Top StoriesНийгэм ярилцлага

Б.Амаржаргал: Зогсолтгүй үргэлжлэх тойргийн нэгээхэн хэсэг бол автобусны жолооч

Улаанбаатар хотын нэг захаас нөгөө зах хүртэл иргэдэд үйлчилдэг үйлчилгээ бол нийтийн тээвэр. Хэзээ ирж, явдгийг нь мэдэхгүй юм. Автобусны буудал ороход иргэдийг тээвэрлэсээр байдаг зогсолтгүй үргэлжлэх циклийн нэгээхэн хэсгийг өнөөдөр онцлох болно.

Eguur News агентлаг энэ удаад “Эрдэм транс” компанийн автобусны жолооч Б.Амаржаргалтай ярилцлаа. Түүний хувьд өнгөрсөн есдүгээр сард болсон нийтийн тээврийн жолооч нарын ур чадварын тэмцээнд багаараа маш амжилттай оролцсон. Мөн компанийнхаа автобусыг монгол бичгийн үсэг болон, урмын үгээр чимэж тухайн үедээ олны сайшаалыг хүртээд байсан нэгэн юм.

Нийтийн тээвэр гэхээр  бидэнд автобус үйлчилгээ л санаанд ордог. Харин нийтийн тээврийн жолоочийн ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол. Сонирхолтой бөгөөд амьдралын төлөө гэсэн сэтгэлээр шантралгүй зүтгэж яваа “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Гуравдугаар баазын жолооч Б.Амаржаргалын ярилцлагыг та уншигч та бүхэнд хүргэж байна.

-Жил болон нийтийн тээврийн жолооч нарын дунд уран жолоодлогын тэмцээн болдог. Гэхдээ энэ удаад эмэгтэй баг орсноороо онцлог боллоо. Орох орохдоо бүр маш амжилттай дээгүүр байр эзэлсэн байсан шүү дээ. Тэмцээний сонин сайхнаас ярилцлагаа эхэлье?

- Уг тэмцээн нь жолооч нарын ур чадварыг нэмэгдүүлэх, ямар нэгэн саад бэрхшээл тохиолдсон үед шуурхай арга хэмжээ авах, аюулгүй байдлыг хангах дадал суух, бусдаасаа суралцах, туршлага судлах гэх мэт олон талын ач холбогдолтой. Уралдаанд оролцсон жолооч нарын ажлын өдрийн бичлэгийг хянаж / бэлэн мөнгө авсан эсэх, зогсоолгүй газар зогссон эсэх, тамхи татсан эсэх/ ёс зүйн алдаа гаргаагүй байхыг гол шалгуураа болгосон юм. Жолоочид ур чадвараас гадна зөв хандлага харилцаа, иргэдтэй хүнлэг, зөв боловсон харилцаж, ёс зүйг эрхэмлэдэг байх нь чухал. Тэр ч утгаараа бүх талын чадвар, мэдрэмжийг нэгэн зэрэг сорьсон тэмцээн болж өнгөрсөн.

Хамгийн анх уг тэмцээнд эмэгтэй баг оролцуулах хүсэлтийг манай компани санал болгоод нааштай хариулт хүлээж авсан. Энэ жилийн уран жолоодлогын тэмцээнд анх удаа эмэгтэй баг оролцож тэмцээний нэгэн чимэг болсондоо их баяртай байгаа. Хүмүүс ч хүртэл нийгмийн сүлжээнээс бичлэг үзээд их ам сайтай байсан. Тэмцээнд бол нийтдээ 16 баг оролцож манайх зургаадугаар байрт орсон. Эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй нийтэн дундаа болсон болохоор яалтачгүй эхний гурван байрт орж чадаагүй. Миний хувьд ирэх жилийн тэмцээнд тэр асуудлыг шийдээд өгчих юм бол манайх хангалттай нэгдүгээр байрт орох байсан.

-Анх даа оролцоод эрэгтэй багтай эн тэнцүү өрсөлдөж байна гэхээр сайн бэлджээ дээ?

-Ер нь шугаманд явдаг жолооч нарын тухайд тэмцээнд бэлдэх цаг тийм ч их байгаагүй. Манайхан чинь тэмцээн болохоос өмнө 2-3 удаа цуглаад л хоёр цаг бэлдсэн. Түүнээс цагт баригдахгүй сайн бэлдсэн бол илүү ч амжилт гаргах байсан юм билээ. Жолоочид нийтдээ зургаан төрөлд өрсөлдөөд нийлбэр дүнгээ гаргаад байр эзлүүлсэн. Хамгийн хэцүү нь могой явалтын төрөл байсан. Амархан төрөл гэж байгаагүй дээ. Үнэхээр л уран жолоодлого гэж ямар зүйл байдаг вэ гэдгийг харуулдаг ур чадвар шаардсан тэмцээн болж өнгөрсөн. Дараа жилийн тэмцээнийг тэсэн ядан хүлээж байна.

-Ингэхэд яагаад жолооч болсон бэ. Тэр дундаа нийтийн тээврийн салбар маш олон хүнтэй харьцана, цаашлаад амь насыг нь дааж явдаг хүндхэн мэргэжлийн нэг шүү дээ?

-Хамгийн түрүүнд энэ бол надад маш ойрхон мэргэжил. Би чинь өмнө нь автобус компанид кондуктороор ажиллаж байсан. Тэр ч утгаараа жолоочийн ажил тийм ч хол санагдаагүй.

-Бага насандаа ихэнх хүүхдүүд “Би эмч болно. Багш болно” гэдэг байлаа шүү дээ. Таны хувьд багадаа ямар мэргэжилтэй болно гэж боддог байв?

-Би анхнаасаа л жолооч болно гэж боддог байсан. Учир нь манай аав машин их сайн барьдаг хүн байсан л даа. Аавынхаа хажууд суугаад явахад их сонирхолтой, сайхан мэдрэмж төрдөг байлаа. Тэгээд л багаасаа машин бариад эхэлсэн.

-Багаасаа гэхээр хэдтэй байсан бэ?

-Анх найман настай байхдаа хөдөөнөөс том тэрэгтэй ирдэг Отгоо ахынхаа машины үрүүлийг жолоодоод ах хааз, тормос дээр гишгээд хачин жаргалтай явдаг байлаа шүү дээ.

-Хүмүүс эмэгтэй хүн автобус жолоодохоор алдаа мадаг их гаргадаг гэж боддог. Надад бол харин ч эсрэгээрээ нямбай санагддаг-

-Тэгээд бодит байдал дээр жолооч болсон чинь ямар сэтгэгдэл төрж байв. Санасанд нь хүрсэн үү?

-Жолооч болоод эхний гурван сар хамгийн шантармаар үе байдаг юм билээ. Хамгийн наад зах нь нар мандахаас өмнө босоод л ажилдаа явна, ихэнхдээ түгжрээнд удаан байх, үйлчлүүлэгчийн харилцаа зэргийг хүлээж авахад сэтгэлзүй маш хэцүү санагдаж байсан. Ингээд хэцүү болгоны урдаас зүтгэсээр байгаад ажилдаа дасаад ирэхээр тэр бүх хэцүү зүйл арай дээрдэж эхэлдэг юм билээ. Тухайн үед санаснаас хэцүү байсан ч хүссэн зүйлээ хийж байсан болохоор жаргалтай зовлон шиг л санагдаж байна.

-Ажилдаа орсон анхны өдрөө санаж байна уу. Ямар чиглэлд явж байв?

-Мэдээж саналгүй яах вэ. Анх Ч:54 буюу Яармаг-Баянхошуу чиглэлд явж байсан юм. Шинэхэн жолоочийн хувьд эхлээд хамгийн их түгжрэлтэй хэсэг дээр автомашинтай шүргэлцчих вий, огцом тоормослоод зорчигчдоо гэмтээчих вий гэсэн айдас бол байсан. Гэхдээ өмнө нь шугаманд явахаасаа өмнө дагалдан хийсэн болохоор гарт амархан орчихсон доо.

-Гэхдээ л эмэгтэй хүний хувьд автобус жолоодно гэдэг тийм ч амар биш..?

-Нэгэнт л миний сонгосон мэргэжил учраас хэцүү санагддаггүй. Хүмүүс эмэгтэй хүн автобус жолоодохоор алдаа мадаг их гаргадаг, эрсдэлтэй гэж боддог юм шиг байна лээ. Надад бол харин ч эсрэгээрээ хариуцлагатай нямбай санагддаг. Зарим үед эрчүүдийг бодвол илүү энэрэнгүй байдал нь миний ажилд их нөлөөлдөг. Өвөл замын хажууд даарсан, хүүхдээ тэвэрсэн хүн харвал зогсоод авчихдаг. Тэгэхээр энэ мэргэжилд эмэгтэйчүүд ажиллавал илүү зохиж байгаа биз. Өвлийн улирал халтиргаа, гулгаа ихтэй үед жаахан бэрх ажил. Өөрөө дуртай учраас тэгж их төвөгшөөгөөд байдаггүй ээ. Зорчигчдод эмэгтэй хүн автобус жолоодож байгааг харах их содон байдаг юм билээ.

-Та хотоос зайдуу газарт шөнө, оройн цагаар автобустай явахдаа айдаг уу?

-Анхандаа айдаг байсан. Яг үнэнийг хэлэхэд эвгүй шүү дээ. Ялангуяа өвөл. Сүүлдээ дасчихдаг юм байна. Заримдаа оройн ээлжид гарч байгаа эмэгтэй жолоочид хоорондоо утсаар холбогдож ярилцдаг. Тэр их хань болдог шүү. Оройн цагаар согтуу хүмүүс эмэгтэй жолооч байхаар дээрэлхэх гээд байдаг. Жаахан муухай ч манай монголчууд чинь дээрэлхүү улс шүү дээ. Одоо юм хөгжөөд бүх нь камертай болсон болохоор айх нь багасжээ. 

-Олон хүний аюулгүй байдлыг хангаж ажиллана гэдэг нөр их хариуцлага хүлээж байгаа хэрэг шүү дээ?

-Миний хувьд жинхэнэ жолооч гэж байдаггүй харин хариуцлагатай жолооч байдаг гэж боддог. Залуучуудыг хараад байхад жолооч гэдгээрээ бахархсан санагддаг. Гэтэл үүний цаана хариуцлага, хүний амь байгаа гэдгийг мэддэггүй. Хэрэглээ мэт ойлгоод осол гаргаж, хохироож байгаад харамсдаг. Дээр үед жолооч гэдэг чинь мэргэжил байсан. Хэн дуртай нь хийдэг ажил биш байлаа. Харин одоо өөр болжээ. Жолооны ард суух юм бол өөрийн болон бусдын аюулгүй байдлыг эрхэмлээрэй гэх хэлмээр байдаг. 

-Таны ажлын өдөр үүрийн 4:00 цагаас эхэлдэг гэж байсан. Орой хэд гэж гэртээ харих вэ?

 -Ээлжтэй үедээ өглөө 04:00 цагаас босоод л, бааз дээрээ ирээд автобусны аюулгүй байдлаа хянуулаад, түлшээ хийлгээд л нар мандахтай уралдан эхний зогсоол руу хөдөлнө дөө. Тэгээд 22:00 цаг өнгөртөл зорчигчдод үйлчлээд автобусаа бааз дээр аваачиж, өглөөний бэлтгэл ажлуудаа цэгцэлнэ. Шөнийн 1:00 цаг өнгөрөөд л гэртээ харина. Бие нь тэнхрээд ирэхээр би зөрөөд эмнэлэгт хэвтэх төлөвлөгөөтэй байгаа. Өмнө нь тооцоолох боломжгүй нөхцөл байдал үүсэх үе бий. Гэхдээ тун цөөн.  Хэсгийн ахлагч маань үргэлж холбоотой байдаг болохоор харьцангуй гайгүй.

-Арван жилийн хүүхдүүд, эмээ нар "Баярлалаа" гээд иштэй чихэр өгдөг-

-Жолоочоор ажилласан таван жилийн хугацаанд хувь хүнд ямар эерэг болон сөрөг талууд бий болсон гэж бодож байна?

 -Нийтийн тээвэрт ажиллаж эхлээд нэг жилийн хугацаанд зорчигч ямар нэгэн асуудлаар хэрүүл өдөх бүрд нь мөчөөгөө өгөхгүй хэрэлдээд л стресстэйд явдаг байсан. Харин одоо бол ихэнх хүмүүсийн зан байдлыг гаднаас хараад л мэддэг болсон. Ямарваа нэгэн хэрүүл , өдөх загнах гэж үздэг тохиолдолд нь “Заа та уур бухимдлаа болиод, цаашаа явна уу” гээд л орхичихдог болсон. Ёстой залуучуудын хэлдэг шиг “юу ч наалдахаа больсон” гэдэг билүү.

Жолооч нараа өмөөрч байгаа ч юм биш л дээ. Гэхдээ л бид зүгээр зорчиж байгаа хүмүүстэй шууд хэрэлдэж, загнана гэж байхгүй. Тухайн зорчигч картаа дарахгүй байх үед эсвэл согтуу хүмүүс бусад зорчигчийн амгалан тайван байдлыг алдагдуулаад байвал л шаардлага тавьж эхэлнэ шүү дээ.

Ингээд бодохоор би мэргэжлээсээ эерэг болон сөрөг талуудыг яг л эн тэнцүү авсан юм байна. Заримдаа зовлонтой, заримдаа жаргалтай амьдралын олон өнгө шиг л сүлэлдэж явсаар өдийг хүрсэн байна даа.

-Нийтийн тээвэр хэл амтай салбар л даа. Гэхдээ тааламжгүй гэхээс илүү дурсамжтай, сайхан зүйлээс  хуваалцахгүй юу?

-Иргэдэд муулуулж, чичлүүлдэг үе байдаг ч энэ ажил минь их сайхан. Зорчигчдыг хүссэн газарт нь түргэн шуурхай хүргэж өгөхийг зорилгоо болгож байна.  Ганц би биш, бүгдээрээ. Дурсамжтай гэвэл яриад дуусахгүй дээ. Нэг орой зам их түгжрэлтэй Яармагийн чиглэлийн шугаманд явж байлаа. Яагаад ч юм тэр өдөр ямар ч бартаа саадгүй маш хурдан замаа сүлжээд буудлуудаа өнгөрч байсан. Гэтэл Яармагийн нэгдүгээр буудал дээр нэг эмээ буухдаа "Эмээ нь энэ түгжрэлээс болоод их стресстэй автобусанд суусан юм. Гэтэл чи үнэхээр чадварлаг, түргэн шуурхай буух буудал дээр минь хүрээд ирлээ. Их баярлалаа. Ажлын амжилт хүсье" гээд хоёр нүүрний маск, вакус, чихэр өгөөд бууж билээ. Тэр үед үнэхээр сайхан тааламжтай үе минь байсан юм байна. Энэ мэт сайхан дурсамж олон. Бага насны хүүхдүүд ганцаараа төөрч, түүнийг аав ээжид нь хүлээлгэж өгөх гээд л…

-Та 2022 онд автобусаа монгол бичгээр чимэглэж байсан шүү дээ. Тухайн үед иргэд, зорчигчид их сайхнаар хүлээж авч байсан?

-Би автобусаа гоёх дуртай. Гэхдээ элдэв төрлийн зүйл наахаас илүүтэй хүнд  хэрэгтэй ажил хийхийг хүссэн, миний монгол бичигт дуртай ч нөлөөлсөн. Тэгээд “Оюут урлан”-тай холбогдож санал тавьсан. Ингээд зүгээр үг бичих гэхээсээ илүү түгжрэлд үсгээ сураасай гэсэн утгаар уг бичихээр болсон. Одоохондоо бүрэн дуусаагүй байна. Автобусны гадна талд бичих хэдэн зүйл үлдсэн.

-Тухайн үед иргэд их сайшаалтай хүлээж авсан шүү дээ?

-Тийм шүү тухайн үед зорчигч иргэд маш сайхан урмын үгс хэлж байсан. Одоо ч гэсэн заримдаа түгжрээд зогсож байхад монгол бичгээр бичсэн үгсийн утга санааг нь асуух ч юм уу эсвэл найзууд өөр өөр утгаар маргалдаад надаас ч асуудаг ч юм уу их онцолж хардаг нь мэдрэгддэг. Их хэрэгтэй зүйлийг хийжээ гэж бодох үе их бий.

-Би зургаан сайхан үртэй. Хамгийн бага хүүхдээ 3 сар хүргээд л эмээд нь өгөөд ажилдаа орсон-

-Нийтийн тээврийн жолоочид унтаж амардаг юм болов уу гэмээр их олон цагаар ажилладаг шүү дээ. Энэ ажлын ард гэр бүл хамгийн сайн ар тал болж өгдөг байх?

-Би зургаан сайхан хүүхэдтэй. Тэдний минь хамгийн том нь 19 настай, хамгийн бага нь хоёрдугаар ангид сурдаг. Ажилтай үедээ хүүхдүүдээ сэрээгүй байхад нь гараад, шөнө унтаж байхад нь л гэртээ ордог. Энэ бүх хугацаанд ээж минь хамгийн том ар тал минь байсан. Бас охидууд минь дүү нараа хүний дайтай хүмүүжүүлж өсгөсөн.

Хүүхдүүд минь намайг амрах үед хамгийн жаргалтай болчихдог. Энэ төрхийг нь харахаар хааяа хүүхдүүдээ өрөвдмөөр, өөрийгөө зэмлэмээр санагддаг нь хэцүү байдаг. Гэхдээ л амьдрахын тулд, үр хүүхдүүдээ юугаар ч дутаахгүй өсгөхийн тулд би гэдэг хүн амрах ч эрхгүй ажиллах ёстой шүү дээ.

Хамгийн бага хүүхдээ гуравхан сартай байхад ээждээ үлдээгээд ажилдаа орж байлаа. Энэ мэт зүйлээ бодохоор хүүхдүүдээ багаас нь л эхийн хайраар дутуу өсгөсөн дөө гэж бодогддог. Уг нь бол хүүхдүүд өглөө босохоор ээж нь хувцсыг нь бэлдэж өмсгөөд, хоол ундыг нь бэлдээд идүүлэх явах хамгийн сайхан шүү дээ. Гэтэл би тийм байж чадаагүй.

-Хүүхдүүд нь ээжийгээ санасан сэтгэлээ яаж илэрхийлж байна?

-Ихэнхдээ л өглөө эрт гараад шөнө орж ирдэг болохоор унтаж байхад нь үнсээд л гардаг. Амарч байх үедээ хүүхдүүдтэйгээ гадуур гарах үед ч юм уу ээждээ эрхлэх их дуртай. Ээлж ээлжээрээ ирээд л үнсүүлээд байдаг. Гэртээ очихоор бүгд хүрч ирээд тэвэрнэ. Заримдаа болдог бол гэртээ хүүхдүүдээ хараад л сууж байх юм сан гэж их боддог. Даанч ажил хийхээс өөр арга байхгүй шүү дээ.

-Ихэнх цагаа ажилдаа зориулдаг хүний хувьд цалин, урамшуулал амьдралд хүрэлцхээр авч чадаж байгаа юу?

-Цалин өнгөрсөн жилээс нэмэгдсэн нь мэдээж сайхан зүйл байсан. Гэхдээ л шимтгэл энэ тэр гээд олон ам бүлтэй манай гэр бүлд тэр бүр хүрэлцдэггүй. Тийм ч учраас давхар ажил хийж байгаа.

-Давхар ажил аа. Амждаг хэрэг үү?

-Би "Тахил Транс" гээд Завхан, Баянтэс рүү шугамын автобусанд явдаг. Долоо хоногтоо 1, сардаа 3-4 удаа явдаг. Ингэж давхар ажил хийж байж л амьдралд хүрэлцээтэй болж байна даа.

-Ингэж ажилладаг гэхээр та ер нь амардаг юм уу. Байнгын суугаа ажил байна шүү дээ. Биеийн байдалд ч сөргөөр нөлөөлдөг юм байна?

-Хааяа ч үнэхээр ядардаг. Гэхдээ хүүхдүүдээ хараад л ядаргаа тайлагдчихдаг. Юуны төлөө амьдарч байгааг минь мэдрүүлдэг учраас надад ядрах ч эрх байхгүй гэж боддог.

Өнгөрсөн жил бүтэн биеэ үзүүлсэн. Нуруу жоохон суудал үүсэх гээд байна л гэж байсан. Бусдаараа харин сайн шүү. Өөрөө их хөнгөн шингэн, хөдөлгөөнтэй болохоор тэр байх. Бас хийж болох дасгалуудыг хийчихдэг болохоор дорхноо л биеийн чилээ гарна. Цайны цагаараа ч гэсэн аль болох амраагаад, чилээгээ гаргаад л явдаг.

-Цайны цаг их бага санагддаг. Хэдийгээр нь амжуулаад байдаг юм бэ?

-Цайны цаг хомс хомс. Ердөө 20 минутын хугацаанд амарч, иднэ гэсэн үг. Шугаманд явж байгаад өдөрхөн эцэс дээрээ автобусаа халтихан тавиад л 20 минутаа ашиглах гэж яарч сандраад бөөн л юм болно. Хоолоо захиалж, хүлээх гэсээн байтал 10 минут нь явчихдаг. Тэгэхээр хоолоо 5 минутад гялс идээд л буцаад шугамандаа яваад эхэлнэ. Гэхдээ бас үдээс хойш 5 цаг өнгөрөөд бас 20 минутын амралт өгдөг болсон. Ингэхээр өдөрт нийтдээ 40 минут л амардаг юм байна.

-Дээрээс нь жолоочид бие засах асуудлаа яаж зохицуулдаг бол оо гэдэг их асуудал байх?

-Тэр бас л үнэхээр хэцүү асуудал. Ялангуяа эмэгтэй бидэнд нойлын ариун цэврийн асуудал их байдаг гэдгийг хэн бүхэн л мэдэх байх. Зарим шугамууд нь хоёр эцэс дээрээ нойлгүй, зарим нь нойлтой гээд их олон асуудал гарна шүү. Гэхдээ монгол хүн байна даа гээд л аргалаад явдаг. Том сүлжээ дэлгүүр CU, GS25 хоёрыг л барааддаг даа. "Автобусны жолооч байгаа юм аа" гэхээр хөөрхөн оруулаад байдаг.

-Бас нэг асуудал нь зорчигчид автобусны жолоочдыг "Утсаар чанга ярьдаг, хэрүүл хийдэг, хараал хэлдэг" зэргээр шүүмжилдэг. Энэ хэр үнэнд нийцэх вэ?

-Хамгийн эхэнд бол бид гараараа утсаар ярьдаггүй шүү дээ. Хүн л юм хойно утсаараа амжуулах ажил эсвэл бусад шугаманд явж байгаа жолооч нартайгаа хаана түгжирч байгаа талаар ярьдаг ч юм уу. Үүнийг бол хэвийн л зүйл гэж бодож байна. Түүнээс биш элдэв янзын хов эсвэл чанга чанга инээгээд явна гэдэг жолоочийн хувьд бүдүүлэг үйлдэл шүү дээ. Гэхдээ л бас хувь хүнээс л шалтгаалах зүйл л дээ. Их олон жолооч нар бий. Бүгдээрээ өөр өөрийн гэсэн хэв маягтай ажилладаг байх. Энэ асуудлыг үгүйсгэхгүй.

-Шөнөөр ажилдаа ирээд л бүтэн өдөржин шугаманд явна гэдэг жолоочийн хувьд бие сэтгэлээ туйлдах үе бишгүй л олон байсан байх. Та бүхнийг энэ асуудал дээр компаниас хэрхэн анхаарч өгдөг вэ?

-Хүн ажилдаа дуртай байх юм бол ядарч, стрессдэх нь бага байдаг. Тийм болохоор өөрөө л тэр бүх зүйлийг зохицуулах шаардлага үүсдэг. Компаниас яг хувь хүн рүү чиглэсэн сэтгэлзүйн зөвлөгөө өгөх гэсэн зүйл байдаггүй. Харин улиралдаа нэг ажилчдадаа харилцааны тухай, биеэ авч явах байдал зэрэгт сургалт ордог. Хааяа хэсэг хэсгээрээ зааланд тоглох гээд уг нь их дажгүй.

-Та нийтийн тээврийн салбарт 10 гаруй жил ажиллаж байна. Тэгэхээр энэ салбарын бүхий л асуудалтай нүүр тулж ирсэн гэхэд буруудахгүй байх. Юу гэх гээд байнаа вэ гэхээр салбарынхаа ирээдүйг хэрхэн яаж хардаг вэ, бас ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Мэдээж хамгийн түрүүнд өргөжин тэлээсэй гэж хүсдэг. Дээрээс нь цаашдаа нэгдүгээр эгнээг зөвхөн автобус явдаг зам болгоод өгөх юм бол түгжрэхгүй, бухимдахгүй байх юм болов уу гэж хардаг. Түүнээс одоо яахав нэгдүгээр эгнээгээр автомашиныг явуулахгүй гэж байгаа ч гэсэн хөдөлгөөнд оролцоход хамгийн ярвигтай асуудал нь нэгдүгээр эгнээ рүү автомашинууд чихэж орж ирээд байгаа асуудал байдаг шүү дээ. Тэр асуудал их эмх цэгцтэй болоосой гэж хүсдэг.

-Тэгвэл зорчигчдоо ямар байгаасай гэж хүсэж байна?

-Зорчигчид картаа дараад л хэнд ч төвөг болохгүй суух нь суугаад зогсох нь зогсоод соёлтой явдаг болоосой гэж боддог. Асар олон асуудал амьдралд байхад энэ хэсэгхэн хугацаанд уурлах хэрэг байдаг ч юм уу даа гэсэн бодол байнга орж ирдэг. Зорчигч зөвхөн жолоочтой бус өөр нэг зорчигчтой хэрэлдэж маргалдах тохиолдол маш их. Тэгэхээр ажил, амьдралын стрессээ хүнд гаргахгүй соёлтой үйлчлүүлж байгаасай л гэж хүсмээр байна даа.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Смит
Смит
10 сар 23, 2024 08:13

Та�##�агдав. Аян зам нь өлзийтэй байгээ.

Иргэн
Иргэн
10 сар 23, 2024 10:40

Сайхан жолооч эмэгтэй, олон хүүхдийн ээж хүн байна. Ажил мэргэжилдээ дуртай байна гэдэг хамгийн чух�##� зүйл. Б.Амаржарг�##�д ажлын өндөр амжилт, амьдр�##�ын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Багш
Багш
10 сар 23, 2024 16:36

Хөөрхөн бүсгүй байна . Дэлгэрч яваарай

Зочин
Зочин
10 сар 24, 2024 16:46

Амьдр�##�ын төлөө, хүүхдүүдийнхээ төлөө биеэ үл хайрлан зүтгэж байгаа АГУУ ЭЭЖ танд цаашдын ажилд тань амжилт хүсэж 6 хөөрхөн үрсэд нь эрүүл саруул сайхан өсөхийн ерөөл өргөе. Биеэ бодоорой охин минь

Холбоотой мэдээ

Back to top button