АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг долоон муж л шийднэ
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын таванд явагдана. Тус сонгуулийн хоёр гол өрсөлдөгч нь Ардчилсан намын Камала Харрис болон Бүгд найрамдах намын Доналд Трамп нар юм. Сонгууль л юм хойно хүн болгоны чухал. Гэхдээ АНУ-ын сонгуулийн системийн онцлогоос болж хэн ерөнхийлөгч болохыг хэдхэн муж л шийддэг гэхэд болно.
Учир нь АНУ нь ерөнхийлөгчөө сонгохдоо электорал коллежийн системийг баримталдаг. Америкчууд ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхдөө 538 электоруудаас бүрдсэн “Электорал коллеж”-ийн гишүүдэд саналаа өгч байгаа гэсэн үг. Муж болгонд тус тусын тоо бүхий электор бий. Тэрхүү мужид ялалт байгуулсан нэр дэвшигч тус мужийн электоруудыг авна гэсэн үг. Нийт 270 электор авч чадсан нэр дэвшигч ялна. Электорууд дараа нь нэгдсэн хурал зохион байгуулж хуваарилагдсан нэр дэвшигчдээ саналаа өгөх байдлаар АНУ-ын ерөнхийлөгч тодордог байна.
АНУ-ын ихэнх мужууд аль намын гишүүнд саналаа өгөх нь тодорхой байдаг юм. Тухайлбал Калифорни, Вашингтон, Нью-Йорк мужуудад Ардчилсан намын Харрис ялалт байгуулах нь тодорхой. Харин Техас, Оклахома, Теннесигээс Бүгд найрамдах намын Трамп гарна гэж хэлэхэд болно. Ийм учраас хэн гарах нь тодорхойгүй байдаг хэдхэн муж л дараагийн ерөнхийлөгч хэн байхыг шийддэг. 2000 оны ерөнхийлөгчийн сонгууль Бүгд найрамдах намаас Жорж Буш, Ардчилсан намаас Ал Гор нар өрсөлдсөн. Тус сонгуульд Буш Флорида мужид маш бага тооны саналаар ялалт байгуулсны үр дүнд ерөнхийлөгч болсон байдаг. Тодруулбал Буш Флоридад 537 хон л саналаар ялж, 271 электорал саналаар АНУ-ын ерөнхийлөгч болсон юм.
Ийм учир Харрис, Трамп хоёр сонгуулийн кампанит ажлынхаа тэргүүлэх чиглэл болгож ажиллаж буй. Энэ жилийн савлагаатай мужууд бол Висконсин, Мичиган, Пеннсильвани, Хойд Каролина, Жоржиа, Аризона, Невада юм. Одоо тэдгээр мужуудын талаар товч мэдээлэл авч үзэцгээе.
Аризона (11 электорал санал)
Алдарт Грэнд Каньон байрладаг тус мужид Трамп 2016 онд ялалт байгуулсан ч 2020 онд Байден ялсан нь олон арван жилийн турш үргэлжилсэн хандлагыг өөрчилжээ. Учир нь 2000 он гарснаас хойш болсон бүх ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч тус мужид ялалт байгуулсан байсан юм.
Аризона муж савлагаатай болсон нь хүн ам зүйн өөрчлөлт явагдаж, цагаачлал ихэссэнтэй холбоотой. Цагаачлал нь тус мужид их маргаантай асуудал. Мексикийн хил дээр оршдог тус мужийн хувьд энэ жил цагаачлалын асуудлын ач холбогдол илүү нэмэгджээ.
Жоржиа (16 электорал санал)
Жоржиа бол Аризонатай адил 2020 онд удаан үргэлжилсэн хандлагыг өөрчилсөн муж юм. Байден 2020 оны сонгуулиар тус мужид ялалт байгуулсан нь 1992 оноос хойш Ардчилсан намын нэр дэвшигч анхны удаа ялсан тохиолдол байв. Тус сонгуульд өнгөт арьстан сонгогч нарын ирц өндөр байсан нь үүнд их нөлөөлсөн гэж үздэг. Энэ удаагийн сонгуульд ч мөн тэдгээр сонгогчдын санал чухал үүрэг гүйцэтгэж магадгүй.
Мичиган (15 электорал санал)
Мичиган муж сүүлийн арван хэд жилд ихэнхдээ Ардчилсан намын нэр дэвшигчдийг дэмжиж ирсэн. Трамп 2016 онд тус мужид ялалт байгуулсан ч Байден 2020 онд Мичиганыг авсан юм. Сүүлийн үеийн санал асуулгуудаас үзвэл эдийн засгийн нөхцөл байдал нь Мичиганы сонгогчдын хувьд нэн чухал асуудал аж. Тус мужийн ажилчин ангийн иргэдийн санал Харрис, Трамп хоёрт ялалт байгуулахад нь чухал ач холбогдолтой.
Невада (6 электорал санал)
Невада нь савлагаатай мужууд дундаас хамгийн бага электорал саналтай ч гэдэг нь энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд ач холбогдол бага гэсэн үг биш. Дээр бид Буш Флорида мужид хэдхэн саналаар илүүрхсэнээр 271 электорал саналаар ялалт байгуулсан гэдгийг харсан.
Байден 2020 оны сонгуулиар тус мужид ялалт байгуулснаар дөрөв дэх удаагаа дараалж Ардчилсан намын нэр дэвшигч Невадад гарсан юм. Гэхдээ түүний ялсан хэмжээ нь 2016 онд Хилари Клинтон ялсан үеийнхээс багассан байжээ. Тус мужийн сонгогчдын хувьд чухал асуудал нь цагаачлал болон эдийн засаг юм.
Хойд Каролина (16 электорал санал)
Мэргэжилтнүүдийн дүн шинжилгээгээр Хойд Каролина Бүгд найрамдах нам тал руу хазайх магадлал арай их байгаа аж. Гэхдээ тус муж нь савлагаатай хэвээрээ. Учир нь 2020 онд Трамп Хойд Каролинад 1.3 хувиар л ялж байсан. Байден сонгуулиас нэрээ татаж авахын өмнөхөн кампанит ажлынхаа эцсийн сурталчилгааг тэнд хийсэн юм. Ардчилсан намынхан Хойд Каролина 2020 оны Жоржиа муж шиг өөрчлөгдөнө гэж найдаж буй.
Пеннсильвани (19 электорал санал)
Трамп 2016 онд тус мужид Клинтоныг илүүрхэж ялалт байгуулж, Ардчилсан намын нэр дэвшигч ялж ирсэн дарааллыг тасалсан юм. Харин 2020 оны сонгуульд Байден ялсан. Гэхдээ тэр зөвхөн 1.2 хувийн саналын ялгаатай л Трампыг илүүрхжээ. Пеннсильвани нь савлагаатай мужууд дундаасаа хамгийн их электорал саналтай.
Висконсин (10 электорал санал)
Висконсин муж түүхэндээ Ардчилсан намын нэр дэвшигчийг дэмжиж ирсэн. Гэхдээ 2016 онд Трамп үүнийг өөрчилж, тус муж савлагаатай болсон юм. Үүний дараа 2020 онд Байден тус мужид ялалт байгуулсан байна. Трамп, Харрис хоёр сонгуулийн кампанит ажлынхаа чамгүй хэсгийг тус мужид өнгөрүүлсэн юм.
Эх сурвалж: US News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.