Top StoriesНИЙГЭМ

Гавьяат багш Р.Магсар: Багшийн ажил цагаан мөртэй, өнөөдөр, маргаашдаа олон төгрөг олохгүй ч алс ирээдүйд буян дууддаг

Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын гавьяат багш цол, тэмдгээр энгэрээ мялаасан Р.Магсартай ярилцлаа. Тэрбээр энэ 40 жилийн хугацаанд 10,000 гаруй шавь бэлтгэсэн. Түүнийг энэ замд аав нь анхлан хөтөлжээ.

-Би айлын зургаа дахь хүүхэд болж мэндэлсэн. Бид эцэг эхээс наймуулаа-

-Таны хүүхэд нас хаана өнгөрсөн бэ, дурсамж сөхвөл?

Миний хүүхэд нас одоогийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Хужирт багтай холбоотой. Хужирт багийн малчин Равдангийн зургаа дахь хүүхэд болж мэндэлсэн. Хүүхэд ахуй үе маань аав ээждээ тусалж, мал маллаж хөдөө өнгөрсөн. Миний хувьд эцэг эхээс наймуулаа. Би дээрээсээ зургаа дахь, доороосоо хоёр дахь хүүхэд нь юм. 

Дээрээ олон ах, эгчтэй байна гэдэг их гоё. Олон хүний хайр, энхрийлэл, халамж дунд өсдөг. Нөгөө утгаар олон хүний дарамтад байдаг /инээв/. Ах эгчээрээ л сурган хүмүүжүүлж, бараг аав ээжийн оролцоогүйгээр өссөн. Одоо бол ах эгч маань намайг их зөв хүмүүжүүлжээ гэж бодож явдаг. Аав маань их олон тэмээтэй, тэмээгээрээ нутгийнхаа айлуудыг нүүлгэж тусалдаг тийм хүн байлаа.

-Олуулаа өсжээ. Сумынхаа сургуульд элсэж байв уу?

-1970 онд Цагаан-Уул сумын найман жилийн дунд сургуулийн нэгдүгээр ангид элсэж байлаа. Ингээд 1978 онд 26-уулаа наймдугаар ангиа төгссөн. Тухайн үед төгсөөд техникумд, МСҮТ-д явах нь яваад үлдсэн нь 10 жилд хуваарилагддаг байсан. Ингэхдээ сурлага, хүмүүжлээрээ гайгүй манлайлдаг, тэргүүний гэгддэг хүүхдүүд нь 10 жилд дэвшин суралцдаг. Харин хамгийн сайн хүүхдүүд нь наймдугаар ангиа төгсөөд техникумд явдаг байлаа. 

-Та тухайн үед ямар сонголт хийж байв? 

-Миний хувьд наймдугаар ангиа сайн, амжилттай төгссөн. Тухайн үед багш маань намайг есдүгээр ангид үргэлжлүүлэн суралцаж аравдугаар ангиа төгсөөд их, дээд сургуульд элсэх ёстой хүүхэд шүү гэж хэлж, зөвлөсөн. Ингээд би есдүгээр ангид элссэн дээ. Тухайн үед биднийг наймдугаар анги төгсөх жил манай сум ахлах сургууль болсон. Өөрөөр хэлбэл аймгийн төвд очиж сургуульд суух шаардлагагүй сумандаа 10 дугаар ангиа төгсөх боломжтой болж байлаа. Бидэнд сургуулийнхаа  анхны 10 дугаар ангийг төгсөх боломж гарсан нь энэ. Тэр үед 10 дугаар ангид их сайн сурлагатай хүүхдүүд суралцах ёстой гэдэг сургуулийн бодлого ч хэрэгжсэн байх, дээд удирдах газраас ч тийм чиглэл өгсөн байх. Бид ч сайн суралцсан. Төгсөөд гадаадын болон дотоодынхоо их дээд сургуулиудад хуваарь авсан даа. 

-Аав маань нэгдүгээр улирлаас эхлээд онц сурвал тав, сайн бол дөрөв, дунд сурвал гурав, муу сурвал хоёр төгрөгөөр урамшуулдаг байсан-

-Хэрэв Цагаан-Уул сумын сургууль 10 жилийн сургалттай болж өргөжөөгүй бол та хэд маань хаана очиж суралцах байсан бэ?

-Аймгийн төв мөрөнд суралцана. 10 жилийн сургалттай болохоос өмнө манай дээд үеийнхэн дандаа аймагт очиж төгсдөг байсан. Түүнтэй адил бид ч гэсэн есдүгээр ангиасаа аймагтаа очиж сурна шүү дээ.

-Таныг сурагч байх тэр үед бүх хүүхэд их, дээд сургуульд явах сонголтыг хийдэггүй байсан байх. Ялангуяа малчин болсон хүмүүс олон гэж бодож байна. Нөгөө талаар нэг айлын найман хүүхэд наймуулаа дээд боловсрол эзэмших боломжгүй байсан цаг үе шүү дээ. Таны аав, ээж энэ тал дээр хэрхэн чиглүүлж байв?

-Манай аав өөрөө ном, эрдмийг их дээдэлдэг. Тэр үедээ уйгаржин босоо бичигтэй, төвөдийн уншлагатай, шинэ бичигтэй хүн байсан. Аав маань нэгдүгээр ангиас эхлээд урамшуулдаг байлаа. Нэгдүгээр улирлаас эхлээд онц сурвал тав, сайн бол дөрөв, дунд сурвал гурав, муу сурвал хоёр төгрөг өгнө. Би нэгдүгээр ангидаа дунд сурдаг байсан учраас ааваас гурван төгрөг авдаг, хэзээ онц сурч таван төгрөг болох юм бол доо гэж боддог тийм л хүүхэд явлаа. Тун удалгүй гуравдугаар ангиасаа эхлээд таван төгрөг авдаг болсон доо. 

-Цаагуураа бол хүүхдээ сайн сураад, эрдэм номтой хүн болоосой гэсэн аав хүний дотоод тээш байжээ?

-Тэгэлгүй яах вэ. Миний аав тооцоолон бодох чадвар их сайтай, агент ч хийж байсан. Мал, тэмээ хариулж байхдаа дандаа аварга малчин болж байсан хөдөлмөрч хүн. Биднийг ном сур, шатар сур гэх байдлаар сэтгэн бодох чадварт нь их анхаардаг. Өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг байлаа. Тухайн үед аав, ээжээсээ их айж, эмээдэг ч байж. 

Ээж минь халамж их сайтай. Бүх хүүхдээ эх хүний сайхан хайр, халамжаар өсгөж хүмүүжүүлсэн. Эргээд бодоход аав, ээжийгээ уурлуулж, гомдоож байсан нь олон байх. Угаас ачийг нь барах биш дээ. Дээд тэнгэрээс харж байгаа байх л гэж бодож, залбирч явдаг. 

-Бид байхгүй болсон нэгнээ тэнгэрээс харж байгаа гэж ярьж, түүндээ итгэж хүч авдаг хүмүүс шүү дээ. Та ч бас яриандаа дурдлаа. Ижий, аавыгаа амьдад нь гэж боддог харуусал бий юу?

-Байлгүй яах вэ. Амьдралд аав минь, ээж минь байсан бол гэж бодогдох, санах, үгүйлэх үе зөндөө шүү дээ. Жишээ нь  би боловсролын докторын зэрэг хамгаалчхаад муу ижий, аав минь байсан бол гэж бодож байлаа. Дараа нь Монгол Улсын гавьяат багш болоход ч ингэж л бодогдсон. 

-Математикийн хичээл өөрийгөө эргэцүүлэх, шүүмжлэлтэй хандах, бүтээлч байхыг шаарддаг болсон-

-Баяр наадмын босгон дээр Монгол Улсын гавьяат багш гэж үнэ, хүндтэй цолоор энгэрээ мялаасан. Тухайн үеийн сэтгэл, мэдрэмжийн тухайд?

-Тухайн үед баярлаад, юу билээ гэж бодогдоод хүн чинь их тэвддэг юм байна лээ. Олон мянган шавь нар, салбарын хамт олон, ижий аав, төрсөн нутгийн уул ус гээд л миний хамаатай бүх зүйл эргэн бодогдсон тийм мөчүүд байлаа. Энэ их өндөр шагнал дан ганц миний биш бүх хүний оролцоотойгоор энгэрт маань ирсэн учраас цаашид дааж явах л чухал шүү гэж өөрт бодогдсон шүү. 

-Математик амаргүй. Ойлгосон хүндээ л хялбар болж хувирдаг байх. Таны дурлах, сонирхох болсон шалтгаан юу байв?

-Бага ангид байхдаа тооныхоо хичээлд их сайн хүүхэд байсан юм. Голцуу энэ хичээлийнхээ даалгаврыг хийдэг. Багшийг самбарт бичингүүт хариуг нь тавьчихдаг, хурдан боддог байсан. Хүн угаас өөрийн чадаж байгаа зүйлдээ хөтлөгдөж, цааш хөгжих сууриа болгодог шүү дээ. Түүний л адил. Багш мэргэжлийг сонгохын тухайд надад хичээл зааж байсан олон хүнээс үлгэр, дуурайл авдаг байсан. Тэд ч их чадвартай байлаа. Тиймээс тэдэн шиг сайн багш болохоор шийдсэн. 

Математик бол суурь шинжлэх ухаан. Аль эртнээс математик бүх шинжлэх ухааны хаан ч гэдэг юм уу ийм байдлаар тодорхойлоод, хэлчихсэн байдаг. 

Тухайн үед математик тооцоолол хөгжүүлэх, хүүхдийн сэтгэлгээг хөгжүүлэх чиглэл рүү байлаа. Харин сүүлийн үед математик асуудлыг шийдэх, сэтгэн бодох чадварыг дээшлүүлэх, өнөөдрийн тодорхойгүй энэ цаг үед тодорхой асуудлыг олон өөр аргаар шийдвэрлэх, тэр арга замуудаасаа хамгийн оновчтой, олон түмэнд ээлтэй, эрдэлгүй арга замыг нь сонгодог тийм чадвартай болоход л чиглэн хөгжиж байна. 

Сүүлийн үед хиймэл оюун ухаан, IT чиглэл өндөр хөгжиж байна. Үүний гол суурь ерөөсөө л математик шүү дээ. Математикгүй бол энэ хиймэл оюун ухаан, мэдээлэл харилцааны үсрэнгүй хөгжилд хөл нийлж, мөр зэрэгцэн ажиллах боломжгүй. Нөгөө талаас энэ үсрэнгүй хөгжил зарим ажил мэргэжлийг байхгүй болгож байна. Тэр ч байтугай ирээдүйд одоогийн ажил мэргэжлийн 60-аад хувь нь байхгүй болно гэж судалгаа гарсан байдаг. Энэ нь хүмүүс ор тас ажилгүй болчихно гэсэн үг биш. Харин энэ хөгжлийг дагаад шинэ, өөр өөр ажлын байрнууд бий болно гэсэн санаа. Эдгээр ажлын байр дандаа хиймэл оюун ухаан, мэдээлэл харилцааны технологид үндэслэсэн мэргэжилтэй хүнийг хайна, авна.

Энэ мэргэжлүүдийн суурь нь математик. Өмнө нь алгоритмчилсан сэтгэлгээ буюу тодорхой нэг дүрэм томъёо мэддэг бол дээр нь орлуулж тавиад онц дүн аваад байдаг байсан бол одоо тийм биш болсон. Зүгээр л ямар ч хүн гар утсан дээрээ аппликейшн суулгаад стандарт бодлогуудын хариуг гаргачхаж байна. Тэгэхээр математикийн зорилго, агуулга, чиглэл өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл, аливаа хүний сэтгэн бодох чадвар, өөрийгөө эргэцүүлэх, шүүмжлэлтэй хандах, бүтээлч байх чиглэл рүү орж байна. Тиймээс энэ хичээлийн агуулга, арга зүй ч үүнийгээ дагаад өөрчлөгдөж буй. Мөн математикийн хичээлд хандах хандлага ч өөрчлөгдөх чиглэлд очоод байна л даа. 

-МУБИС-д хэдэн онд элсэв, төгсөөд сумандаа очиж багшилсан шүү дээ. Нутгаа зорьсон шалтгаан юу байсан бол? 

-Миний ажил, амьдрал их сонин. Тодорхой үе шатыг бүгдийг нь дамжсан. МУБИС-ийн математикийн ангийг 1984 онд эхнэртэйгээ цуг төгссөн. Төгсөөд Хөвсгөл аймгийн баруун хойд хязгаар болох Цэцэрлэг сумын найман жилийн сургуульд багшаар томилогдож очоод гурван жил ажилласан. Очоод шинэ багш тавдугаар ангийг хүүхдүүд дааж аваад төгсгөсөн. Тухайн үед хамгийн дүрсгүй, хөдөлгөөнтэй хүүхдүүдтэй ангийг надад даалгаж өгөөд анхны шавь нартайгаа гурван жил сайхан ажилласан. Ингээд 1987 онд өөрийн төрөлх сум Цагаан-Уулынхаа 10 жилийн сургуульд багшаар, эхнэртэйгээ хамт очиж байлаа. Цагаан-Уулд 10 жил багшилсны дараа ээж маань нас барсан. Ээж маань нас барчихсан болохоор ном эрдмээ дээшлүүлье гэж шийдээд хотод ирсэн. Ирээд 82 дугаар сургуульд хичээлийн эрхлэгчээр ажиллаад, магистр болсон. Үүнийхээ дараа докторантад 2005 онд элсэж 2009 онд докторын зэргээ хамгаалаад МУБИС-ийн Багшийн сургуульд математикийн багшаар ажилд орсон. Үүнээс хойш сургуулийнхаа багшийн сургуулийн Математик, байгалийн ухааны тэнхимд математикийн багш, тэнхимийн эрхлэгч зэрэг ажлуудыг хийж ирсэн түүх бий. 

-Багшийн ажил өөрөө их цагаан мөртэй. Өнөөдөр, маргаашдаа их олон төгрөг, мөнгө олoхгүй ч алс ирээдүйдээ их буянтай ажил-

-Төгсөөд шууд хол сумын сургуульд багшлах хэцүү байв уу, эхнэртэйгээ хамт явжээ? 

-Би өөрөө хөдөөний хүүхэд байсан болохоор сайхан санагдсан. Тухайн үед Цэцэрлэг сумын найман жилийн сургууль аймгийн тэргүүний сургууль байлаа. Тэр чигээрээ эко, ногоон сургууль байсан. Багш нарын контор 60 дугаар байр гээд сургуулийнхаа урд байдаг намхан байранд амьдарсан. Их нам гүм ээ. Цас их ордог учраас агаар сайхантай. Тийм л орчинд байсан. Тухайн үед орос номоор эх сурвалжаа хийж, тэндээсээ заах хичээл, бодлогуудаа судалж авдаг байж билээ. Ярих хүн цөөн учраас төвлөрөх, дотроо бясалгах цаг ихтэй. Залуу багш учир хоёрдогч хэлнээс олж авсан зүйлсээ зааж байгаа хичээлдээ хэрхэн шингээвэл зүгээр вэ гэдэг ч юм уу ингэж л ажилладаг байсан. 

Анх хүүхдүүдэд өгүүлбэртэй бодлого бодуулахдаа нэг бодлогыг олон аргаар бодуулъя гэдэг зорилготой. Тэр үед нэг бодлогыг 2-3 аргаар бодуулж эхэлсэн. Үүнээс хойш энэ судалгаагаараа явж явж судлаач, эрдэмтэн хүч ч боллоо, гавьяат багш ч боллоо. Ингээд харахаар хүний зөв эхлүүлсэн ажил, олж харсан зүйл хожим ийм амжилтад хөтөлдөг юм байна гэж бодогдсон. 

-Таны дуралсан салбар өөрийг чинь юм юмтай болгожээ. Эхнэртэйгээ хүртэл оюутан ахуйдаа, бүр нэг ангид учирдаг?

-Тийм шүү. Бид хоёр 1980 онд МУИС-ийн математикийн ангид хоёулаа оюутан болж ирсэн. Эхнэр маань Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас, би Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас ирж байсан. 1983 онд биенээ сайн мэддэг, 1984 оноос нэг гэрт орж амьдралаа холбосон. Хоёулаа тоогоо бодоод, бие биеэ нөхөж гүйцээгээд явдаг байсан. Ялангуяа хөдөө нэг мэргэжлийн хоёр багш гэр бүл байна гэдэг нэг төрлийн аз завшаан, жаргал шүү дээ. Тэр их хамтын зүтгэлээр, үр нөлөөгөөр хэн хэн маань сайжирсан. Их онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж хэлнэ. 

-Хувийн амьдралаа холбоод хэдэн жил болж байна, хүүхдүүдийн тухайд? 

-1984 онд гэр бүл болсон. 40 жил өнгөрчээ. Бид нэг хүү, нэг охинтой. Охин 1985 онд, хүү маань 1987 онд төрсөн. Хөгшин бид хоёр одоо дөрвөн ач, дөрвөн зээтэй. Олуулаа болоод сайхан байна. Амьдрал ахуй нь тэгшрээд ч ирлээ. Багшийн ажил өөрөө их цагаан мөртэй. Өнөөдөр, маргаашдаа их олон төгрөг, мөнгө олж ирэхгүй ч гэсэн алс ирээдүйдээ их буянтай ажил үйлс юм. Насаараа энэ мэргэжлээр ажилласны хүчинд төр засаг маань ч үнэллээ. Хамт ажилласан, хажууд минь байсан, надаар хичээл заалгасан, надаас суралцсан, намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ц. Эрдэнэбат
Ц. Эрдэнэбат
8 сар 20, 2024 08:54

Миний үеийнхэн байна. Эхнэрийг нь хэн гэдэг юм бол?...ккк
Би Дорноговь аймгийн Сүмбэр сумын 10-н жилийн дунд сургууль төгссөн. Эхнэр нь Д�##�анжарг�##�ан сумынх бол манай сургуульд сур�##�цаж байсан байх нь. Тэгээд л таньж магадгүй...ккк

Зочин
Зочин
8 сар 20, 2024 14:15

Их буянтай ажил мэргэжил шүү, үр шим нь хойноо л гардаг, цагаан мөртэй сайхан ажил.

Нараа
Нараа
8 сар 20, 2024 19:32

Миний багш ч �##�т шиг хүн дээ. Тоог бодуулах гэж мөн ч нарийн аргаар үздэг байсан хүн дээ.

Сундуй О
Сундуй О
8 сар 23, 2024 13:35

Магсар багш бол математикийг уран зохиол шиг амттай болгодог хүн дэээ

Мөнхдэлгэр
Мөнхдэлгэр
8 сар 23, 2024 16:29

багшийнхаа хэлсэн амттай бодлого гэдгийг одоо шавь нартаа үргэлжлүүлж үлдээгээд л явж байга даа. Шүүмжлэх нь хүртэл уурлуулах биш ухааруулж байдаг сайн багш шүү. Таньдаа х�##�уун баяр хүргэе ????????????????????????

Холбоотой мэдээ

Back to top button