"Эмийн санчид олон улсын нэршлээ мэдэхгүйгээс үл ойлголцол үүсэж байна"

Энэ 10 дугаар сарын 1-нээс мөрдөгдөж байгаа Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчлэлээр ихэнх эм зөвхөн эмчийн хүчинтэй жороор олгох болсон тул иргэд эмийн сангаас хүчингүй жороор болон жоргүйгээр эм авах боломжгүй болсон. Иргэдийн хувьд эмийг жортой, жоргүй олгох талаар нийгмийн сүлжээнд маргаан өрнөж, мэдлэг хомс байгаа юм.
Эм эмнэлгийн хэрэгслийн хууль шинэчлэгдсэнээр иргэдэд дараах асуудлууд тулгараад буй. Үүнд,
- Иргэд жор бичүүлэхийн тулд иргэд өрхийн эмнэлгийг зорьж, ачаалал нэмэгдүүлж байна
- Жоргүй эмийн жагсаалтаа эмийн санчид ч мэдэхгүй байна
- Жороор эмээ авахаар эмийн сан руу очиход зарим эм байхгүй учраас жорын дагуу бичигдсэн бүх эмээ нэг дороос авахын тулд цаг хугацаа алдаж байгаа зэрэг наад захын асуудал дээр иргэд будилаад байгаа юм.
Жороор олгох эмийг заавал эмчийн бичсэн жорын дагуу эмийн сангаас олгоод 14 хонож буй. Угтаа энэ талаар хуульд тусгасан байсан ч хангалттай хэрэгждэггүй байсны уршгаар өдийг хүрсэн нь иргэд болон мэргэжилтнүүдийн хандлагаас илт харагдаж байна. Улмаар жороор олгодог ч жоргүй авч, хэрэглэж дадсан эмээ бичүүлэхийн тулд иргэд өрхийн эмнэлэг болон дүүргүүдийн яаралтай тусламжийг зорьж байна. Энэ нь эмч нарын ачааллыг 2-3 дахин нэмэгдүүлж байгаа талаар мэргэжлийн байгууллагууд хэлж байлаа.
Банзүрх дүүргийн 16-р хорооны өрхийн эмч М.Насан
Өрхийн эмнэлгийн үзлэг маш их ачаалалтай байх боллоо. Хүн болгон л орж ирж жор бичүүлж авч байгаа. Олон жилийн өмнө энэ байдал хэрэгжсэн байсан бол өнөөдөр үүдээр дүүрэн хүнтэй, үзлэгийн цаг хүрэлцэхгүй үе гарахгүй байсан байх.
Мөн эмийн санч нарын тухайд өвчтөнд нэг эм бичээд явуулангуут “энэ бичиг нь харагдахгүй байна. Үүнийгээ асуугаад буцаад хүрээд ир. Ийм нэртэй эм байхгүй” зэрэг олон улсын нэршлээ мэдэхгүйгээс болж хоорондын үл ойлголцол гарч байна. Ийм асуудлууд гараад ирэхээр иргэд, ажилчид цаг хугацаа алдахаас гадна, түргэн шуурхай эмчилгээгээ авч чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа гэж ойлгож болно.
Нэмж дурдахад, толгойн өвдөлт намдаах, өвчин намдаах буюу Ибупрофен, халуун бууруулах, ханиадны эм, натри, рингер гэх мэт ихэнх эмийг заавал эмчийн бичсэн, стандартын шаардлага хангасан жороор олгож байгаа талаар эмийн сангууд цахим хуудаснаа мэдээлээд байгаа билээ. Иймд иргэдийн авах гэж буй эм жороор олгогдох эсэх талаар мэдээллийг druginfo.mohs.mn сайтаас харж болох аж.
-Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хэрхэн туссан бэ-
Худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигчид дараах шаардлага тавина
- 10.1.1.эмийн сангийн зохистой дадлын стандартыг хангаж, өөрийн худалдсан бүтээгдэхүүний хадгалалттай холбоотой чанар, аюулгүй байдлыг хариуцах
- 10.1.2.жороор олгох эмийг стандартын шаардлага хангасан жороор олгох
- Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 8.5-д заасан эрүүл мэндийн байгууллага нь амбулаториор үйлчлэх эмийн сантай байж болох бөгөөд энэ тохиолдолд зөвхөн тухайн эрүүл мэндийн байгууллагын эмчийн бичсэн эмийн жороор үйлчилнэ.
- Алслагдсан багт ажиллаж байгаа эмч үйлчлэх хүрээнийхээ хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэгцээтэй эмийг харьяа сумын эрүүл мэндийн төвийн эмийн сангаас авч иргэнд олгож болно.
- Худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмээс бусад эмийг цахим жор болон захиалгын дагуу хүргэлтийн үйлчилгээ үзүүлж болох бөгөөд энэ тохиолдолд эмийн хадгалалт, түгээлтийн зохистой дадлын стандартыг ханган ажиллах үүрэгтэй.
- Эм найруулах стандартын шаардлага хангасан өрөө бүхий эмийн санд эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эмнэлгийн мэргэжилтэн эмчийн бичсэн эмийн жорыг үндэслэн эмийн бүртгэлд бүртгэсэн эмийн үйлчлэгч бодис, чанарын шаардлага хангасан эмийн туслах бодисыг ашиглан эм зүйн технологийн дагуу эм найруулна.
- Энэ хуулийн 10.5-д заасны дагуу найруулсан эмийн чанарыг эм зүйч шалгаж баталгаажуулсны дараа үйлчлүүлэгчид олгоно.
- Худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигч эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, гоо сайхан, ариун цэврийн бүтээгдэхүүнээр үйлчилж болно.
- Худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигчид дараах үйл ажиллагааг хориглоно
- бүртгэлгүй эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн худалдах;
- эм, эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлэх байгууллагаас бусад эх үүсвэрээс авах;
- эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй этгээдийг эм найруулах, бэлтгэх, шалгах, худалдах үйл ажиллагаанд оролцуулах
- хуурамч эм, стандартын бус эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн худалдах
- вакцин худалдах
- жороор олгох эмийг жоргүйгээр, эсхүл хүчингүй жороор олгох
- эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эм худалдах
- үнэ төлбөргүй олгох болон хандив, тусламжийн эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн худалдах
- нэгж тунгаар савласан эмийн нэр, тун, тоо хэмжээ, хүчинтэй хугацаа, хэрэглэх зааврыг агуулсан шошгогүй бүтээгдэхүүнийг худалдах
- энэ хуулийн 47.8-д заасны дагуу тогтоосон дээд хязгаараас илүү хувь хэмжээгээр нэмэгдүүлж эм, эмнэлгийн хэрэгслийг худалдах
- эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг үндэслэлгүйгээр нэмэх
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв ч цагаа олоогүй хууль. Хуулиа 1 жил сурт�##�члаад хэрэгжүүлсэн бол. Гэнэт өвөл ханиадны үe эхлэхээр эмээ жортой болгож, замаа засч түгжрэл үүсгэж өгөх юмаа манайхан. Яагаад зөв төлөвлөлт байдаггүй юм бол.
Муу сурлагатангууд ойлгохгүй байх нь аргагүй!!! Маш муу мэдлэгтэй байдаг!!