Хүйтний ам наашилж өвөл хаяанд ирлээ. Монголчууд бид өвөлдөө бэлэн үү? Нөгөө л түгжрэл, утаа, угаар, эрчим хүчний хязгаарлалт, ханиад томуу, халтиргаа гулгаа бидний толгойн өвчин хэвээр байгаа ч зун, намрын налгар өдрүүдэд дээрх асуудлуудтайгаа нүүр тулахгүй юм шиг зугаалж, наадамладаг. Ялангуяа энэ зун монголчуудын хувьд наадмаас наадам, сонгуулиас сонгуулийн хооронд зугаалж, амарсаар дуусгасан. Зунжин зуун жил, найр наадмаасаа шууд л хүүхдийн сургууль цэцэрлэг эхлэхтэй зэрэгцэж сая нэг ухаан орж зам хуйгаа засаж, эрчим хүч дутмаг, түгжрэлтэй, утаатай гэдгээ санаж эхлэв.
Нийслэлчүүд нийтээрээ эрчим хүчний дутагдалд орж буй. Учир нь, өнгөрсөн өвөл Улаанбаатарынхан эрчим хүчний оргил ачааллын үеэр тогоо хязгаарлуулж байж өвлийг давсан. Энэ өвөл ч мөн тэгэхгүй гэх баталгаа алга. Эрчим хүчний салбар байнга алдагдалтай ажиллаж байгааг мэргэжилтнүүд хэлдэг.
Тиймээс эрчим хүчний алдагдлыг бууруулж шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд хэрэглэгчдийн цахилгааны үнийг 30 хувиар, дулааны үнийг 50 хувиар нэмэхээр болсон билээ. Гэтэл энэ шийдвэр энгийн иргэдэд хамгийн хэцүү асуудлуудын нэг болоод буй. Ялангуяа дээрх асуудлаас болж гэр хорооллын зарим иргэд гэрийн дулаалгаа авч чадахгүй, лаа асаагаад суухаас өөр арга алга гэцгээж байлаа.
Энэ удаад Eguur News агентлаг зургаан хүүхэд, нөхрийн хамт амьдралын төлөө тэмцэж буй Баянзүрх дүүргийн 27-р хорооны иргэн Д.Даваажаргалын гэрийг зорилоо.
Жалгаар дүүрэн хог, дээрээс нь угаадсаа асгачихжээ. Бас болоогүй үнс ч асгаад амжиж. Хажуугаар нь өнгөрөхөд хамар сэтлэм өмхий үнэртэнэ. Гэр хорооллын багачууд ийм агаараар амьсгалж, инээлдэн тоглож байна. Хашааныхаа гадна үнс, угаадсаа нэлийтэл "сайхан" асгадаг энэ соёлоо монголчууд үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээхээр шийдсэн бололтой гэмээр зах замбараагүй дүр зураг биднийг угтлаа. Ингэж явсаар бид хүрэх цэгтээ ирлээ.
Д.Даваажаргал 32 настай. Нөхөр зургаан хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүд нь 1-ээс 14 насныхан. Харин түүний нөхөр саяхан хагас харвалт өгсөн бөгөөд 3 кг-аас хүнд зүйл өргөж болдоггүй аж. Тэр ч утгаараа ганц өдөр амралгүй хувиараа барилгын ажил хийж өдөрт 60-70 мянган төгрөгийн цалин авч гэрийн хоол хүнс, хувцас хунар, нөхрийн эмчилгээ зардал зэрэгт зарцуулдаг байна.
Эднийх хашаан дотроо хоёр айлын хамт байдаг юм байна. Дөнгөж хашаагаар нь ороход 10 гаруй нохой хогон дунд хөөцөлдөн гүйж байх юм. Гудамжны тэнэмэл нохойнууд орж ирсэн нь энэ байж л дээ. Хашаа тэр чигтээ хог, шарилжаар дүүрэн яаж хүүхдүүд энд амьдардаг юм бол гэсэн бодол төрж гэрийн зүг алхан орлоо. Гэрт нь ороход том охин нь ганцаараа сааралтсан дэвсгэртэй орон дээрээ зурагтаа үзээд сууж байв. "Өө ээж яасан эрт ирж байх юм" гээд их л баяртай угтаж авав. Гэрт нь эд хогшил нь хөглөрч, ундуй, сундуй болжээ. Баруун хаяанд байх орны цагаан даавуу өнгө алдаж, хэдийн шарлажээ. Зүүн хаяанд байх пүрштэй орон дээр өвгөн хэвтэх бөгөөд орны хөлд бариултай хувин байх бөгөөд угаадас дүүрэн байв. Дүү нар нь хаана байгааг асуутал, "Цэцэрлэгтээ явчихсан. Удахгүй тарна даа" гээд болгоомжтойхон хараад хэлсэн юм.
Иймд гэрийн эзэгтэй Д.Даваажаргалтай ярилцахаар хэсэг хугацаанд гэрийнх гадаа суулаа.
-Өнгөрсөн зургаан сард нөхөр хүнд зодуулж ажил хийж чадахгүй болсон. Амрах ч завгүй өдрийг ажилласан ч гэрийн дулаалга авч чадахгүй байна-
-Нөхөр нь яагаад харавчихсан юм бэ. Өмнө нь ажил хийдэг байсан уу?
-Нөхөр минь эрүүл байхдаа уг нь хоёулаа ажил хийгээд их нэмэртэй байсан. Өнгөрсөн зургаан сард хүн зодуулаад тархиндаа цус хурчихсан. Тэр нь шимэгдээгүй энэ дөрөв дэх өдөр группт орох санаатай байна. Одоо ганцаараа ажил хийсэн чинь ганц хором амрах эрхгүй өдөр хоногийг өнгөрөөж явна.
-Өөрийн биеийг хэр тордож байна вэ. Амрах завгүй гэхээр эмнэлэгт ч үзүүлэх зав байдаггүй юм байна?
-Тийм ээ. Өвдөх үе зөндөө байсан. Гэхдээ тухайн үедээ өвчин намдаах эм аваад уучих нь амар байдаг. Надад эмнэлэг орох цаг байхгүй шүү дээ. Хааяа ганцхан хоног амрах бол хүүхдүүдтэйгээ сайхан юм яриад л өдрийг өнгөрүүлэх дуртай. Тэд минь ээжийгээ их санаж, үгүйлдэг юм шиг байна лээ.
-Дараа долоо хоногоос цас ороод юу юугүй хүйтэрлээ. Гэр нь дулаалга байхгүй, хаалгаар нь бас их салхи нэвтрэхээр харагдаж байна. Яаж дулаахан өвөлжих вэ?
-Тэр л хамгийн том асуудал байна. Манайх чинь дулаалга, хаалга муу. Уг нь хаалгаа шинээр авна гэж бодсон хэдий ч арай мөнгө хүрсэнгүй. Миний цалин идэх зүйлсэд зарцуулагдаад л дуусчхаад байх юм. Түүнээс биш гэрээ сайхан болгохыг их л хүсэх юм даа.
Уг нь энэ өвөл аль болох хүүхдүүдээ дааруулахгүй өвөлжье гэж бодсон хэдий ч ганцаараа гэрээ ч буулгаж чадахгүй. Гуйх ч хүн байхгүй. Маргааш, нөгөөдрөөс цас орох гээд байдаг. Ганцаараа үнэхээр хүч хүрэхгүй юм билээ.
-Өнгөрсөн жилүүдэд хэрхэн дулаалдаг байсан юм бэ?
-Яг дулаалга авч дулаалж үзээгүй. Хэрэгтэй, хэрэггүй хөнжил, дэвсгэр зэргээр л аргалдаг байсан. Манай урьдын гэр болохоор нодилонгийн үерээр нураад уначихсан юм л даа. Тэгээд энэ гэрээ саяхан 700 мянган төгрөгөөр авчхаад байгаа юм. Хуучин гэр болохоор их муухан байсан. Уг нь жоохон гүрийгээд шинэ гэр авч болох байсан ч айлд олуулаа байна гэдэг маш тухгүй, бараг хурдан гэр авч тусдаа гар гэж хөөгдсөн.
-Хичээгээд байхад өдөр бүр бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байдаг нь л хэцүү. Одоо тогийн мөнгө нэмэгдхээр лаа асаахаас өөр сонголт байхгүй-
-Одоо тэгээд ганцаараа ажил хийгээд гэр бүлээ тэжээнэ гэдэг амаргүй ажил байна уу?
-Зургаан хүүхэд, нөхрөө тэжээнэ гэдэг миний хувьд үнэхээр хэцүү. Хааяа шантармаар. Гэхдээ тэгээд залуу хүн байна даа үр хүүхдээ хараад л шантрах гэдэг зүйлийг бараг мартах шахдаг. Өдөржингөө хүнд хүнд ажил хийж ирчхээд л орой хүүхдүүдээ харахаар л ядралт, шантралт байхгүй л гэсэн үг. Өглөө хоёр хүүхдээ “Баясгалан” ТББ-т хүргэж өгдөг. Бусад нь хичээлдээ өөрсдөө яваад л, өөрсдөө гэртээ ирцгээчихдэг.
-Дүүрэг, хороодоос нь иргэддээ дэмжлэг туслалцаа үзүүлдэг үү?
-Өмнө нь 21-р хороонд байхад хүнсний талон аваад амьдралд бага ч болов дэм болдог байсан. Харин энэ хороонд ирэхэд манайхаас ч хэцүү амьдралтай олон өрх байсан болохоор манайх багтаж чадаагүй юм байна лээ. Манай хороо чинь эвгүй хүмүүс ихтэй, их л үл бүтэх газар даа. Хааяа ийм муухай орчинд амьдруулж байгаадаа их гутардаг. Уйлмаар санагддаг.
-Нохой ихтэй, хог ихтэй, согтуу хүмүүс ихтэй байршил байна. Хараа хяналт их сул байдаг юм байна?
- Тийм ээ. Ээжийнхээ үүргийг их муу гүйцэтгэж яваа хүн л дээ би. Залуудаа олон хүүхэдтэй болоод эд нарыгаа сайхан орчинд өсгөөгүй нь миний буруу л даа. Хэн ч ядуу амьдрахыг хүсэхгүй. Залуу байна шүү дээ. Жоохон л тэсчих юм бол миний хүүхдүүд том болоод аав, ээждээ их дэм болох байх аа.
Хоёр бага маань л өвчин ороогоод их хэцүү. Юм л бол ханиад хүрчихдэг. Заримдаа болохоор гэдэс нь өвдөөд гүйлгүүлээд их хэцүү. Аргагүй дээ. Гал түлэх ч мод заримдаа байдаггүй юм чинь. Багадаа их л гоё амьдрал мөрөөдөж байсан одоо ч бүр өнгөрсөн улам уруудчихсан байдаг шүү.
-Ихэнх хүн хүүхэд байхдаа орд харшинд амьдрахыг хүсдэг шүү дээ. Та ч мөн адил уу?
-Ямартай ч би багадаа их гоё хоёр давхар байшин л зүүдлээд байдаг байсан. Магадгүй миний мөрөөдлийн байшин байсан байх. Би чамд өөрийнхөө мөрөөдлийг ярьж өгөх үү. Зарим хүн сонсвол шоолох л байх. Эгч нь гадаадаар аялах мөрөөдөлтэй хүүхдүүд том болсны дараа болно байх гэж боддог. Манжуур хотод очиж үзэхийг хүсдэг юм. Бүх зүйл сайхан болно гэж боддог. Хөдөлмөрлөөд л байгаа. Үр шим нь хэзээ нэгэн цагт ирэх байх. Нөхөр бид хоёр орон сууцны талаар одоохондоо мөрөөдөж зүрхэлдэггүй юм. Харин зургаан хүүхдээ тухтай байшинд л амьдруулахыг хүсдэг дээ. Том зорилт тавьсан. Гэхдээ авсан цалин нь хэрэглээгээ бүрэн хангаж чадахгүй байхад яах хадгалж, хуримтлуулж чадах билээ. Жаахан өвдөхдөө бүрэн эмчилгээ хийлгэж, эрүүл мэнддээ мөнгө илүүчилж чадахгүй байна шүү дээ.
Таван ханатай гэр нь гал түлээгүй хүйтэн. Том охин нь нимгэн куртиктэйгээ бөндгөнөн чичирч "Хэзээ гал түлэх юм бэ, ээжээ" гээд л үглэнэ. Харин Д.Даваажаргал дүү нарыг нь цэцэрлэгээс ирэхэд нь л гал түлдэг биз дээ. Жоохон л тэсчих" гээд их л аргадангуй учирлана... Гэр тойруулж тавьсан тавилгаа аль боломжтойгоороо өөд нь татаж, янзалсан нь харагдана. Хувцасны модон шүүгээний хаалга мөн ч олон хадаасны оромтой байлаа. Д.Даваажаргал “Төрд итгэж, тэднийг буруутгаж, амьдрахаас залхсан. Өөрөө л хичээгээд амьдарч байвал болно гэж боддог болсон. Хичээгээд байхад өдөр бүр бараа бүтээгдэхүүн, цахилгааны үнэ өсөөд байдаг нь л хэцүү юм даа” гэсээр биднийг үдэж өгсөн юм.
Айл, өрхүүдтэй хамгийн ойр ажилладаг хүн бол хорооны нийгмийн халамж хариуцсан мэргэжилтэн байдаг. Тэгвэл тус хорооны нэг цонхны үйлчилгээний мэргэжилтэн Ч.Ягаандоржтой тус хорооны айл, өрхийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх зарим зүйлийг тодрууллаа.
-Та хэдэн жил энэ чиглэлээр ажиллаж байгаа вэ. 27-р хороонд ирж ажиллаад удаж байгаа юу?
-Сумаас аймаг дамжин төрийн байгууллагын анхан шатнаас эхлээд дунд шат хүртлээ ажилласаар л явна даа. Өнөөдөр төрийн алба гүйцэтгэж явах хугацаандаа өөрөө энэ салбарын хүнийхээ хувьд бодож санаж, эмзэглэж явдаг асуудал их байна. Хамгийн наад зах нь л миний ажиллаж байсан сум, аймагт нэн ядуу амьдралтай хүн маш цөөхөн байсан. Харин хүмүүс хараад л шууд нүд халтирах нэн ядуу, зүрх шимшрэх, маш хэцүү амьдралтай хүмүүс бол Улаанбаатар хотын гэр хороололд байдаг юм байна. Тэр дундаа Баянзүрх дүүргийн 27-р хороонд би найман сар ажиллаж байна. Ингэхэд маш олон хэцүү амьдралтай, орон гэргүй иргэд байгааг мэдсэн.
Өвлийн улирал хаяанд ирсэн энэ үед зарим айлын хүмүүс, өрх толгойлсон ээж, иргэд маш ихээр орж ирэн уулзаж байна. “Тогны мөнгө нэмэгдэх юм байна аа. Одоо бид гэрийн дулаалга ч авах мөнгө байхгүй байхад тог, дулааны мөнгө нэмнэ гэх юм. Одоо яах ёстой вэ” гээд зовлон жаргалаа их ярьж орж ирдэг. Гэрийн дулаалга гэдэг зүйлээ ч авч чадахгүй байгаа хэцүү амьдралтай маш олон өрх бий.
Гэр оронгүй хүмүүс бол зөндөө. Манай энэ хороонд л гэхэд гурван нийтийн байр байгаа. Тэнд амьдардаг иргэний хүсэлтийн дагуу үнэлгээ хийх гээд орохоор нүд аргам, хоолой хорсом дүр зурагтай угтаж авдаг. Ийм хүмүүсийг нэн ядуу гэж ярихаас өөр яалтай. Тэнд амьдарч байгаа хүүхдийн буруу биш, тэнд амьдарч байгаа настай хүний буруу биш шүү дээ.
-Таны хариуцаж авсан 27-р хороо хэчнээн хүн амтай вэ?
-Одоогоор би 15 мянган иргэнийг хариуцан ажиллаж байна. Мөн дан ганц 27-р хорооноос гадна 26, 29 дүгээр хороог нэг цонхны үйлчилгээ гэдэг утгаараа хариуцан ажилладаг. Эдгээр иргэний хөдөлмөр нийгмийн халамжийг зохицуулахаас гадна бичиг цаасны асар их ажил овоорсон өдөр хоногийг өнгөрүүлдэг. Гэхдээ л хүн ардынхаа байдлыг хараад аль болох зүрх сэтгэлээсээ л ажиллаж явна.
-15 мянган иргэдийн хэчнээн нь нэн ядуу байгаа вэ. Тоон судалгаа бий юу?
-Манай халамжийн хүнсний эрхийн үйлчилгээ гэж байдаг. Түүнд бол 160 гаруй өрх хүнсний үйлчилгээ авдаг. Энэ үйлчилгээ нь том хүн 16 мянга төгрөгийн үнэ бүхий нэрлэсэн 10 бүтээгдэхүүн авдаг. Хүүхэд нь 8000 төгрөгийн үйлчилгээ үзүүлдэг. Дунджаар таван хүүхэдтэй айл байлаа гэхэд сард 50 гаруй мянган төгрөг авдаг гэсэн үг. Яалтачгүй авах ёстой айл нь дээрх тоо. Түүнээс биш хүнсний эрхийн үйлчилгээ авах хүсэлтэй маш олон айл өрх байдаг. Ямар сайндаа л иргэд бидэнд хандахдаа “Тогийн мөнгө нэмэгдчихвэл бид яаж амьдрах билээ” гэж хандаж байна шүү дээ. Би бол хариуд нь бид нар төрийн үйлчилгээ л үзүүлдэг гээд сууж байж болохгүй. Аль болох “За ойлголоо. Аль болох боломжтой болгоно” гээд л сэтгэлийг нь тайвшруулахаас өөр аргагүй нөхцөл байдалтай байдаг.
Саяхан би нэг хорооныхоо зургаан хүүхэдтэй айл руу очлоо. Гэтэл бидний очсон гэрийн нөхцөл байдал үнэхээр хүнд байсан. Гэрт ороод л харахад бүрээсийг нь нэвтлээд нар тусдаг байх жишээний. Арга ядсандаа комиссын бараанаас хөнжил аваад гэр дээрээ тавьчихсан байгаа юм. Энэ мэтчилэн гэртээ дулаан байхын тулд юмхнаар юм хийдэг айл өрх байна. Тэгэхээр төр засгаас анхаарах ёстой дүүрэг, анхаарах ёстой хорооддоо жоохон ч гэсэн дэм болж, ойлгоосой. Иргэддээ ээлтэй байгаасай гэж их хүсдэг дээ.
-Иргэд нөгөө талдаа хэцүү амьдарч байгаа иргэдийг “Ажил хийдэггүй, архи их уудаг. Тэгсэн хэр нь бид ядуу байна гэх нь утгагүй” гэсэн ойлголттой байдаг шүү дээ. Энэ хэр үнэнд нийцэх вэ?
-Манай улсын халамжийн бодлого яалтачгүй нүдээ олж чадахгүй байна. Үнэхээр төрөөс нийгэм, халамжийнхаа бодлогыг өөд нь татъя гэвэл өгч байгаа халамжийн мөнгөө дорвитойхон л өгөх хэрэгтэй юм шиг санагддаг. Өнөөдөр хүнсний бүтээгдэхүүнүүд ямар их үнэтэй болж байгаа билээ, мод түлшний мөнгө л гэхэд өнгөрсөн жилээс 1000-2000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Ингэхээр тэр халамжийн мөнгөөр чанартай ч бүтээгдэхүүн авч хэрэглэж хэмжээний биш байна шүү дээ.
Гэр хорооллын гудамжнаас монголчуудын амьдралын олон өнгийг харж болох ажээ. Өглөө эртлэн гараад амьдралын төлөө хөдөлмөрлөх хэсэг байхад “хэн ч надад туслахгүй байна” гээд өөрийгөө өрөвдөж өдөр хоногийг өнгөрүүлэх нэгэн ч байлаа. “Мөнгө байхгүй ээ” гээд амьдарч байгаа гэрээ хүн битгий хэл нохой ч тоохооргүй оромж болгосон нэгэн байхад “Шинэ шүүгээ авахын төлөө дахиад жаахан хичээе” гээд хадаас орох зайгүй болтол нь шүүгээнийхээ хаалгыг янзлах гэр бүл ч байлаа.
90 оноос өмнө ийм айл байгаагүй, харин 90 оноос хойш нийгэм шилжихэд төр засгийн эрхэнд дандаа хулгайч, авлигчид байгаа учраас монгол улс гэр хороолол гээч 18-19 зууны үеийн бохир заваан ядуу зүдүү амьдр�##�аасаа с�##�ж чадахгүй улам л хүрээгээ тэлэн өргөжсөөр л байгаа! Одоо ч тэр хулгайчууд гоё гоё тэнэг хуурмаг юмаа яриад засгийн газарт, хот аймаг, сум яам тамгын газар гээд төр засгийн бүх нэгжээр бөөстсөн юм шиг л шидчихсэн байгаа! Ядаж байхад энэ мангуу ерөнхийлөгч нь хүртэл нүхэн жорлонтой, утаа тортогтой бохир хоттой байж яасан ч гадаадын ерөнхийлөгч нарыг урих донтой юм! Өнөөдөр ирж байгаа Казахстаны ек-с ичдэггүйн байхдаа!
Аль ч нам адилхан
Яана даа
Орох оронтой байна гэдэг хүний эрхэнд биш өөрийн жарг�##�аар байгаа шүү. Гэр ороноо дотор гаднаа өөд нь татаад яваачээ. Гэрт амьдарч чадахгүй хүн байранд яаж амьдрах вэ сар бүр 250000 аас дээш тос усны мөнгө төлнө. Дээр нь хоол хувцас энэ тэр гээд бөөн зарлага. Түүндор гэртээ г�##�аа өрдөөд дулаан өр ширгүй өөрийгөө өөд нь татаад амьдарсан нь дээр шүү.