Нийгэм мэдээ

Хуулийн мэдлэгт #6: Сэтгэцэд учирсан хохирлыг мөнгөн дүнгээр тооцох нь

2022 онд Шүүх шинжилгээний тухай хууль шинэчлэн батлагдсанаар гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоож, мөнгөн дүнгээр тооцож гаргах боломжтой болсон нь хүний эрхийг дээдэлсэн, иргэд рүүгээ чиглэсэн хууль зүйн шинэчлэл болсон гэж хэлж болно.

Үүнийг дагаад Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын хавсралтууд батлагдан гарч, холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлтүүд орсноор дээрх хууль зүйн шинэчлэл хэрэгжих боломжтой болсны дээр шийдвэрлэгдэж буй хэргүүдэд хохирогч өөрт учирсан сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр тооцон авч байгаад иргэдийн зүгээс талархалтай байна.

Одоогоор Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 84 гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох боломжтой болсон юм.

Хор уршгийн зэрэглэлийг тогтоохдоо гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ гэж нарийвчлан заажээ. [1]

Журамд ийм зохицуулалт оруулснаараа Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Залилах, Мал хулгайлах, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас хохирсон иргэд  өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ хүснэгтэд заасны дагуу тогтоолгож, мөнгөн хэлбэрээр хохирлоо гаргуулан авах боломжтой болсон байна. [2]

Харин шинжлүүлэгч нь дээрх хүснэгтэд заасан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол шинжилгээний байгууллагаар тогтоолгож болохоор зохицуулагдсан нь оролцогчийн эрхийг хангахад чиглэсэн уян хатан зохицуулалт болжээ.

 Түүнчлэн  гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүн нь сэтгэцэд учирсан хор уршигийн хохирлоо Иргэний хуульд  зааснаар буруутай этгээдээс гаргуулах  боломжтой болжээ. [3]

Тодруулбал Иргэний хуульд “гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан. [4]

Харин “гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлж тогтооно” [5] гэж тус тус заасан нь хохирогчийн эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд ахиц гаргасан зохицуулалт болсон  гэж үзэхээр байна.  

Мэдээллийг бэлтгэсэн: Өмгөөллийн “Авалон Лекс” ХХК

Хууль зүйн оновчтой шийдлийг танд хүргэнэ.

Эх сурвалж:

[1] “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг

[2] “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн 2.1.1-2.1.5

[3] “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэг, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5

[4] Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэг

[5] Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4 дэх хэсэг

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-08-28 20:14

Сэтгэцэд учирсан хохирол биш сэтгэл санааны хохи рол гэвэл зүгээр юмуу.

Холбоотой мэдээ

Back to top button