь ургамлын шүүс болж гардаг. Тиймээс даршлах нүхэн дотроо нэвтрэхгүй гялгар уут дэвсээд шүүсэнд нь дарна гэсэн үг. Ухсан нүхэндээ даршаа хийгээд агаар нэвтрэхгүйгээр маш сайн дарж өгнө. Товчхондоо тэнд агааргүй орчныг бий болгох ёстой.

-Орон даяар тариалаад эхэлсэн учраас нэмээд олон хүн мэддэг болох байх гэж бодож байгаа-

-Цаг уурын нөхцөл, онцлогоос хамаараад тохирсон үрээ олж суулгах чухал гэж та хэлсэн. Хамгийн сайн чанарын үр ямар үнэтэй байдаг вэ?

-Аль ч газар тэжээлийн зориулалттай биш үрийн зориулалтай үр оруулж ирж тарьж байж амжилттай ургана. Ганцхан үрийн зардал өөр мөртлөө бусад зардал адилхан. Өөрөөр хэлбэл, хямдхан үр авсан ч зэрлэгийн хор цацахгүй гээд хямд зардлаар тарьж болохгүй. Ингэвэл энэ өөрөө эрсдэл болж хувирдаг. Тиймээс сайн, муу үр авсан ч арын ургуулах, арчлах зардал адилхан учир сайн үр сонгохыг зөвлөж байна.

Үнийн хувьд зориулалтын сортоосоо хамаарна. Манайх бол даршны сортын үрийг БНХАУ-аас авдаг. Албан ёсны борлуулагч нь учир бид энэ жил 18,500 төгрөгөөр худалдаалсан. Ирэх хавар ч гэсэн энэ үнээрээ байх болов уу гэж бодож байна.

-Даршлах хугацаа дууссаны дараа малдаа өгөхөд бэлэн боллоо гэж ойлгож болох байх. Өгөх хэмжээгээ хэрхэн тааруулах вэ?

-Үүнд хэд хэдэн хүчин зүйл шууд хамааралтай. Нэгдүгээрт, худалдаж аваад малдаа өгч байгаа хүний санхүүгийн боломж. Хоёрдугаарт, хэдэн настай ямар малд өгөх вэ гэдэг асуудал. Гуравдугаарт, хэзээ өгөх вэ гэдэг чухал.

Тиймээс ерөнхий хариулт өгөхөд өгч байгаа амьтныхаа биеийн жингийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний дарш өгнө. Мэдээж өвөл их хүйтэн учир энэ хэмжээгээрээ өгөөд байна гэж байхгүй, нэмж л таарна. Өнгөрсөн жил манай авга ахынх нэг үхэртээ нэг шанагыг өгөх жишээний байсан. Үүгээр баримжаалж болно.

-Малчид маань эрдэнэшишийн даршны үр дүнгийн тухайд юу хэлж байв?

-Үнэхээр гоё. Би хамгийн сайхан үр дүнг өөрөө ч мэдээгүй байхдаа өнгөрсөн жил сонссон. Сумандаа явж байтал нэг халамцуу ах аавын маань нэрээр намайг таниад, "Чи их буянтай ажил хийж байгаа хүүхэд шүү. 21 оны зуднаар тэр даршны чинь буянаар бид малаа онод оруулсан" гэж хэлсэн. Гэтэл би манай даршнаас тийм олон хүн ирж авч яваад тэр нь хэрэг болсон гэж мэдээгүй явсан. Энэ мэдрэмж надад их сайхан байсан. Бас тухайн үед саалийн үнээний фермүүдэд таниулах гээд дээж өгөөд сүүний гарц нэмэгдэж байгаа талаар нь богино хэмжээний бичлэг хийгээд фэйсбүүкт оруулдаг байсан. Тэр үед ч гэсэн хүмүүс дарш өгч эхэлснээс хойш сүүний гарц илт нэмэгдсэн гээд хуваалцдаг болсон. Энэ бүхэн сайхан байдаг. Одоо ч бага багаар ахиж, урагшилж л байна. Орон даяар тариалаад эхэлсэн учраас нэмээд олон хүн мэддэг болох байх гэж бодож байгаа.

-Энэ талбайг ирээд бодитоор харахад таныг хэрхэн хөдөлмөрлөсөн бэ гэдгийг асуултгүйгээр мэдэж болохоор байна. Энэ том талбайд ийм хэмжээний тариалалт хийж, үр дүн үзэх хүртэл амар байгаагүй байх. Мэдээж тарингуут бүгд шууд ургачихаагүй биз дээ?

-Эрдэнэ шиш ургахын тулд юу, юу шаардлагатайг би мэдэж байсан ч нэлээдгүй алдаанууд гаргаж байсан. Гэхдээ одоо ч алдсаар байгаа. Тэр хэмжээгээрээ бас суралцсаар байна. Өмнө нь үр авахдаа 2000, 5000 төгрөг нарийлаад их алдсан. Эхний жил зэрлэг ургамлын хороо оройтуулж цацаад бас алдаж байсан. Иймэрхүү алдаа их гардаг. Гэхдээ энэ бүхнийг биечлэн сурч байгаа учраас цаашид давтсан алдаа хийхгүй шүү дээ. Тиймээс ирээдүйд давуу тал болж ирж байгаа юм. Тэгэхээр эхлээд юу ч хамаагүй тарих л хэрэгтэй.

-Нэг га талбайгаас 30 тонн дарш бэлдчихнэ-

-Таны энэ том талбайд нэгхэн хүн ажилладаг гэдэг сонирхол татсан. Бүх ажлаа техникээр нугалдаг гэсэн үг үү?

-Хүмүүс хөдөө аж ахуйн салбарыг хүнд, хэцүү гэж хардаг ч одоо үед дээр үеийнх шиг бүгдийг хүний хүчээр хийдэг юм байхаа больсон. Угаасаа хүн нь олдохоо больсон. Тийм учраас техникээр хийхээс өөр аргагүй.

Бид энэ том газрыг гараар хагална гэж байхгүй, техникээр л хагалж таарна. Үр тарихдаа, бордохдоо, зэрлэг ургамлын хор цацахдаа, хураахдаа ч мөн адил. Харин энэ техникийг хөдөлгөх ганц жолооч байхад л болчхож байгаа юм. Малчид маань ч гэсэн тариалах хэмжээндээ тохирсон техниктэй байхад тариалалт хийх, түүнийгээ бэлтгэхэд хэцүү байхаа больчихсон. Болж өгвөл техникээр шийдэх нь л чухал.

-Эрдэнэшишийг ийм өндөр ургадаг гэж мэдэхгүй юм байна. Хамгийн дээд тал нь хэдэн метр өндөр болж ургаж байна, танаас нэлээн өндөр байна шүү дээ? 

-Миний өндөр нэг метр 60 см. Тэгэхээр цэцгийнхээ орой хүртэл 2 метр 60 см бол байгаа байх. Гурван метрийн өндөртэй ч бий. 

-Энэ жил ямар ямар сортын эрдэнэшиш тариалав?

-Энэ жил хоёр төрлийн эрдэнэ шишийн сорт тариалсан. Нэг нь эрдэнэ шишийн боргоцой, шиш гаргаж авах зориулалттай. Нөгөө нь дарш бэлтгэх зориулалттай. Бидний зогсож байгаа нь даршны сортын эрдэнэ шишийн талбай. Энэ хэсгийг ногооноор нь эрт хурааж авна. Гэхдээ эрдэнэ шишийнхээ сүүн болцыг гүйцсэний дараа хураах нь чухал ач холбогдолтой.

-Мэдээж та зах зээлээ олж харсан, байгаа болоод иингэж тариалсан байх. Эрэл, нийлүүлэлтийн тухайд боломжийн уу?

-Манай улс 70 сая малтай. Үүний зургаан сая нь өнгөрсөн өвлийн зуднаар үхсэн. Энэ тооны малыг экспортод гаргасан гээд монгол мөнгөөр тооцоод үзвэл 2 их наяд гаруй төгрөг болж байна лээ. Ингээд харахаар эдгээр малыг үхүүлэхгүй байх хэмжээний өвс, тэжээл байсан бол гэдэг асуудал гарч магад. Тиймээс ядаж сум болгонд нэг юм уу хоёр эрдэнэ шиш тариалдаг, бизнес болгоод аваад явчих хүнтэй болчихвол асуудал арай өөр түвшинд очих боломжтой. Өөрөөр хэлбэл хэн, хэндээ хэрэгцээтэй. Үхрийн фермтэй ч юм уу амьтныг таргалуулах гэж тэжээдэг хүмүүс бол ганц, хоёр га талбайд ч хамаагүй тариалчих хэрэгтэй. Тэгвэл эдийн засаг, санхүүд нь маш том хэмнэлт болно. Нэг га талбайгаас л гэхэд 20-30 тонн дарш бэлдчихнэ.

-Нэг га талбайгаас 30 тонн малын тэжээл бэлтгэчихнэ гэхээр ургац арвинтай юм байна. Энэ 30 тонн даршаар хэдэн тооны малыг хэд хоног тэжээх боломжтой бол. Ийм тооцоолол гаргаж болих уу?

-Бэлчээхгүйгээр хашиж байгаад тэжээнэ гэж бодоод хоногт нэг малд 4 кг дарш өгнө гээд 400 малаар тооцъё. Ингэхээр 1 га талбайгаас бэлтгэх 30 тонн даршийг 400 малтай айл 25 өдөр өгнө гэсэн үг. Хэрэв бэлчээхийн хажуугаар тэжээнэ гэвэл энэ 4 кг маань 2кг болж буурна. Тэгэхээр бараг хоёр сар руу дөхөх нь байна шүү. Ийм л тооцоолол гарч байна даа /инээв/.

-Ярилцсанд баярлалаа.

Видео:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 14, 2024 11:05

Бид байг�##�ийн өвс идэж байсан м�##� гэж бодоод худ�##�даж авч байгаа. иймээс одоо м�##� яг хэзээ юу хэдий хэр идсэнийг тэмдэглэх худ�##�дан авагчийг мэдээллээр хангах хэрэгтэй байна.

иргэн
иргэн
8 сар 14, 2024 11:29

АМЖИЛТ ИЙМЭРХҮҮ ХҮМҮҮСЭЭ ТӨР ДЭМЖЭЭД ӨГЧИХӨӨЧ ЭНЭ ЭМЭГТЭЙ ӨӨРӨӨ Ч ГЭСЭН ХӨӨРХӨН БҮСГҮЙ ЮМ БИ ОЧНОО САНАЛАА СОЛИЛЦОЁ

Алтай
Алтай
8 сар 14, 2024 19:10

Бид Америкийн туршлагаар эрдэнэшиш тари�##�ж фермээ дэмжих нь зүйтэй , тари�##�ах хэмжээгээ барьж байхгүй бол хөрсөндөө сайн биш л дэ

ЗочинНаяаа
ЗочинНаяаа
8 сар 15, 2024 08:52

Аль дээр үед сангын аж ахуйнууд эрдэнэ шиш тари�##�ж даршлан м�##�даа өгдөг байсан нь мартагдсан юм байна.

оогий
оогий
8 сар 15, 2024 09:19

Соц үеийн Сангийн аж ахуйнууд эрдэнэ шиш тари�##�аад дарш хийдэг байсан шүү. Том нүхэнд эрдэнэ шиш давсаа үелүүлж дэвсээд гинжтэй трактороор гишгүүлээд дарш хийж байхыг одон жил харсан. Одоо мартагдсан юм байна. Уг нь 30 гаруйхан жил өнгөрсөн шд. Ингээд тариад эхэлж байгаа нь сайн хэрэг.

Зочин
Зочин
8 сар 16, 2024 08:26
Reply to  оогий

Oyutan bhdaa gutliin UK saltal devhtsej mashinii tewshiig duurgedeg blaa

А.Батболд
А.Батболд
8 сар 21, 2024 22:32

Амжилт хүсье, тари�##��##�т хийх технологи арга туршлагаа улам их түгээн дэлгэрүүлээрэй

Содо
Содо
9 сар 20, 2024 17:23

Ажлын хөрш ах бна мундаг уран юм билээ амжилт

Зочин
Зочин
10 сар 24, 2024 22:26

Hi

Холбоотой мэдээ

Back to top button