Нийгэм мэдээ

"Бид өдөр тутамдаа гаргах шийдвэрээ ёс зүйтэйгээр тунгаан бодох хэрэгтэй"

Дэлхийн ёс зүйн өдрийг тохиолдуулан "Ёс зүйтэй шийдвэр гаргалт" хэлэлцүүлгийг СЭЗИС-д МИК болон Сайнскор санхүүгийн байгууллага хамтран зохион байгууллаа.

Энэ үеэр хэлэлцүүлгийн зочин панелистүүд "Ёс зүйтэй шийдвэр гаргалт"-ын талаар үзэл бодлоо хуваалцлаа.

Санхүү эдийн засгийн их сургуулийн ректор Б.Мөнхбаяр

-Дэлхий нийтийн жишгийг монголд нутагшуулна-

"Дэлхий нийтээр ёс зүйн өдрийг жил бүр тэмдэглэж өнгөрүүлдэг. Үүнийг тэмдэглэхдээ олон бизнесийн байгууллагууд, аж ахуйн нэгж, төрийн байгууллага оролцон голчлон их дээд сургуулиуд энэ үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлдэг туршлагатай. Тэгэхээр бид бүхэн энэ туршлага, энэ санааг эх орондоо хэрэгжүүлье гээд гурван жилийн өмнөөс Санхүү эдийн засгийн их сургууль монгол улсад ёс зүйн өдрийг анх тэмдэглэж эхэлсэн. Үүний хүрээнд бид бүхэн өөрсдийнхөө оюутан, багш, ажилтан төдийгүй ер нь манай улсын нийт их дээд сургуулиуд, бусад аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд энэ үйл ажиллагаанд нэгдэхийг уриалсан. Жил тутам манай үйл ажиллагаанд олон төрийн байгууллага, бизнесийн байгууллага, ААН-үүд олноороо нэгдээд хамтарч байгаад бид нар баяртай байгаа. 

Энэ зохиож байгаа арга хэмжээ нь “Ёс зүйгээрээ манлайлъя” гэсэн уриан дор явагддаг. Жил бүр тодорхой асуудлууд дээр шийдлийн талаар хүмүүсийг бодуулах байдлаар, тэр бодсон зүйлдээ өөрсдийнхөө санаа бодлыг илэрхийлэн эсээний уралдаан байдлаар ордог. Эцэст нь асуудлаараа бид тодорхой мэргэжилтнүүдийг оруулсан хэлэлцүүлэг хийдэг. Энэ үйл ажиллагааны туршид тухайн жилийн тодорхойлсон сэдвийн хүрээнд хүн болгон энэ тухай боддог, бодсон зүйлээ хуваалцдаг, түүнийгээ түгээн дэлгэрүүлдэг ийм арга хэмжээ юм. Тэгэхээр үүнийг олон нийтийн хамтын санаачилга гэж хэлж болно. Энэ жилийнх нь ёс зүйтэй шийдвэр гаргалт гэсэн сэдвийн дор явагдаж байгаа.

Олон байгууллагууд манайхтай хамтарч энэ үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ жилийн арга хэмжээнд уламжлал ёсоор жил бүр бидэнтэй хамтарч ажиллагадаг байгууллагууд маань оролцож байгаа.

Үүнд Монгол банк, Хас банк, Монголын ипотекийн корпараци, Сайн скор гээд байгууллагууд маань бидний үйл ажиллагааг дэмжин оролцож байгаад баяртай байна" гэлээ.

"МИК ОССК" ХК-ийн Бизнес хөгжил хариуцсан дэд захирал Ц.Батбаяр үйл ажиллагаатай холбоотой сэтгэгдлээ хуваалцлаа.

-Бизнес эрхэлдэг байгууллагууд ёс зүйтэй байх хэрэгтэй-

"Бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага бол мэдээж ашгийн төлөө байгууллага байдаг. Гэхдээ ашгийн төлөө гээд хэтэрхий их өндөр ашигтай байх гэхээсээ илүү тухайн нийгэмд маань бид нарын бүтээгдэхүүн хэр үр өгөөжтэй, чанартай бүтээгдэхүүн байна вэ, хэр чанартай үйлчилгээ бий болгож байна вэ, гэдгээрээ зохицуулагддаг. Ер нь бол байгууллагын хувьд илүү ёс зүйтэй байх нь тухайн зах зээлд илүү удаан хугацаанд оршин тогтнох боломжийг бий болгож байгаа. МИК-ийн хувьд бол бид ипотекийн зах зээл дээр үнэт цаасжуулах үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар бид 110-120 мянга гаруй зээлдэгчийн зээлүүдийг багцлаад үнэт цаасжуулсан байна. Тэгэхээр бид эндээс юуг харж байна вэ, гэхээр манайд харьцангуй ипотекийн зээл гэдэг маань хүний анхдагч гурав хэрэгцээний нэг чухал зээл байгаа юм. Орон сууц, байр гэдгээрээ. Үүн дээр бол хүн бид нарын датануудыг харж байхад бол тухайн орон сууцын зээл авсан иргэд маань маш ёс зүйтэй гэдэг юм уу.

Ипотекийн зээлийн хөтөлбөр маань 2013 оноос эхлэн хэрэгжээд 11 жилийн хугацаа өнгөрсөн байна. Сая сонгуулийн дараа бид нар нөхцөл байдлыг ажиглаж байхад энэ парламент, засгийн газар маань илүү онцлог буюу хамтарсан засгийн газар байгуулагдсан. Үүн дээр бид юу гэж харж байгаа вэ гэхээр энэ засгийн газрын бодлого, чиглэл нь илүү орон сууцжуулах тал руу илүү чиглэж байгаа юм байна. Тэр нь юугаар илэрхийлэгдэж байна вэ гэхээр Баялагийн сангийн тухай хуулийг баталсан. Эндээс хуримтлалын сангаар хуримтлагдсан эх үүсвэрийг орон сууцны ипотекийн зээл рүү гаргая гэдэг шийдвэр гарсан байна.

Мөн өмнөх барилга, хот байгуулалтын яамыг шинэчлэн хот төлөвлөлт, орон сууцжуулалт барилгын яам гэдэг нэртэй болсон. Үүнээс юу гэж харж байна вэ гэхээр орон сууцжуулалтыг нилээн тэргүүнд тавьж байгаа юм байна, мөн ирэх жилүүдийн хувьд урьдчилсан байдлаар /одоо яг төсөв хэлэлцэх гэж байгаа болохоор дүн бол тодорхой гараагүй байх шиг байна/  нэг их наядыг бол ипотекийн зээлийн хөтөлбөрт санхүүжүүлэлт хэлбэрээр олгоё, үүний 50 хувийг нь хуримтлалын сангаас, 50 хувийг нь одоо байгаа ипотекийн зээлийн эргэлдэж байгаа хөрөнгөнөөс өөрөө өөрийг нь санхүүжүүлээд явъя гэдэг.

Энэ шийдвэр дотроо 50 хувь нь хөдөө орон нутаг руу чиглүүлье гэдэг шийдвэр гаргаж байх шиг байна. Хотод олгогдож байгаа шийдвэрүүд маань голцуу  гэр хороолол руу чиглэсэн хандлагатай байх шиг байна. Энэ нь мэдээж бид Улаанбаатар хотдоо амьдарч байгаа иргэд бол төвлөрлийг маш сайн анзаарч байгаа. Төвлөрөл, түгжрэл нөгөө талдаа гэр хорооллоос үүсч байгаа утаа бохирдлыг тэр гол асуудал руугаа илүү чиглэсэн нэг талаараа хөдөө орон нутаг руу олгогдож байна нөгөө талаараа гэр хороолол руу баригдаж байгаа төслүүдийг илүү санхүүжүүлэх зорилгоор гэр хорооллоос орон сууц авч байгаа иргэнд ипотекийн зээлийг илүү түлхүү олгох чиг хандлагууд харагдаж байна. Тэгэхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдсны дараа илүү тодорхой шийдвэрүүд гараад явах байх гэж харж байна.

СЭЗИС-ийн бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор, доктор Б.Мөнхзаяа

-Өдөрт гаргах шийдвэрээ тунгаан бодох хэрэгтэй-

"Өдөрт маш олон тооны шийдвэрүүдийг бид бүхэн гаргадаг. Түүнээс зарим нь рефлексээрээ гарчихдаг шийдвэрүүд байна, зарим нь бол тунгаан бодох шаардлагатай шийдвэрүүд байдаг. Ямарваа нэг зөрчилтэй нөхцөл байдалд хэн нэгнийг нь гомдоохгүй гэдэг ч юм уу эсвэл өнөөдрийн эрх ашгаа харах уу, ирээдүйн нөхцөл байдлаа харах уу гэдэг ч юм уу иймэрхүү зөрчилтэй тохиолдлуудад бид нар ёс зүйтэй шийдвэр гаргалт гаргах хэрэгцээ үүсжээ гэдгийг нэгдүгээрт таньж мэдэх хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт, энэхүү миний гаргаж байгаа шийдвэрт ер нь хэн өртөх вэ, би өөрөө өртөх үү, манай гэр бүл өртөх үү, найз нөхөд өртөх үү, анги хамт олон, ажлын газар цаашлаад бүр салбар, улс орны хэмжээнд миний гаргаж байгаа шийдвэр нөлөө үзүүлж магадгүй. Тэгэхээр хэн хэнд энэ шийдвэр очиж нөлөөлөх вэ гэдгийг бодож үзэх ёстой гэсэн саналуудыг хэлж байна. Тэгээд энэ шийдвэрийнхээ үр дүнг бодох ёстой.

Жишээлбэл: Зөвхөн нэг ажилтнаа бодоод, өрөвдөөд дүрэм журмаа зөрчсөн шийдвэрийг гаргахаар дүрэм журмынхаа дагуу ажиллаж байгаа хүмүүс нь хохироод үлдэх магадгүй цаашлаад дүрэм журмаа мөрдөхгүй байх боломжтой юм байна гэдэг ийм зүйл яригдаж болзошгүй нөхцөл байдал үүсэж байна. Ер нь байгууллага дээр ёс зүйтэй шийдвэр гаргалтийг хэрэгжүүлж хэвшүүлэхийн тулд  бүх байгууллагууд ёс зүйн дүрэм, журмаа тодорхой болгоод түн дээр ямар зарчим барьж хувь хүмүүс хороондоо харилцах юм, бизнесийн байгууллагуудтай, төрийн байгууллагатай яаж харьцах юм гэдэг энэ бүх дүрэм журмаа тодорхой болгоод энийгээ хэвшүүлэх хэрэгтэй. Үүнд удирдлагын манлайлал маш их чухал гэдгийг хэлж байна. Ажилтнууд эсвэл их сургуулийн хувьд оюутнууд бол багшаа, даргаа, удирдлагаа харж байдаг. Тэгэхээр тэр хүн маань өөрөө ёс зүйгээрээ үлгэрлэж байж тэр байгууллага дээр ёс зүйн хэм хэмжээ тогтож үлдэнэ гэсэн саналуудыг маш их давтамжтайгаар манай саяын панел хэлэлцүүлэгт маань орсон оролцогчид онцолж байна.

Дэлхий нийтээр тогтвортой хөгжлийн зорилго-2030 гээд нийтдээ 17 зорилго байгааг бид бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр энэ зорилгуудад бид нар хувь нэмрээ яагаад оруулах ёстой юм бэ. /Дэлхийн дулаарал, шавхагдах нөөц баялагууд.../ бид нар яагаад өнөөдөр өөрийнхөө хэрэглээг хязгаарлаж цэгнэж байх ёстой юм бэ, би нэгэнт мөнгөөрөө аваад идчихсэн хоолоо идэхгүй хаяж болох уу, болохгүй юу эсвэл хогоо ангилахгүй хаяж болох уу болохгүй юу гээд наад захын асуудлууд яригдаж байна. Тэгэхээр бид нарын гаргаж байгаа энэ шийдвэр маань дэлхий өөрөө шавхагдах нөөцтэй учраас тэрэнд нь бидний гаргаж байгаа үйлдэл болгон нөлөөлж байгаа. Иймээс бид нар ёс зүйтэй байх, ёс суртахуунтай байх, байгальд ээлтэй байх орчиндоо соёл бүрдүүлэх энэ бүх зүйл маань тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулж байгаа учраас бид нар дэлхийн ёс зүйн өдрөөр ёс зүйн асуудлыг хөндөхөөс гадна тогтвортой хөгжлийн зорилтуудад хувь хүмүүс байгууллагуул оролцохын ач холбогдлыг таниулах санаачлагыг нэгтгэн хэрэгжүүлж байгаа. Энэ жилийн хувьд манай сургууль эрүүл мэнд буюу тогтвортой хөгжлийн гуравдугаар зорилго дээр илүү их төвлөрч байгаа. Цаашдаа жилдээ нэг зорилгыг сонгож аваад тухайн жилийнхээ яг тэрийг дэмжсэн бүх үйл ажиллагаануудыг хийе гээд. Ялангуяа оюутан залуусын хувьд ч тэр ажлын, сурлагын ачаалал маш их байдаг. Биеийн эрүүл мэндийг асуудал байна дээрээс нь сошиал мэдээлэл авч байгаа, тоглоом тоглож байгаа энэ болгонтой холбоотой оюун санааны хувьд ч гэсэн яаж өөрийгөө эрүүл тэнцвэртэй авч явах вэ гэдэг дээр сургуулийн зүгээс, мөн багш нарын зүгээс санаа санаачлагыг гаргаж хэрэгжүүлье. Үүгээрээ дамжуулж нэг оюутан мэдээлэл авсан бол найз нөхдөдөө хэлнэ, гэр бүлдээ хэлнэ гээд энэ маань цаашаа өргөжөөд явна. Иймээс бидний гаргаж байгаа шийдвэр бүхэн тогтвортой хөгжлийн зорилгыг дэмжих рүү чиглэх юм бол дэлхий маань урт хугацаандаа бид нарын ирээдүй хойч болсон үр хүүхдэд маань ээлтэйгээр үлдэх, хохирол багатай үлдэх боломж байна гэж харж байгаа. Ийм санаачлагын үр дүнд хийж байгаа.

Сайнскор гүйцэтгэх захирал Д.Энхцацрал энэ үеэр зээл хүссэн иргэд, байгууллагуудын ёс зүйтэй шийдвэр гаргалтын талаар сэтгэгдлээ хуваалцлаа.

-Санхүүтэй холбоотой байгууллагууд датанд суурилсан шийдвэр гаргах нь зөв-

Тэрбээр, "Санхүү эдийн засгийн их сургуулиас уламжлал болгон зохион байгуулж байгаа “Дэлхийн ёс зүйн өдөр”-т манай Сайнскор зээлийн мэдээллийн сан хоёр дахь жилдээ хамтран ажиллаж байгаа. Энэ удаагийн өдөрлөгийн онцлог нь ёс зүйтэй шийдвэр гаргалт байна. Өнгөрсөн жил болохоор илүү мэргэжлийн ёс зүй тал руугаа байсан бол энэ жил шийдвэр гаргалтанд яг яаж ёс зүйтэй байх вэ гэдэг талаараа байна. Сайнскор зээлийн мэдээллийн сан бол яг энэ чиглэлд зээл олгож байгаа, зээлийн шийдвэр гаргаж байгаа байгууллагуудыг илүү дата дээр суурилсан субьектив биш обьектив шийдвэр гаргалт хийхэд нь зээлийн оноо гэдэг үйлчилгээгээ нийлүүлж дэмжиж ажилладаг. Манай гаргасан FICO гэдэг зээлийн оноо нь хувь хүний орлогын эсхүл нас, хүйс, мэргэжил, гэр бүлийн байдал зэрэг тухайн хүний эмзэг мэдээллийг ашигладаггүй. Зөвхөн зээлийн түүхэн мэдээлэл, зээлийн зан төлөв дээр нь үндэслээд 300-850 онооны хооронд эрсдэлийг нь буюу зээлээ эргэн төлөх магадлалыг нь үнэлдэг. Тэгэхээр энийг банк санхүүгийн байгууллагад ашиглаж эхэлснээрээ илүү дата дээр суурилсан, шударга, ёс зүйтэй шийдвэр гаргах боломжтой болно гэж харж байгаа. 

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button