"Цам багийг бүтээх нь бизнес биш соёлоо таниулж буй нэг хэлбэр"
Монголын урчуудын эвлэлийн хороонд өнөөдөр буюу есдүгээр сарын 04-ны өдөр “THE MASK” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тухайн үзэсгэлэн цаашид дэлхийн бусад орнуудаар тойрох, Монгол цамыг сурталчлан таниулах зорилготой юм. Бид тус үзэсгэлэнгээс дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Биднийг очих үед МУЭ хорооны үзэсгэлэнгийн танхимд цамын баг дэглэгдэн гарч, воркшоп зохион байгуулагдаж байлаа. Цааш орж үзвэл урлангийн төв хэсэгт тайз засаж, урд хэсэгт нь 30-аад сандлыг эгнүүлэн тавьсан харагдлаа. Төд удалгүй Монголын хийгээд гадаад улсаас ирсэн зочид суудлаа эзлэх үед цам багийн төсөл нээлтээ хийв. Тус багийн талаарх мэдээлэл, цамын бүжиг, ятгын тоглолт зэргийг толилуулсны дараагаар воркшоп-д ирсэн зочид цам багийг ойроос харж, урлаж,зарим нь толгойдоо углан зургаа даруулж харагдлаа.
Бид тухайн үзэсгэлэнг санаачлагч, уран бүтээлч Н.Ганхуягтай ярилцлаа.
-Хэзээнээс тус уран бүтээлийг хийж эхэлсэн бэ?
-Миний хувьд хүүхэд байхаасаа цам баг бүтээж, уран бүтээлийн гараагаа эхэлж байсан. Улмаар 1990-ээд онд бурхан шашин дэлгэрч зан үйлийн дагуу баг цам сэргэсэнтэй холбоотойгоор бүтээлээ эхлүүлсэн. Үүний дараагаар 1997-2007 оны хооронд “Хүрээ Цам 108” бүтээлээ Монголд 1937 оноос хойш анхлан сэргээн гаргаж байв. Дараагийн томоохон төсөл бол одоо нээлтээ хийж буй “THE MASK” баг, цамыг дэлхийд таниулах энэ цогц ажил болж байна. Миний хувьд Монгол Улсын соёлын элч бөгөөд АНУ-д ажиллаж амьдарч буй.
-Төслийн нээлтийн тухай?
-Энэ удаад Тайланд улсын гэрэл зурагчин, МУ-ын Соёлын Элч Jatenipat Ketpradit aka JKBoy Хүрээ Цамын соёл, ёс заншлыг сонирхогч Тайландын багийхантай хүрэлцэн ирсэн бөгөөд өчигдөр буюу 9-р сарын 2-ны өдөр жил бүр уламжлалт ёсоор гардаг Цамын зан үйлийг үзсэн юм.
Харин өнөөдөр “Чойжин ламын сүм музей”-д Монголын хосгүй үнэт бүтээлүүдтэй танилцаж, МУЭ хорооны үзэсгэлэнгийн танхимд бидний зохилн байшуулж буй цамын баг, хувцас хэрэглэлийг урлан хийх зүү ороох, зээгт наамал, цаасан шуумал зэрэг арга танилцуулах үзүүлэн сургалттай Тайландын багийхан танилцлаа.
Энэ хүрээнд The MASK төсөл, дэлгэцийн бүтээл, брэнд бүтээгдэхүүн бүхий төслийнхөө нээлтийг зохион байгуулан танилцууллаа. Хүрээ цам төсөл цаашид дан ганц үзэсгэлэн хэлбэрээр бус өргөжиж өөр өөр төрлөөр соёлоо танилцуулж явах юм.
-Хэчнээн урлан бүтээлч ажиллаж байна?
-Одоогоор 20 гаруй уран бүтээлч “Хүрээ цам”-ыг бүтээхэд гар бие оролцож байна. Бид өөрсдийн гурван урлантай, мөн “13 Арт” гэсэн Монгол гэрийн үйлдвэрлэлийг уран бүтээлчдийнхээ хамтаар хийж байгаа. Цаашид дэлхийд Монголын соёл урлагийн төвүүдийг бий болгох тал дээр ажиллаж буй. Энэ нь Монгол гэр хэлбэртэй байх ба бидний ахуй амьдрал, түүх соёлыг агуулсан уран бүтээл хийгээд баг цамаа толилуулж байх юм. Ингэснээр дэлхийн бусад орнуудтай соёлын солилцооны үйл ажиллагаа явуулах боломж нээгдэнэ хэмээн харж байна.
-Танай бүтээсэн Монгол цам анхаарал татаж байна. Үүнийг бүтээхэд хэчнээн хүний хөдөлмөр, цаг хугацаа шаардагдаж байна?
-Баг гэдэг хүнийг халхалж, хамгаалж байдаг зүйл. Нөгөө талаараа бид бурхад бүтээж буй. Тиймээс ихэд хүндэтгэлтэй хандсаар ирсэн. Цаашид ч хүндэтгэх нь зүйтэй. Цам багийг бүтээх ажил бол бизнес биш, Монгол соёлыг дэлхийд таниулахад голчлон анхаарч байна.
Бүтээх үйл явц ганц хүний ажил биш. Олон уран бүтээлчдийн нүд, ухаан, гарын ураар бүтээгддэг. Мөн цаг хугацааг тааварлах боломжгүй. Ойролцоогоор бол нэг сар болдог гэж ойлгож болно. Бид цаашид улам бүр сайн бүтээл хийхээр зорьж буй.
Жишээ нь, Чойжин ламын музейд улаан сахиусыг шүрээр хийсэн баг байдаг. Тэр бол Монголын хосгүй үнэт бүтээлийн нэг. Бид тийм л уран бүтээл хийхээр зорьж байна. Ингэхэд уран бүтээлчид маш чадварлаг байх шаардлагатай байдаг. Манай багт байгаа залуус өөрсдийн салбартаа гялалзаж буй. Иймд хосгүй үнэт бүтээл хийхэд асуудал гарахгүй хэмээн бодож буй.
-Ярилцсанд баярлалаа.
Өнгөрөгч жил Монголд ирэхдээ цам багийн гэрэл зургийг авч нутаг буцсан хүн бол Тайландын гэрэл зурагчин Jatenipat JKboy Ketpradit.Тэрбээр нутагтаа очмогц цам багийн гэрэл зургаараа үзэсгэлэн гаргасан байна. Улмаар тус үзэсгэлэнг үзсэн хүмүүст Монгол цам таалагдсан учир энэ жил түүнийг дагалдан 25 хүний бүрэлдэхүүнтэй баг ирээд байгаа нь энэ аж.
Jatenipat JKboy Ketpradit "Энэ удаад Монголд ирэхдээ Тайландын групптэй ирсэн. Бид цамын фестивалийг үзэх зорилготой. Өнгөрөгч жилийн 10 сард миний толилуулсан хүрээ цамын гэрэл зургийн үзэсгэлэнг сонирхож, өөрийн биеэр үзэх сонирхолтой хүмүүс нэгдэн тус багийг бүтээсэн гэсэн үг. Надтай хамт ирсэн багийнхан 25 хүний бүрэлдэхүүнтэй.
Мөн Монгол соёлын талаах судлах сонирхол тэдэнд байсан. Тэд өөрсдийн сонирхсон зүйлээ биеэр ирж үзээд баяртай байгаа тухайгаа мөн ярьж байна. Бид Амарбаясгалант хийдийг гэрэлтүүлэхэд нь төсөв босгож өгсөн" хэмээв.
Бид тус үзэсгэлэнг үзэж буй олны дунд очлоо. Тэнд цам багийг өөрийн гараар бүтээж буй нэгэн бүсгүй анхаарал татаж, түүнтэй ийн ярилцлаа.
-Өөрийгөө танилцуулаач?
-Би бол Тайландаас Монголын соёлтой танилцахаар ирсэн анхны группийн нэгэн гишүүн байна.
Монголд анх удаагаа ирж байна. Цамын ёслолыг үзэж сонирхсон. Монгол орон их үзэсгэлэнтэй санагдлаа. Мөн цамын ёслолыг үзэж байхдаа энэ соёлыг ямар удаан тээсэн юм бэ, яасан агуу юм бэ хэмээн мэдэрч байлаа.
Сая багийг урлан бүтээхэд оролцож байгаа харагдсан. Мэдрэмжээ хуваалцахгүй юу?
-Өөрийн гараар барималд хүрч, мэдрэх нь онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Миний сонссоноор уран бүтээл багийг урлахдаа ариун цагаан сэтгэлээр, сайн зүйлсийг бодож урладаг гэсэн.Тиймээс би баримлын шаварт хүрэхдээ сэтгэл зүрхнээсээ мэдэрч, урлах гэж хичээсэн. Бас хөгжилтэй санагдсан.
-Яагаад ирэх болов?
-Би хувьдаа онцгой зүйлсийг мэдэрч, харах дуртай. Хамт ирсэн гишүүдийн адилаар JKboy-ын гэрэл зургаас анх хүрээ цамыг хараад биеэр ирж харахыг хүссэн.
Цамын баг өөрөө буддын шашнаас үүсэлтэй. Надад тухайн шашин таалагддаг, хүндэлж явдаг.
Миний хувьд энэхүү соёлтой танилцаж, энд ирсэндээ их баяртай байна. Тиймээс хэзээ ч Монголд ирж байгаагүй хүмүүст зориулан хэлэхэд “Монголд ирж үзээрэй, соёлтой нь танилцаарай хэмээн уриалж байна.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.