Нийгмийн

С.Сугарсумьяа: ЭРСДЭЛГҮЙ татвар төлөгчийг хяналт шалгалтад ХАМРУУЛАХГҮЙ


Татварын ерөнхий газрын Эрсдлийн удирдлагын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч С.Сугарсумьяатай ярилцлаа.

-ХЯНАЛТ ШАЛГАЛТАД ХАМРУУЛАХ НЬ ТАТВАР ТӨЛӨГЧИЙГ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ НЭГ ХЭЛБЭР-

-Татварын албаны эрсдэлийн удирдлагын нэгж ямар чиг үүрэг хэрэгжүүлдэг талаар яриагаа эхлүүлье?

-Татварын албаны эрсдэлийн удирдлагын нэгж нь татварын албаны хэмжээнд эрсдэлийн удирдлагын бодлого, эрх зүйн актыг боловсруулж, мөрдүүлэх, татварын харилцаанд оролцогчийн эрсдэлийг тодорхойлж, үнэлэх, шинжлэх, эрсдэлийг хянаж удирдах, эрсдэлийн удирдлагын процессыг хянах үндсэн чиг үүрэгтэй. Татварын албанд үүсэж буй эрсдэлийг нэг талаас татвар төлөгчийн буюу гадаад эрсдэл, нөгөө талаас татварын албаны процесс үйл ажиллагаатай холбоотой дотоод эрсдэл гэж ангилж авч үздэг.
Татварын албаны эрсдэлийн удирдлага гэж татварын харилцаанд оролцогчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх үйлдэл, эс үйлдэл, нөхцөл байдлыг урьдчилан тодорхойлон шинжлэх, шалтгаан нөхцөлийг нь тогтоох, үнэлэх, улмаар шийдвэрлэх оновчтой арга замыг сонгох, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулахад чиглэсэн тасралтгүй, цогц үйл ажиллагааг хэлдэг.

-Татвар төлөгчид үүсэх эрсдэлийг ямар шалгуур үзүүлэлтээр тодорхойлж гаргадаг вэ?

-Татварын албанд татвар төлөгчийн эрсдэлийг тооцдог загвар аргачлал, шалгуур үзүүлэлтүүд байдаг. Энэ нь татварын албаны нууц мэдээллийн жагсаалтад байдаг. Татвар төлөгч татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөөгүйгээс ихээхэн хэмжээний торгууль, алданги хүлээх, ирээдүйн бизнесийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, эрх цуцлагдах, хууль тогтоомжийн дагуу эдлэх хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдаж чадахгүй болох гэх мэт эрсдэл үүсэж болно. Татвар төлөгчийн эрсдэлийг тусгайлан баталсан шалгуур үзүүлэлт, аргачлалын дагуу хөгжүүлсэн программаар тооцож, тооцсон эрсдлийн түвшинг харгалзан эрсдэл бууруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Тухайлбал: татварын хяналт шалгалтад хамруулах нь татвар төлөгчийн эрсдэлийг таслан зогсоох, бууруулах арга хэлбэрийн нэг .

-2019 оны гуравдугаар сард Татварын багц хууль шинэчлэгдэн батлагдсан. 2020 оны нэгдүгээр сард хэрэгжиж эхлэх гэж байна. Энэ хуулинд эрсдэлийн удирдлагатай холбоотой зүйл заалтууд цоо шинээр орж ирсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Шинэчлэн батлагдсан татварын багц хууль 2020 оны 01 сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Татварын Ерөнхий хуулийн 8 дугаар бүлэг “Эрсдэлийн удирдлага” гэсэн бүлгийн 35 дугаар зүйлд татварын албаны эрсдэлийн удирдлагын эрх зүйн зохицуулалтыг тодорхойлсон байгаа. Энэ хууль батлагдахаас өмнө Татварын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан дотооддоо мөрдөх журмын хүрээнд эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Татварын албанд эрсдэлийн удирлагыг ямар зарчим баримталж, ямар үе шаттайгаар хэрэгжүүлэх вэ, татварын харилцаанд оролцогчийн эрсдэлийг хэрхэн тооцох, эрсдэл тооцсон үр дүнг юунд ашиглах талаар тодорхой зохицуулалтыг оруулж өгсөн байгаа. Шинэчлэн батлагдсан татварын багц хуулинд эрсдэлийн удирдлагын шинэ зохицуулалтаас гадна татвар төлөгчдийн үйл ажиллагааг дэмжсэн зүйл заалтууд ч шинээр орж ирсэн байгаа.

-ЭРСДЭЛ БАГАТАЙ ТАТВАР ТӨЛӨГЧИЙГ ШАЛГАЛТАД ХАМРУУЛАХГҮЙ-

-Тухайлбал?

-Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 10-т “Эрсдэлийн үнэлгээ, шинжилгээнд үндэслэн татварын хяналт шалгалтад хамруулах татвар төлөгчийг сонгоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл: Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд үндэслэн татвар төлөгчийн бүртгэлийн, тайлагналын, ногдуулалтын, төлөлтийн гэх мэт үзүүлэлтээр татвар төлөгчийн эрсдэлийг тодорхойлж, эрсдэл бүхий татвар төлөгчийг татварын хяналт шалгалтад хамруулахаар зохицуулалт орж ирсэн.
Мөн татвар төлөгчийн эрсдэлийг тооцоход гуравдагч этгээдээс цуглуулсан хөндлөнгийн мэдээллийг ашигладаг байгаа. ТЕХ-ийн шинэчилсэн найруулгын 34 дүгээр зүйлд бусад байгууллагаас мэдээлэл авч ашиглах үйл ажиллагааг хуульчилж өгсөн. Энэ заалтад татварын алба төрийн болон төрийн бус байгууллагаас шаардлагатай бүхий л мэдээллийг авч ашиглахаар зохицуулсан. Тэгэхээр татвар төлөгч нартаа хандаж хэлэхэд, Санхүү,татварын тайланд тусгагдаагүй аливаа үйл ажиллагаа, хөрөнгө, орлого, зардал нь татварын албаны хөндлөнгийн мэдээллийн санд бүртгэгдсэн байх тул өнөөдөр орлого, зардлаа буруу, дутуу тайлагнаж, бага татвар төлөхөөр байгаа ч дараагийн удаа таны мэдээлэл хөндлөнгийн мэдээллээр илэрч нөхөн татвар, алданги, торгууль хүлээх өндөр эрсдэлтэй тул бизнесийн үйл ажиллагаагаа эрсдэлээс хамгаалж, санхүү, татварын тайлангаа үнэн зөвөөр тайлагнаж хэвшихийг уриалъя.

-Эрсдэлийн үнэлгээ ямар гарвал хяналт шалгалтад хамруулах вэ?

-Мэдээж эрсдэлийн түвшин өндөртэй татвар төлөгчийг хяналт шалгалтад хамруулна. Татварын албанд эрсдэлийн түвшинг хүлээн зөвшөөрөх, бага, дунд, өндөр гэсэн 4 түвшингээр ангилж авч үздэг. Жижиг бичил сегментийн бага буюу хүлээн зөвшөөрөх эрсдэлтэй татвар төлөгчийг заавал шалгах шаардлагагүй.
ТЕХ-ийн 41 дүгээр зүйлийн 41.4-т татвар төлөгчийн эрсдэлийн үнэлгээнд эсхүл татвар төлөгчийн хүсэлтээр л татвар төлөгчийг хяналт шалгалтад хамруулах заалт орсон. Энэ нь эрсдэл багатай татвар төлөгчид татварын хяналт шалгалт хийхгүй л гэсэн үг.

-Та сая жижиг, бичил сегмент гэлээ. Үүнийг татвар төлөгчийн ангилал гэж ойлгож болох уу? Татвар төлөгчдийг хэрхэн ангилдаг вэ. Үүнээсээ хамаарч эрсдэл нь мөн ялгаатай тооцогдох уу?

-Тийм. Татвар төлөгчийг том, дунд, жижиг, бичил гэсэн дөрвөн сегментээр ангилдаг. Татвар төлөгчийн эрсдэлийг тусгайлан баталсан шалгуур үзүүлэлтээр сегмент тус бүрээр ялгаатай тооцож, тухайн сегментэд тохирсон хууль мөрдөлтийг сайжруулах стратегийг хэрэгжүүлж байна. Цаашид эрсдэл багатай, ялангуяа жижиг, бичил сегментийн татвар төлөгчдийг аль болох хяналт шалгалтад хамруулахгүй байх бодлого барьж байна. Шаардлагатай гэж үзвэл ТЕХ-ийн шинэчилсэн найруулгын 41 дүгээр зүйлийн 41.3-т заасны дагуу эрсдэлийн үнэлгээнд үндэслэн хялбаршуулсан хяналт шалгалтад хамруулж болно.

-УУЛ УУРХАЙ, АШИГТ МАЛТМАЛЫН САЛБАРЫН ТАТВАР ТӨЛӨГЧИД ХАМГИЙН ЭРСДЭЛ ӨНДӨРТЭЙ-

Татварын алба эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэхээс өмнө хяналт шалгалтыг хэрхэн хэрэгжүүлж байв?

-Татвар төлөгчийг сегментээр ангилаагүй, эрсдэлийн үнэлгээ хийдэггүй энэ үед тойргийн буюу хамгийн багадаа таван жилд нэг удаа шалгасан байх зарчмаар уламжлалт иж бүрэн татварын хяналт шалгалтыг хэрэгжүүлж ирсэн. Үүнд, асар их цаг хугацаа, санхүү, хүний нөөцийг зарж, үр дүн багатай ажиллаж ирсэн. Харин шинэчлэн найруулсан татварын багц хууль хэрэгжиж эхэлснээр жижиг, бичил сегментийн татвар төлөгч буюу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжсэн зүйл заалтууд нилээдгүй хэрэгжиж, татварын таатай орчин бүрдэж байгааг хэлэхэд таатай байна.

-Сүүлийн жилүүдэд аль салбарт үйл ажиллагаа явуулж буй татвар төлөгчийн эрсдэл өндөр гарч байв?

-Сүүлийн хоёр жилийн эрсдэлийн үнэлгээнээс харахад уул уурхайн салбарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий татвар төлөгчид хамгийн өндөр эрсдэлтэй гарч байлаа. Мөн барилгын болон банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа буй татвар төлөгчид эрсдэл өндөртэй гэж гардаг.

-Татвар төлөгчийг эрсдэлээс хамгаалах чиглэлээр юуг анхаарах вэ?

-Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг бүрдүүлж, татвар төлөх, тайлагнах хуулийн хугацаанд татвараа үнэн зөв тодорхойлоход анхаарах.
Татварын хууль тогтоомжийн мэдлэгээ тогтмол сайжруулж, татварын хууль тогтоомж зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдлийг дэмжихээс татгалзах /Тухайлбал: НӨАТ-ын хуурамч падаан борлуулалтаас сэргийлэх/
И баримт олгохгүй хувь хүн хуулийн этгээдийг и бримт олгох талаар шаардлага тавих, эс зөвшөөрсөн тохиолдолд татварын албанд мэдээлэх
Нягтлан бодох бүртгэлийг стандартын дагуу хөтлөх
Татварын албанаас зохион байгуулж буй татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх сургалтад тухай бүр хамрагдаж, мэдээ, мэдээллийг тогтмол авч хэвших гэх мэт асуудлыг анхаарах хэрэгтэй.

-Танд татвар төлөгч нартаа хандаж хэлэх үг байна уу?

Татварын багц хууль шинэчлэн батлагдсан түүхэн үед монгол улсын төрийн сан хөмрөгийг бүрдүүлэх их үйлсэд хамтран зүтгэж буй нийт татвар төлөгчиддөө эрсдэлгүй ирээдүйн төлөө хамтран ажиллаж, и баримтаа хэвлэж сурцгаая гэж уриалаад таны биенес өргөжин тэлж, өөдлөн дэвжих болтугай гэж ерөөе.

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-12-07 11:04

Ene daramtaldagiig ni meddeg bsan yum bn daa

Зочин
Зочин
2019-12-07 13:40

Зах дээр наймаа хийдэг худ�##�даачид, мах, жимс ногоо, машины ченжууд, ТҮЦ-ийн худ�##�даачид. за тэгээд м�##�чид энэ тэр гээд татвар төлдөггүй хичнээн хүн байдаг бол?

Холбоотой мэдээ

Back to top button