Папилома вирусийн эсрэг вакциныг 11 настнуудад 10-р сард хийхээр товложээ
Папилома вирусийн эсрэг вакциныг ирэх аравдугаар сард хийх товлол үндэсний хэмжээний дархлаажуулалтын хөтөлбөрт оржээ.
Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг Монгол Улс 2020 оноос сайн дурын үндсэн дээр ХӨСҮТ-д хийдэг байсан бол 2023 оны 10-р сард дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, заавал хийх вакцинд багтаасан.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12-р сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдэд хийхээр тусгасан. 2024 оны намраас охид, хөвгүүдэд товлолын дагуу папиллома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг хийж эхлэхээр төлөвлөсөн бөгөөд зааврын дагуу хийх ёстой бусад насныхны сайн дурын дархлаажуулалт ХӨСҮТ-д хэвийн үргэлжилнэ.
Хүний папилома вирус гэж юу вэ. Заавал бэлгийн замаар халддаг халдвар уу?
Монголоор хүний хөхөнцөр вирус ч гэж нэрлэдэг. Дэлхий дээр хамгийн өргөн тархсан вирусүүдийн нэг. Одоогоор 100 гаруй төрөл зүйл шинжлэх ухаанд мэдэгдэж байгаагаас 40 орчим төрөл нь бэлгийн замаар халддаг. Эдгээр 100 орчим төрлийг эмнэлгийн хэллэгээр хэв шинж гэдэг. 6 болон 11 дүгээр хэв шинжээр нь бэлгийн үү үүсгэгддэг бол 16, 18, 31, 33, 52, 58 дугаар хэв шинжүүдээр умайн хүзүүний хорт хавдар үүсгэгддэг байх жишээтэй. Эдгээр нь ихэнх тохиолдолд бэлгийн замаар халддаг учраас бэлгийн ид идэвхтэй амьдралтай байгаа залууст түгээмэл тохиолддог.
Мөн агаар дусал, ахуйн хавьтлаар халдах боломжтой. Бид нар гарын үү, хөлийн эвэр гэж ярьдаг. Эдгээр нь папилома вирусийн 1 дүгээр хэв шинжээр үүсгэгддэг юм.
Шинж тэмдэг нь ямар хэлбэрээр илэрдэг вэ?
Бэлгийн үүний хувьд халдвар авчихсан мөртлөө тухайн хүнийхээ онцлогоос шалтгаалаад дунджаар 1-8 сар, дээшээгээ хэчнээн ч жил шинж тэмдэг илрэхгүйгээр явах боломжтой. Эмэгтэй хүний хувьд гадна бэлэг эрхтэн буюу гэмтсэн арьс салстаар нэвтэрч орсон бол яг тэр хэсгээрээ бэлгийн үү гарч илэрнэ. Эрэгтэй хүний хувьд мөн адил бэлэг эрхтэн, цавь, умдаг хавиар жижиг хэлбэртэй ургацагууд гарч эхэлдэг. Шинжилгээгээр яг ямар эд эрхтэн, эсүүдэд орсныг мэдэх бүрэн боломжтой.
Папиллома вирусийн эсрэг уг вакцин хавдраас сэргийлж буй нь нэгэнт нотлогдсон тул манай улс 2022 оноос ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажулалтын кабинетэд уг вакциныг төлбөртэй хийж эхэлсэн. 9-15 насны бэлгийн харьцаанд ороогүй охид вакцин хийлгэх ба зургаан сарын зайтай хоёр тун хийлгэвэл ирээдүйд умайн хүзүүний болон бусад хавдраас сэргийлэх боломжтой. Насанд хүрсэн хүн ч шинжилгээ өгөөд папиллома вирусийн халдваргүй бол вакцин хийлгэх болох юм байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Za hudlaa shuu