УЛС ТӨР

Нэг дороос: БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, онцгой ой тохиож буйг онцоллоо

НЭМЭЛТ: 17:00 цаг

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн ордонд бараалхав.

Монгол Улсын ерөнхийлөгч Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Өнгөрсөн онд Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцох үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, олон асуудлаар нэгдсэн ойлголцолд хүрснээ тэмдэглэж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэндчилгээг нь уламжлахыг хүсэв.

зураг

Хоёр талын харилцааны олон чухал ой тохиож буй энэ үед БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчилж байгаа нь мөнхийн хөрш манай хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзлийн илрэл гэж үзэж байгаагаа ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв.

Тэрбээр хоёр талын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх, хоёр улсын дэд бүтцийн холболтыг сайжруулах, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг идэвхжүүлэх, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хоёр талын холбогдох байгууллага идэвхтэй ажиллах нь зүйтэйг онцлов.

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсын Ерөнхийлөгчид хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийлээд, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг уламжлав.

зураг

Тэрбээр уул, усаар холбогдсон найрсаг хөрш Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрамдал хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байгааг онцоллоо.

Хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтод тулгуурлан, Монгол Улстай найрамдал, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад, Монголын харилцааг тогтвортой хөгжүүлэхэд хятадын тал бэлэн байгааг илэрхийлэв.

зураг
зураг
зураг

НЭМЭЛТ: 14:00 цаг

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дэд дарга Хань Жөнтэй хэд хэдэн стратегийн түншлэл бүхий хэлэлцээ хийлээ. Шинэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Эдийн засгийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, зэргийн хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа хоёр улсын боомтуудыг төмөр замаар холбох, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, ХАА-н гаралтай бараа бүтээгдэхүүн, газрын тос, тэсэрч дэлбэрэх бодис, химийн аюултай бодис нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, сэргээгдэх эрчим хүч, аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тал дээр илүү анхаарал хандуулж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.

2022 онд хоёр улсын төрийн тэргүүн нар хоёр талын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Өнгөрсөн оны байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 17.6 тэрбум ам.долларт хүрсэн нь талуудын идэвхтэй хамтын ажиллагааны үр дүн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ойрын хугацаанд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь хоёр улсад харилцан ашигтай стратегийн асуудал гэдгийг дурдаад  Шивээхүрэн-Сэхээ, Чойбалсан-Бичигт, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг төмөр замын хил холболтын төслүүдэд БНХАУ-ын тал хамтран ажиллаж эдгээр төслийг эрчимжүүлэхийг хүслээ. Улаанбаатар хотод метро барих, тойрог хурдын зам байгуулах төслүүдэд БНХАУ-ын талтай хамтран ажиллах саналтай байна гэв. Мөн эрчим хүчний салбарын реформын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, Эрдэнэбүрэнгийн УЦС барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах саналтай байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэв.

-Гурван улсын эдийн засгийн ач холбогдол бүхий "Цайны зам" хөтөлбөрийг дэмжинэ гэв-

Гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн төслийн шинэчилсэн жагсаалтыг талууд тохиролцсон бөгөөд “Эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, цаг алдалгүй хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. Мөн Буйр нуурыг түшиглэн усан боомт байгуулах, хил дамнасан усан аялал жуулчлал хөгжүүлэх саналыг Ерөнхий сайд шинээр дэвшүүлээд Буйр нуурын ойр орчим 4C зэрэглэлийн нисэх буудал байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү төсөл нь Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван улс хооронд хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх “Цайны зам” хөтөлбөрийг дэмжих нэг том хүчин зүйл болох боломжтойг тодотголоо.

НЭМЭЛТ: 10:00 цаг

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дэд дарга Хань Жөнийг угтан авлаа

/2024.09.07/ Монгол Улсын Засгийн газрын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчлал хийхээр өчигдөр хүрэлцэн ирсэн билээ.

Дөнгөж сая төв талбайд хүндэт зочныг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ёслол хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хоёр улсын Төрийн дуулал төв талбайд эгшиглэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд дарга Хань Жөн нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, дэд дарга Хань Жөн Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилсэн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд дарга Хань Жөн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон БНХАУ-ын албаны төлөөлөгчидтэй мэндчилж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Үүний дараа БНХАУ-ын дэд дарга Хань Жөн болон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ганцаарчилсан уулзалт хийх товтой байна. Мөн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. 14 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Л.Хүрэлсүхтэй уулзаж хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцох юм.

Уулзалтын дараа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалантай мөн уулзах хуваарь гарчээ. Тус уулзалтуудаар ямар асуудлууд хэлэлцэх эсэх одоогоор тодорхойгүй байна. Бид улс төрийн айлчлалын мэдээг цаг алдалгүй хүргэх болно.

-Монгол Улсад төрийн айлчлал хийх Хань Жөн гэж хэн бэ-

Тэрбээр, 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс Хятадын дэд даргаар ажиллаж эхэлсэн. Өдгөө 70 настай түүнийг ажлаа хүлээн авсных нь дараа тус улсын дотоодын хэвлэлүүдэд “Хань Жөн нь улс төрийн замнал нь эртнээс эхэлсэн, туршлагатай нэгэн” хэмээн онцолж байжээ.

Хань Жөн 1954 оны 4-р сард Жэжян мужийн Цыши гэх газар төрж, 1975 оны 12-р сард ажлын гараагаа эхэлж, 1979 оны 5-р сард Хятадын комунист намд элсчээ. Зүүн Хятадын Их Сургуулийн Олон улс судлалын дээд сургуулийн магистрант, Олон улсын харилцаа, дэлхийн эдийн засгийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн ахлах эдийн засагч мэргэжилтэй.

2003 онд Шанхай хотын даргаар 48 насандаа сонгогдож байсан нь 50 жилийн хугацаанд анх удаа хамгийн залуу хотын дарга болсон түүхтэй аж. Хотын даргаар ажиллаж байх хугацаандаа иргэдэд нээлттэй, ил тод, бүс нутгийн хөгжлийг дэмжиж ажиллаж байсан гэх иргэдийн эерэг хандлага нь түүний улс төрийн карьерт ч багагүй нөлөө үзүүлсэн байна.

Хятадын коммунист намд элссэн 1979 оноос түүний улс төрийн карьер эхэлж, түүнээс хойш тасралтгүй улс төрийн нөлөө бүхий албан тушаалд ажилласаар БНХАУ-ын дэд даргын үүрэгт ажлыг хүлээн авсан аж.

Ажлын замналаас нь сөхвөл,

  • 1975-1980 оны хооронд Хятадын Коммунист Залуучуудын лигийн нарийн бичгийн даргын орлогчоор
  • 1980-1982 оны хооронд Шанхайн химийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн компанийн захиргаанд
  • 1988-1990 оны хооронд Хятадын Коммунист Намын (ХКН) нарийн бичгийн дарга
  • 1990 оны 6 -р сард Хань Жөн албан есоор Хятадын Коммунист Залуучуудын лигийн Шанхайн хороонд орж, өдөр тутмын ажлыг хариуцсан нарийн бичгийн даргын орлогч
  • 1991 онд нарийн бичгийн дарга
  • 1992 оны 11-р сард Луван дүүргийн Засаг дарга, ХКН-ын нарийн бичгийн даргын орлогч
  • 1995 оны 7-р сард Шанхай хотын Ардын Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор томилогдож энэ үеэрээ мөн Хотын эдийн засгийн бүх хэргийн ажлын хорооны ХКН-ын нарийн бичгийн даргын орлогч,
  • 2002 онд болсон 16-р намын Их Хурлаар Хятадын Коммунист Намын Төв Хороонд элссэн
  • 2003-2012 он хүртэл Шанхай хотын дарга
  • 2012-2017 онд Хятадын Коммунист Намын улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүнээр
  •  2017-2021 онд Хятадын комунист намын Төв хорооны гишүүнээр ажиллаж байх үедээ тэр Хятадын улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болж эхэлсэн байна.
  • 2008-2023 онд БНХАУ-ын тэргүүн дэд даргаар
  • 2018-2021 оны хооронд Ардын төлөөлөгчдийн их хурлын тэргүүлэгчдийн нэгдүгээр орлогч даргаар
  • 2023 оны 3-р сараас БНХАУ-ын дэд даргаар

БНХАУ-ын дэд даргаар томилогдсоныхоо дараа хэд хэдэн дипломат үйл ажиллагаанд оролцсон бөгөөд 2023 оны тавдугаар сард III Чарльз болон Камилла нарын титэм өргөх ёслолд БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпиний тусгай төлөөлөгчөөр хүрэлцэн очиж байв.

Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78-р чуулганы ерөнхий мэтгэлцээнд оролцож, үг хэлсэн бөгөөд энэ оны 5-р сард ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путиныг БНХАУ-ын Харбин хотод айлчлах үеэр мөн уулзаж Хятад-Оросын хамтарсан экспог нээсэн аж.

Хань Жөн нь БНХАУ-ын дэд даргаар томилогдсоноосоо хойш Монгол Улсад анхны айлчлалаа хийх гэж байна.

Төв талбайгаас ажилласан:

Зураглаач: Б.Эрдэнэбаяр

Сэтгүүлч: Д.Мөнхбат

Редакциас ажилласан:

Зураглаач: С.Боргил, Б.Мягмарбаяр

Сэтгүүлч: О.Соёлмаа

Нэг дороос агуулгыг: Eguur.mn сайтын Ерөнхий редактор Ц.Тамир

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-07 11:04

Ямар ч хэрэггүй айлчл�##�, Муу хятадууд Путинтэй барьцаад бга юм уу хаашаа юм бэ Тэгэж л ойлгогдож бна

Зочин
Зочин
2024-09-07 22:06
Reply to  Зочин

Laar aliurchin opsiin s###see vi hejndald opoopoi putlerteigee hamt buuduulaaeai sug min

Цогягү
Цогягү
2024-09-07 21:46

Хоёр их хөрш манайхаар ороод гарлаа.Айл хүний амь нэг гэдэгсэн Билэгшээe

Холбоотой мэдээ

Back to top button