УЛС ТӨР

Хий дамжуулах хоолой Монголоор дайрах эсэх нь ЭЦЭСЛЭГДЭЭГҮЙ!

Оросоос  нийлүүлэх хий дамжуулах хоолойг Монголын нутаг дэвсгэр дээгүүр дайруулах асуудал яригдаад олон жилийн нүүр үзэж байна. Харин саяхан энэ хоолойн өөр нэг шугамыг Монголоор дайруулах боломжийг судлах тал дээр Оросын тал бэлэн байгаагаа Монголын Ерөнхий сайдын айлчлалын үеэр илэрхийллээ. Ямар учиртай хий дамжуулах хоолой болохын тухайд ярихын өмнө энэ сарын эхээр ашиглалтад орсон “Сила Сибири” төслийн талаар цөөн үг дурдах нь зүйтэй байх.

СИБИРИЙН ХҮЧНИЙ ЭХЛЭЛ

Одоогоос таван жилийн өмнө Орос, Хятадын төрийн компаниуд болох “Газпром” болон CNPC Хятадын хойд хэсэг рүү хий нийлүүлэх тухай  гэрээг 30 жилийн хугацаатай байгуулсан юм. Улмаар 2019 оны 12 дугаар сарын хоёрны өдөр, энэ гэрээний дагуу хий нийлүүлэх “Сила Сибири” дамжуулах хоолой ашиглалтад оров.

Гэхдээ энэ нийлүүлэлт ердөө тавхан жилийн дотор яригдаад, хэрэгжчихсэн эд биш. Одоогоос 15 жилийн өмнө буюу 2004 оноос л ОХУ, БНХАУ хий дамжуулах хоолой байгуулах тухай яриа хэлэлцээрийг эхлүүлж байлаа.

Харин эцсийн тохиролцоонд хүрч чадалгүй удсан шалтгаан нь хоолойн маршруттай холбоотой санал зөрөлдөөн байв. Орос улс баруун маршрут буюу Казахстан болон Монголын дундуур Орос-Хятадын хилийн богино хэсгээр дайруулах санал гаргаж байлаа. Ингэснээр хэдийнэ ашиглагдаж буй Баруун Сибирийн орд газраас Хятад руу хий нийлүүлэх боломжтой байсан юм.

Харин Хятадын хувьд дорнод чиглэлийг хавьгүй ашигтай гэж үзсэн бөгөөд ийм чиглэлээр явуулбал гол эрэлттэй хэсгүүд рүү хийг ойрхон нийлүүлэхийн дээр Шинжаанаас Бээжин, Шанхай руу газрын тээврээр өндөр өртөгтэйгөөр хүргэх “илүүц ажил” гарахгүй гэдгээрээ давуу талтай байсан юм.  мөн Оросын санал болгож байгаа чиглэлд Хятад улс өөр хийн хоолойгоор хий авахын дээр тэр бүс нутагт өөрсдөө хий олборлодог тул нийлүүлэлтийн илүүдлийг улам нэмэхийг хүсээгүй хэрэг. Ингэж л хэлэлцээр олон жилийн хугацаанд саатсан юм.

Харин 2014 онд ОХУ Украины Крымийн хойгийг өөртөө нэгтгэснийг Барууны орнууд Украины газар нутгийн бүрэн бүтэн байдалд халдсан хэрэг гэж үзэн Оросын эсрэг хориг арга хэмжээ тавих зэргээр Орос, Барууны харилцаа муудсанаар Орос, Хятадын түншлэл эрчимжив.

Эдийн засагт нь ихээхэн цохилт өгөх хориг арга хэмжээтэй нүүр туслан Орос улс өөрсдийг нь түлхэхгүй байх орнууд руу хандаж эхэлсний нэг жишээ нь “Сила Сибири” төсөл байв.

Хориг арга хэмжээ авч эхэлсний дараахан буюу 2014 оны тавдугаар сард Орос, Хятад улс хий дамжуулах хоолойн гэрээ байгуулсан бөгөөд хэлэлцээрт хүрэхийн тулд ОХУ ихээхэн буулт хийсэн юм. Орос улс Хятадын санал болгосон дорнод чиглэлийг хүлээн зөвшөөрсний дээр байгалийн хийгээ харьцангуй бага үнээр нийлүүлэхийг зөвшөөрсөн гэж Оксфордын эрчим хүчний хүрээлэн  мэдээлж байлаа.

ӨМНӨ НЬ “МОНГОЛООС ТАТГАЛЗСАН ” БЭЭЖИН ОДОО ЯАХ БОЛ?

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр хий дамжуулах хоолойг Монголын нутаг дэвсгэр дээгүүр дайруулах асуудлыг талууд хэлэлцэн, Оросын Эрчим хүчний яам болон Газпромд энэ асуудлын боломжийг судлах ажлын хэсэг байгуулах үүрэг өгчээ. Өөрөөр хэлбэл, одоогоор Монголоор дайрах эсэх нь эцэслэн шийдэгдээгүй гэсэн үг.

Монгол “хүсэмжилж”, Орос “боломжийг судална” гээд байгаа нь “Сила Сибири-2” хэмээх хоёр дахь хий дамжуулах хоолойг хэлээд байгаа юм.  Өмнө нь энэ хоолойг Алтайн нутаг дэвсгэрээр дамжуулна гэж байсан тул “Алтай” гэж нэрлэгдэж байжээ.

Энэ хоолойг барих урьдчилсан тохиролцоог 2006 онд хийж, 2011 онд хий дамжуулахаар Путины Хятадад хийсэн айлчлалын үеэр тохирч байв. Гэхдээ санхүү болон технологийн хүндрэлүүдээс болж зогсонги байдалд орон 2014 онд “Сила Сибири-1” төслийн хамт энэ төслийн талаар гагцхүү санамж бичиг байгуулсан юм.

Монгол улс энэ хоолойг нутаг дэвсгэрээрээ дамжуулах саналыг гаргаад их удаж байгаа ч Орос улс энэ саналыг хайхралгүй өдийг хүрсэн. Мөн Казахстан ч нутаг дэвсгэрээрээ дайруулах санал гаргажээ.

Монголоор хий дамжуулах хоолойг дайруулбал ямар ашигтай талаар Коммерсантъ сонин бичихдээ “Нэгдүгээрт, Бээжин рүү хий нийлүүлэх тохиолдолд Монголын нутгаар дамжуулвал туулах зам 1 мянган км-ээр дөт байна. Хоёрдугаарт, өндөр уулсаар биш харин Монголын тэгш талаар хийн хоолойг дайруулбал өртөг багасна. Гуравдугаарт, Оросын нутаг дэвсгэр дээр хийн хоолой Ямалаас Томск хүртэл, дараа нь Красноярск, Эрхүү, Улаан-Үд рүү хүрэх бөгөөд өөрөөр хэлбэл Дорнод Сибирийн томоохон хотууд, үүний араас Монголын Улаанбаатарыг хийгээр хангах боломжтой болно. Ингэснээр Баруун Сибир, Ямалын хийг Европ болон Хятад, Алс Дорнод руу нийлүүлснээр хийн хангамжийн нэгдсэн систем утгаараа бий болох юм” гэжээ.

Монголоор хийн хоолой дайрвал манай улсад эдийн засгийн үр ашиг ямар байх талаар шинжээчид, эдийн засагчид тооцоолоод гаргаад ирэх биз.

Харин Оросын талаас манайхаар хоолой дайруулбал ямар ашигтай талаар хэвлэлүүд мэдээлэхдээ Монгол улс зардлыг хуваалцах боломжтой гэж мэдээлсэн байна. Тухайлбал Коммерсант “асар өргөн цар хүрээтэй энэ төслийн өртөг багагүй байна, харин Монгол улс хий дамжуулах хоолой байгуулах зардлын зарим хэсгийг хариуцаж болох юм. Хий дамжуулах хоолой 4,5-13,6 тэрбум доллароор босно гэсэн таамаглал бий” хэмээжээ.

Түүнчлэн Газпромын хувьд зөвхөн Хятад төдийгүй Монгол гэсэн өөр нэг худалдан авагч гарч ирж байгааг томоохон давуу тал гэж үнэлсэн байна. Монголын хэрэглэгчид 5 тэрбум куб.метр хий хэрэглэх боломжтой бол Казахстан энэ тал дээр “ялагдах” бөгөөд энэ зах зээл ердөө 1,8 тэрбум кубын хэрэгцээтэй хэмээн хэвлэлүүд мэдээлсэн байна.

Харин Хятадын хувьд ч чиглэл өөрчлөгдөх нь давуу сөрөг тал аль алиныг нь агуулж байгаа гэж зарим шинжээчид үзэж байгаа юм. Монголыг дайруулбал Хятадын хүн ам ихтэй бүс нутгууд руу шууд хүрэх давуу талтай бол Оросоос хий шууд авахгүй, Монголоор дайруулна гэдэг нь ихээхэн эрсдэлтэй гэж үзэж байгаа юм. Мөн Газпромын хувьд ч Монголын нутаг дэвсгэр дээгүүр дамжуулсны төлбөрийг төлснөөр нэмэлт зардал гарах эдийн засгийн сөрөг үр дагавартай гэж Оросын шинжээчид үзжээ.

Чухамхүү энэ эдийн засгийн үр ашгийг тооцоолох ажил эхлэхээр болсноос биш хий дамжуулах хоолой Монголоор дайрахаар болсон гэдэг нь эцэслэн тогтоогдсон факт биш. Эдийн засгийн үндэслэлийг тооцоолж, эдийн засгийн хувьд хэр үр ашигтай вэ гэдгийг тооцоолохын тулд ажлын хэсэг байгуулагдахаар болсон бөгөөд энэ хий дамжуулах хоолой нь Монголыг төдийгүй Хятадыг хийгээр хангана. Өөрөөр хэлбэл эцсийн хүрэх цэг нь БНХАУ учраас ажлын хэсэгт Хятадыг ч оролцуулан, гурван талын төлөөлөл бүхий ажлын хэсэг энэ асуудлыг судлан нэг мөр шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэх юм. 

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
suuri
suuri
2019-12-07 20:32

Tiim bailguidee 2 hurshiin dund bgaa manaih ali 1tei n yriad bolchihgui l baimaar ylanguya ene chini 2 hurshiin asuudal yvaad olon jil bolj bgaa .nuguu talaar bidend hamtraad buteen bosgoltod oroltsoh ter zardal yu bilee? Bodoh heregtei l bhdaa.

ondor nastan
ondor nastan
2019-12-08 19:13

altain uulsaar damjuulbal gazar hodloltiin buseer damjih uchraas mash ih ersdelteig hyatad uls hartalzan uzeh bh aa. nogoo ediin zasgiin koridoriin neg heseg ni yum daa.

Холбоотой мэдээ

Back to top button