Ази даяар үйлдвэрлэлийн үйл ажиллагаа сулрав
Есдүгээр сард Ази даяар үйлдвэрлэлийн үйл ажиллагаа суларчээ. БНХАУ-д зах зээлийн эрэлт сул байгаа явдал болон дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал үйлдвэрлэлийн хэтийн төлөв бараан буйг харууллаа. Үүний улмаас бодлого боловсруулагчид сул байгаа өсөлтийг дэмжих дарамтад орсоор байна.
Гэхдээ БНХАУ-ын эрх баригчдын өнгөрсөн долоо хоногт зээлийн хүүг бууруулж, банкнуудын хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авсан. Энэ арга хэмжээний ачаар бүс нутгийн үйлдвэрлэгчид ирэх саруудад тодорхой хэмжээнд дэмжигдэж магадгүй.
Есдүгээр сард Японы үйлдвэрийн үйл ажиллагаа агшиж, Тайваньд үйлдвэрлэлийн үйл ажиллагааны өсөлт удааширсан байна. Үүнийг мягмар гарагт /2024.10.01/ нийтлэгдсэн худалдан авагчдын менежерүүдийн индексийн (PMI) судалгаа харуулжээ. Энэ нь дэлхий даяар эрэлт сул буй нь Азийн экспортлогчдод хүнд цохилт өгч байгааг тодотгож байгаа юм.
АНУ-ын эдийн засгийн өсөлт саарч байгаагийн өргөн хүрээтэй нөлөөний илрэл нь есдүгээр сард БНСУ-ын экспортын өсөлт удааширсан явдал байв. Мягмар гарагт нийтлэгдсэн тоо баримтаас харвал Өмнөд Солонгосоос АНУ-руу чиглэсэн ачаа бараа бараг нэмэгдээгүй болохыг харууллаа.
БНХАУ-д үйлдвэрүүд ахиц дэвшил гаргахад бэрхшээлтэй хэвээр байна. Даваа гарагт /2024.09.30/ нийтлэгдсэн Caixin/S&P Global үйлдвэрлэлийн PMI есдүгээр сард 49.3 болжээ. Энэ нь өмнөх сарын 50.4-өөс буурснаас гадна 2024 оны долоодугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт байв. PMI нь үйлдвэрлэлийн салбарын чиглэл ямар байгааг харуулдаг индекс. Тус индекс 50-аас доош байвал үйлдвэрлэл суларч, харин их байвал тэлж байгааг илтгэдэг.
Японд ч мөн адил зүйл ажиглагдаж байна. Тус улсад иргэдийн хэрэглээ намжмал байгаа тул эдийн засгийн өсөлтөө экспортоор тусламжтайгаар дэмжихийг зорьж буй. Тэгвэл “Jibun Bank”-аас гаргасан Японы PMI есдүгээр сард 49.8-аас 49.7 болж буурсан байна. Ингэснээр тус улсын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа гурван сар дараалж буурлаа.
Тайванийн PMI есдүгээр сард 50.8 болж, наймдугаар сарын 51.5-аас буурсан байна. Вьетнам, Малайз болон Индонезийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа агшсан нь мөн ажиглагджээ. Шинэ захиалгуудын өсөлт удааширснаар Энэтхэгийн үйлдвэрлэлийн салбарын өсөлт есдүгээр сард найман сарын доод түвшинд хүрсэн байна.
Азийн орнуудын PMI буурсныг “Capital Economics” фирмийн зах зээлийн эдийн засагч Шиваан Тандон "Шинэ захиалгын өсөлт удааширсан нь өнгөрсөн сард үйлдвэрлэлийн үйл ажиллагаа дарагдахад гол нөлөө үзүүлсэн" гэжээ. Тэрбээр нэмж "Дэлхийн эрэлт удаашрах байдал ирэх саруудад хэвээр хадгалагдаж, Азийн үйл ажиллагаанд ойрын хугацаанд дарамт үзүүлэх болно гэж таамаглаж байна" хэмээсэн юм.
Олон улсын валютын сан (ОУВС) Азийн эдийн засгуудын нөхцөл байдал зөөлрөх төлөвтэй байна гэж таамаглаж буй. Учир нь инфляц буурч байгаа нь төв банкнуудад мөнгөний бодлогыг сулруулж, өсөлтийг дэмжих боломжийг олгох юм. Тус сангаас Ази тивийн эдийн засгийн өсөлт 2023 онд 5 хувь байснаас энэ онд 4.5 хувь, 2025 онд 4.3 хувь болж буурна гэж таамаглаж байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.