МУГЖ Ө.Уянга: Бүх зүйлийн учир нь олддог. Тиймдээ ч би театртаа эргэн ирсэн
Дэлхийн сонгодог урлагийн томоохон төлөөлөл “Богем” дуурийн Мими, “Травиата” дуурийн Виолетта, “Риголетто” дуурийн Жильда зэрэг өөр, өөрийн гэсэн өвөрмөц араншин, дотоод оршихуйтай дүрүүдийг тайзнаа амилуулж, хоолойныхоо цараа, чансаагаар үзэгчдээ цаг ямагт бишрүүлдэг дуучин опера Дива Ө.Уянга хэмээх эрхэм дуучинтай ярилцлаа. Тэрбээр дуурийн театрын жинхэнэ хатан хаан юм.
-Ж.Верьдийн "Риголетто" бол өнөөгийн нийгмийн "Жокер"-ыг харуулсан дуурь-
-Нэлээн шуугиантай байж байгаад театртаа эргэн ирлээ. Удахгүй намрын нээлтийн тоглолтоор үзэгчидтэйгээ уулзах гэж байна. Сэтгэгдлээсээ хуваалцвал?
-Догдлолтой байна аа. Баярлах сэтгэл төрдөг юм байна. Би чинь дуурийн ангийг төгссөн, дуурийн хүн шүү дээ. Улсдаа ганцхан байх энэ театртаа эргэн ирсэндээ их баяртай байна.
-Ж.Верьдийн “Риголетто” дууриар намрын нээлтээ хийж байгаа юм байна. Энэхүү дуурийг мэргэжлийн дуучдын чансааг шавхдаг гэдэг. Юугаараа тийм их хүч хөдөлмөр шаарддаг юм бол?
-Ж.Верьдийн “Риголетто” дуурь бол эрэгтэй баритон хоолойны чадал, чансааг сорьдог бол Жильдагийн парт бол сопрано хоолойн чадлыг шавхдаг. Энэ дүр бол Дуурийн театрын надад найдвар тавьсан томоохон бүтээлүүдийн нэг. Гавьяат жүжигчин Ж.Цэцэгээ эгч Жильдаг дуулж байсан. Энэ дуурийг шинэчлэн найруулахад Францаас ирсэн найруулагч надад маш их зөвлөгөө өгсөн “Жильда бол 16 настай, цэвэр ариухан охин шүү. Тиймээс ямар ч вибрацгүй, жаахан охины хоолойгоор, тунгалагхан дуулах ёстой шүү” гэж хэлсэн.
-Дуурийн урлагт дуучин нь дуугаа сонгодоггүй, дуу нь дуучнаа сонгодог гэдэг. Таны хоолойд тохирсон дүрүүдээс өөр дүрд хувирах сан гэж боддог уу?
-Жишээ нь, Кармен дуурь бол мэццо сопрано хоолойд тохирно. Надаас өтгөн өнгөөр дуулах дуучинд тохирно. Дууг зохиохдоо хоолойны төрөлд нь тохируулж биччихсэн байдаг. Алдарт дуучин П.Доминго тенор хоолойтой боловч нас ахиад ирэхээр хоолойны өнгө нь бүдүүрээд баритон партыг дуулдаг болсон. Ж.Пуччинийн “Тоска” дуурийн Тоска дүр бол драматик сопрано парт л даа. Миний хувьд лиричиский сопрано буюу уянгын цээл хоолой бол драматик сопрано нь өтгөн өнгөтэй, суурьтай хоолой. Нас явж, хоолой өтгөрч байж дуулах дүр л дээ. Сургуулиа төгсөж дуурьд ороод шингэн сопрано партууд дуулж байгаад өөрийгөө сорьж үзье гэж зориглоод Улаан Үүдийн Маринский театрт Тоска дүрийн шалгаруулалт болоход нь очиж шалгуулсан. Тэнцээд тэндээ гадаа гарахгүй сар бэлтгэл хийсэн дээ. Оросын үзэгчид маш өндөр сэтгэгдэлтэй хүлээж авсан. Одоо ч дахиж ирж Тоскагаа дуулаач гэсэн урилга тасрахгүй байгаа.
-Сэтгэл санаа тавгүй, ядарсан үед хоолой гарахгүй үе байдаг байх?
-Байлгүй яах вэ. Дуучдыг хоолой сайн идээд, нойроо сайн ав гэдэг. Дуучин хүн ядарч болохгүй, өвдөж болохгүй. Тэгж байж сайхан дуулна шүү дээ. Өчнөөн сар бэлдэж бэлдчихээд нэг л удаа өвдчихвөл хамаг хөдөлмөр талаар болно. Тиймээс хувийн зохион байгуулалт маш чухал байдаг.
-Та дуурьт олон жилийн архивтай хүн шүү дээ. Урын санд нь хэчнээн уран бүтээл байна вэ?
-Би Дуурийн театртаа бараг 20 жил ажиллажээ. Энэ хугацаанд 20-иод дуурийн гол болон туслах дүрийг бүтээсэн байна. Дандаа кларатурный сопрано партиг нуруун дээрээ үүрч авч явсан байна. Миний хоолойг илэрхийлж чаддаг Тоскагийн дүрдээ дуулах тусам илүү дурлаж байна. Театрынхан маань Виолеттагийн дүр Уянгаад гоё байдаг гэдэг. Хамгийн сүүлд манайх Р.Леонкаваллогийн “Палячи” дуурийг тавихад гол дүр Неддаг дуулж, урын сандаа өөрийн гэсэн сайхан дүртэй болсон. Тэрнээс өмнө алдарт Доницеттийн “Лючия ди Ламмермур” дуурийн гол дүр Лючияд дуулсан. Энэ дуурийг бүтээхэд Солонгосын уран бүтээлчид ирж, бидэнтэй хамтарч, би бас Солонгос руу явж туршлага судалж байж энэ дүрийг бүтээж байсан. Ер нь гадаадын олон удирдаач, найруулагчидтай хамтран ажиллаж байжээ.
“Риголетта” дуурийн Жильда дээр франц удирдаачтай, “Травиата” дуурийг шинэчлэхэд солонгос найруулагчтай ажиллаж, уг дуурийн 40 жилийн ойгоор энэ дуурийн гол дүрийг дуулж байлаа. Драматик партаас “Евгений Онегин” дуурийн Татьяна, “Аида” дуурийн Аида, “Тоска”-гийн Тоска гэх мэтчилэн дуулж байсан. Кларатурный парти гэвэл Россинигийн “Севилийн үсчин” дуурийн Розина, “Увидаст лимбэ” дуурийн Шөнийн хатан, Тамина гэдэг гүнж гээд хоёр дүрийг бүтээсэн. “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаагийн дүрийг сүүлийн хэдэн жил дуулсан. “Ламбагуайн нулимс”-ын Цэрэнлхамын дүр байна. Гэх мэтчилэн маш олон дүрийг Дуурийн театрынхаа тайзнаа дуулжээ.
-Дуурийн дүрийн сонголтыг найруулагч хийдэг үү, эсвэл удирдаач уу?
-Дуурийн гол дүрийн эхний сонголтыг удирдаач хийнэ. Энэ дүр Уянгын хоолойд тохирно гэдгийг удирдаач сонгодог гэсэн үг. Харин найруулагч тэр сонгогдсон хүн дээр нь “ажиллаж”, дүрээ бүтээхэд найруулгыг нь хийж өгдөг. Удирдаач, найруулагч хоёр бол хос морьтон шиг л хамтарч ажилладаг, дуурийн амин сүнс нь юм.
Дуурийг зохиогч ямар хоолойг гол дүрээ болгох вэ гэдгээ хамгийн түрүүнд бодож, тэр хоолойд зориулан зохиолоо бичдэг. Беллини, Россини, Моцарт, Бах, Гендел нарын үеэс эхлээд дуурийн урлаг хөгжиж эхэлсэн. Дуурь бол бодит амьдралаас сэдэвлэсэн зохиол. Мэдээж, үүнд техникийн үзүүлэлтүүд нэмэгдэнэ. Тухайн дуучны хоолойгоор юуг үзүүлж, юуг шалгах ёстой гэдгийг маш нарийн гаргадаг. “Мөгөөрөс нимгэн хоолойтны дуу нь хүрээгүй оргил” гэдэг шиг бүтээл туурвихын тулд тэд тархиа ажиллуулж, бүтээлээ хийсэн байдаг. Дуурийн урлаг олон зууны турш соёлыг түгээж, дуучны хоолойн цар хүрээ, чадлыг сорьж, хөгжсөөр ирсэн. Одоо дуурийн дуучдын дунд уралдаан тэмцээн зохиож, хоолойн чадлыг сорьдог зүйл болсон.
Нэг дуурийг босгоход дор хаяж 6 сар бэлтгэдэг. Гол дүрийг бүтээхийн тулд эхлээд ноотоо сурах ёстой. Улмаар төгөлдөр хуурчтайгаа нийлсний дараа удирдаачид сонсгож, дараа нь хамтран тоглогчтойгоо, тэгээд масстайгаа, оркестртойгоо нийлж бэлтгэл хийх зэргээр 20 гаруй шат дамжлага дамжиж байж жүжиг бэлэн болж, тайзан дээр амилдаг.
-Дүрийн судалгаа мэдээж чухал. Та жишээ нь, дүрээ гаргахдаа юунд анхаардаг вэ?
-“Травиата” дуурийн тухайд, өвчин тусаж, хүнд орчин нөхцөлд амьдарч байхдаа хайр сэтгэлтэй учирсан эмэгтэйн тухай өгүүлдэг. Тэр хүн үнэнч байх уу, үгүй юу гэдгээ тухайн мөчид хэрхэн шийдэхийг хөгжмийн хэллэгээр харуулсан бүтээл л дээ. Харин гол дүр яг юу өгүүлэх гээд байгааг харуулахын тулд тухайн хөгжмийн зохиолчийн бичсэн ноот, үг, хэддүгээр зуунд бүтээгдсэнээс нь авхуулаад хувцас, ааш аяг, алхаа гишгээ нь ямар байх гээд бүх судалгаа шинжилгээг хийж, тэр дүрийг өөрийнхөөрөө амилуулна.
“Травиата” дуурийн Виолетта бол хүнд өвчтэй ч бууж өгөхийг хүсдэггүй, хамгийн гол сонголт хийх болоход хайр сэтгэлээ сонгоод, хорвоогоос явж байгаа тийм дүр. Тэр дүрийг би хүчирхэг эмэгтэйгээр харуулахыг хүсдэг. Цовоо сэргэлэн байдал нь амьдралд бууж өгч биш, ялж буйг илэрхийлж байгаа юм. Дэлхийн олон сайхан сопранууд энэ дүрийг өөр өөрийнхөөрөө бүтээсэн байдаг. Хамгийн гол нь хоолойны өнгө, тембр, тэрийг хийж байгаа техник маш гоё байх ёстой. Тийм учраас зууны 70-80 хувийг үүнд анхаарах хэрэгтэй. Үнэхээр хүнд авьяас нь байгаа л бол хөгжим нь өөрөө хүнийг хөглөдөг. Энд хүн хашгирах уу, уйлах уу, үхэх үү гэдгийг хөгжим өөрөө дэглэдэг учраас хөгжмөө л маш сайн ойлгож мэдэрч тоглох ёстой, тэгж байж л дүрээ бүтээх ёстой гэж боддог.
-Театртаа эргэн ирсэн. Одоо ямар ч асуудал байхгүй-
-Ж.Верьдийн “Риголетто” дууриас онцолбол?
-Өнөөгийн нийгэмд байдаг "Жокер" дундад зуунд хүртэл байсан. Энэ нь энэхүү дуурийн гол утга санаа нь бидний нийгмийг доголдолыг харуулдаг.
-Та Орос, Герман, Америкийн театруудаар дуулж явсан. Тэднээс үлгэр дуурайл авах зүйл олон л байх даа?
-Манайхан байгаа юмаа нураах гээд байдаг нь буруу. Урлагийн бурхдыг төрүүлсэн түүхт ордноо хуучных нь хэв маягаар додомдоод, засаж сэргээгээд байж л байг. Шинэ театр бол манай улсад зайлшгүй шаардлагатай. Харбины театр, Маринскийн хоёр театр шиг мэргэжлийн том дуурийн театр шинээр бариасай гэж боддог шүү.
Бас нэн ялангуяа европт дуурийн хонх дугарах нь үнэхээр сэтгэл татам санагддаг. Хонх дугарахаар дуурийн театр амь ордог. Үзэгчид ч тэр дуучид ч тэр хонхны дууны араас нэгэн бие болцгоосон юм шиг мэдрэгдэж байсан. Энэ мэдрэмжийг эх орондоо үзэгчиддээ хүргэвэл гоё оо гэсэн бодол төрж байсан.
-Танай гэр бүлийн хүн урлагийн салбарынх. Энэ их ажлыг нь ойлгож, дэмжинэ гэдэг асар их дэм болов уу?
-Урлагийн хүн л урлагийн хүнээ ойлгохгүй бол өөр хэн ойлгох билээ. Манай хүн чи дуул, би яах вэ л гэдэг юм. Өөрөө дуучин хүн болохоор хааяа гэгэлзээд л байгаа нь анзаарагддаг юм. Тэр бүрийд нь би дэмжихийг боддог.
-Та хоёр хамтарч дуулъя гэсэн төлөвлөгөө бий юу?
-Манай хүн басс баритон хоолойтой учраас миний хоолойтой гоё зохицдог. Одоохондоо хамтарч дуулаагүй л байна. Ер нь олон хүн хамтарч дуулаач гэж хэлж байсан. Хамтарна даа тэгж байгаад /инээв/
-Энэ асуултыг хүн бүр асуугаасай гэж бодож байгаа байх. Театртаа эргээд ороход, ямар байна вэ, учраа олсон уу?
-Бүх зүйлийн учир зангилаа олддог. Би ганцхан хүнтэй муудалцаж, ажлаасаа гарсан. Театртаа муудаагүй шүү дээ. Хувь хүмүүс л болсон хойно ойлголцоод, учраа олсон. Энэ олон жилийн түүхтэй театр бол миний гэр юм шүү дээ. Одоо бидний дунд асуудал байхгүй ээ. Бүрэн шийдсэн гэхэд болно. Би энэ их тайзан дээрээ хүн болсон, цаашдаа эндээ байна.
-Ярилцсанд баярлалаа
ВИДЕО:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
гадаад оронд Монголыг төлөөлөх хэмжээний дуучдын нэг хүн шүү Уянга, ингэхэд гадаадад манай чуулгууд тоглолт хийхдээ �##�дартай бүтээлүүдээ орхиод ганц Жанцанноровын бүтээлүүд дийлэнхи бүтээлүүд явж байгаа нь эмгэнэл шүү энэ хүн Шарав, Нацагдорж Чинзориг Ханг�##�ын дараа орох хүн шүү
Гэтэл би 30 хүрэх гэж байгаа хүн шүү дээ. Тэр ойлголтоороо Жильдагийн дүрийг сайн гаргасан гэж боддог......................... -Би Дуурийн театртаа бараг 20 жил ажиллажээ. Энэ хугацаанд 20-иод дуурийн гол болон туслах дүрийг бүтээсэн байна.................NEG l avtsaldaxgui yum,
50 нас хүрч байгааг нь 30 гэж андуурсан байх. Уянг�##�аг сайхан дуулдаг, дуурийн сайн дуучин шүү
Хүн хэлээ, м�##� хөлөө гэдэг л энэ дээ. Бүрхэж харлаж байснаа нэг л өдөр нулимас гараад л цэлэмчиждэг. Сайхан ш хүний хорвоо. Уянгаад амжилт хүсэе.
Тёатрийн тухайн үёийн удирдлагаас болж ганц Уянга ч биш олон хүн хохирсоныг тухайн үёд мэдэж байсан тэр нөхөр үайлж олон хүний сэтгэл санаа амарсан. Муу бүхэн холуур байг цаашид уран бүтээлчидэд амжилт хүсьъ
ДҮРДЭЭ ДУУНДАА БҮҮР ОРЧИХДОГ ЮМ БАЙНА УЯНГА САЙН УРАН БҮТЭЭЛЧ САЙХАН Ч ХҮҮХЭН АМЖИЛТ ХҮСЬЕ ДЭЛХИЙН ТОМ ТОМ ТЕАТРУУДАД ДУУЛЖ ЯВСАН ИХ ГОЁ УЯНГАЛАГ ХООЛОЙТОЙ ДУУЧИН САЙН ХИЧЭЭ ТЭГЖ БАЙГААД МУАЖ ЦОЛ ӨГӨХӨӨСДӨӨ ЭНЭ ХҮҮХЭНД ӨГНӨӨ ЗААВАЛ ӨГНӨ.
Сайн ч дуучин сайхан ч эмэгтэй гэж хардаг. Хамаагүй з�##�уухан сайхнаараа харагддаг. Нэг үеэ бодвол з�##�уу дуучдаар эгнээгээ өргөтгөсөн байх шүү. Уран бүтээлийн амжилт хүсье.