Б.Батчимэг: Цаашид иргэн эмчээ сонгох нь хэвээрээ ч төлбөртэй байх асуудал яригдана

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ) нь магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, эмийн сангуудтай тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн байгуулагуудыг даатгалын сангаас гүйцэтгэлээр нь санхүүжүүлж буй.
Гүйцэтгэлийн санхүүжилтийн талаарх ойлголт иргэдэд хангалттай биш байгаа. Мөн гэрээ байгуулан ажиллаж буй байгууллага, иргэний хооронд санхүүжилт дууссан гэх ойлголт, асуудал үүсдэг бол ЭМДЕГ гэрээлэгчдийн дунд тусламж үйлчилгээг хэтрүүлэн үзүүлж, санхүүжилтийн дүнг хэтрүүлсэн гэх асуудал үүсч, 58 хувийн хэвшлийн эмнэлгийг нэрлээд байгаа.
Бид энэ удаад ЭМДЕГ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэгтэй ярилцлаа.Зорилго нь гүйцэтгэлийн санхүүжилтийн талаарх цогц мэдээллийг иргэдэд өгөхийг хүслээ.
-Ойрын өдрүүдэд иргэдийн дунд даатгал төлж байгаа, гэтэл эмнэлгүүд санхүүжилт дууссан гээд байна гэх гомдол мэдээлэл нийтлэг байна. Ярианы эхэнд та эмнэлгүүд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсний хэрээр даатгалын сангаас санхүүжилт хэрхэн авч байгааг энгийн үгээр тайлбарлаж өгөөч?
-2020 оны наймдугаар сард Эрүүл мэндийн тухай багц хуульд өөрчлөлт орж нэг эх үүсвэрийн буюу стратегийн худалдан авалт бий болсон. Энгийнээр тайлбарлавал өмнө нь тусламж үйлчилгээг үүнийг нь улсын төсвөөс, үүнийг нь даатгалаас хариуцна гэх мэтээр олгож байсан салангид эх үүсвэрүүд санхүүжилтийн хувьд нэг болсон. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн тухай хуулинд төр хариуцна гэж заасан тусламж үйлчилгээг даатгалын сангаар дамжуулан эх үүсвэрүүдийг нэгтгэж, даатгуулагчид шаардлагатай тусламж үйлчилгээг худалдаж авч санхүүжүүлэх чиг үүргийг өгч ЭМДЕГ стратегийн худалдан авагч байгууллага болсон.
Хуульд 2020 оны наймдугаар сард өөрчлөлт орсон ч 2021 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Гэтэл цар тахлын үе таарч, эмнэлгийн тусламж үйлчилгээ буурсан учир эмнэлгүүдээ, ард иргэдээ хэрхэн хамгаалах чиглэлд түлхүү анхаарч ажилласан.
2022 онд хөл хорио цуцлагдаж, даатгуулагч үйлчилгээ авах боломж нээгдэж иргэдийн эрүүл мэндийн сэргэлтийн үе эхэлсэн. Цар тахлын нөлөө арилаагүй байсан ч хамаагүй дээрдсэн. Харин 2023 онд энэ шинэчлэл ямар нэгэн нөлөөгүйгээр хэрэгжих нөхцөл бүрдэж, хүн амынхаа нийт өвчлөлийн нийтлэг дүр зургийг барьж авахад илүү анхаарсан.
-Ингээд нөлөөгүйгээр хэрэгжүүлээд харсан чинь...?
-Төр, хувийн хэвшлийн ЭМБ-уудыг ижил тарифаар чадамжийг үнэлж сонгон шалгаруулж гурван жилийн гэрээ хийсэн. Ингээд улсын хэмжээнд нийтдээ 11 сая нэхэмжлэлийг хүлээн авч, тусламж үйлчилгээний чанар, төлбөрт нь хяналт тавьж санхүүжүүлэх үйл явцыг хэрэгжүүлж байна.
Энэ онд бид батлагдсан төсөвтөө багтааж шийдвэр гаргаж, ЭМБ-уудтэй хийх гэрээ нь тоо хэмжээтэй, хүрэх үр дүн шалгууртай байна гэсэн заалтыг үндэслэсэн. Нэгэнт масс өвчлөлөө бариад авчихсан учраас нэн шаардлагатай тусламж үйлчилгээг эрэмбэлээд бүх эмнэлгээс худалдаж авах тусламж үйлчилгээний тоо хэмжээ, мөнгөн дүнг гаргалаа. Энэ мэтээр санхүүжилтийн шинэчлэл тодорхой шилжилтээр үргэлжилж байна.
-Саяхан 58 эмнэлгийг гүйцэтгэлийн санхүүжилтээс хаслаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ ямар учиртай вэ?
-Энд эмнэлгүүдийн харилцан адилгүй зан үйл ажиглагдаж байгаа. Бид тухайн эмнэлгийн хүчин чадал, туршлага, боломжийг нь үнэлж гэрээгээ байгуулан тоо хэмжээгээ тохирсон. Гэтэл энэ хугацаанд зарим эмнэлэг ор нэмэх тушаал гаргаж, зарим нь барилгаа өргөтгөж, шинэ тусламж үйлчилгээ ч нэвтрүүлж. Бас гүйцэтгэлээр мөнгө нь ороод ирэх юм чинь гэсэн хандлага гаргасан уу 10-аас дээш минут үзэх стандарттай амбулторийн үзлэгийг 3 минутад хийдэг болж. Энэ бол гүйцэтгэлийн санхүүжилт биш.
Бидний хуульчилсан гүйцэтгэлийн санхүүжилт бол стандарт, заавар тусламж үзүүлэх удирдамжийнхаа дагуу хэрэгцээтэй хүнд нь чанартай үйлчилгээ үзүүлэх шаардлага тавьсан. Түүнээс даатгал олныг худалдаж авна, эмнэлгүүд олныг гаргана гэсэн ойлголт биш юм. Манай салбар эрэлт, нийлүүлэлтээ өөрсдөө зохицуулдаг онцлогтой. Эмч маргааш хагалгаанд яаралтай ор гэсэн л бол өөр аргагүй. Хүний өвдөх, эс өвдөх асуудлыг тоогоор барих боломжгүй. Харин бид энэ хугацаанд монгол улсын хүн амын эмнэлгээр үйлчлүүлээд байгаа даатгуулагчдын дүр зургийг бол гаргаж авсан.
-Та энэ тухай хэдэнтээ хэллээ. Тодруулбал, тэр дүр зураг нь ямар байсан бэ?
-Даатгуулагч талаас нь яривал 3,5 сая хүний 2,2 сая нь төр хариуцах иргэн, үүний 1,2 сая нь хүүхэд.
Өвчлөл талаасаа дүр зургаа харвал анхан шатны эмнэлгээр үйлчлүүлэх иргэд байхгүй, бүгд хэдэн том эмнэлэг рүүгээ төвлөрч, тэнд ачааллаа дийлэхээ больчхож. Иргэн нь эмнэлгээ сонгох эрхтэй гэчхээр шатлал алгасаад өөрсдөө хэрэгцээгээ тодорхойлж байна. Цаг захиалах систем нь нээлттэй учраас дуртай эмнэлэгтээ үзүүлдэг. Иргэд ингэж захиалсан цагтаа ирэхгүй, өөр хэн нэгнийхээ боломжийг хааж байна. Мөн 3,5 сая иргэнээс ерөөсөө 700-800 мянган иргэн л эмийн үнийн хөнгөлөлт аваад, эрт илрүүлэгт хамрагдаад, эмнэлэгт хэвтээд л байдаг дүр зураг гарсан.
Эндээс задлаад харвал Эрүүл мэндийн даатгалын сангийн 70 хувийн зарцуулалтыг төр хариуцах иргэн, үлдсэн хувийг нь нөгөө сангаа бүрдүүлж буй иргэн даатгуулагч авдаг. ЭМД-ын сан эв санааны зарчимд үндэслэдэгийн утга учир юм даа.
-Анхан шатаа яагаад алгасаад төрөлжсөн эмнэлгүүд рүү шаваад байгаагийн учир шалтгааныг тодорхой хэлэх боломжтой юу?
-Даатгуулагч иргэн талаасаа харвал анхан шатандаа итгэхгүй байгаа юмуу, эсвэл байнга үйлчлүүлдэг эмчтэй гэх мэт хүний нөөцөө дагасан хөдөлгөөний урсгал байна. Дээрээс нь иргэн эмнэлгээ сонгох эрхтэй учраас шатлал алгасдаг. Гэтэл анхан шатны эмнэлэгт үйлчилгээ, суурь тусламжийн зардлыг 3,5 сая иргэний харьяаллаар нэг иргэнээр тооцоод өгдөг. Жишээ нь, 5 мянган иргэнтэй өрхийн эмнэлэгт 0-5 нас, 5-16 нас, төрөх насны эмэгтэйчүүд гэх мэт 10 ялгаатай бүлгийн тарифаар тооцож улсын төсвөөс манай санаар дамжуулаад өгдөг.
Үүнээс гадна даатгалын тухай хуулийн дагуу эмнэлгийн тусламжийн хэсгийг нь гүйцэтгэлээр нэмж олгож байгаа. Түргэн тусламж, шинжилгээ, өдрийн эмчилгээ, гэрээр үзүүлэх үйлчилгээ гэх мэт найман тусламжийг гүйцэтгэлээр нь өгч байгаа. Ингэхдээ тоо хэмжээ тавьдаггүй.
Ганцхан жишээ дурьдахад, яг одоо амьсгалын замын өвчний 80 мянган төгрөг, суулгалт өвчний 60 мянгын багцыг энэ шатны бүх эмнэлгээс авах боломжтой байгаа. Тэгэхээр иргэд дараа, дараагийн шатлалын эмнэлэг рүү бөөгнөрөл үүсгэхгүйгээр анхан шатны эмнэлгээс шаардлагатай тусламж үйлчилгээ авах бүрэн боломжтой байгаа юм.
-Дээшээ олуулаа шавахаар асуудал үүснэ дээ?
-Мэдээж асуудал үүснэ. Жишээ нь, 15 минут нэг хүн үзнэ, нэмэлт хүнээ авна гэх мэт нормууд илүүдээд эхлэхээр чанаргүй тусламжийн асуудал бий болно. Тэгэхээр сул орон зай руугаа явмаар байгаа юм. Онцлон хэлэхэд олон хүнд л үйлчлээд байвал их санхүүжилт авах юм байна гэдэг буруу ташаа ойлголт байна. 2024 оноос эмнэлгүүдээс авах үйлчилгээний тоог зааж өгсөн.
Цаашид бид шатлалын тусламж үйлчилгээгээ шатлалдаа үзүүл гэсэн зарчмыг барьж ажиллахаар ЭМЯ-тай хамтраад бодлого боловсруулж байна. Сум, хорооны ЭМТ, ӨЭМТ-үүд анхан шатны тусламжийнхаа хүрээнд, аймаг дүүрэг нь үндсэн мэргэжлийнхээ тусламжийг л үзүүлье. Яагаад олгой, цөсний хагалгаа төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг дээр ирээд байгаа юм бэ.
Тархи, зүрх, эрхтэн шилжүүлэх, хавдрын хагалгаагаа I, III, ХСҮТ дээрээ авъя. Гадагшаа явж байгаа өвчтэй хүмүүсийг төрөлжсөн төвүүд үндэсний түвшинд бодлогоо барьж хиймээр байна. Тэд нарыг даатгалын байгууллага худалдаж авмаар байна, баахан даралт ихтэй хүмүүсийг амбулториор үзэж, хэвтүүлээд үр ашиггүй шүү дээ.
-Төрийн уялдаа холбоо хэр байна вэ. Төвлөрлийг бууруулахад 13А маягт хэрэгтэй. Гэтэл хүчингүй болгочихсон доо?
-Засгийн газрын хуралдаанаар 13А маягтыг хүчингүй болгосон. Эмч эмнэлзүйн шийдвэрээ гарган илгээж, иргэн маягтаа аваад эмчдээ үзүүлдэг хөшүүргийг хүчингүй болгосноор дур мэдэж эмчээ сонгож байгаа. Гэхдээ үүний цаана эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх бүхэл бүтэн тогтолцоо журам явж байгаа. Эрүүл мэндийн салбарт улс төрийн шийдэл орж ирлээ гэж л хүлээж авсан. Харин салбар дотроо тушаалыг хэрэгжүүлэхдээ цаг товлох үйлчилгээтэй уяж, зохион байгуулалттай цэгцлэхээр ажиллаж байна.
Цаашид иргэн эмчээ сонгох эрхтэй гэж үзэх ч тодорхой хэмжээний төлбөртэй байх асуудал яригдана. Бүхнийг даатгалын сангаар үнэ төлбөргүй авна гэж байхгүй. Иргэнд бас хариуцлага байх хэрэгтэй, ядаж эрт илрүүлэгтээ хамрагдаад өгөөч. Мөнгийг таны төлсөн шимтгэлээс буюу даатгалын сангаас гаргах гээд байна. Хамралт маш хангалтгүй байна. Ид хөдөлмөрийн идэвхтэй насны даатгуулагч хамрагдахгүй байна. Эд нар хамрагдахгүй байна гэдэг чинь хүндэрсэн хойно нь ирээд даатгалын санд илүү сөрөг нөлөө үзүүлнэ, шатлалд өвчлөлийн дарамт үүснэ. Тэгэхээр иргэн өөрийнхөө эрүүл мэндэд маш хариуцлагатай хандмаар байгаа юм. Өнөөдөр 700-800 мянган иргэн л эмнэлгээр яваад байгаа. Цаана нь байгаа иргэд эрүүл гэж үзэх үү гэдэг асуулт болж байна.
-Хувийн эмнэлгүүд хаалгаараа орж хянагдах урсгалыг шууд цонхоороо авах гээд байдаг-

-Захиалсан цагтаа очихгүй бол дараагийн удаа үзүүлэхдээ 20 мянган төгрөг төлж үйлчлүүлнэ гэх шийдвэр гарсан. Хэрэгжиж эхлээгүй байна уу?
-ЭМДҮЗ-ийн 2024 оны 4 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлсэн тогтоолоор нэг заалт оруулсан. Та эмнэлэгт захиалсан цагтаа ирэхгүй бол дараагийн удаа үйлчлүүлэхэд нь 20 мянган төгрөг авна. Энд даатгалын байгууллага оролцохгүй. 20 мянган төгрөг тухайн эмнэлэг рүү орно. Хэрэгжиж эхлээгүй байгаа. Цахим систем нэгтгэгдэж иргэн хэдэн удаа ирснийг нь бүртгэж авдаг болсны дараа л хэрэгжинэ. Одоо цахим системийн зохион байгуулалт хийгдэж байгаа. Иргэнийг хариуцлагажуулах зан үйлийг өдөөж өгөхөөр гаргасан шийдвэр ч хэрэгжиж эхлээгүй байгаа.
-Эмнэлгүүд гүйцэтгэл хялбар ч юмуу, эсвэл үнэлгээ өндөртэй үйлчилгээг үзүүлэх сонирхолтой байдаг юмуу?
-Тийм ээ. Хувийн хэвшлийн байгууллагууд Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс баталсан тогтоол тарифаас өөртөө ашигтайг нь худалдан авч гэрээлэхийг сонирхдог, зорьдог. Хүсэлтээ ч тэгж өгдөг.
Ажиглахад, нийтээрээ амбулторийн тусламж үйлчилгээг гэрээлэх сонирхолгүй, хэвтүүлэн эмчлэхийг авья гэдэг. Гэтэл иргэн амбулториор үзүүлж, оношилгоо шинжилгээ хийлгээд дараа нь хэвтэнэ шүү дээ. Хаалгаараа орж хянагдаад гарах нь зөв байхад шууд цонхоор оруулах гээд байгаа биз. Харин манайх тусламж үйлчилгээний цогц байдлыг хангах гэж байгаа учраас амбулторийн тусламж үйлчилгээг хамт өгдөг. Харин улсын эмнэлгүүд энэ онош ашигтай, ашиггүй гэхгүйгээр үндсэн чиг үүргийн дагуу яваа.
-Эмнэлгүүд иргэдийг үйлчилгээ авах гээд очихоор санхүүжилтгүй гээд буцааж байна гэх мэдээлэл ирж байгаа. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
-2024 онд бүх эмнэлэг дээр тоо хэмжээ тохирч гэрээлсэн. 1,9 их наяд төгрөгөөс лавлагаа шатны тусламж дээр 1,2 их наяд хуваарлиж гэрээлэгч бүх байгууллагадаа хувааж, тоо хэмжээ тавьж өгсөн. Үүнээс 250 орчим эмнэлэг нь хувийн хэвшлийнх. Санхүүжилт дууссан гэх асуудал өмнө нь ярьсан 58 эмнэлэг дээр л гарсан тохиолдлууд юм болов уу. Энэ 58 эмнэлэг гэрээнд заасан тоо хэмжээнд хүрчихсэн. ЭМДЕГ-аас мэдэгдсэн, уулзалт хийсэн. Харин цахим системд нь ямар ч хаалт хийгээгүй. Өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
Манай зүгээс тухайн эмнэлгүүдтэй он дуустал төлөвлөсөн даатгуулагчтай оочер дугаар өгчихсөн төлөвлөгөө хэр байна, төлбөрийн чадваргүй үйлчлүүлэгч хэр байна, танай эмнэлгийн онцлог юу байна, улирлын томуу болох гээд байна хүүхдийн кабинет байна уу, жирэмсний асуудал хариуцаж байна уу гэх мэтээр ярилцаад тоо тохирсон.
Тодорхой хэлбэл, заасан тоо хэмжээнд хүрчихсэн, хэтрүүлсэн ч нэмэлт хэлцээр хийгээд шаардлагатай тусламж үйлчилгээнд хориг тавиагүй явж байна. Бусад 100 гаруй хувийн хэвшлийн эмнэлэг, улсын эмнэлгүүдийн үйл ажиллагаа бүгд хэвийн явж байгаа учраас санхүүжилт дууссан гэх гомдол мэдээлэл гарах учиргүй. Магадгүй, нэрлэгдсэн эмнэлгүүдийн сөрөг зан үйл байж болох юм.
-Иргэдээс ч бас сөрөг зан үйл гардаг байх гэж бодлоо?
-Ер нь бол харвалт, шигдээс, тархи, зүрхний хагалгааг зогсоогоогүй. Харин архаг өвчлөл мэргэжлийн төрөлжсөн эмнэлэгт хэвтэх шаардлагагүй, анхан шатны эмнэлэгтээ үзүүлээд хөнгөлөлттэй үнээр эмээ аваад явж болно. Хувийн эмнэлгүүдийн тухайд хүн ирж л байвал бизнесийн үйл ажиллагаа болно.
Таны асуусан иргэдийн зан үйл гэдэгт холбогдуулж хэлэхэд, үзлэгийн хугацааны стандартыг доод тал нь 10 минут гэж тогтоон зохицуулалт хийсэн. Гэтэл манай иргэд хурдлаач ээ, хурдан үзээч ээ гээд тухайн эмчид эмнэлзүйн шийдвэр гаргах хугацаа өгдөггүй. Гэтэл энэ нь эргээд чанаргүй тусламж аваад байна гэсэн үг.
Дүгнээд хэлэхэд бид хэн нэгнээс буруу хайх биш иргэн, эмнэлэг, даатгуулагч гурвын хөгжил нэг түвшинд ирж байж асуудал маш тодорхой болно. Том зургаар нь харвал хуулиа өөрчиллөө, хэрэгжүүллээ. Дэлхийн бусад орнуудад 10-20 жил хийдэг ажлыг манай улс дөрөв, таван жилд хийгээд цаашлаад шилжилтээр явж байна. 2025 онд чанарын шалгуурыг гол үзүүлэлт болгоно.
-Давуу тал олон бий. Иргэн хүссэн газраасаа хүссэн үйлчилгээгээ аваад л байна. Хамгийн сул тал нь юу байсан бэ?
-Шинэчлэлийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа үндсэн байгууллагын хувьд арай хурдтай явчихсан. Энэ ажлыг явуулахад даатгуулагчдын эрүүл мэндийн боловсрол чухал байна. Эмнэлгүүдийн хариуцлага, зөв зан үйлийг төлөвшүүлмээр байна.
Салбарт тархмал, алслагдмал тусламж үйлчилгээ хүргэх бүсчлэлийн тохируулга, үнийн өсөлтийн тохируулга, төвлөрөл сааруулах гэх мэтээр олон асуудал шийдэл, байнгын шинэчлэл хүлээж байгаа. Оношийн хамааралтай бүлэг үнийн өсөлтийн тохируулга байнга л хийхгүй бол эмнэлгүүд алдагдал хүлээж болно.
-Эмнэлгүүд барилга байшингаа томруулаад, аж ахуйгаа тордоод байгааг гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүн гэж харах нь зөв үү?
-Санхүүжилтээ хэтрүүлсэн эмнэлгүүдтэй бид нэг бүрчлэн уулзсан, ярилцсан. Тэгээд даатгуулагчийн асуудлыг нь шийднэ гэж гэрээлсэн л бол та нарыг сонгосон үйлчлүүлэгчийн асуудлыг цогцоор нь шийдээч гэж анхааруулсан. Хагалгаа хийж мөнгийг нь авчхаад, боолтыг нь дүүргийн эмнэлэгтээ оч гэж болохгүй биз дээ. Тэгэхгүй л бол хувийн эмнэлэг таны хэлдгээр хөгжөөд л байна, томроод л байна.
Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй санхүүжилт нь эрүүл мэндийн байгууллагууллага талд орлогын эх үүсвэр юм. Тухайн байгууллага юунд зарцуулах нь төсвийн шууд захирагчийн чиг үүргийн асуудал юм. Даатгалын байгууллагын хувьд зарлага тал руу оролцдоггүй.
Эрүүл мэндийн яамны Санхүү эдийн засгийн газраас чиг үүргийн хүрээнд эмнэлгүүдийн зарлага талд хяналт тавьж ажилладаг. Эдгээр асуудал нь Төсвийн тухай хууль Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль бусад хууль тогтоомж журмын дагуу зохицуулагддаг. Зарлагын асуудал сангийн сайдын тушаал, журамтай. Урсгал зардлаас хөрөнгө бэлдэж болох уу гэдэг зохицуулалт явагдана. Бид эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүсэй гэдэгт илүү анхаарч ажилладаг.
-Түрүү онуудад эмнэлгүүд ажилчдадаа орон сууцны урьдчилгаа, мөнгөн шагнал ихээр олгосон. Энэ нь гүйцэтгэлийн санхүүжилт дээр иргэн даатгуулагчдад хардах эрх үүсгэсэн болов уу гэж хардаг?
-2022, 2023 онд эмнэлгүүд ажилчдадаа орон сууцны урьдчилгаа, мөнгөн шагнал өгсөн. Учир нь ковидын үе 2021 оны тусламж үйлчилгээний мөнгө дээр өртэй гараад 2022 оны сүүлчээр Засгийн газрын тогтоолоор тодотгол шийдэж өгсөн. 2021 онд тусламж нь явагдчихсан мөнгийг 2022 оны 12 дугаар сард өгөхөөр эмнэлгүүдэд мөнгөн урсгал талаасаа дансандаа маш их үлдэгдэл гарч ирнэ. Тэгээд төсвийн захиран зарцуулагч нар өөр, өөрөөр зарцуулсан байх. Дансандаа авч үлдээд дараагийн тусламждаа зарцуулсан нь ч бий. Таны хэлснээр ажилчдынхаа нийгмийн асуудлыг ч шийдсэн ч бий.
-2025 онд гүйцэтгэлийн санхүүжилтээс бид юуг хүлээх вэ?
-Том эмнэлгүүд дээр ордог олгой, цөсний хагалгаа, химийн эмчилгээг орон нутагт нь хийнэ. ХСҮТ-ийн бөөгнөрлийг яаж зохион байгуулах вэ гэх мэтээр ажлын хэсгүүд гарчихсан ажиллаж байна. Санхүүжилт тусламжийнхаа зохион байгуулалтыг дагаж явдаг. Манайх хэрэгжүүлэгч агентлагийн чиг үүргийн дагуу ЭМЯ-наас гарсан бодлого шийдвэрийг дагаад багцыг нь боловсруулаад ороод ирнэ.
-Даатгалын сан дампуурчихлаа гэдэг яриа үе үе гарсаар хэчнээн он дамжсан. Одоогийн бодит байдал нь ямар байгаа вэ?
-Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэж монголчууд ярьдаг. Манайд батлаад өгчихсөн 1,9 их наядад л тааруулж зарлагаа гаргана. Тэрнээс илүү санхүүжүүлэх боломж байхгүй. Даатгалын санд үлдэгдэл мөнгө бий, дампуураагүй. Манай бүх мөнгө төрийн сангийн дансанд байршдаг. Хэн нэгэнд завших боломжгүй.
Өмнө нь хууль өөрчлөгдөж, шинэчлэгдээгүй байхад болсон процессийг өнөөдөр ч ЭМДЕГ-ын нэрний өмнө зүүж ярьдаг. Анх шилжиж ирэхдээ 136,4 тэрбум төгрөгийн авлагатай ирсэн. Өнөөдрийн байдлаар 77 тэрбум болгож үе шаттай зохион байгуулалтын ажил хийж байна. Найдваргүй авлагыг барагдуулах ажил асуудалтай, удаашралтай ч бага, багаар орж ирж л байна. Харин огт хөдөлгөөнгүй байгаа нь Чингис хаан банкны асуудал бөгөөд шүүхийн шатанд яваа. "Капитал" банкны хувьд үе шаттай бага багаар хасагдаад л байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Танай өрхийн эмнэлэг чинь 5 хоног х�##�уураад байгаа настай хүнийг том эмнэлэг рүү шилжүүлжхгүй байсан. Үүргийн дагуу бол шилжүүлэх ёстой. Ганц өдөр ирж үзээд хүнп өвчтэй хүнийг сувил�##�д хэвтүүл гэж зөвлөөд бусад өдөр нь ирэхгүй таг сувилагч нь ууртай ирж цус аваад цаг авдаг гэж ирсэн эмч сувилагч нь хэлээгүй хэзээд болно гэтэл. Сүүлдээ бие нь сайжрахгүй. хэвтээд байж болохгүй хурдан эмчийн бараа харуулах ёстойгоо ойлглод хувийн эмнэлгээр явт�##� хувийн эмнэлгийн эмч нар муудсан хүн авахгүй улсын эмнэгээ хурдан бараад гэсэн . улсын эмнэлэгт цаг аваад үзүүлэх гэсээр байт�##� үхчих байх гэж бодоод аргаа бараад очтол яар�##�тайгаар шууд хүлээж авч үзэхээр барахгүй шууд хэвтүүлсэн шүү. Маш сайхан үйлчилж эрүүл саруул одоо байж байна. Түргэн тусламж дуудаад ирэхгүй өрхийн эмчид ханд гэхээр нь өрхөд хандт�##� б�##�арсан шүү. Тиймээс юу хийж байгаагаа бодит тохиолдолтой харьцуулж бодож байгаара! Өрх дээр гайгүй гээп нэг хүүхдийг явуулсаар эндсэн байлаа. Ээж нь ирж хатуу үг хэлж байлээ. Өрх мэдлэггүй зан хаоилцааны соёлгүй гол нв хүнд эрсдэдтэй өвчтнөө шууд бичиг хийж өгөөд мэргэжлийн эмч рүү шилжүүлэх ёстой.