Нийгэм мэдээ

Хөндөх сэдэв: БЗХӨ/ДОХ-ын халдвараас 99 хувь хамгаалдаг эмийг Монголд зөвшөөрдөггүй

Эрүүл мэндийн салбар хөгжихийн хэрээр олон төрлийн өвчнийг эдгээх эмийн болон бусад хэлбэрийн эмчилгээг олж нээсээр байна. Гэвч Бэлгийн замын өвчин (БЗХӨ) халдварын тархалт өнөөг хэр дэлхийн хүн амын дунд маш өндөр байгааг эмч, мэргэжилтнүүд анхааруулсаар буй.

Манай улсад 2024 оны эхний найман сарын байдлаар 16 хүн ДОХ-оор өвчилсөн бөгөөд үүнээс өнгөрсөн сард нэг тохиолдол илэрсэн байгаа юм. Энэ нь улсын хэмжээнд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал долоогоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Тэр ч утгаараа уг тоон мэдээлэлд иргэд эмзэглэж, хөндөх сэдвүүдийн нэгт зүй ёсоор ороод байгаа билээ.

Иймд Eguur News агентлаг БЗХД болон ДОХ-ын талаарх яригдаад байгаа урьдчилан сэргийлэх эм, мэргэжлийн эмчийн яриа, инфографик зэргийг таны мэдлэгт хүргэж байна.

-Манай улсад ХДХВ/ДОХ-ын халдвартай 387 иргэн байна-

График: ХДХВ-ийн халдварын тохиолдлын тоо, шинэ тохиолдлын тоо өссөн дүнгээр

Манай улсад ХДХВ/ДОХ-ын халдвартай 387 иргэн байна. ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлын 15,5 хувь эмэгтэйчүүд, 85,5 хувийг эрэгтэйчүүд эзэлж насны хувьд 25-39 насныхан дийлэнх буюу 55,1 хувь нь байна.

Энэхүү халдварын улмаас нас барсан тохиолдол энэ онд бүртгэгдээгүй ч өвчилсөн хүний тоо өссөөр байгаа нь маш ноцтой асуудал. Цөөхөн хүн амтай ч жил ирэх тусам нэмэгдэж буй уг асуудлын талаар бид ганцхан өдөр яриад л өнгөрдөг. Тодруулбал, Хүний дархлал хомсдлын вирус, Дархлалын олдмол хомсдолтой тэмцэх дэлхийн өдөр буюу “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” гэж жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдөр тэмцээд үлдсэн 364 хоногт нь бүдгэрдэг гэсэн үг юм. 

Уншигчид дээрх тоон мэдээллүүдийг аваад "за тэгвэл бид уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой юм бэ" гэсэн асуулт хэн бүхэнд байгаа нь лавтай. Иймд бид бэлгийн замын халдвар буюу ХДХВ-ын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлүүдийг мэргэжлийн эмч С.Урангаас авлаа.

-Хүмүүсийн хамгийн түгээмэл ойлголт нь ХДХВ, ДОХ-ыг нэг өвчин, нэг нэр гэж бодоод байдаг. Тэгэхээр ХДХВ гэж яг юу вэ? бас ДОХ гэдэг нь юу юм? Аль нэршлийг нь илүү ашиглах нь зохилтой юм бол?

-Хүмүүсийн төөрөгдөөд байдаг зүйл нь ХДХВ, ДОХ-ыг нэг өвчин, нэг нэр гэж бодоод байдаг. Яг үнэндээ ХДХВ нь “Хүний Дархлал Хомсдлын Вирус” буюу хүнээс хүнд халдварладаг эмгэг үүсгэгч бичил биетэн юм. ДОХ гэдэг бол “Дархлалын олдмол хомсдол” буюу олдмолоор төрөлхийн биш байдлаар хүний дархлаа хомсдож дутагдалд орох, улмаар дутагдсан дархлаа хүнийг хавдраас, халдвараас, шимэгчээс хамгаалах ийм үйл ажиллагаа алдагдаж хүн өвчлөмтгий болдог ийм нөхцөл байдлыг хэлдэг. Тэгэхээр ХДХВ, ДОХ нь хамтдаа явдаг учир нь юу вэ гэвэл Хүний дархлал хомсдлын вирус хүнээс хүнд халдварласнаас хэрэв тусламж үйлчилгээ эмчилгээндээ хамрагдаж чадахгүй бол халдварын эцсийн шат буюу Дархлалын олдмол хомсдол үүсдэг учиртай байгаа юм. Тэгэхээр ХДХВ-ын халдвартай хүн бүр ДОХ-той гэсэн үг биш.

-ХДХВ-тэй хүн ганцхан эм уух биш, ХДХВ-н халдваргүй хүн нь ретровирусын эсрэг эсийг өдөр болгон ууж хэрэглэх ёстой-

-Хэдхэн хоногийн өмнө энэ оны эхний найман сард ДОХ-ын халдвараар 17 хүн өвчилсөн тухай халдвартын эмнэлгээс олон нийтэд мэдээллээ. Ингэхдээ хүмүүс урьдчилсан сэргийлэх эм, шинжилгээний асуудлуудыг их ярьж байна. Тэгэхээр “Prep”, PEP зэрэг урьдчилан сэргийлэх эмийн талаар манайхан хэр их мэдлэгтэй байдаг вэ. Энэ эм үнэхээр хамгаалалт болж чадах уу?

-Эмчилгээ нь анх 1985 онд Зедовудин гээд ХДХВ-н эсрэг, ретровирусын эсрэг эм нээгдсэн байдаг. Энэ эмийг хамгийн анх лабораторийн нөхцөлд ХДХВ-н вирусын өсөлт хөгжлийг саатуулж байгааг олж нээсэн байдаг.

ХДХВ-н халдварын эмчилгээг яаж хийдэг вэ? гэхлээр нэг эмээр биш 3 эмийн хосолсон нийлмэл эмчилгээ хийгддэг. Ингэж байж тухайн эмчилгээ маань өндөр идэвхитэй ретровирусын эмчилгээ болж явдаг. Гурван эм нь нийлээд тухайн вирусын өсөлт үржлийн тодорхой үе шатуудад хориглох ийм үйлдэл үзүүлснээр тэр вирус өсөж үржиж чадахгүй үхэлд хүрдэг. Дархлааны эсүүд рүү довтолж тэднийг үхүүлдэг үйлдэл нь байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр хүн өөрийн физиологийн цохилдлогоор дархлааны эсүүд маань эргэн хэвийн хэмжээндээ хүртэл өсөж үржиж чаддаг. Тэгээд тухайн хүнийг ДОХ-оор өвдөхгүйгээр хэвийн дархлаатай, бусад ХДХВ-н халдваргүй хүмүүс шиг ханиад томуу, бусад өвчин эмгэгт өртөх байдал нь адилхан түвшинд очно гэсэн үг. Энэ эм нь зөвхөн ХДХВ-н халдвартай хүмүүст халдварын эсрэг эмчилгээ болохоос гадна урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байдаг. 

-Манай улсад дээрх эмийг оруулж ирэх заалт байдаггүй гэж сонссон. Гэхдээ цаашдаа монголд уух боломж бий юу?

-Prep эмийн тухайд, Бэлгийн харьцааны үед ХДХВ дамжих эрсдлийг 99 хувь хүртэл бууруулдаг. Судлагдсан гаж нөлөө байхгүй ба зарим хүмүүст бага зэрэг толгой өвдөх, дотор муухайрах болон сульдах зэрэг шинж тэмдэг эхэн үедээ илэрдэг боловч удахгүй алга болдог. Уг эмийг хэрэгслэснээр,

  • ХДХВ-ийн эсрдлээс тогтмол хамгаална,
  • Олон бэлгийн хамтрагтай, бүх төрлийн бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаатай хүмүүст ХДХВ-ээс сэргийлэх хамгийн сайн арга,
  • Prep нь зөвхөн ХДХВ-ын халдвараас найдвартай хамгаалах бөгөөд бусад төрлийн БЗХӨ-өөс хамгаалахгүй тул бэлгэвчээ давхар хэрэглэх хэрэгтэй.

Өнөөдрийн байдлаар Монгол улсад хэрэгжих боломжгүй хараахан эрүүл мэндийн сайдын тушаал журамд энэ хүмүүст эмчилгээ хийнэ гэсэн заалт байхгүй байна. Оруулж ирэх эсэхийг дээд түвшнийнхэн л мэдэх асуудал.

-Зөвхөн ХДХВ-н халдвар гэлтгүй бусад далд хэлбэрээр тухайн хүн тээгч хэлбэрээр байдаг зөндөө олон халдварууд байдаг-

-Эмнээс гадна өөрөөр яаж урьдчилан сэргийлвэл зүгээр байдаг вэ?

-Эм бол хоёр янзаар урьдчилан сэргийлж байгаа. Нэг нь болохоор өртөлтийн өмнөх урьдчилан сэргийлэлт буюу PrEP, нөгөө нэг эмийг яаж урьдчилан сэргийлж хэрэглэж болдог вэ гэхээр хэрвээ халдварт өртсөн тохиолдолд, ямар нэгэн эрсдэлтэй алхам хийчихсэн байгаа тохиолдолд 72 цагийн дотор уудаг. Тийм арга байдаг. Гэхдээ энэ бол маш сайн зөвөлгөө авч, маш сайн хяналтан дор хийгдэх ёстой. 28 хоногийн турш эрсдэлтэй алхам хийсэн, тухайн өртөлтөөс хойш аль болох хурдан хугацаанд 1-2 цагийн хугацаанд уувал бүүр сайн гэж ярьдаг. Гэхдээ цаад хугацаа нь 72 цаг байдаг. Түүнээс хойш 28 хоногийн турш ретровирусын эсрэг эмийг ууж хэрэглэснээр ХДХВ-ын халдварт өртсөн тохиолдолд тухайн халдварыг хүний бие махбодид нэвтэрч орохоос хамгаалдаг ийм сэргийлэлтийн арга байдаг. Энэ аргын үр нөлөө нь бол PrEP-тэй адил шинжлэх ухааны үндэслэл төдийлөн их байдаггүй боловч зарим кэйс судалгаа, субектив судалгаануудаас үзэхэд үр дүнтэй гэдэг нь харагддаг ийм арга байгаа. Эмийн урьдчилан сэргийлэлтийн хувьд ийм 2 төрлийн урьдчилан сэргийлэх арга байдаг.

-ДОХ-оор өвчилсөн тохиолдолд бусад халдварт өвчнүүдээр өвчлөх магадлал өндөрсдөг гэдэг. Ийм тохиолдолд яах вэ?

-Хүн нэг удаагийн бэлгийн хавьтлаар ганцхан БЗХӨ-г биш өөр бусад өвчин тусах ч эрсдэлтэй байдаг. Тийм учраас хэрвээ ямар нэгэн төрлийн БЗДХ илэрсэн тохиолдолд зайлшгүй эрүүл мэндийн байгууллагад хандаж, шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэх нь илүү үр дүнтэй. Яагаад гэвэл хавсарсан халдварыг авчрахыг үгүйсгэхгүй. Хэн нэгэн найз нь ногоон идээ гараад байвал наад чинь “ийм тариа би тариулж байсан” гээд тариулчихад дахиад ард нь Тэмбүү авчихсан явж байгаад тэрийгээ мэдэхгүй далд хэлбэрт шилжүүлчих аюултай байдаг учраас эхлээд өөрийгөө тухайн өвчнийг авахаас хамгаалаарай.

-БЗДХ-ын талаар бусад хүмүүс яг юу хийвэл зохилтой вэ?

-Бид багаасаа хоолоо идэхээсээ өмнө гараа угаана, 00 орчихоод гараа угаа гээд. Энэ чинь бол тухайн хүний эрүүл амьдралын зуршил хэв маяг болчихсон байгаа шүү дээ. Гараа угааснаар гэдэсний халдвараас сэргийлнэ гэдгээ мэддэг. Адаглаад А вирусын шар тусахгүй гэдгээ мэддэг. Тэгэхээр энэнтэй адилхан бэлгийн эрүүл зан үйл ч гэсэн, хүн хоолоо идэхийнхээ өмнө гараа угаадагтай адилхан хэвшил зуршил болох ёстой. Хувь өөртөө тэр дадлыг хэвшүүлэхдээ л анхаарах ёстой. Бэлгэвч хэрэглэдэг тэр зан үйлийг ч юм уу? Таны бэлгийн амьдрал ямар вэ? түүнтэй нийцүүлээд та өөрийгөө яаж сэргийлэх боломжтой вэ? гэдгээ хэвшүүлэх нь зөв гэж бодож байна.


Бэлгийн замын халдварт өвчин бол монголчуудын өмнө тулгамдсан асуудал мөнөөсөө мөн. Магадгүй зарим нэг нь энэ бол надад хамаагүй бусдын асуудал гэж бодож болно. Мөн нийгмийн хөндөх сэдвийн хэмжээний зүйл биш гэж бодож болох. Гэхдээ энэ бол эндүүрэл. Хүмүүс залуу байхдаа халдвар авчихаад олон шалтгаанаас болж оношлуулж эмчлүүлэхгүй явснаас, мөн дур мэдэн эмчилгээ хийснээс өвчин архаг байдалд шилжиж гуурсан хоолойн үрэвсэл үүсгэж, улмаар үргүйдэж байгааг ч эмч нар анхааруулж байна. Үүнээс үзвэл манай улсын хүн амын тоо өсөхөд ч энэ төрлийн өвчлөл том аюул заналхийлэл буй болгож байна. Иймээс л халдварт өвчин, тэр дундаа бэлгийн замын халдварт өвчнөөс онцгой сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх эмийн заалтыг хуульд тусган өгч, анхааралдаа авч төр засаг нь бодлогын түвшинд илүү нухацтай авч хэлэлцдэг байх шаардлага энэ цаг үед үүсээд байна.

Нийгмээрээ бид улс төр ярьж, нийтээрээ бухимдаж суугаа энэ цаг дор монголчуудын дунд “чимээгүй тахал” газар авсаар байна. Яг л өрөмний өт шиг өсөн нэмэгдэж, хүн амын дунд тархаж буй тэр тахал бол бэлгийн замын халдварт өвчин. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 23, 2024 23:08

batlagdsan em bish bh

Холбоотой мэдээ

Back to top button