Тайзан дээр бүжиглээд дуусахад танхим дүүрэн үзэгчид. Өдөр бүр ийм халуун уур амьсгал дор тоглолтоо өндөрлүүлэх балетын залуу бүжигчин Удвалын Бат-Эрдэнэ. Балетын бүжигчин бүрийн хүсэл мөрөөдөл болсон бүхий л том тайзан дээр өөрийн карьерийн оргил үеийг мөнхөлжээ.
“Бат, Бат, браво, браво” гэх үгсийг тасралтгүй сонсож, бүх цаг үеийн шилдэг бүжгэн жүжгийн гол дүрд тоглож, залуу насныхаа төдийгүй балетын мэргэжлийн бүжигчнийхээ хувьд хамгийн шатам үеэ тэр Москвад бэлэглэсэн. Тайз бүр яг л уулын оргил мэт. Нэг уулын оргил дээр гарахад дараагийн уулын оргилууд нүдэнд нь багтаж, харсан тэр оргилдоо яг хүрдэг байсан нь түүний ярианаас мэдрэгдэнэ.
Хүнд бэртлийн дараах сэтгэл зүйгээр тэр тайздаа хүндэтгэлгүй хандаж зүрхлээгүй юм. Заалнаас шууд тайз руу гарав. 23 настайдаа тэр энэ урлагаас өөрийгөө холдуулахыг ч хүссэнгүй. Хүсээгүй гэхээсээ бүр хүлээн зөвшөөрөө ч үгүй. У.Бат-Эрдэнийн бүжигчний ур, техник, дүрээрээ амьдрах чадвар үнэхээр дээд түвшинд байсанд үеийнхэн нь байтугай дээд үеийнхэн нь ч атаархана. Өнөөг хэр шагшигдана.
Залуу насанд өөрийг нь чиглэн ирсэн энэ олон үелзлийг байгаагаар нь хүлээн авах хатуужлыг тэр тайзнаас, балетын урлагаас олж авч чаджээ.
Түүнийг Монголдоо "Ballet Stars Gala" тоглолтыг зохион байгуулахаар цөөхөн хоногоор хүрэлцэн ирэх үеэр нь ийнхүү бид ярилцаж амжлаа.
-Надад өөрийгөө шахаж, нүдэж сурсан хэцүү техник байгаагүй-
-Перм рүү балетын сургуульд та хэдэн онд явж байсан бэ. Тухайн үед та өөрөө зорьж очиж шалгалт өгсөн үү. Хүүхэд байсан болохоор сониучирхаж очиж байсан уу?
-Нийгэм цаг үеийн онцлогоосоо хамаараад социалист улс орнуудын хувьд зөвлөлт холбоот улс урлагийн гол хөшүүргэ болж байлаа. Тухайн үед Москвагийн, Пермийн, Ташкентийн сургууль гэх хэд хэдэн сургуультай. 1981 онд Пермийн сургуулиас Монголд ирж хүүхдүүдийн дунд шалгаруулалт явуулсан юм. Эхлээд монгол багш нар шалгалт авч, тэнцсэн 8 эрэгтэй, 8 эмэгтэй хүүхдийг Пермийн балетын сургуульд сургахаар болсон. Би чинь хуучин Дэнжийн 1000-ын захын контор гэж газарт эмээ өвөө дээрээ өссөн хүүхэд л дээ. Эрэгтэй хүүхэд л болсон хойно бусад хүүхдүүдийн л адил өдөржин гадаа л өнждөг, ах нарыг дагаж гүйсэн л хүүхэд байлаа. Балетын байтугай огт бүжгээр хичээллэж байгаагүй. Ээж намайг оросоос ийм хүмүүс ирээд шалгалт авах гэж байна гэдгийг дуулаад намайг очиж шалгалт өг хүчилж байж өгүүлсэн нь тэр. Түүнээс би бүжигчин болъё гэсэн бодол өвөртөлж очиход жаахан байлаа шүү дээ. Ээж минь бүжигчин хүн учраас хүүгээ дэмий ингэж гүйж явахаар гээд шалгаруулалтад оролц гэж хэлээд анх шалгалт өгсөн нь тэр. Дөрөвдүгээр анги хүртлээ жирийн л сурч байсан хүүхэд, ингэж л гэнэтхэн балетын сургуульд тэнцээд явах болчихсон.
-Танд нэг өгөгдөл байсныг шалгаруулалтын шүүгчид олж харжээ дээ?
-Балетын сургуулийн нэг онцлог нь урьд нь огт бүжиглэж байгаагүй хүүхдийг бүр юу ч мэдэхгүйгээр нь сонгож авдаг. Юу ч сураагүй хүүхдийг А-гаас нь эхлээд заадаг учраас суурьгүй хүүхэд гэдэг тэдний хувьд хамгийн олзуурхууштай. Яагаад гэхээр бүжиглэдэг хүүхэд байлаа гэж бодоход суурийг нь анхнаас нь буруу тавьчихсан бол тэр хүүхдийн суурийг засах хэцүү байдаг учраас ерөөсөө л огт бүжгийн анхан шатны ойлголтгүй хүүхдийг л авдаг. Харин мэргэжлийн хүний нүдээр бол байгалийн өгөгдлийг нь харна. Өлмийгөө яаж өргөж байна гэдгээс нь авхуулаад биеийн ерөнхий галбир зэргийг анзаарч балетын бүжигчин болох боломжтой байна уу үгүй гэдгийг харалгүй яахав. Олон жилийн туршлагатай хүмүүс бол нэг хараад л их олон мэдээллийг тэндээс авчихдаг. Харизмтай байна уу үгүй гэдгийг ч хараад мэдчихдэг.
-Өөрөө очиж шалгаруулалт өгөөгүй хүүхэд гэнэтхэн тэнцээд 16-уулаа Оросын Пермь рүү балетын мэргэжлийн дэг сургууль руу явчихсан?
-Анхандаа их дургүй байж билээ. Балетын урлагийн дасгал сургуулилт гэдэг үнэхээр хэцүү. Социализмын үеийн багш нарын хатуу чанд байдал гэж ярих юм биш шүү дээ. Хүүхдүүдийг сайн ч шахна. Өмнө нь бүжгийн талаар юу ч мэдэхгүй хүүхэд чинь шууд л балетын бүжгийн а, б-гээс нь сураад эхлэхээр их уйтгартай, залхуутай санагдана. Өдөр бүрийн тасралтгүй бэлтгэлийн дараа хамаг бие нуль хөндүүр. Эхний ганц хоёр сарыг их л дургүй өнгөрүүлсэн. Манай сургуулиас театрт хүүхдүүдийнхээ тоглолтыг хийдэг байлаа. “Цэнхэр нүдэн бүсгүй” бүжгэн жүжиг тоглохоор болов оо. Анх удаа тайзны хөшиг нээгдэх үеийн тэр үзэгдлийг мартдаггүй юм. Хувцас өмсгөл, тайзны засал чимэглэл гээд л бүх зүйл л хичнээн гоё вэ. Тэс ондоо ертөнцөд яваад орчихсон юм шиг л санагдаж байсан. Үзэгчдийн хүлээн авч, анх удаа тайзнаас “браво” хашгирч байгааг сонсоод “Балетын бүжгэн жүжиг гэж ийм гоё байдаг юм уу” гэсэн хүчтэй сэтгэгдлийг тэгэхэд мэдэрсэн. Хүүхэд болсон хойно ерөөсөө л нөгөө дасгал сургуулилт, заалан дахь хүнд бэлтгэлээрээ л төсөөлөөд байсан нь тэр байхгүй юу.
-Таны анхны балетын бүжгэн жүжгийн дүр ямар дүр байсан юм бэ?
-Очсон эхний жилдээ ямар ч жүжигт тоглуулдаггүй байлаа. Дан бэлтгэл. Хоёр дахь жилдээ “Үнсгэлжин” бүжгэн жүжиг дээр 12 хүүхэд авч бүжиглүүллээ. 12 цагийг дүрээр төлөөлүүлээд тоглуулахаар сонгож байгаа нь тэр. Би тэр үед нэг цагийнх нь дүр болж тоглосон. Тэр үеийн мэдрэмжийг зүйрлэвэл саяын тавигдсан “Ballet Stars Gala” тоглолт дээр манай Хөгжим бүжгийн консерваторийн хүүхдүүд дэлхийн чансааны балетын бүжигчидтэй нэг тайзан дээр гарч байгаатай л ижил мэдрэмж байсан гэх үү дээ.
-Тэр болгон хүүхэд өөрөө сонгож, дурлаад явахад балетын урлаг маш хүнд шүү дээ. Тайзан дээр гараад мэдэрсэн тэр үеийн мэдрэмжээрээ өөрийгөө цаашид бүжигчин болох юм байна гэдгээ ойлгочихсон. Гэтэл энэ мэдрэмжээр л хүүхэд ганцхан тэтгэгдээд байхгүй. Үеийн хүүхдүүд шантарна. Зарим нь балетын урлагийг бүр мөсөн орхиж байдаг. Энэ бүхэн нүдэн дээр ил өрнөнө?
-Мэдээж тэгэлгүй яахав. Тэр мэргэжлийн бүжгийн сургуульд хүүхдүүд маш их бэлтгэл дунд шантрах зүйлс бишгүй байсан. Яахав цаг үеийн шаардлагаар хатуу гэрээ маягийн зүйл хийчихдэг байлаа л даа. Бүжгийн сургуульд анх ирэхэд нь л дүрэм журмаа нарийн танилцуулчихна. Гэрээсээ, эх орноосоо хол хүүхдүүд хатуу дэгтэй бүжгийн сургуульд ирсний дараа ер нь л маш их хариуцлагын дарамт ирдэг байсан. Та нарын ямар байхаас шалтгаалаад эцэг эх чинь төлбөрийг чинь төлнө шүү гээд л шууд хэлнэ л дээ. Тийм болохоор шантрах эрхгүй байлаа. Сургуулиасаа хөөгдөж болохгүй шүү гэдэг ойлголтыг анх ирэх үеэс нь л суулгачихдаг тэр үеийн хатуу системийг хүүхдүүд хүлээгээд авчихдаг байж. Одоо бол өөр шүү дээ. Ямар ч байсан сургуулиасаа хөөгдөж л болохгүй гэдэг чанд бодлыг өөртөө ч суулгачихсан байсан.
-Олон том тайзан дээр гарч бүжиглэсэн ч гэлээ анхны гоцлол мартагдахгүй шүү дээ?
-Хоёр дахь жилдээ Цөмөөхэй бүжгэн жүжигт гурван жижигхэн хүүхэд гоцлох хэсэг байсан юм. Тэнд хоёр охин нэг хүү бүжиглэх байсанд би сонгогдож бүжиглэсэн. Хүүхэд байсан болохоор тэр дүр бол тухай үедээ л гол дүр л байлаа шүү дээ. Үнэхээр л мартагддаггүй юм байна.
- Балетын бүжигчнээр суралцаж байгаа хүүхэд бүр л хүнд техникийг туршиж үзэх гэж яардаг?
-Үзсэн балетын бүжгийнхээ гоцлоочийн эргэх техникийг хараад л дуурайж хийх гэж их үздэг байсан. Яаж ингэж олон эргээд байна гээд л туршина. Дотуур байрандаа ирчихээд том хүүхдүүдээс та нар яаж эргэдэг юм бэ гээд асуухаар ингэж босч суу, ингээд зогс, ингээд эргэнэ, ингэж цэгээ авна гээд заагаад өгнө. Сонссоноо туршаад анх эргэхдээ 4 эргэж байсан юм. Дөнгөж балетын бүжгээр суралцах гээд ирж байгаа хүүхдэд анхны удаа 4 эргэнэ гэдэг миний өөрийн байгалийн өгөгдөл байсан юм билээ л дээ. Хүүхдүүд яаж ийм олон эргэж чадаж байна аа гээд л гайхацгаана. Балетын бүжигчин болоход ерөөсөө л байгалийн өгөгдөл чухал. Том хүүхдүүд бэлдэж бэлдэж л тэр хэмжээнд эргэдэг байхад анх удаа эргэчихсэндээ өөртөө их урам орчихож байгаа юм. Өнөөдүүл чинь намайг дахиад өөрөөр эргээд үз дээ, өөрөөр хийгээд үз дээ гэхэд нь шууд хийхээр бүгд уулга алдаад л. Би энэ тал дээр их азтай. Цаанаасаа л надад тэр өгөгдөл нь байсан учраас хийхэд хэцүүгүй байсан даа.
-Залуу бүжигчний хувиар өөрийгөө өрдөж, шахаж байсан техник бий юу. Балетын залуу бүжигчид бэлтгэлийн зааланд уйгагүй давтаж, бэлтгэж байгааг цөөнгүй харж байлаа?
-Надад яг өөрийгөө тэгэж шахаж, нүдэж сурсан тийм хэцүү техник үнэндээ байгаагүй. Харин балетын дасгалыг эхнээс нь сурч, тэр суурийг нь тавих нь мэдээж хэцүү л дээ. Балет чинь ганцхан техникээр явахгүй. Гар хөл, бие толгойн зөв байрлал, хөгжмийн сонсгол, дүрдээ амьдрах гээд ганцхан балетын бүжигчин гэлтгүй өөр олон талаараа бэлтгэгддэг учраас үүнд суралцана гэдэг өөрөө чамгүй шүү дээ.
-Сургуульд нь сурч, дотор нь бүжиглэж яваа хүний хувьд анхны тэмцээний тайз ойр ч гэсэн том биз?
-Тэр үед сургуулийн хүүхэд тэмцээнд орно гэдэг хэцүү байлаа. Бараг боломжгүй. Одоо бол хэн хүссэн нь дуртай тэмцээндээ ордог болсон байна шүү дээ. Харьцангуй жижиг тэмцээн ч гэлээ дандаа мэргэжлийнхэн оролцоно. Театрт ажилладаг мэргэжлийн бүжигчид гэсэн үг шүү дээ. Үнэхээр гоц л биш бол сургуулийн хүүхэд бараг оролцдоггүй тийм хатуу журамтай байсан. Би анх Пермийн тэмцээнд оролцоод “Үзэгчдийн таашаалыг хүртсэн бүжигчин” гэсэн шагнал хүртэв ээ. Тэр жилдээ сургуулиа төгсөөд дипломоо өвөртлөөд л шууд дэлхийн том тэмцээн рүү явсан. Москвагийн том тэмцээн бол балетын бүжигчдийн хувьд А зэрэглэлийн, балетын олимп гэж хэлэгддэг байлаа. Дөнгөж сургуулиа төгссөн хүүхэд шүү дээ. Тэр үед хэдхэн том тэмцээн байсан нь Москва, Варна, Парис, Хелсинкийн тэмцээн байлаа. Варна хоёр жилд нэг удаа, бусад нь дөрвөн жилд нэг удаа буюу яг л олимпийн хугацаагаар болно. Балетын хувьд 4 жил гэдэг их хугацаа л даа. Тэнд оролцоод би монголоор бол “Орчин үеийн шилдэг бүжигчин” гэдэг шагнал авсан. 2 сар бэлтгэл хийгээд л орсон тэмцээн дээ.
-Балетын урлагийн тайзаар дэлхийд яригддаг хот шүү дээ Москва. Гэтэл гэнэт л монгол залуу томоохон тэмцээнээр нэр нь дуулдаад эхлэхээр балетын урлагийнхан сортос хийсэн байх даа. Юун Бат вэ гээд л?
-Тэр үеийн тэмцээний шүүгчид гэж “аймар амьтад” байлаа. Гэхдээ би багаасаа л тайзнаас айж сүрдэж үзээгүй. Хэний ч өмнө гараад бүжиглэчихэж чадна гэсэн итгэл дүүрэн. Том шүүгчдийн өмнө, сайн бүжигчний дэргэд бүжиглэх, том тайзан дээр гарахаараа айхын оронд огшдог байсан. Би энэ бүжгийг бүжиглэж чадна гэсэн өөртөө итгэх итгэл өндөр байж. Тухайн үед Оросын театр гэхэд л гадаад бүжигчин бүжиглүүлээд байх шаардлагагүй байлаа. Большой театр байна. Балетын урлагийн хувьд том орны нэг шүү дээ. Гэтэл би тэнд ажиллаж, ид оргил үеэ өнгөрүүлсэн.
-Залуу бүжигчинд хор шар их, нөгөө талаас яг дэргэдээс атаархал ч мэдрэгдэнэ. Өрсөлдөөн ч шаггүй биз?
- Байлгүй яах вэ. Балетын бүжигчдийн дунд хэлж яригдахгүй мөртлөө нүдэнд харагдах өрсөлдөөн их шүү дээ. Илүү бүжиглэхийг, дүрээ илүү амьдруулахыг, техникээ давуулахыг хүснэ. Туршлага суугаад, балетын гоо сайхныг мэдрээд ирэхээр илүү гүн рүү, хэцүү рүү нь орж бүжиглэхийг л бодно. Энэ бол заавал байдаг.
-Баргийн балетын бүжигчинд олддоггүй гоцлол дүрийг голж байсан бардам үе ч бий-
-Тэмцээнээс тэмцээний хооронд таны нэр цуурайтаж, томоохон тоглолтуудын гол рольд бүжиглэж байх үед сэтгэл ханах мэдрэмж төрсөн болов уу?
-Яг үнэнийг хэлье. Би алдартай бүжгэн жүжгүүдэд гоцлож байхдаа ч, тэмцээнүүдээс шагнал хүртэж байхдаа ч сэтгэл ханаж байгаагүй. Үргэлж голдог байлаа. Бүр яг сэтгэл ханахад тун дөхсөн тоглолтоо хэл гэвэл гэмтэл авахаасаа өмнө ид оргил үедээ бүжиглэж байсан тэр цаг хугацаанд ганц нэг л байсан болов уу. Онгирсон болох вий. Гэхдээ миний уран сайхны удирдаач, Оросын театрын домогт бүжигчин Вячеслав Гордеев миний ид бүжиглэж байсан үеийн тухай ярихдаа техникийн хувьд үнэхээрийн байгаагүйг гаргаж чаддаг байсан гэж хэлж байсан юм. Баргийн балетын бүжигчинд олддоггүй гоцлол дүрийг голж байсан бардам үе ч байжээ. Намайг Москвагийн тэмцээнээс мөнгөн медаль авах хүртэл Монголоос А зэрэглэлийн томоохон уралдаанаас медаль авалгүй их удсан байлаа. Надаас өмнө 1981 онд Ардын жүжигчин Ю.Оюун гуай хүрэл медаль авсан юм билээ. Би бараг бүгдэд нь л гоцлосон. Мэдээж надад тохирохгүй балетууд бий шүү дээ. Орост чадаагүй ч гадаадад бүжиглэсэн ч бий.
-Та 1988 онд ОХУ-ын Перм хотод болсон “Арабеск” тэмцээнд үзэгчдийн нэрэмжит шагнал, 1989 онд Токио хотод болсон Ази Номхон далайн орнуудын тэмцээний хүрэл медаль, мөн энэ ондоо Москва хотод болсон олон улсын балетын VI тэмцээнд “Орчин үеийн бүжгийн шилдэг бүжигчин шагнал, 1992 онд Варна хотод болсон олон улсын балетын тэмцээнд “Finalist Diplom”, 1993 онд Москва хотод болсон олон улсын VII тэмцээнээс мөнгөн медаль, 1994 онд Солонгос улсын Кванг Жу хотод болсон олон улсын балетын фестивалийн Шилдэг бүжигчин болж байсан шүү дээ. Монголдоо хоёр жил ажиллачихаад Москва руу буцчихсан. Монголын тайз танд жижигдсэн үү?
-Би Монголд Дуурийн театрт ажилласан. Монголын тайз надад жижигдсэн гэж хэлэхэд хэцүү л дээ. Хүүхэд байхаасаа орост сурчихсан, уралдаан тэмцээнд оролцчихсон. Зөвлөлт холбоот улс дотроо томоохон өрсөлдөөнтэй байсан учраас тэнд өөрийгөө соримоор байна шүү дээ. Большой театрын тайз гэдэг ямар том билээ. Балетын тоглолт үзэгчгүй бол юу ч биш шүү дээ. Намайг Монголд ажиллаж байхад гол гол бүжгэн жүжгүүд тавигдахад зааланд хориодхон хүн л сууж байсан тохиолдлууд бий. Энэ мэдрэмж бүжигчин хүний хувьд ямар байх вэ гээд бодоод үзээрэй. Би гэхдээ Монголын нийгмийн хамгийн хатуу, сонгодог урлагийн үзэгчид цөөрсөн энэ үед тайзан дээрээ амьдарч байсан тэр цагийн бүжигчдээр бахархдаг. Өнөөдөр тэдний гавьяаг сайн үнэлэхгүй, сайн ярихгүй байх шиг санагддаг юм. Ганзагын наймаа руу бүгд урсаж байхад тайзан дээрээ бүжиглэж байсан 90-ээд оны бүжигчид бол үнэхээр ярихгүй байхын аргагүй хүмүүс юм шүү.
-1993 онд та Москвагийн тэмцээнд орж мөнгөн медаль авсан яг тэр үедээ хөлөндөө хүнд гэмтэлтэй байсан юм билээ. Балетын бүжигчний хувьд гэмтлийн хугацаанд тайзан дээр гарч чадахгүй байх, эдгэрэх мөчөө хүлээх, тэр хугацаанд тоглолтууд, тэмцээнүүд болж, цаг хугацаа урсаад л байдаг. Тэр тусмаа залуу бүжигчний хувьд ийм үе хамгийн их шатаадаг, шаналгадаг үе юм шиг санагддаг?
-Миний тайзан дээр тасралтгүй бүжиглэж, нижигнэсэн их алга ташилтын дор хамгийн сайн ролиудад гоцлож явсан оргил үе минь нийтдээ 9 сар л байж. Гэнэтийн гэмтэл биш, хэт их ачааллаас болж явцдаа үүсэж хүндэрсээр бүжиглэж чадахгүй, болохгүй хэмжээнд тулчихсан юм. Гэмтлийн үе бол үнэхээр хүнд. Хагалгаанд орчихоод 6 сарын турш эмнэлэгт. Буцаад бүжиглэнэ гэдэг бодлоо та авч хаясан дээр гэж эмч ч хэллээ. Зургаан сар гэдэг дэндүү урт, дэндүү чанга (хэсэг бодолхийлэв). Юм юм бодогдоно. Москвад ид карьерийн үе дээрээ “Бат, Бат” гээд танигдаж яваа залуу бүжигчний хувьд зүгээр л ёроол руугаа уначихсан. Эв эрүүл байгаад би ингэж ёроолдсон бол өөр хэрэг. Тахир дутуу болчихоод ийм мэдрэмж рүү унана гэдэг бүжигчний хувьд хэн ч биш болж байгаа нь л тэр шүү дээ. Найз нөхөд гэж гүйлдэж явсан хүмүүс гэнэт алга болно. Хүрээлж байсан хүмүүс чинь хумигдаж, чимээ сураг тасрах ч энүүхэнд. Чамайг яг тэр өдрөөс л балетын урлаг мартаж эхэлнэ.
1993 оны тэмцээнээс хойш үндсэндээ жил орчим бүжиглээд л хүнд хагалгаанд орсон нь энэ. Бодит байдал дээр би буцаж бүжиглэх ямар ч боломжгүй болчихсон үе. Гүрийгээд л буцаад ажилдаа орно гэж шийдлээ. Гэхдээ нэг л чинээндээ хүртэл хийж чадахгүй л байгаа шүү дээ. Яагаад гэхээр өвдөөд байгаа юм чинь. Үсрээд буухад ч хүртэл нэг л болохгүй. Энэ гэмтлээс хойш 14 жилийн турш хүчтэй өвдөлттэй амьдарсан. Бэлтгэл хийх гэхээр нэг өвдөөд эхлэхээрээ шөнө болтол өвдөлт намдахгүй, шаналгаатай. Дөнгөж 23 настай, тэргүүн гоцлооч болчихсон. Яг л ид сайхан болж ирж байсан үе л дээ.
-Хүнд гэмтэлтэй ч тайзан дээр гармаар санагдсан?
-Зааланд бэлтгэл хийж бүжиглэхээрээ өөрийгөө хайрлаад байсан. Өвдөх вий дээ, зовиурлах вий дээ гээд л. Хэрвээ тайз руу гарчихвал тэр шаналгаа арилчих юм шиг. Ерөөсөө байгалийн мэдрэмжээрээ л шууд гарчихъя гэж бодсон. Тэгээд уран сайхны удирдагчдаа хэллээ. Та намайг тайзан дээр гаргаач гэчихэв. Тайзан дээр бүжиглэх үед өвдөлт алга ч болчих шиг. Тайзан дээр бүжиглэж байхдаа өөрийгөө хайрлаад байж чадахгүй. Сайн л бүжиглэх ёстой. Шууд л Дон Кихот-д тоглосон. Өвчтэй хөлтэй бүжиглэх өмнөхөөсөө тэс өөр. Ялангуяа хагалгааны өмнөх гэмтэл хагалгааны дараахаас илүү амар байж л дээ. Хагалгаа хийлгэсний дараа хөл минийхээр хөдлөхгүй. Үсрээд түлхэхээр хөлөө зөв мэдэрч чадахгүй, миний хөл биш юм шиг л. Нэмээд өвдөөд байдаг. Балетын бүжигчний хувьд булчин шөрмөс зөв ажилладаг байх ёстой шүү дээ. Гэхдээ эргээд бүжиглэснээсээ хойш 39 нас хүртлээ тасралтгүй бүжиглэсэн байна. 60 гаруй улсаар аялан тоглож, бүжиглэжээ.
- Хүн өөрт бий болоогүй нөхцөл байдлыг, “хэрвээ” гэж бодоод л байдаг. Та хэрвээ бэртэл аваагүй байсан бол гэж боддог байсан уу?
-Бодогдоно. Би бэртэл авалгүй бүжиглэсээр байсан бол 25-26 нас хүрэх үедээ бүүр сайн байх байсан даа гэж боддог. Эр хүний хувьд бүх ид хав нь бүрдсэн нас бол 30-33 нас шүү дээ. Бяр чадал, оюун санаа, бүх талаараа ид үе. Ингээд бодохоор арай л эрт би бэртэл авч, арай л эрт тахир дутуу болчихож дээ гэж бодогддог. Гэмтлийн дараах тоглолтуудад нэг л сэтгэл дундуур. Яг өөрийн хүсээд байгаа гүйцэтгэлээ гаргаж чадахгүй байх үнэхээр хэцүү, бачимдана. Энэ гэхдээ уналтын мэдрэмж биш. Харамслын мэдрэмж юм даа. Одоо эргээд гэмтлийн дараах үеийн бүжиглэж байгаа бичлэгүүдээ харахаар дутуу л харагддаг.
- “Үзэгчдэд таашаагдаж байгаа энэ мөчтэйгээ хамт ингээд л би бууя” гэж бодсон-
-Балетын урлаг залуу насных. Өөрөө хүссэн ч эс хүссэн ч бусад мэргэжлийн хувьд ид залуу насандаа тайзаа орхидог нь үнэхээр хатуу. Таны хувьд хамгийн сүүлд ёслоод буусан тайз хэзээ, хаана байв?
-Италид юм даа. Оросын театрынхан намайг урьж тоглуулсан. Москвад хуучин ажиллаж байсан театрын захирал маань намайг гадаадад аялан тоглох тоглолт дээр ирж бүжиглээч гэж хүслээ. Дэлхийн сонгодогийн төв нийслэлд. Тэр үед бүжиглэхээ больё, ингээд тайзнаасаа буучихъя гэсэн бодол байгаагүй л дээ. Гэтэл яг тоглолтын үеэр үзэгчид үнэхээр мартагдахын аргагүй уур амьсгалтай хүлээж авсан. Тоглолт дууссаны дараа хамтран тоглосон бүжигчдийн баг маань Орос руу, би Америк руу буцаад явах байлаа. Аяллын тоглолтын сүүлийн өдөр бүжиглэж дуусаад үзэгчдийн алга ташилтын өмнө тайзан дээр талархаж ёслоод толгойгоо дээш өргөх тэр хором мөчид л дотроос гэнэтхэн “За ингээд л больё. 39 хүрчихээд би өөртэйгөө яаж ч ажиллаад илүү сайжрахгүй. Илүү уруудаагүй дээрээ. Хөгширч байгаагаа харуулалгүй. Үзэгчдэд таашаагдаж байгаа энэ мөчтэйгээ хамт ингээд л би бууя” гэж бодогдсон.
-Урлагаасаа зодог тайлах гэхээсээ хувь өөртөө л та “болсоон” гэж хэлжээ?
-Яг тэгсэн. Балетын урлаг бол үнэхээр залуу насных. Олон арав, зуун тоглолтод алдаагүй бүжиглэнэ гэдэг ямар гээч. Яльгүй алдаа гаргавал өөрөө өөртөө өгөх зэмлэл дэндүү их. Гүйцэтгэлээ төгс хийхийн хүсэл бүжигчин хүн бүрт байх чанар. Ямар ч сайн тоглолтын ард “сайн хийлээ” гэдэг бодол мэдрэмж бараг төрөхгүй дээ. Дутуугаа л олж хараад байдаг.
-Замаар нь алхаад тодорхой цэгт та хүрчээ. Яг таны араас, за магадгүй өөрийн шинэ замыг бүтээгээд явж байгаа балетын залуу бүжигчдэд алдаа, оноо нь урдаа байна шүү дээ?
-Өөрийгөө чадна гэсэн бүрэн дүүрэн итгэл чухал. Хэнээс ч айдаггүй. Зарим бүжигчид зааланд үнэхээр сайн бүжиглэдэг. Дарамт мэдрэхгүйгээр алдсан ч яахав гэсэн зоригоор зааланд бүжиглээд байдаг. Гэтэл тайзан дээр мэдээж дарамт мэдрэгдээд ирэхээр нөгөө сайн гаралтууд гарахгүй ч юм уу. Тийм болохоор залуу бүжигчдэд зориг хэрэгтэй.
-“Ballet Stars Gala” тоглолтоор та балетын урлагийн дэлхийн одуудыг Монголдоо авчирсан нь магадгүй залуу балетын бүжигчдэд нэгийг хэлэх гэсэн болов уу?
- Заримдаа хатуу шүүмж, олон үгийг хүн хэлээд байхаасаа үзүүлж үлгэрлэх нь их чухал гэдгийг одоо ойлгож эхэлж байна л даа. Тийм болохоор өөрийн тань хэлдгээр дэлхийд чансаагаараа тэргүүнд бичигддэг, техникийн ур чадвараар ч мэргэжлийн бүжигчдийн дунд шүтээн нь болсон бүжигчдийг монголд авчирснаар манай залуу бүжигчид өөрийгөө хаана нь явааг анзаараасай. Тэднээс үлгэрлэх, суралцах, тэдэнтэй нэг тайзан дээр гарах ийм боломжийг мэдрээсэй гэж хүссэн учраас би консерваторийн хүүхдүүдийг уг тоглолтод оролцуулж, энэ тоглолтыг үзэхэд нь ч дуурийн театрын бүжигчин бол, балетаар хичээллэдэг бол зориуд билетийн үнийн дүнгээ бууруулаад, хөнгөлттэй үзүүлээрэй гэж зохион байгуулагчдадаа хэлсэн юм. Нөгөө талаас энэ алдартай одууд ч бас манай монголын залуу бүжигчдийн техник, чадварыг харсан гэж бодож байна.
-18 настайдаа Марийнский театрын гоцлол бүжигчин болж, томоохон балетын жүжгүүдийн гол дүрийг авч байсан Мария Хореваг, Астана опера-гийн гоцлооч Бахтияр Адамжан, “American Ballet Theatre” болон “Berlin State Ballet”-ын тэргүүн гоцлооч Даниил Симкин тэргүүтэй чансаатай бүжигчдийг нэг дор цуглууллаа. Та тоглолтын үеэр өөрөө монголын тайзан дээр тоглох боломж гараагүй учраас үзэгчдийг сайн тоглолтоор мялаах хүсэл эрмэлзэлэл их удаан тээжээ гэж бодогдсон?
-Цагаан хунд тоглоно гэдэг ямрыг. Энэ дүрийг бүтээхийн цаадах учрыг юм ойлгодог хүн бол хараад л маш их зүйлийг энэ тоглолтоос ойлгож, суралцана. Яахав би гэдэг амбицаар бол хүн хол явахгүй юм байна. Ийм амбицаар хүн их сохордог л доо. Залуудаа ийм амбиц байсаан яалт ч үгүй. Амьдралын туршлагаасаа ойлгосон учраас Монголдоо нэг сайн тоглолт зохиохсон гэдэг хүсэл яваад л байлаа. Балетын бүжигчний туршлагаа ашиглаад энэ одуудыг цуглууллаа. Нөгөөтэйгүүр мэдээж хэцүү. Аль хэдийнэ балетын урлагт нэрээ гаргаад, тоглолтын хуваарь нь хэдэн жилээр төлөвлөгдчихсөн ийм одуудыг авчрахад зардал мөнгө ямар байх билээ. Намайг санал тавьсан болохоор Монголд ирж, энэхүү тоглолтод оролцохыг зөвшөөрсөн. Хүүхэд байхдаа миний бүжиглэхийг харж байсан хүмүүст санал тавихад нэг талаараа их ойр байлаа л даа.
-“Ballet Stars Gala” тоглолт үнэхээр гайхалтай байсан гэдгийг би дурдахгүй өнгөрч чадахгүй нь. Бүжигчдийн техник ур чадвар үнэхээр ярих зүйлгүй, үзэгчид ч мөн маш өндөр сэтгэгдэлтэй байгааг дотроос нь мэдэрч суулаа. Дараа дараагийн Монголд тоглогдох сонгодог урлагийг тоглолтуудад та их өндөр босго тавьж өглөө?
-Нэг талаараа бид гадны энэ том одуудыг ингээд азаар эх орондоо нэг тайзан дээрээс үзчихлээ. Гэтэл монголын маань балетын бүжигчдийг гадныхан яаж үзэх билээ. Яаж тэднийг мэдэх билээ гээд бодохоор бас олон асуулт ургана. Яахав гадаадад ажиллаж байгаа манай чадварлаг бүжигчид бий. Гэхдээ ганц хоёр балетын бүжигчнээр монголын балетын урлагийг төсөөлнө гэдэг өөр л дөө. Сая манай тоглолт дээр консерваторийн хүүхдүүдийг бүжиглэхэд тайзны ард өнөөх мундагчуул зогсоод “Хөөх ийм байх нь ээ” гээд харж, ярьж байна. Боломж нь бүрдэж өгөхгүй л байгаа болохоос аль болох гадагшаа л өөрсдийнхөө чансааг харуулах юмсан.
Монголд энэ том тоглолтыг зохион байгуулахад миний нэр л урдаа яваад байгаагаас үнэндээ яг гардан ажилласан хүмүүсийг би энд зориуд дурдмаар байна. Монгол Улсын Гавьяат Жүжигчин Х.Гэрэлчимэг багш, “G-River ballet studio”-гийн захирал С.Ганбат, багш нар, арын албыг бүрэн хариуцаж ажилласан П.Болор-Эрдэнэ, Хөгжим бүжгийн консерваторийн багш МУГЖ Х.Мөнгөнхөлөг, Маркетинг директор Ганболор гээд үнэхээр олон хүний хүч хөдөлмөр, олон шөнө нойргүй ажилласаны үр дүн юм шүү. Та бүгдэд хувийн зүгээс гүн талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Ашгийн төлөө бус, ёстой л орлогоороо зарлагаа нөхсөн сонгодог урлагт хайртай хүмүүсийн л нөр ажил байлаа. Хүрэлцэн ирсэн үзэгчдэдээ ч мөн баярлаж, талархснаа илэрхийлье.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЁСТОЙ ГАЙХАЛТАЙ ХҮНДЭЛЖ БИШРЭХ ХҮН БОЛ ЭНЭ ХҮН ШҮҮ УРЛАГТАА ҮНЭНЧ ЭНЭ ХҮНД МОНГОЛЫН ТӨР ЮУ ӨГӨВ ОДОО ЭНЭ БҮЖИГЧНИЙ ТУРШЛАГА АВЬЯАС ЧАДВАРЫГ НЬ ЗАЛУУ ҮЕД ӨВЛҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БҮХ БОЛОЛЦООГООР НЬ ХАНГАЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ БИШИРМЭЭР АВЬЯАСТАН БӨЛГӨӨ ГҮНЭЭ ХҮНДЭТГЭЕ АМЖИЛТ НАЙЗАА
Ямар гоё ярилцлага уншив аа
Мундаг хүн шүү
Unench zutgelten
mash saihan yriltslaga boljee
Алдаагаа сайтар хянаж оруулах хэрэгтэй шүү. Оросын Пермь гэдэг хотын нэрийг удаа дараа буруу бичлээ, мөн нэг удаа Большой театр гэхийг мөн л Ь-гүй бичлээ. Уншиж байхад утгын болоод өгүүлбэрийн бүтцийн �##�даанууд их байна.
Биширмээр бүжигчин, ийм олон мундаг хүмүүс энэ хүнийг хүндлээд ирсэн. Баярл�##�аа