"Оюутнуудын гэртээ харих хүсэл дээр нь "тоглолт" хийж саналыг нь авдаг"
Ардчилсан, чөлөөт, шударга сонгуулиар иргэд өөрийн төлөөллийг сонгож түүгээрээ дамжуулан төр засгаа байгуулдаг. Мөн сонгуулиар дамжуулж улс төрчидтэй хариуцлага тооцож болдог. Өөрөөр хэлбэл, муу ажилласан улс төрчдийг ажлаас нь халж, харин сайн ажилласныг нь дахин сонгож урамшуулж болдог. Ийнхүү төлөөлөө сонгох, сонгосон төлөөлөлтэйгөө хариуцлага тооцох эрхийг эдэлж байж ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжиж иргэдийн амьдралд ашиг тусаа өгдөг. Тэгвэл санал худалдан авалт нь иргэдийн улс төрчидтэй хариуцлага тооцох боломжийг үгүй болгодог юм.
Санал худалдан авалт амжилттай хэрэгжсэнээр иргэд улс төрчидтэй хариуцлага тооцох бус эсрэгээрээ улс төрчид иргэдтэй хариуцлага тооцдог болдог. Нэг ёсондоо ардчиллын эгэх хариуцлагын тогтолцоог гажуудуулдаг гэж хэлж болно.
Түүнчлэн, иргэдийн саналыг худалдан авч сонгуульд ялалт байгуулсан улс төрчид эргээд иргэд, олон нийтийн сайн сайхны төлөө хичээж ажиллах сэдэлгүй байх нь ойлгомжтой. Сонгуулиар мөнгө тараагаад л дахин сонгогдчих учраас заавал хичээж ажиллах хүсэл эрмэлзэлгүй болох магадлалтай гэсэн үг. Үүнээс гадна санал худалдан авахад шаардлагатай их хэмжээний мөнгө, хөрөнгийг гэмт хэрэг, авилгаас бүрдүүлдэг байх эрсдэлтэй билээ.
Бид энэ удаа 2024 оны орон нутгийн сонгуультай холбоотойгоор саналаа худалдан, нутаг руугаа ачигддаг оюутнуудтай ярилцлаа.
Кейс-1
Намайг анх нэгдүгээр курст байхад буюу одоогоос дөрвөн жилийн өмнө орон нутгийн сонгуулиар сум руу маань үнэгүй авч явж байсан. Тухайн үед шинэхэн оюутан гэрээ санаад байсныг ч хэлэх үү, "Сум руу зардалгүй явуулна" гэхээр нь баярлаад машинд нь суучихсан. Тэгсэн "Манайхан хэнд зурахаа мэднэ биз дээ" гэж тайлбарлаж, танилцуулж эхэлсэн. Тэр үед ярьж байгаа нь сонин биш гэртээ харих маань л анхаарлын төвд байсан. Одоо бодох нь би замын зардал, хоолны мөнгөөр саналаа худалдчихсан юм билээ. Тухайн үедээ азны юм гэж бодож байсан ч гэсэн одоо бодоход үнэхээр хайран санагдаж байна. Энэ алдааг хүүхэд залуус гаргахгүй байгаасай гэж хүсдэг дээ.
Нэр болон царайгаа нууцлахыг хүссэн
Кейс-2
Хэдэн жилийн өмнө оюутан болчхоод нутгийнхаа эгчтэй хамт нэгэн оюутны холбоонд орсон юм. Удалгүй намын гишүүн гэх мэтийн үнэмлэх гардуулж өгөөд хөдөө орон нутаг руу, сум руугаа оюутнууд авч явж, саналыг нь өгүүлэх ажилд хуваарилагдсан. Надад тухайн үед цалин мөнгө өгөөд байсан учраас үнэхээр л том ажил хэрэг бүтээж байгаа мэт санагдсан. Сумынхаа оюутнуудыг дөрвөн машинд авч явах замдаа, хол унд бүхий л юмыг нь дааж байсан. Тухайн үед "Аль намдаа зурах билээ" гэх мэт яриа өрнүүлж байгаад оюутнууддаа намаа санал болгож, ярьсаар байгаад сумын төврүүгээ орж байсан.
Нэр болон царайгаа нууцлахыг хүссэн
Кейс-3
Олон жилийн өмнө найзуудаасаа "Аймаг руу үнэгүй авч явна" гэдэг зарын талаар сонсоод би дугаарыг нь хайж олоод, залгаж яриад, явж байсан. Аймаг жижигхэн учраас хэн нь аль намынх гэдгийг мэдэх учир сонгуультай холбоотой гэдгийг нь мэдэж байсан ч зүгээр л гэртээ харих минь хамгийн чухал байсан учраас найзуудаараа нийлээд аймгийн төвдөө очсон доо. Тоглоом наргиан болгож, "Та нарыг хэнд санал өгснийг дараад нь харна шүү" гэж инээлдэж байсныг нь тодоос тод санаж байна. Энэ байдал одоог хүртэл арилаагүй гэхэд хэдэн шинэхэн оюутнуудын гэрээ санах хүсэл дээр нь "тоглолт" хийж байгаа юм шиг санагддаг.
Нэр болон царайгаа нууцлахыг хүссэн
Сум орон нутаг руу нь тээврийн зардалгүй хүргэж өгч байгаа энэхүү үйлдэл нь сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд зааснаар хууль бус сурталчилгаанд тооцогдох юм.
70 дугаар зүйл. Хууль бус сурталчилгааг хориглох
70.1.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
70.1.1.мөнгө, эд зүйл тараах;
70.1.2.бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах;
70.1.3.аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх;
70.1.4.нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;
70.1.5.сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах нь хориотой байдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сонгууль өрсөлдөж буй улс төрийн нам эвслийн мөрийн хөтөлбөр бодитой, хүн уншаад “энэ хэрэгжиж болох хөтөлбөр байна” гэж ойлгогдхоор байх ёстой. Ихэнх хөтөлбөрүүд нь сонгогчоо хуурч сан�##� авах зорилгоор “үлгэр” бичдэг учираас з�##�уус сонгуульд идвэхгүй оролцдог.