"Тэнгэрийн хүү" түүхэн туульсын жүжиг шинэчилсэн найруулга, шинэ бүрэлдэхүүнээр 10 дугаар сарын 04-ны өдрөөс Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдох тов нь гарчээ. Жүжгийн бэлтгэлийн ид уур амьсгал дундуур бид тус жүжгийн Могол хатны дүрийг бүтээж буй МУГЖ Ж.Оюундарьтай ярилцахаар зорьж очив.
Биднийг очих үед өдрийн 14.00 цаг. Тоглолтын бэлтгэл түр завсарлага авснаар тайзны арын жүжигчдийн өрөө бужигнаантай. Энэ түрхэн амсхийх агшныг бид алдалгүй, Ардын жүжигчин Л.Жамсранжавын охин, тайз дэлгэцийн уран бүтээлд ямар сайн жүжигчин бэ гэдгээ тодоор харуулсан МУГЖ Ж.Оюундарьтай уулзан ярилцахаар болов. "Эгч нь хэвлэлд ярилцлага өгөхгүй удаж байна. Барагтаа л сайн ярьдаггүй, гэхдээ нэг яриад эхэлчихвэл зогсохгүй" хэмээн инээсээр бидний ярилцлага эхэлсэн билээ.
МУГЖ Ж.Оюундарь 1968 оны зургаадугаар сарын 04-нд Улаанбаатар хотноо мэндэлсэн. 1992 онд СУИС-д Л.Лхасүрэнгийн удирдлагад жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн байдаг. Өдгөө тайз дэлгэцийн 200 гаруй уран бүтээлд дүрээ мөнхөлсөн чадварлаг жүжигчин билээ.
- 13 жилийн дараагаар миний төсөөллийг, үүнээс илүү тавигдах боломжгүй гэсэн шалгуурыг минь тэс цохисон шинэ найруулгатай "Тэнгэрийн хүү"-
-Сайхан намаржиж байна уу. Шинэ найруулгатайгаар уран бүтээлээ нээж буйд нь баяр хүргэе. Тус уран бүтээлийн тухай яриагаа эхлэх үү?
-Монголчууд бид нар өөрсдийн хайрлах, мэдрэх үзэл бодлоо баримталж явах чиг шугамаа алдаж байгаа юм биш үү гэх эмзэглэл дээр тулгуурлан дахин сэргээж шинэчлэн найруулснаар "Тэнгэрийн хүү" түүхэн туульсын жүжгээ хүргэх гэж байна. Мөн тухайн улсад хэрэгтэй, сонгодог гэсэн уран бүтээлийг урын сангийн бодлого болгож явуулдаг гэдэг утгаараа энэ жүжгээ дахин сэргээлээ.
Дахин нээж байгаа гээд өмнөхөө давтана гэсэн үг биш. Хүн бүр өөр өөр үзэл бодол, арга барилаар бүтээлд ханддаг тул хэчнээн нэг жүжгийн нэг дүр байлаа ч жүжигчид солигдож, найруулга шинэчлэгдсэн тул адилхан гарахгүй.
Бас нэг сонин зүйл нь юу вэ гэхээр 13 жилийн өмнө удирдаж байсан найруулагч дахин ажиллаж буй. Миний зүгээс хэрхэн хандаж, ямар байдлаар найруулга хийх бол гэсэн хүлээлттэй байсан. Харин эргэлзээг минь эвдэж тэс өөр өнцгөөс харсан байдал нь одоо бэлтгэл хийх явцад ажиглагдаж байна. Мэдээж л дээ. Нас, туршлагынхаа хувьд тэмээ ямаа шиг л ялгаа гарсан. Нэмж харж хийж байгаа зүйлс хийгээд ертөнцийг харж буй үзэл зэрэг нь төлөвшсөн санагдлаа.
-"Тэнгэрийн хүү" түүхэн туульсын жүжигт 13 жилийн өмнө тоглож байсан тухай сонссон. Одоо бүтээж буй дүрээрээ юу илэрхийлэхийг зорьж байна?
-Анх Тэнгэрийн хүү жүжгийг дотроос нь бус үзэгчийн хүрээнээс харж, биширч “Ямар гоё жүжиг вэ, Монголчууд юуны төлөө амьдрах, эрмэлзэх, хайрлах энэ бүгдийг энэ жүжигт багтаажээ” хэмээн уулга алдаж энэ жүжиг үүнээс илүү дахин тоглогдохгүй байх гэсэн бодлыг тээгээд гарч байсан. Үүний дараагаар өөрөө дүр бүтээж эхэлсэн түүхтэй. Гэтэл 13 жилийн дараагаар миний төсөөллийг, үүнээс илүү тавигдах боломжгүй гэсэн шалгуурыг минь тэс цохисон шинэ найруулга шинэ өнгө төрхийг удахгүй харах нь. Тэр үед аль чадлаараа л дүрийн судалгаа, жүжгийн ерөнхий судалгааг хийсэн нь мэдээж. Гэхдээ сайн хийгээгүй байсан нь одоогийн судалгаатай жишиж харахад мэдрэгддэг.
Миний хувьд өмнө нь ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчидтэйгээ хамтран тус жүжгийг бүтээж байлаа. Тухайн үед миний хувьд Шунхуйн дүрд тоглож байсан харин энэ удаад Могол хатны дүр дээр ажиллаж байна. Өмнө нь Н.Сувд гуай энэ дүрийг бүтээж байсан юм. Цаашид бид хоёр ээлжлэн тоглоод явна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
Дүрийн судалгааг хийх явцдаа олон эрдэмтэн судлаачидтай уулзаж түүхийн хуудсыг сөхөж байхдаа тухайн хатны талаарх мэдээлэл дутмаг байдаг тухай олж мэдсэн. Монгол хатны хувьд Модун шаньюй-ийн ээж юм шүү дээ. Залуудаа нас барсан болохоор түүхэнд тодроогүй байдаг. Жүжигчид дүрээ бүтээхдээ маш их судалгаа хийж өөр дээрээ ажиллаж байж гаргадаг л даа. Миний хувьд эх хүн эмэгтэй хүн тэр дундаа Монгол хатны мөн чанарыг харуулахаар зорьж байна.
-Хамгийн сүүлд тайзнаа "Анна Каренина" жүжигт Щербацкая хатагтайн дүрийг 2020 онд бүтээсэн юм байна лээ. Эргэн тайзнаа гарах мэдрэмж ямар санагдаж байна?
-Цар тахалтай холбоотойгоор хэсэг хугацаанд шинэ уран бүтээл нээгээгүй удсан байна. Үүнээс гадна театрын байр засвартай байсан тул сүүлийн найман сар энэ тайзан дээрээ гараагүй.
Гэхдээ тайзнаасаа завсардсан энэ хугацаанд зүгээр суусангүй. Бид гадаад, дотоодын кино зурагт явах мөн соёлын сэргэлтийн хүрээнд хөдөө орон нутаг руу аялан тоглолтоор явж байлаа. Ингэхдээ хуучин уран бүтээлээ толилуулж явж байсан гэсэн үг. Хүн мэдсэн, мэргэшсэн, дадсан зүйлээ хийхдээ жаргалтай болдог шүү дээ. Иймээс тайзнаа шинэ найруулгатайгаар уран бүтээлээ үзэгч олондоо нээх гэж байгаадаа туйлын баяртай сууна.
-Таны хувьд үе дамжсан уран бүтээлч шүү дээ. Энэ театраас өдөлж ниссэн шувуу ч гэж ярих нь бий. Хэрэв та жүжигчин болоогүй бол ямар мэргэжлийг сонгох байсан бол?
-Би дуугүй талдаа хүн л дээ. Энэ утгаараа хүнийг хэчнээн цагийн туршид ч сонсож ойлгож чаддаг төрлийнх.
Гэтэл бага байхаасаа бүжгийн урлагт хайртай, тэр дундаа балетын төрлөөр сонгон хичээллэдэг байсан юм. Бүжиглэхээс гадна хүн дуурайж элэглэх авьяас ч бас надад заяасан. Тийм дуугүй хэр нь бүжиглэж, элэглэж байгааг минь хараад аав ээж төдийгүй гадны хүмүүс ч “Энэ ч урлагийн хүн болох бололтой шүү” гэж хэлдэг байсан сан.
Гэхдээ намайг жүжигчин болгох бодол миний аав ээж хоёрын санаанд багтаагүй. “Хэцүү салбар. Тэр дундаа эмэгтэй хүнд хатуудах ажил” хэмээн өөр мэргэжлийг сонгох тухай үргэлж зөвлөдөг байсан. Одоо харахад үнэхээр л эмэгтэй хүнд хатуухан. Гэр орон, үр хүүхэд, ахуй зэрэг бүгд хаягддаг л даа. Эргээд нэг харвал би жүжигчин болоогүй бол бүжигчин эсхүл эмч л байх байлаа.
-Бидний мэргэжлийг ойлгодог хүнтэй суухгүй л бол хэцүү-
-Эмэгтэй жүжигчдийн амьдрал хэцүү гэлээ?
-Жүжигчин мэргэжлийг хэцүү гэж ярих гол хүчин зүйл бол гэр бүл хоёрдугаарт эрэмбэлэгдэх байдал.
Бидний мэргэжлийг ойлгодог хүнтэй суухгүй л бол хэцүү. Үүрээр гараад үдэш буцна. Ачаалалтай үед яг л буудалд амьдарч буй мэт болчихдог. Ойлгохгүй ар гэрийн зүгээс “Жүжигчний мэргэжлээ, эсвэл намайг” гэх сонголт өгдөг. Тухайн сонголт уран бүтээлч эмэгтэй хүмүүсийн дийлэнхэд нь тохиосон. Яг энэ сонголтын нэгэн золиос нь би өөрөө юм шүү дээ.
-Хэрхэн ажил амьдралаа хослуулж ирэв?
-Эмэгтэй хүний хувьд үр хүүхдээ асрах, гэрийнхээ хоол хүнс, хүүхдийн сургалтын бэлтгэл ажил гээд ахуйд анхаарлаа хандуулах хэрэгцээ бий. Энэ бүгдэд бүрэн дүүрэн анхаарах чадал надад бол олдоогүй ч аль чадахаараа оролцож ирсэн. Жишээлбэл хүнсээ цуглууллаа гэж бодоход долоо хоног хэрэглэх зүйлсээ бүгдийг нь авахыг боддог. Ажлын завсар гарвал ахуйд тулгамдаж байгаа бүхий л асуудлаа шийднэ шүү дээ. Иймэрхүү зохицуулалтыг хийж байж л урагшилдаг ажил.
Мөн баяр бүрээр тоглолттой, тоглолт орой хүртэл үргэлжилдэг байдал гэр бүлээс алсруулж байдаг. Миний бага нас мөн л адил урлагийн аав ээжтэй учир тэдэнгүйгээр баяраа тэмдэглэн өнгөрөөдөг байв.Тэр үед манай эгч л ээж шиг хандаж, үлгэрлэж, бүгдэд санаа тавьж өнгөрүүлдэг байсан юм.
Тэгэхээр тухайн хүний ар гэрийн байдал, тэнд хөдөлмөрлөж байгаа хүнгүйгээр уран бүтээлчийг төсөөлөх аргагүй. Миний ээж байгаагүй бол би яг одоогийн карьераа бүтээх боломжгүй байсан. Аавын карьер ч бас ээжийн хөдөлмөр гэж хардаг даа.
-Таны аавыг монгол даяар танина. Харин түүний арыг бат дааж, хамаг амьдралаа зориулсан таны ээж ямар хүн байв. Ээжээсээ ямар чанарыг нь өвлөн авав?
-Миний ээж нямбай Урнаа гэх нэрээрээ алдартай. Драмын театрт олон жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан байдаг.
Театрт ажиллаж байхдаа нүүр хувиргагч, оёдолчин зэрэг ажлыг чамбай хийж байсан. Одоогийнх шиг дэлгүүрээс гараад тоглолтын хэрэгслээ авчихдаг байгаагүй. Юмс ховор цагт сахал, үс, сормуус зэргийг ширхэг ширхгээр оёж, нааж суудаг төрх нь одоо ч нүдэнд харагдаж байна.
Хүүхэд байхдаа хаяа ээжийн өрөөгөөр ороод ирэхэд сарлагийн сүүлийг угааж, арчилж сахал үс хийж харагддаг байв. Ингээд л ээжид туслах замаар сахал нэхэж цаашлаад гарт ойр бүгдийг оёж шидэж сурсан. Түүгээрээ хөдөлмөрийн хичээлийнхээ багшид сайшаагдана. Багш нэг удаа намайг оёдолчин болчихвол зүгээр юм байна гэж хэлсэн удаатай. Энэ утгаараа ээжийн нямбай чанар надад өвлөгдсөн нь харагддаг.
Нямбай байдлаас гадна сайн бүжиглэдэг тэр дундаа циркт нугардаг, акробатаар хичээллэдэг хүн байсан. Тэр уян хатан чанар мөн л надаас ажиглагддаг. Бэлтгэлийн үед нэг харсан л бол ягштал бүжиглэчихнэ, яг л нухсан гурил шиг уян налархай хэмээн яригддаг байлаа шүү дээ.
Одоо хамт ажилладаг залуус “Таныг залуу байхад мюзикл тоглодог байсан бол танд тэр чиглэлээр явсан бол гоё зохих байсан” хэмээн ярьдаг. Энэ бүгд ээжийн минь л үлгэрлэж надад үлдээсэн зүйлс шүү дээ, яав ч жүжигчин хүнд зохих энэ өгөгдлүүд ямар азаар надад заяасан юм бэ хэмээн олзуурхан боддог.
-Ардын жүжигчин Л.Жамсранжав агсны тухай, жүжигчин гэх утгаар бүгд танина. Харин аав хүний хувьд?
-Ер нь миний аавд авьяас гэдэг зүйлийг байгаль дэлхий харамгүй хайрлажээ гэж боддог. Давтагдашгүй хүн. Ахмадууд “Маш дотортой, ажилдаа ухаанаа зардаг хүн байсан” гэж хэлэлцдэг. Энэ үнэн.
Гадны урлаг шүүмжлэгчид Тамгагүй төр жүжгийг үзээд аавыг ихэд магтсан тухай сонсоод баярласан. Бүх уран бүтээлээс нь хүч, хайр, хөдөлмөр ханхалдаг хүн байсан юм.
Дан ганц жүжиглэх дээр авьяас нь тодроогүй. Фото зураг дарах, хөрөг зураг зурах, хөгжим тоглох, боксоор хичээллэх гэх зэрэг есөн шид нь бүрэлдсэн нэгэн байв шүү дээ. Өвөрхангай аймагт найруулагчаар ажиллаж байхдаа бүр жүжгийнхээ эскизийг өөрөө зурдаг байсан юм билээ. Мөн уран бүтээлийнхээ дүрүүдийг өөрөө тодорхойлж дэвтэртээ зураглаж байсан одоо хүртэл хадгалагдсан. Уран зургаас гадна монгол зургийг судалдаг, гэртээ өвчтэй байхдаа ч тэр монгол гэрийн хээ угалзын талаар судалж, дүүгээ хуримаа хийхэд нь гэр хээлж өгсөн байдаг. Бид эхээс тавуулаа. Бүгд зурдаг. Гэхдээ аавын зургийн авьяасыг бага дүү минь өвлөн авсан.
Хөгжмийн хувьд Лимбэ, төгөлдөр хуур, хуучир, мандолин гээд бүгдийг нь тоглодог байсан. Мөн бокс, буудлагаар хичээллэдэг, спортын зэрэгтэй байлаа. Гэхдээ буудлага бол зүрхээ зогсоож байж буудна, харин драмын урлагт зүрх сэтгэл байнга ачаалалтай ажилладаг учраас тухайн үед Л.Ванган гуай “буудлагаар хичээллэхээ боль“ гээд хорьж байсан гэдэг.
Хөгжмийг ч бид бүгд сонирхдог. Бага байхад бидэнд гитар, мандолин аваад өгчихнө. Түүнийгээ тоглоод хэсэг нь дуулна, бүжиглэнэ. Гэсэн ч яг урлаг хөөсөн хүн одоогоор надаас өөр алга даа. Бүгд өөр өөр мэргэжилтэй.
Аав бие нь өвдсөн ч гэртээ зүгээр сууж чадахгүй төрлийн хүн байсан бололтой. Гамлет жүжгийг “мона” ганц хүний жүжиг болгон радиод бичүүлж байсан. Сүүлд сонсоход Азид хамгийн анхны мона жүжгийг тавьсан хүн аав минь байсан. Хөдөлмөрч нь дэндчихсэн л хүн байж. Аргагүй дээ ижий аав минь хоёул өнчин өссөн болоод ч тэр үү бүх ачааг толгой дээрээ авч явсан болоод л тэр биз.
Урлагаас гадна аав хүнийхээ үүргийг ч мөн орхигдуулалгүй биелүүлж ирсэн. Ихэнх үед даруу дөлгөөн хэр нь, асуудал гарахад жинтэйхэн дуугарчихдаг эцэг байсан.
-Миний хүү урлагийн хүн болно гэхэд нь би “хэцүү шүү миний хүү” гээд нүдээ анин толгой сэгсрээд өнгөрдөг-
-Таны, мөн аавын тань уран бүтээлийг үргэлжлүүлэх хүн байна уу. Танай хүүхэд урлагт хэр ойр байна вэ?
-Урлагийн сургууль төгссөн болгон нь салбартаа үлддэггүй. Задгай сэтгэдэг, чөлөөтэй гэдэг утгаараа өөрийгөө урлагийнх гэж ойлгож болохгүй. Авьяастай хүн ховорхон байдаг шүү дээ.
Аавынхаа уран бүтээлийг би үргэлжлүүлж яваа. Харин бидэн хоёрыг яаж үргэлжлүүлэх нь одоогоор сайн мэдэгдэхгүй байна. Хүү маань одоо сургуулиа төгсөх гэж байна. Заримдаа урлагийн хүн болвол гээд яриад эхлэхэд нь “хэцүү шүү миний хүү” гээд нүдээ анин толгой сэгсрээд өнгөрдөг.
Анзаараад байхад ярьж байгаа яриа, үйлдэл нь их урлагтай л даа. Гэхдээ би бас л айдаг. Аав маань намайг урлагт оруулахгүй гэж боддог байсан шиг би хүүгээ урлагт оруулахгүй юм сан гэж боддог. Урлагийн зам сайхан юм шиг атлаа их хэцүү шүү дээ. Гэхдээ нэг л орно гээд зүтгэчихвэл дийлэх аргагүй. Манай үеийн уран бүтээлчдийн хүүхдүүд цөм урлагтай холбогдсон. Ихэнх нь жүжигчин болсон. Тэгж бодохоор болохгүй зүйл байхгүй ч юм шиг.
-Тайз дэлгэцийн хэчнээн уран бүтээлд тоглов, урлагийн тогоонд өнгөрүүлсэн энэ урт жилүүдэд таны шандсыг хамгийн ихээр сорьсон уран бүтээл юу байв?
-Нийт оролцсон уран бүтээлүүдийнхээ жагсаалтыг гаргахад тайз дэлгэцийн 200 гаруй уран бүтээлд гол туслах дүрүүдийг бүтээсэн байна лээ.
Хамгийн ихээр намайг сорьсон уран бүтээлийг нэрлэ гэх юм бол оюутны ширээнээс анхлан гарч байхдаа тоглосон “Аянгын бороо” жүжгийн дүрээ онцолмоор байна. Дөнгөж шинэ төгссөн надад ийм том жүжгийн дүр олдсоноор ахмад жүжигчдээсээ илүүг сурах боломж ирсэн нь хамгийн том аз. Тухайн үед би айсан, сандарсан гэхдээ би даваад л гарсан. Одоо анхлан тоглосон жүжгүүдийнхээ дүрүүдэд маш хайртай.
Гэхдээ бүх дүрүүд шинээр сорьж, шинэ судалгааг хийлгэдэг. Боллоо гээд эргээд харахад дутуу санагддаг. Ингээд л ахин судалж, сайжирдаг. Яг хүүхэд хөлд орж байгаатай адил уналт босолт тулгардаг.
Уран бүтээл дээрээ хангалттай сайн ажиллаад хөшгөө нээж үзэгчидтэйгээ уулзах мөч л хамгийн сайхан даа. Мөн мэргэжил нэгт уран бүтээлчдийнхээ чин сэтгэлийн шүүмжлэл, магтаалыг сонсож зогсох мөчийг үгээр төсөөлөмгүй.
-Тайз, дэлгэцийн уран бүтээлд тоглоход гардаг ялгаа юу байна?
-Тайзан дээр өдөр бүхэн анхдагч байх ёстой. Яагаад гэвэл бидний уран бүтээлийг үзэхээр ирж байгаа хүн анх удаа л ирж байгаа. Би өмнө энэ жүжгийг олон тоглож байсан юм чинь энэ удаад ингээд л өнгөрөөе гэсэн хандлага гаргаж болохгүй. Анхны мэдрэмжтэйгээр өдөр бүр хөшгөө нээх нь чухал.
Тайзан дээр гарсан хүн хугацаа улирах тусам мэргэжлийн ур чадварын хувьд өсөж байдаг. Тэр өсөлтийг хэн харж, хянаж, тохируулж байдаг вэ гэвэл бидний мануухай гэж хараад байдаг найруулагчид. Тэд бидний зөв бурууг харж, чиглүүлж, улам илүү байх боломжийг ойлгуулж байдгаас тайзны уран бүтээлч тасралтгүй хөгждөг.
Тэгэхээр тоглох тусам сайжрах бус, тоглож эхлэхдээ л сайн байх ёстой. Энэ бол мэргэжлийн жүжигчний хувьд хамгийн эхэнд тавигдах шалгуур. Энэ олон өдрийн судалгаа, бэлтгэл хийж буй байдал бол алдахгүйн тулд юм шүү дээ. Бид нэг уран бүтээл дээр ажиллаад дотоод, гадаад хяналтаар оруулдаг. Хэрэв болоогүй л гэх юм бол үзэгчдэд толилуулахгүй л гэж.
Харин кино бол хэцүү. Сургуулилт хийж байгаа л даа. Гэхдээ тухайн жүжигчдийн байгаа материал дээр үндэслээд гаргачихдаг. Эргээд харахаар тэр дээр алдсан байна даа гэх эмзэглэл хаяа төрөх нь бий. Хэрэв алдлаа гэхэд засах боломж байхгүй шүү дээ.
-Таны хувьд гурван үеийн уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн ажиллаа. Үе хоорондын ялгаа мэдрэгдэж байна уу?
-Миний хувьд залуучуудтай ажиллах дуртай. Яагаад гэвэл би тэднээс өөрийнхөө алдаа хийгээд амжилтыг олж хардаг. Эргээд сайн, муу талыг нь хэлж зөвлөж суухдаа жаргалтай байх болсон.
Манай залуучуудын хувьд нэг үеэ бодвол үг дааж сурсан байна. Хэрэв биеэ тоогоод явах юм бол унахдаа их амархан байдаг. Ийм залуус мэр сэр ажиглагдах боллоо. Залуус ахмадуудынхаа зөвлөгөөг сайн сонсохын зэрэгцээ уран бүтээлдээ хандаж буй байдал, тоглолт зэргийг харж суралцах нь чухал болсон байна.
-Дээр дурдсанчлан жүжигчин хүн сайн уншигч, судлаач байх ёстой юм шиг?
-Жүжигчин хүн дан ганц үг цээжлээд гарах биш ухаан зарцуулах хэрэгтэй санагддаг. Ингэж байж дүрийнхээ мөн чанарыг ойлгож бусдад мэдрүүлж чадна гэсэн үг. Хэрэв ухаан дутсан тохиолдолд дулимагхан дүр болоод хувирчихдаг. Ухаантай байхын тулд ном унших хэрэгтэй .Одоогийн залуусыг уншдаггүй гэж хэлэхэд хилсэднэ. Бүх мэдээллийг цахимаар авч байна, олж уншиж чадахгүй гэх зовлонгүй санагддаг.
Миний хувьд 39 дэх жилдээ урлагт ажиллаж байна. Энэ хугацаанд тоглосон дүр болгон дээр хэрхэж байснаа төдийлөн сайн санахгүй ч тухайн үеийн зохиолыг бариад унших үед дурсамж сэргэж дүрдээ хэрхэн ажиллаж байснаа санан зэмлэж, заримдаа магтах үе гардаг.
Одоо бол ном унших дадлаа багасгаад байна. Арван жилд байхдаа “хурдхан шиг сургуулиа төгсөөд өдөр шөнөгүй номоо шагайх” тухай л бодож байсан. Аргагүй биз. Ээж л гэхэд “ном уншаарай гэхийн оронд номоо болиоч ээ” гэдэг байлаа шүү дээ. Хоол идэж байхдаа, нойлын өрөөнд суухдаа ч номтой сууна. Номтой холбоотой бүх үйл ажиллагаанд оролцоно, тэмдэглэл хөтөлнө, сониноор хавтаслана. Ёстой л номын сайн нөхрийн үүргээ сайн биелүүлнэ.
Ээж номын шороотой байлгах юм бол тэр хүн хол явахгүй гээд л хэлнэ. Улмаар манайд долоо хоног бүр номынхоо шороог арчих дадал суусан. Үүнээс гадна ном бүрээ дугаарлаж тэмдэглэнэ. Би 1126 гэх дугаарыг мартдаггүй. Өөрөө дугаарласан болоод л тэр. Одоо тэр үеийн номуудын тал нь манай гэрт бий. Саяхан номын сангаа шинэчилсэн нь том баяр болчхоод байна.
-Бидний ярилцлага энд хүрээд жаргаж байна. Удахгүй хөшгөө нээх жүжгийг ирж үзэх хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?
-Газар шорооныхоо төлөө бүхий амьдрал эд эсээрээ тэмцсэн хүмүүс бол бидний өвөг дээдэс. Нутаггүй бол бид монгол гэж нэрийдэж, монгол хувцсаар гоёж суугаад яах билээ дээ. Бид эх орноо хайрлах сэдлийг хүн бүрт өгөхийн тул энэ жүжгээ дахин нээхэд бэлэн боллоо. Монгол хүн болгонд зориулан бүтээсэн учир таны сэтгэлд хүрнэ гэдэгт бат итгэлтэй байна. Ирж үзээрэй л гэж хэлье дээ.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Миний дуртай жүжигчдийн нэг.амжилт, сайн бүхнийг хүсье
Амжилт хүсье.
Ёстой л урлагын хүний амьдр�##� сэтгэхүйг ойлгодог, тэвчээртэй, бүдүүлэг хэлвэл догиодуу тийм л хүмүүс хань болно!!! Түүнээс биш хэн нэгэнтэй үнэсэлцлээ тэврэлдлээ гээд зодож нүдээд байх юм бол анхнаасаа больсон нь дээр!!!
Сайхан дотортой тоглоно.бас их хөөрхөн биетгюм байна лээ.амжилт хүсье
Ямар ч дүрд хувирч чаддаг мундаг жүжигчин
Жамсранжав гуай үнэхээр биширмээр авъяастай жүжигчин байсан даа. Оюундарь ч бас сайн сайн. Аавынхаа авъяасыг өвлөлгүй яахав. Амжилт!
Амжилт
1