Тойм: "Хөршүүд хаалга тогших” зуур АН, МАН-ынхан НИТХ дээр шинэ зангиагаа зэхэцгээв
Энэ долоо хоногт дүүргийн намын хороод бужигнаж, НИТХ тойрсон хөл үймээнтэй байлаа. Шинэ долоо хоног эхлэхтэй зэрэгцэн хот, дүүрэг, аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд өрсөлдөгчдийн нэрс тодрох тов дуулдаж эхэлсэн. Салхи хагалж, АН хотын намын хороог хэн удирдаж, хэрхэх талаараа дорвитойхон дуугарч ажлын өдрүүдийг эхлүүлсэн. Харин МАН-ын нийслэлийн хорооны хурлын тов тэрүүхэндээ нам гүмхэн, нэрс зарлагдах процесс ар араасаа дуншингуй.
АН-д ташуур, МАН-д түшиг
АН цогтой эхэлсэн ч МАН нэрсээ зарлахдаа жингээр илүүрхэв. Гэхдээ давстай, хужиртай. Ёжтойхон хэлвэл, НИТХ-ын сонгууль гэдэг УИХ-ын сонгуульд бүдрэгсдийн эцсийн зогсоол. Нам доторх байр сууриа бэхжүүлэх, хоёр дахь боломжоо атгахын тулд илтэд алаан болдог талбар. НИТХ-ын сонгуулийн талаар гэвэл энэ жилийн ээлжит сонгуулиар 2393 тойрог байгуулж, 8031 мандаттай байхаар тогтсон. Үүнээс нийслэлийн 12 тойрог дээр 45 мандат, дүүргийн 181 тойрог 313 мандаттай байх юм.
МАН ямар амбицаар сонгуульд оролцох, хэнийгээ урдаа барих, хэнээр түшиг хийхээ сайн мэддэг болсон нь УИХ-ын сонгуулиас туршлагажиж байгаатай нь ч холбоотой. Нийслэлийн МАН дээр л гэхэд Х.Нямбаатараар ахлуулсан жигд зурагтай, магтаал, сайшаал нь хослосон эрдэмтэн, боловсролтойг нь гайхсан сүрхий нэрс зарлаж харуулна лээ. АН яаж дутахав араас нь Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогтоор ахлуулан нэрсээ зарлахдаа судлаачид, докторууд гэсэн шошгоо ч мартаагүй. АН-д улс төрийн нэгдмэл чанарын хувьд ташуур дутаж байгаа нь үнэн. Илүү даацтайгаар сөрөг хүчнийхээ байр суурийг бэхжүүлэх үүрэг бий.
Хот тэлж, хөгжихийн хэрээр нийслэлийг тойрсон амбиц улс төрчдийн зүрхэнд гал асаахаас аргагүй. Нийслэлийн ИТХ-д өрсөлдөхөөр шинэ зангиагаа зэхээд өдөр бүр гаргаж харж зогсох МАН-ын ч, АН-ын ч залуусыг алийг тэр гэхэв. Гэвч тэдний ард аль аль намын үлэмж эрх ашиг хийгээд намын хүндэт ах нарын залгамж халаа ч бий гэдгийг хэрсүү олон гадарлаж л байгаа.
Путин ба Монгол, Монгол ба Хятад
Улс төрийн томоохон айлчлалын хувьд энэ долоо хоног тун эгзэгтэй төдийгүй олон улсын анхаарлыг татав. ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад ээлжит айлчлалаа хийж, хийхдээ төрийн аппаратынхаа сайд дарга нарыг бүрэлдэхүүнээр авчирч, баруун солгойгүй томоохон төсөл хөтөлбар, хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурсан. Монголд онгоц нь газардав уу үгүй юу Путины энэхүү айлчлалыг тойрсон олон адармаатай шүүмжүүд дэлхийн хэвлэлүүдээр шуугив. Учир нь Путиныг баривчлахыг Украин хатуу шаардсан. Эдгээр дүр зургуудаас хамгийн сонирхолтой нь Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Монголд лав ийм юм болохгүй” гэсэн бардам хариулт нэг талдаа тун егөөтэй. Путин өөрөө ирээд Эгийн голын усан цахилгаан станц, шатахууны импорт, түүнчлэн томоохон төслүүд дээр ажлын хэсэг байгуулах гэх мэт аминч саналууд дээр бүрэлдэхүүнээрээ ирж ажиллаж байгаа нь улс төрийн түүхэнд болж байгаагүй хачирхалтай үзэгдэл болов уу.
Путины айлчлал дуусахтай зэрэгцээд араас нь Хятадын дэд дарга Хань Жөн Монголд айлчлан ирлээ. Бас л сонин дүр зураг. Учир нь хоёр улсын төрийн дээд түвшний удирдагч Монголд уулзаж гурван талт уулзалт хийхэд ерөөс гайхамгүй үйл явдал байхаар. Гэтэл цаг хугацааны хувьд төдийгүй, болж өрнөж буй олон асуудлын дунд ар араасаа цуварч манай улсад айлчилж байгаа нь бидэнд хожмоо хор уу, эм үү гэдэг сонин. Путин олон жил гацааж, олон жил түдгэлзүүлж байсан эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон сэдвүүд дээр гэнэтхэн л нааштай загнаад эхлэв. Түүнчлэн Хятад руу газын хоолойгоо тавимаар байна гэдэг саналаа ер нуулгүй ил хэлсэн. Бараг тулгасан. Харин нөгөө талаас Хятад улс Оросын хийн хоолойг сонирхохгүйн дээр, энэ бүтээн байгуулалтын төсөв зураглал дээр нуруугаа харуулчихаад байгаа. Ингээд харвал Путин найр тавьж энэ асуудал дээр Монгол Улс түшиц болж өгвөл манай улсыг Евроазийн эдийн засгийн холбооны орнууд руу бараа нэвтрүүлэх, цаашлаад Эгийн голын усан цахилгаан станц зэрэг дээр гар татахгүй гэсэн болов уу гэж таамаглахаар. Улс төр, улс хоорондын ашиг сонирхлын огтлолцол ингэж л явдаг.
Ирээдүйн бодлогоо хэдэн арван жилийн холчоор харж буй Хятадын хувьд нэг гэдийсэн зүйл дээрээ эргэж буцах нь юу л бол. Орос Украины асуудлаас үүдэн ОХУ эдийн засгийн томоохон сорилттой тулгарахад Хятад сайн түнш байсан ч улс төрийн нөхцөл байдал дээр сайн нөхөр болохгүй гэдгээ хатуу ч ойлгуулсан. Иймд хоёр хөршийн дундах ганц гүүр нь яалт ч үгүй Монгол болж таарлаа. Гэхдээ Ши Жинпинь өөрийн биеэр айлчлаагүйд манай улсын төр шашны асуудлыг онцгойлон авч үзэж байгаа нь ч ажиглагдана. Манай улс ойрын ирээдүйд хоёр хөрштэйгөө “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” гэдэг барьцгүйхэн төвч үзэл дээр тогтох зайлшгүй шаардлага нэгэнт үүсчээ.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 hurshtei ev zuigee olj haritsah n manai ulsad heregtei !