Хуулийн мэдлэгт #12: Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх болон түрээсийн гэрээний ялгаа
Хуулийн мэдлэгт цувралын 12 дахь дугаарт өвийн талаар товч мэдээллийг танилцуулахаар бэлтгэлээ.
Хуулийн мэдлэгт цувралын 12 дахь дугаарт үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх болон түрээсийн гэрээний ялгааны талаар ойлголт өгөхөөр бэлтгэлээ. Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.[1]
Эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн аль аль нь байж болно. Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээгээр орон сууц, сууцны зориулалттай байшин, лагерийн байшин, гэр гэх мэт хүн амьдрах зориулалтаар ашиглагдах үл хөдлөх хөрөнгүүдийг хөлсөлдөг. Өөрөөр хэлбэл хөлслөгч нь тухайн хөлсөлж буй үл хөдлөх хөрөнгийг зөвхөн ахуйн зориулалтаар амьдрах, аж төрөх байдлаар ашиглана. Харин түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө түрээсэлдэг.[2]
Тухайлбал түрээсийн гэрээгээр түрээслэгч нь эд хөрөнгийг ашиглаад зогсохгүй үр шимийг нь хүртэх эрхтэй байдаг бол эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслөгч нь эд хөрөнгийг зөвхөн ашиглах эрхтэй. Энэ нь түрээсийн гэрээ болон эд хөрөнгө хөлслөх гэрээний гол яалгаа болдог. Нөгөөтээгүүр үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ тэр дундаа орон сууц хөлслөх гэрээний харилцаанд өмчлөгч нь орон сууцаа хөлслөгчид мэдэгдэлгүйгээр бусдад худалдсан тохиолдолд шинэ өмчлөгчид хөлслүүлэгчийн бүх эрх, үүрэг шилжиж, орон сууц хөлслөх гэрээ хүчин төгөлдөр хэвээр үргэлжилнэ.[3]
Өөрөөр хэлбэл хөлсөлж буй орон сууцны өмчлөгч солигдсон нь гэрээний харилцаа дуусгавар болох үндэслэл болохгүй. Мөн уг гэрээний дагуу хөлслөгч нь нэг орон сууцыг сүүлийн 3 жил тасралтгүй эзэмшиж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байсан бол хөлслөгчийн тавьсан нөхцөлөөр уг орон сууцыг тэргүүн ээлжид худалдан авах болон, орон сууц хөлслөх шинэ гэрээг тэргүүн ээлжид байгуулах давуу эрхтэй байхаар тус тус хуульчилсан.[4]
Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх болон түрээслэх гэрээ нь нийгэмд харьцангуй түгээмэл хэрэглэгддэг ч ач холбогдол бүхий эрх зүйн зарим зохицуулалтыг нь иргэд анзаараагүй, эсхүл мэдэхгүйгээсээ гэрээ байгуулсны дараа маргаан гарахад аль аль талын ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл бүрддэг. Түүний нэг нь үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээний бүртгэлтэй холбоотойгоор үүсэх эрх зүйн үр дагаврын асуудал. Хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулахад үл хөдлөх эд хөрөнгийн онцлог нь тухайн эд хөрөнгийн эрхийн шилжилт, эзэмшлээс үл хамааран улсын бүртгэлийн тогтолцоонд тулгуурладаг явдал юм.[5]
Тиймдээ ч түрээсийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр тухайн гэрээ хүчин төгөлдөр байх хуульд заасан хэлбэрийн шаардлагатай болохыг анхаарах нь зүйтэй.[6]
Эх сурвалж:
- [1] Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1
- [2] Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1
- [3] Иргэний хуулийн 297 дугаар зүйлийн 297.1
- [4] Иргэний хуулийн 303 дугаар зүйлийн 303.1
- [5] Нээлттэй нийгэм форум, 2021. “Шүүхийн шийдвэрийн судалгаа”, цуврал 1.
- [6] Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3
Мэдээллийг бэлтгэсэн:
Өмгөөллийн “Авалон Лекс” ХХК
Хууль зүйн зөв шийдлийг танд хүргэнэ.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хуулийн т�##�ын мэдлэг иргэд бидэнд хүргэж байгаад баярл�##�аа