Top StoriesУРЛАГЯрилцлага

Н.Эрдэнэ: Машин, мотоцикл, дугуй унаж чаддаг баавгай дэлхийн хаана ч байхгүй

“Дэлхийн цирк Монголд” төслийн хүрээнд 10 жилийн ойн тоглолтоо “Степпе арена” ордонд энэ сарын 05-ны өдрөөс эхлэн тоглогдож буй. 

Машин, мотоцикл, унадаг дугуй, скүүтер зэргийг төвөггүй жолооддог баавгайнууд, болон бусад циркчидийн бэлтгэлийн дундуур бид тус төслийг санаачлагч, ерөнхий продюсер, ОУ-ын циркийн холбооны шүүгч Н.Эрдэнэтэй ярилцахаар зорьж очив.

Биднийг очих үед өглөөний 09.30 цаг. Энд бидний сайн мэдэх ойн хүрэн баавгайнууд сурамгай гэгч нь жолооны хүрдний ард сууж, дөрөө жийж байх нь тэр. Тэрхүү бэлтгэлийн үзүүлбэрийг хамт үзэж суусан “Дэлхийн цирк Монголд” төслийн продюсер Н.Эрдэнэ “Энэ баавгайнууд бүр биднээс дээр жолоодож байгаа биз” хэмээн инээснээр бидний яриа эхэлсэн билээ.

Тэрбээр Монголын циркийн жүжигчин Ц.Сэлэнгийн хүү. Өөрийгөө “Миний ээж циркийн жүжигчин байхдаа л намайг тээж төрүүлсэн учир миний судсаар циркийн цус урсаж байгаа. Тийм ч учраас би циркийг сонирхохгүй байх аргагүй” хэмээн тодорхойлсон юм.

-Сайн байна уу. Энэ жил “Дэлхийн цирк Монголд” төслийн 10 жилийн ой тохиож байгаа юм байна. Энэ төслийг анх яагаад эхлүүлэх болов?

-“Дэлхийн цирк Монголд” төсөл маань 2013 онд анхны тоглолтоо хийж байсан. Эргээд харахад 10 гаруй жил энэ төслөө тасралтгүй үргэлжлүүлжээ. Дунд нь ковидтой холбоотой гурван жил тоглож чадаагүй.

Миний хувьд 10 жил дэлхийн циркийг хийхдээ олон сэтгүүлчид яриа өгч байсан ч намайг яагаад энэ тоглолтыг Монголд зохион байгуулах болов гэсэн асуулт ирж байсангүй. 

Анх 2011 оны үед би Монголын циркчидийн олон улсын тэмцээнд оролцуулах ажилд ханцуй шамлаж явахдаа хэд хэдэн олон улсын тоглолтуудыг үзсэн юм л даа. Тэр үед “Энд тоглогдож байгаа үзүүлбэр, жүжигчдийг Монголд аваачих бүх боломж байгааг харсан. Гэхдээ яагаад энэ хэмжээний тоглолт манай улсад тоглогддоггүй юм бэ” гэх  асуулт ургасан.

Эргээд бодоход ,биднийг бага байхад социалист орнуудын жүжигчид л ирдэг байсан. Харин  барууны  гэх тодотголтой Америк, Итали, Герман зэрэг орнуудын жүжигчид ер ирж байгаагүй. Гэтэл тухайн үед манайд энэ тоглолтыг зохион байгуулж болох цирк, гадаад харилцаа гээд бүх боломж байгааг олж хараад зориг шулуудсан. Ингээд л 2012 онд бэлтгэл ажлаа эхлүүлээд 2013 онд анхны тоглолтоо нээж байсан түүхтэй. Тэр үед хамгийн ихээр тусалж дэмrсэн “Аса цирк”-ийн хамт олонд маш их талархдаг. Мөн ивээн тэтгэгч, хамтрагч байгууллагууд ч бий.

-“Дэлхийн цирк Монголд” тоглолтын гол онцлог. Өмнөх тоглолтуудаасаа энэ удаагийнх ямар ялгаатай байна?

-Циркийн урлаг дөрвөн төрлөөр, хөгжлийнхөө дээд цэгт хүрсэн гэж хэлж болно. Та бидний харж байгаа энэ төрөл бол хоёр манежтай степпе арена тоглолт. Хэдийгээр жил бүр Дэлхийн цирк монголд тоглодог ч хэзээ ч нэг үзүүлбэрээ давтаж байсангүй. Жил бүр шинэ үзүүлбэр, шинэ тоглолтоор үзэгчидтэйгээ уулздагаараа онцлог. 

Мөн олон улсын циркчидийн тэмцээнд эхний гурван байрт шалгарсан жүжигчдийг урьж авч ирдгээрээ давуу талтай. Тоглолт төлөвлөх үедээ нийт 60 гаруй үзүүлбэрээс сонголтоо хийдэг гэсэн үг.

Бид үзэгчдэдээ жил бүр нэг гэнэтийн бэлэг барьдаг. Энэ жилийн хувьд “Дэлхийн цирк монголд” төслийн маань 10 жилийн ойн тоглолт болж байгаатай холбогдуулан хоёр манежтай тоглолтыг бэлдлээ. 

Өмнөх тоглолт буюу 2024 оны хавар болсон тоглолтыг мөн “Степпе арена”-д сургуулилттай арслан, бартай тоглолт амжилттай зохион байгуулагдсан бол энэ удаад дэлхийд цорын ганц сургуулилттай баавгайнууд оролцож байна. Мэдээж олон улсад сургуулилттай баавгайнууд байдаг ч гэлээ яг одоо манай тоглолтод орж байгаа баавгайнууд шиг машин, скүүтер, мотоцикл, унадаг дугуй унаж чаддаг нь байхгүй. Энэ ч утгаараа дэлхийд цор ганц хэмээн нэрлэгдээд буй. 

-Энэ жил хэчнээн төрлийн үзүүлбэртэйгээр тоглолтоо нээгээд байна?

-Нийт 18 үзүүлбэртэйгээр хоёр цаг гаруй хугацааны тоглолт бэлтгэсэн. Циркийг сургуулилттай амьтан,  алиалагчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэр ч утгаараа сургуулилттай нохойнууд, баавгайнууд, маш чадварлаг алиалагчид, агаарын мотоциклтой шоуг монголд анх удаа тоглож байна. 

Агаарын мотоциклтой шоуны тухайд агаарт 22-25 метрт замыг 15 метрийн өндөрт циркийн хүнд элементүүдийг  мотоциклтойгоор үзүүлэх юм. Дэлхий дээр ч энэ төрлийн үзүүлбэр хуруу дарамхан.

Энэ удаагийн тоглолтод маань есөн орны 114 олон улсын циркийн жүжигчид оролцож байна. Энэ тоо бол циркийн манежинд гарч буй жүжигчдийн тоо шүү дээ. Харин энэ тоглолтын нийт баг бүрэлдэхүүнийг оролцуулбал 260 гаруй хүн бий.Үүнд зохион байгуулагчид, жүжигчид, маркетингийн ажилчид, жолооч нар гээд олон хүмүүс бий.

Бид энэ удаад сургуулилттай амьтаддаа зориулаад ОХУ-улсын циркээс мэргэжлийн малын эмчийг хүртэл урьж авчраад байна. Яагаад гэвэл, бид манеждаа гоё сайхан тоглолт үзүүлэхээс гадна энэ амьтдад анхаарал хандуулах нь чухал болдог. Агаар, орчин солигдсоноос шалтгаалан хөнгөн болон хүнд хэлбэрээр өвдөж болно. Энэ үед мэргэжлийн эмчийн анхан шатны үзлэг, эмчилгээ шаардлагатай. Монголд малын эмч нар олон байдаг. Гэвч циркийн сургуулилттай амьтадтай харьцаж байсан туршлагатай нь үгүй.

-Энэ гурван баавгайн тухайд хоёр 34 настай, нөгөө нэг нь удахгүй 18 хүрнэ. Өдөрт ойролцоогоор 4-5 кг хоол иддэг-

-Жолооны ард суух баавгайнууд яах аргагүй анхаарал татаж байна.

-Манай тоглолтод гурван баавгай ирсэн. Үүнээс хоёр нь 34 настай, нөгөөх нь тун удахгүй 18 нас хүрнэ. Бидэнд 18 нас хүрэх гэж байгаа баавгай маань ихэд бэлгэшээлтэй санагдаж байгаа. 

Яагаад гэвэл манай монголчууд ярьдаг шүү дээ, хүнээр бол 18 нас хүрнэ гэдэг бол нас биед хүрлээ, хүний зэрэгтэй боллоо хэмээн бэлгэшээн тэр төрсөн өдрийг онцгой тэмдэглэн өнгөрүүлдэг. Тийм ч учраас дэлхийн циркийн манежинд 18 нас хүрч байгаа энэ баавгайдаа маш том гэнэтийн бэлэг барихаар төлөвлөж байна. Хамгийн том нууцаа ярьчихлаа шүү. /инээв/

Циркийн амьтад бол бидний гэртээ тэжээдэг амьтадтай адилгүй, зэрлэг араатан амьтад тул төрсөн цагаас нь хойш хамт амьдрах үедээ амьдарч гэр бүлийн гишүүнээс эрхэм байдлаар хандаж байж өнөөдрийн бидний харж байгаа үзүүлбэрийг үзүүлж чадах хэмжээнд хүргэсэн гэж ойлгож болно. Энэ баавгайнууд маань төрөөд эхний зургаан сарын хугацаанд жүжигчдийн маань гэрт амьдарч байсан гэсэн. Хүнээр бол бор хоолонд орсон үед нь циркийнхээ манежиэд авчраад эмчийн нарийн хяналтад дор хоол, витамин, элдэв өвчнөөс хамгаалах вакцинжуулалтад хамрагдсаныхаа дараагаар циркт амьдарч эхэлсэн гэсэн үг. 

34 настай сургуулилттай хоёр баавгайн тухайд хамтран тоглогч ОХУ-ын гавьяат жүжигчин Ольга Кудряцеватай 20 жилийн турш үзүүлбэрээ толилуулж буй. 34 настай хэр нь яагаад хорин жил хамтран үзүүлбэр хийж байгаа вэ хэмээн гайхаж байж магадгүй юм. Өмнөх 14 жилийн хугацаанд бол энэ жүжигчний маань гэр бүлийн хүн буюу нөхөр нь тухайн хоёр баавгайг сургаж хамт тоглолт хийдэг байсан. Харин түүнтэй гэрлэснээс хойш гэр бүлийн хамтаар хамтран тоглодог болсон юм.

-Сургуулилттай баавгай нар ямар хоол, хүнс хэрэглэдэг бол гэдэг нь анхаарал татаж байна л даа. Уг нь зэрлэг амьтад?

-Манайд ирээд буй энэ гурван баавгайн тухайд өдөрт ойролцоогоор 4-5 кг хоол иддэг. Үүнээс 3 кг орчим нь нарийн ногоо болон хүнсний ногоо. 1-1,5 кг нь лийр, усан үзэм, тарвас зэрэг жимс жимсгэнэ. Харин үлдсэн хэсэг нь тараг, сүү, сыр, өндөг зэрэг сүү, сүүн бүтээгдэхүүн эзэлдэг.

Хүмүүс мах иддэггүй юм уу гэж их сонирхож асуудаг. Махан төрлийн зүйлээс ганцхан улаан загас л иддэг. Дээр дурдсан бүтээгдэхүүнийг шууд дэлгүүрээс аваад өгч болох уу гэвэл үгүй. Илчлэг, тослог гэх зэрэг нарийн хэмжигдэхүүний дагуу эмчийн зөвлөснөөр л хэрэглэдэг. Хоолны жор нь хүртэл тусгай зохицуулалттай байна.
Манай тоглолтын тухайд зөвхөн амралтын өдрүүдээр тоглогдож буй. Тоглолтгүй өдрүүдэд арай илчлэг өндөртэй хоол хүнс хэрэглэдэг бол тоглолтой өдөр жимс ногоог түлхүү байдлаар хөнгөн хооллодог гэж ойлгож болно.

Миний хувьд циркийн тогоонд олон жил болж буй. Энэ амьтдын хоол хүнс ямар байдаг, хэрхэн хэрэглэдэг талаар тодорхой хэмжээнд мэддэг гэж боддог байсан. Гэтэл үгүй байж. /инээв/. Энэ гурван баавгайн нэг долоо хоногт иддэг талхны тухайд л гэхэд цагаан талх 21 ширхэг, хар талх долоон ширхгийг иддэг. Түүнийгээ зүгээр ч иддэггүй юм байна. Хамгийн сонин нь яг бидний хэрэглэдэг шиг масло, элсэн чихэр түрхэж эсвэл жимсний чанамал тавиад иддэг.

Бид баавгайг төсөөлөхдөө амьтны хүрээлэнгийн торны цаана байж байдгаар л мэднэ. Гэтэл циркчин баавгайнуудыг харахад бараг миний ч иддэггүй бүтээгдэхүүнийг хэрэглэж байна шүү дээ.

-Бэлтгэлийн үеэр та “баавгайнууд биднээс сайн жолоодож байна” хэмээсэн шүү дээ. 

-Миний хувьд машин унаж чадна, мотоцикл унах гэж оролдсон боловч чадаагүй. Харин унадаг дугуйг бол бусдын л адил унаад явж чадна. 

Гэтэл унадаг дугуйг баавгай унаж байгаа биз. Сайн харвал хөл нь богино учир хоёр дөрөөнд зэрэг хүрэхгүй. Яг л бид хүүхэд байхдаа ах нарын дугуйг гуйж унах үед хөл хүрэхгүй, нэг дөрөөг хагас жийгээд нөгөө нь дээш гарч ирэх үед дахин жийх байдлаар унаж байна.

Үнэхээр гайхамшигтай сургалт, энэ үзүүлбэрийг монгол улсад тэр тусмаа дэлхийн циркийн манеж дээр тоглуулж байгаадаа бид өөрсдөөрөө ч бахархаж байна. Магадгүй энэ үзүүлбэр дэлхийн хаа нэгтээ, хятадад ч юм уу тоглогддог байсан бол танай үзүүлбэр содон биш гээд алагсах байх. Гэхдээ яг энэ түвшинд сургагдсан баавгайнууд цор ганц.

-Манай тоглолт есөн орны 114 жүжигчид хамтарсан тоглолт хэр нь 20 мянгаас эхэлж байна-

-Дэлхийн цирк манай оронд тоглогдоод тодорхой хугацааг ардаа үлдээсэн. Танай үзүүлбэрийг хүлээдэг хүмүүс хэр олон байх шиг байна?

-Дэлхийн цирк Монголд тоглолтыг хүмүүс маш их хүлээдэг нь анзаарагдсан. Лавлах утас дуугарахад “танайх хэзээ, хаана тоглогдох гэж байна” хэмээн асууцгаана.

Анх тоглолтоо эхлүүлж байхад “хэдэн орны, ямар жүжигчид,ямар үзүүлбэр тоглох юм бэ” гэж асуудаг байсан. Одоо бол энэ асуулт үгүй болжээ. Угаасаа жил бүр шинэ, содон дүр төрхтэйгөөр уулздагийг маань мэдээд лавлахгүй байна гэж ойлгож буй. 

2013 онд манай тасалбар суудлаасаа хамааран 20, 30, 40 мянган төгрөгийн үнэтэй байсан. Одоо ч энэ үнэ хэвээрээ. Энэ удаагийн тоглолт маань хоёр долоо хоног дараалан амралтын өдрүүдээр буюу дөрөвхөн тоглоод манай тоглолт хаах гэж байна.

Одоо эргээд харахад бид анхнаасаа өндөр босгыг өөрсдөдөө тавиад эхэлсэн юм шиг.
Дэлхийн циркийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль авч байгаа уран бүтээлчийг урьж авчрах. Жил бүр ахиулах талаар бодохоос биш өмнө нь сайн байсан юм чинь энэ удаад аргацаагаад өнгөрөөх боломж байхгүй. Бид өөрсдийгөө хуурч болох ч үзэгчдийгээ хуурч, хүлээлтээс нь доогуур байх ёсгүй.

- Олон орноос жүжигчдийг урьж авчрахаас эхлүүлээд зардал их гардаг юм шиг харагдлаа. Гэтэл 10 жил тасалбарын үнээ нэмээгүй, яг энэ хэвээр нь байлгаж байгаа юм байна?

-Дэлхийн шилдгүүд цуглаад буй энэ тоглолт киногоор бол оскар, спортоор бол олимп дэлхийн аваргууд Монголд ирчихсэн тоглолтыг бид ашгаа бодох юм бол билетийнхээ үнийг нэмэх байсан. Гэхдээ бид ашгаа чухалчлаагүй. Харин дэлхийн циркийн тоглолтыг үзсэн үзэгчдийн тоо их байгаасай гэсэн зорилготойгоор тасалбарынхаа үнийг 10 жилийн өмнөхтэй л ижил хэвээр хадгалж буй.

Яг үнэндээ 20 мянган төгрөг гэдэг бол нэг таваг хоол авч хүрэх эсэх нь эргэлзээтэй болчхоод байна шүү дээ. Манай маркетингийн баг түрүү жил сонирхолтой судалгаа хийсэн юм. Энэ нь Улаанбаатар хотод тоглогдож буй бүх үзвэр үйлчилгээний үнэ хэд байдаг вэ гэсэн судалгаа. Манайд мэргэжлийн түвшний 20 гаруй төрлийн тоглолтууд болдог юм байна. Тэр тоглолтуудын тасалбар хамгийн хямд нь 35-45 мянган төгрөгийн үнэтэй. 

Гэтэл манай тоглолт есөн орны 114 жүжигчид хамтарсан тоглолт хэр нь 20 мянгаас эхэлж байна. Төдийгөөс өдий хүртэл үзэгчдэдээ үнэнч байдлаар хандаж ирсэн маань л энэ. Энэ нь бидний бас нэгэн давуу тал. 

Мөн ивээн тэтгэгч байгууллагууд байгаагүй бол 10 жилийн түүхтэй  “Дэлхийн цирк Монголд” төсөл миний мөрөөдөл болоод замхрах байсан биз. Тэр тусмаа биднийг төдийгөөс өдийг хүртэл дэмжин ажиллаж буй “MCS Coca Cola ХХК” байна.  

Хамгийн багаар бодоход нэг удаагийн тоглолтод 70 жүжигчин гадаадаас ирдэг л дээ. Тэр хүмүүсийн виз, онгоцны тасалбар, байрлах зочид буудал, хоол хүнс, цалин гэх мэт зардлыг тооцоод үзвэл хүн хэзээ ч итгэмгүй л тоо гарна. Гэхдээ бидэнд том зорилго бий, зардал ихтэй байлаа гээд тасалбарынхаа үнийг нэмэхгүй, жил ирэх бүр улам л сайжирна. 

-Дараачийн тоглолт хэзээ төлөвлөгдсөн бэ. Ер хэр удаан бэлдэж байж тоглолтоо нээж байна?

-Дараагийн тоглолтын хүлээлт, хэзээ болох товыг хүмүүс их асуудаг. Энэ асуултад хариулахад 2025 оны хавар “Степде арена” ордонд хэзээ ч монголд ирж байгаагүй жүжигчид, амьтад, үзүүлбэрийг бид төлөвлөсөн. Яг ямар үзүүлбэр тоглогдохыг хэлчихмээр байв ч нууц хэвээр үлдээсэн нь дээр болов уу. 

Дэлхийн циркчидийн тоглолтыг нэг сарын өмнө товлоод, бэлдээд үзүүлчихдэг асуудал биш. Хэдэн жилийн урьдаар төлөвлөгдөж хийгддэг. Шуудхан хэлэхэд дараагийн тоглолтыг гэрээ хэлэлцээр хэдийн хийгдчихсэн, зарим жүжигчид онгоцны тасалбараа аваад эхэлчихсэн л байна. 

Одоо тоглолтод оролцож буй баавгайнуудын тухайд л гэхэд гурван жилийн өмнөөс гэрээ хэлэлцээрийн шатаа эхлүүлсэн. Яагаад гэвэл дэлхийд цор ганц энэ номерын дэлхийн бусад орны циркийн тоглолтод урьж тоглуулах сонирхолтой байдаг. Би өөрөө олон улсын циркчидийн холбоонд шүүгч хийдэг учраас зарим тохиолдолд дарааллын урдуур дайрах үе байна. /инээв/

-Олон улсын циркчидийн холбоонд хэдэн жил шүүгчээр ажиллаж байна?

-Би 2016 оноос эхлэн олон улсын циркийн тэмцээнүүдэд шүүгчээр ажиллаж буй. Тоолох юм бол 60 гаруй тэмцээнд шүүлт хийсэн байдаг. Зарим нэг жүжигчдийн нүдэнд нулимс хуруулсан л байх. /инээв/

Энд буй жүжигчид бүгдээрээ л олон улсын циркийн тэмцээнд орж миний шүүлтээр дүгнэгдэж байсан хүмүүс шүү дээ. Би зан чанарын хувьд энгийн үедээ зөөлөн хэдий ч шүүгчийн тавцан дээр бол хатуу талдаа. Шударга л байх хэрэгтэй. Би таньдаг юм чинь гэсэн байдлаар хандаж болохгүй шүү дээ. Циркийн урлаг өөрөө тухайн хүний амьдрал, бүхий л цаг хугацаа, хөдөлмөрөөр бүтээгддэг учир худлаа үнэлээд яах юм бэ. Миний ард бэлтгэлээ хийж буй энэ жүжигчид одоо надаас эмээж байж ч мэднэ. Эсрэгээрээ сайхан байж ч болох юм. 

-10 жилийн туршид тоглолтоо хийх үед гарсан хамгийн адал явдалтай болон дурсамжтай жилийн тоглолтын дурсамжаа хуваалцаж болох уу?

-Адал явдал бараг байхгүй. Ер нь адал явдал гэдэг бол циркийнхний хувьд эрсдэл шүү дээ.  Адал явдал гаргахгүйн үүднээс бид урьдчилан гэрээ хэлэлцээр, төлөвлөгөө, бэлтгэл ажилдаа чамбай ханддаг. Үгүй бол жүжигчид болоод амьтдын амь насанд ч эрсдэл үүсэхийг хэлж мэдэхгүй. 

Хамгийн дурсамжтай жил гэх юм бол энэ 10 жилийн хугацаанд нэг л удаа дэлхий дээр хаалттай байдаг Ардчилсан солонгос улсын циркийн жүжигчдийг Монгол улсад авчирсан. Энэ жүжигчдийг аливаа нэг улсын уралдаан тэмцээн болон, тоглолтод оролцуулна гэдэг бол хэр чансаатай уран бүтээл вэ гэдгийг харуулдаг. Яагаад гэвэл тухайн улсын жүжигчид дэлхийн циркийн тэмцээнүүдэд эхний гурван байрт жагсдаг юм. 

Тэр чанарт бид нийцсэн тул манайд ирж тоглож байсан. Ингэхдээ дэлхийн номер нэг “Монте Карло”-ийн олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс алтан медаль авсан үзүүлбэрийг 2016 онд Монголд авчирч байсан. Энэ бол миний хамгийн дурсамжтай үе байсан. 

-Би урлагийн хүн учир заримдаа хийснэ, онгирно. Ёстой л энэ үзүүлбэрийг л аваад ирье, “будаа” болгоно гэх үед эхнэр л тэр дээрээс хөрсөнд буулгана-

-Яагаад циркийг сонирхох болов?

-Би циркийг сонирхохгүй байхын аргагүй. Миний ээж бол Цэнд-Очирын Сэлэнгэ гэж хүн бий. Монголын циркт агаарын гимнастик, жонгилорийн үзүүлбэр хийдэг байсан. Харин одоо “Монголын циркийн хөгжлийн төв”-д уран нугаралтын багшаар ажиллаж буй. Ер нь би ухаан орсон цагаасаа л циркийн манеж, циркийн үртэс дээр л өссөн гэхэд хилсдэхгүй. Тухайн үед жил бүрийн дөрөвдүгээр сарын 01-ний өдөр инээдмийн баяртай холбоотойгоор циркийн тоглолт болдог байсан.

Бидний сайн мэдэх Монголын циркийн шилдэг алиалагч Батсүх, Цээеэ, Латиф нар өнөөдрийг хүртэл талархаж, шүтэж явдаг.

Яагаад гэвэл тухайн үеийн инээдмийн баярын үеэр энэ хүмүүсийн бага насны дүрийг бүтээх зохиол гардаг юм байна. Тэгээд л циркийн жүжигчдийн хүүхдүүдээс тэдний бага насны дүрд тоглох хүүхдийг хайж, намайг алдарт алиалагч Батсүх ахын бага насны дүрийг бүтээснээр анх циркийн манеж дээр хөл тавьсан. Бас л ховор тохиол шүү. Тэр үед 1984 он, би таван настай байсан юм. Бүр 40 жил өнгөрчихсөн байна шүү дээ. Тэгэхээр би гэнэт ороод ирсэн нөхөр биш байгаа биз. Магадгүй энэ төслийг би л хийх ёстой байсан байх. 

“Ээж нь циркчин учраас хүү нь ингэж яваа” гэж хүмүүс боддог байх. Гэхдээ ээж минь намайг цирктэй амьдралаа холбоно гэхэд тун дургүй байсан. Яагаад гэвэл циркчин хүний амьдралын хүнд хэцүү болоод сайхан зүйлсийг бүгдийг биеэрээ мэдэрсэн хүн болохоор л тэр.

Одоо л дэлхий даяар циркийн тэмцээн, аялан тоглолтууд чөлөөтэй болчихсон. Үсрээд л ОХУ, Унгар руу л жолоо сунгаж байсан цаг саяхан. Миний циркчин болох хүслийг ээж их л эсэргүүцсэн, би ч зорилгоосоо ухраагүй. Ер хүүхдээ дийлдэг эцэг эх ч байдаггүй шүү дээ. Тэгээд л би циркийн жонглёр хийдэг жүжигчин болсон.
Харамсалтай нь хоёрхон жил энэ чиглэлээр ажилласан. Циркийн жүжигчнээр удаан ажиллаагүй нь ээж дургүй байсантай л холбоотой. Намайг циркээс холдуулахын тулд ОХУ-руу хүртэл нүүж байсан. Тухайн үед ээж маань ОХУ-ийн циркийн сургуулийн багшаар очсон. Гэтэл намайг холдуулах биш эсрэгээрээ шинэ, хөгжингүй цирктэй уулзуулсан. Тэнд маш олон найзтай болсон, олон циркийн тоглолтуудыг үзэж эхэлсэн.

Цаашлаад олон улсын циркт яг юу хэрэгтэй байдаг, хөгжим техник, дотоод бүтэц, тоглолт хийх зардал, зохион байгуулалт гэх мэт бүхий л зүйлсийг тэндээс анх харсан. Одоо санахад 1996 он юм уу даа.

Хэдийгээр тэр үед ээж хориглож байсан ч одоо бодоход миний сонголт тэр үеийн зөрүүдлэл зөв байж дээ л гэж одоо бодогддог. Одоо бол ээж минь миний хамгийн сайн зөвлөгч, туслагч.

-“Сайн яваа хүний ард сайн хань байдаг” гэх үг бий.

-Өнөөдөр би манежны өмнө сэтгүүлчийн өөдөөс хараад л эрэлхэг баатар шиг яриа өгөөд сууж байгаа боловч миний ард энэ ажлыг урагш гаргаж буй маш том баг бий. Энэ багийг миний гэргийн ахлаад, том охин бүх менежментийг хариуцаад явж буй.

Би өөрийгөө маш аз жаргалтай амьдардаг хүн гэж тодорхойлмоор байна. Эхнэр гурван хүүхэд, нэг нохойтойгоо хамт амьдардаг. Тэд бүгдээрээ эмэгтэй. /инээв/ 

Хүмүүс ярьдаг шүү дээ “охинтой хүн жаргадаг” гэж. Би тэр жаргалыг мэдэрч яваа хүн. Хүүхдүүд минь эрдэм мэдлэгтэй, эрүүл саруул өсөж байна. Мөн аливаа бизнес, шинэ ажил эхлүүлэхэд хамгийн  ихээр гэр бүлийн тусламж, дэмжлэг хэрэгтэй байдаг. Хэрэв санаачилсан ажлыг нь гэр бүл нь ойлгохгүй, дэмжихгүй орхивол мохно шүү дээ. Гэтэл манай нохой хүртэл намайг дагаад явж л байна.

Манай хүүхдүүд циркийн амьдралыг маш сайн ойлгодог, тусалж дэмжиж байдаг. Хэдийгээр би энэ төслийн продюсер, ямар номер авчрах талаарх эцсийн шийдвэрийг гаргадаг ч гэлээ тэдгээрийг сонгох үеийн хамгийн анхны үзэгчид бол миний гэр бүлийнхэн. Ирэх боломжит номеруудыг эхнээс нь жагсаагаад зурагтаараа үзнэ шүү дээ. 

Тэнэг хүн эхнэрээ магтдаг гэдэг. Гэхдээ энэ үг надад тохиромжгүй. Яагаад гэвэл би чинь урлагийн хүн шүү дээ. Заримдаа хийснэ, онгирно. Ёстой л энэ үзүүлбэрийг л аваад ирье, “будаа” болгоно л гэнэ. Тэр үед эхнэр “хөөе нааш ир ээ” гээд хөрсөн дээр маань буулгана. Энэ их чухал л даа. /инээв/. 

-Та эхээс хэдүүлээ вэ. Танаас өөр цирктэй амьдралаа холбосон хүн бий юу?

-Би эхээс хоёулаа. Нэг эгчтэй. Надаас өөр циркээр явсан хүн байхгүй. Гэхдээ эгчийн охин эмээгээ дагаж уран нугаралтаар хичээллэсэн. Одоо “Монгол циркийн хөгжлийн төв”-ийн уран нугаралтын багшаар эмээтэйгээ хамт ажиллаж байна.

“Дэлхийн цирк Монголд” төслөөс гадна манай циркт 60 гаруй циркчид бий. Тэднийг олон улсын аялан тоглолт тэмцээнүүдэд оролцоод явдаг. Тэр бүрд би яваад байж чадахгүй. Энэ үед дүү л тэр бүгдэд оролцоод, багаа удирдаад аваад явдаг юм.

-Охид нь циркийг хэр сонирхож байна. Цаашид “Дэлхийн цирк Монголд” төсөл хэр урт замыг туулах бол?

-Циркийн жүжигчин болно гэж одоогоор надад хэлсэн хүн байхгүй л байна. Хэрэв тэр талаар яривал би магадгүй үгүй л гэж хэлэх байсан байх. Гэхдээ манай бага охин урлагт дуртай, мэдрэмжтэй. Сургуульдаа ч давгүй сурдаг. Тийм учраас энэ төслийнхөө гадаад харилцааг хариуцуулах бодол тээж л яваа. 

Гадаадын циркүүд багадаа 30, 40 жилийн түүхтэй байдаг. Зарим нь бүр 100 жил. Манай төсөл 100 жил биш юм аа гэхэд 50 хүртэл яваасай л гэж боддог. Миний хувьд нас явж байна, гэхдээ одоо 10 жил болчихлоо магадгүй 30 жил хүрчихлээ гээд бас л ингээд яриад сууна байх. 

“Дэлхийн цирк Монголд” гэхийг өвлүүлээд өгөх юмгүй ч энэ төслөө цаашид үргэлжлээсэй гэж хүсдэгээ нуух юун. 

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 20, 2024 22:12

Orosiig demjij baigaa helber

Холбоотой мэдээ

Back to top button