Нийгэм ярилцлага

Б.Тамир: Гэрэл зураг намайг амьдралын үнэнтэй нүүр учруулсан

"Би хорвоогийн зүгээр л нэг хэсэг" гэж хэлэх энэ хүнийг Б.Тамир гэдэг. Тэрбээр өөрийн мэдрэмжээ гэрэл зургийн хальсанд буулгаад хэдийн 11 жилийг үджээ. Байгалийн, баримтат, гудамжны гэх төрлөөр өөрийн урын санг зузаатгаж, уран бүтээлээ туурвидаг.

-Зөрчилдөөнөөс нэг юм үүссэн гэж боддог-

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулбал?

-Энэ хорвоогийн зүгээр л нэг хэсэг. Эгэл бөөм. Хоёр хүүгийн аав. Бидний амьдарч байгаа амьдралын давах ёстой даваа, гүвээг давж яваа энгийн нэгэн бодигал. Өөрийн талхаа олохын тулд одоо график дизайнаар ажилладаг. Дотоод амар амгалан сүнсээ амраахын тулд камераа үүрээд гардаг эрэл хайгуулчин.

-Хэдийнээс өөрийн дотоод сүнстэйгээ гэрэл зургийг холбосон бэ?

-Намайг жаахан байхад манай гэр бүл аялалд их явж, хальсан камертаа аяллын дурсамжаа хадгалж үлдээдэг байсан юм. Тэр цаг үед камерын талаар анхны мэдэгдэхүүнээ олж, сүүлд 2013 онд хувьдаа камертай болж эхний дүрсээ дарснаас хойш миний амьдралын нэгээхэн хэсэг болчихсон.

-Хамгийн анх ямар төрлийн зургийг гэрэл зураг болгож үлдээж байсан бэ?

-Анхны камераа авчхаад байгальд гарч, уул хадаар явж байгалийн л гэрэл зургуудыг их дардаг байсан. Түүн дээрээ өнгө будаг нэмээд засаж янзалдаг болсон. Тухайн үед өөрийгөө олох гэж багагүй цаг хугацааг зарцуулсан. Тиймдээ ч тодорхой хэмжээнд чадлынхаа хэрээр 21 аймгаа тойрсон. 2018 онд Урлагийн зөвлөл тусламжтайгаар Швейцарь улсад очиж гурван сарын хугацаанд амьдарч тэндээ ажиллах хөтөлбөрт хамрагдаж байсан. Тухайн үед ахуйгаасаа холдоод өөрийгөө хайх гараагаа эхлүүлсэн гэхэд болно.

“Би чинь хэн билээ, юу билээ” гэж бодож, өөрийгөө дотроосоо эрж хайсан өдрүүд өнгөрсөн. Хүн дуртай юмаа хийгээд түүнийгээ олж чадах юм бол тэр зүйл нь өөрийг нь цаашдынх нь амьдралд хөтөлдөг байх. Швейцарт байсан гурван сарын хугацааг гэрэл зураг намайг дуудсан дуудлага гэж хэлж болох юм. 

-Камертайгаа хэрхэн харилцаж сурч байсан бэ, анхны зүйл учраас бэрхшээл тулгарч байв уу?

-Одоо бодох нь тэр үед цалингийн зээл авч байгаад л анхны камераа авсан санагдаж байна. Тэр үед яг өөрийн юмтай болж байсан учраас өглөө өдөргүй өнөөх камераа ноолсон. Яалт ч үгүй техник гэдэг утгаараа мэдэхгүй зүйлс их байсан. Камертай болсон эхний хоёр жил нэлээн оролдож байсан. Анхны жилдээ гэрэл зургийн "Тусгал" клубээс зохиосон "Зугаатай зурагтай зун" гээд аялалд явж байсан. Тэр үед гэрэл зурагчдаасаа нэлээн их зүйл сурч хүн биеэ даагаад, ганцаараа youtube ухаад сурчхаж болохгүй зүйл байдгийг мэдэж авсан.

Дээрээс нь адилхан дур сонирхолтой, нэг зүйлээс ижил таашаал авдаг хүмүүстэй  хамт байж илүү их зүйл сурсан. Камертай болсон эхний жил шинийн нэгэнд Шилийн богд рүү явж байсан. Тэр үед камераа хөлдөөд гацсныг нь ч мэдэхгүй байсан. Дараад нь зуны аялалд яваад өөртөө асар их сэдлийг авсан гэх үү дээ. Ингээд Тусгал клубынхээ эд эс нь болоод гурван жилийн ойгоороо “Оны шилдэг” болж байсан. Энэ нь надад асар их урам зориг, итгэлийг өгч эгнэгт салшгүй холбоотой болсон. Ер нь энэ ташрамд хэлэхэд, миний ард "Тусгал" клуб дандаа байдаг байсан. 

-Та сая хэлэхдээ ахуйгаасаа холдоод гадагшаа явсан гэсэн. Ахуйгаасаа холдоод хүн өөрийгөө хайхад, хэр их зөрчилдөөнтэй нүүр тулсан бэ?

-Зөрчилдөөнөөс л нэг юм үүссэн байх. Амьдралын хувьд ямар нэгэн зүйлийг даван туулах, шийдэх, цаг үе дээрээ байсан. Түүнийгээ бодох орон зай цаг хугацаа хэрэгтэй байхад гадагшаа явж таарсан. Би Швейцарт 80 орчим хоног ганцаараа байсан. Тэр үед “Би чинь хэн билээ, өлсөж, цангахаараа яадаг вэ, согтохоороо ямар байдаг вэ”, гэж өөрийгөө таних гэж их оролдсон.

Зөрчилдөөн, хүлээн зөвшөөрөлт дээрээс нь гэрээсээ хол байх үеийн сэтгэл хөдлөлүүд гээд асар олон мэдрэмж давхцаж тэр бүхнийг өөртөө шингээсэн. Нэг төрлийн бясалгал гэхэд хилсдэхгүй. Үймсэн олон бодлуудыг өөртөө тээх биш хуваалцах нь өөрийгөө олоход дөхөм байдаг гэдгийг ойлгосноор "Өө би ийм л хүн байж" гэх хариултынхаа хэлтэрхийг олж авсан.

-Яруу найргийн зарим зүйрлэлүүд, гэрэл зурагт шууд буух боломжтой-

-Өөрийгөө "энэ хорвоогийн зүгээр л нэг хэсэг" гэж танилцуулсан. Энгийн нэгэн бодгаль гэдгээ хэрхэн хүлээн зөвшөөрсөн нь сонирхолтой санагдлаа.

-Хэн хэлснийг нь  санахгүй байна. Гэхдээ "Цаг хугацаа өөрөө ирнэ" гэдэг үг байдаг. Энэ үгэнд л их дуртай. Хүн бүрийн туулдаг, давдаг, мэдэрдэг зүйлсийг бусдын адил даваад гарсан. Одоо эргээд харахад, "Ингэх л ёстой байж дээ. Ийм зүйлийг туулах л жамтай байж" гэж боддог. "Тэр үед тэгчих байсан юм, ингэх байсан юм" гэх мэт харууслыг сэтгэлдээ тээчхээр хүн их хүнд болчихдог. Тиймээс л хүн өөрийгөө олдоггүй байх.

Сайтар төлөвлөж гарсан аяллын үеэр тасралтгүй бороо ороод байх үед “Энэ хамгийн бүтэлгүй аялал” гэж тухайн цаг мөчид бодсон хэр нь дараад нь дурсахад “Бороо орох л ёстой байж дээ” гэж боддог. Бид бороог зогсоож чадахгүй шүү дээ. Байгаль бидэнд юу өгч байна, түүнийг нь л хүртэх хэрэгтэй. Тэрсэлдэх шаардлага байхгүй.

Нөгөөтээгүүр бид нар маш олон замаар алхдаг хэдий ч эцсийн мөчид ганцхан зүйлийн төлөө л алхаж явдаг. Энэ нь ертөнцийн туйлын үнэн. Тиймээс юмсыг нэг өнцгөөр бус олон талаас нь харж эргэцүүлэх л хэрэгтэй. Ингэснээрээ л үймсэн олон дунд өөрийгөө өчүүхэн жижиг бодгаль гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

-Зэн буддизмыг унших дуртай байсан гэж дурдлаа. Ер нь таны уран бүтээлүүд, яруу найрагтай холбогддог юм шиг санагддаг. Яаж яруу найраг, гэрэл зураг хоёрыг хоршуулж байна вэ?

-Дизайнер гэдэг мэргэжлийн онцлог нь удаан суудаг, хүмүүстэй харилцдаг учраас стресс ихтэй байдаг. Тиймдээ ч би байгальд гарах, ууланд алах сонирхолтой. Байгальд очихоороо үгээр хэлэхийн аргагүй таатай сайхан мэдрэмж авдаг. Тэр таатай, сайхан сайхан мөчийг би өөртөө хүлээж аваад, түүнийгээ хүмүүстэй хуваалцах нь гоё гэж боддог учраас гэрэл зураг болгодог.

Заримдаа зураг авна гэдэг чинь харсан болгоноо дараад байна гэсэн үг биш. Хүн гоо зүйтэй, ямар нэгэн тогтцыг хараад мэдэрдэг. Мэдрэхгүйгээр зураг авна гэж байхгүй. Гэрэл зураг бол миний хэл. Түүнийгээ би хэрхэн буулгаж байна түүгээрээ бусадтай ойлголцож байгаа хэрэг л дээ. Гоо зүйтэй зүйлийг бид их олон талаас нь хардаг. Тиймдээ ч гэрэл зураг бүр хүнд өөр өөрөөр мэдрэгддэг.

Эхэндээ би камераа бариад зураг дарахын тулд л гүйдэг байсан. Нар жаргахтай зэрэгцэж алтан цагийг дарах гэж 200, 300 зураг дардаг байсан бол сүүлдээ тэгж гүйхээ багасгасан. Амьдралаас надад “мэдэр” гээд өгч байгаа хормыг би яг өөрөө л мэдрэх хэрэгтэй юм байна гэж боддог болсон. Зүгээр л нар жаргахыг хараад сууж байхад өвс сэрчигнээд, гараараа өвсийг тэмтэрч мэдрээд... гээд хэлэхээр хүн бүхэнд нэг юм төсөөлөгдөж байгаа биз. Яг ийм зүйлийг заримдаа тухайн цаг бүрд нь мэдрэх хэрэгтэй байгаа юм шиг санагддаг. 

Угтаа бол камер, байгаль, бид гурвын харилцаа миний оршихуйн амар тайван байдал, сайн сайхныг хүртээж, бодол тээсэн байдлыг минь үгүй хийдэг учраас надад яруу найраг, гэрэл зураг хоёр нэг зүйл шиг санагддаг. Дотоод мэдрэхүйгээ гаргаж байгаа арга барил нь өөр хэдий ч нэг зүйл. Уран бүтээл урлаг гэдэг зүйлийг том хайрцаг гэж төсөөлөхөд, өөрөөр хэсгүүд өөр өөр булангууд тус тусдаа зүйлс биш бие биеэсээ харилцан шүтэлцээгүй орших боломжгүй юм шиг санагддаг. Яруу найргийн зарим зүйрлэлүүд гэрэл зурагт буух боломжтой байдаг.

-Нүдээр харсан зүйлээ гэрэл зурагт 100 хувь буулгаж байсан тохиолдол танд байгаа юу?

-Маш гоё зүйлийг харж мэдэрч байгаа зүйлээ зуун хувь буулгаж чаддаггүй. Хамгийн төгс хувилбараараа дарлаа гэхэд 95 хувьтай л гэрэл зурагт буулгах байх.

-Таны анхны уран бүтээлийн үзэсгэлэнгийн тухай ярилцъя?

-2018 онд Швейцарт хийсэн үзэсгэлэнгийн тайлан болгож “Shadow on us” гэрэл зургийн номоо гаргасан. Намайг гадагшаа явах үед манай найз н.Базараа надад хоёр л юм захиж байсан. Хүний нутгийн чулууг битгий хөдөлгөөрэй, юу ч тохиолдсон бай бичиж, тэмдэглэж байгаарай гэсэн.

Тэр үед би хүн төвлөрсөн хотод биш жижиг тосгонд байсан. Тиймдээ ч байгальд илүү ойр байж, ертөнцөөс илгээсэн оршин тогтнож байх ёстой амьтай, амьгүй зүйлсийн увидас нь намайг их сэрээсэн. Түүнээс л эхний уран бүтээл маань бүтсэн.

-Сонирхолтой юм. Тэгвэл дараагийнх нь хэрхэн бүтсэн бэ?

-2019 онд "Typomania" гээд үзэсгэлэнд оролцож байхдаа Граж-д номын баяр болж байх үеэр дайраад гарсан юм. Номын баярт гэрэл зурагчид олуулаа оролцож байхыг хараад их догдолсон. Тэр гэрэл зурагчдын уран бүтээлээс санаа авч "артистбүүк" хийж эхэлсэн л дээ. Артистбүүкийн агуулга нь шинж чанар нь авсаархан жижигхэн, цөөн тоогоор хэвлэгддэг, дахин хэвлэлтэд гаргадаггүй гэдгээрээ бусад ном товхимлуудаас ондоо. Бас яг марк шиг цуглуулж болдог. Миний хувьд анхнаасаа хүнд борлуулж, ашиг олохоосоо илүү тухайн үеийн цаг үеийг цаасан дээр буулгаж, хүмүүст хүргэх нь гол зорилго байсан. 

Тиймдээ ч эхний артистбүүкээ Улаан-Үдэд алслагдмал тосгонд байхдаа дарсан зургуудаараа бүтээсэн. Би намар төрсөн болохоор намрын улиралд их дуртай. Түлхүү намрын уйтай зургуудыг их оруулсан. Бас хуучин цагт бичдэг байсан "Хайку"-г нэмж өгсөн нь эхний номын маань чимэг байсан

Харин хоёр дахь номоо гар утсаараа дарсан зургуудаараа бүтээсэн. Үүнээс хойш Швейцарьт байхдаа арт аялал хийсэн тэмдэглэл, улаан Москвагийн гэрэл зургууд, Хөл хорионы баримтат зургуудаар үргэлжлүүлэн хэвлүүлсэн.

-Эгэл юмсын орон зай руу нэвчин ордог гэрэл зурагчинд дуртай-

-Хайку сонирхож бүр бичиж байсан гэхээр сонирхолтой санагдаад байна. Гэрэл зураг, яруу найраг хоёрыг хослуулж, яруу найраг хайку хоёрыг нэгтгэж байв уу?

-2013 он миний хувьд их тэсрэлтийн он байсан байх аа. Би график дизайнер н.Идо найзынхаа сүнслэг мөн чанарт нь их дуртай. Нарийн мэдрэмжтэй төрлийн хүн гэхэд болно. Намайг тэр үед Хайку сонирхогчдын фейсбүүк группт оруулсан юм. Тэр цаг үеэс л бүх зүйл эхэлсэн. Хайкуг ойлгох нь тархины тэсрэлт юм шиг санагдсан. Тэгээд л уншигчийн хэмжээнээс хальж өөрийгөө турших гэж оролдсон. Эхэндээ Хайкугийн утга, мөн чанарыг ойлгохгүй байсан болохоор төдийлөн сайн нэвтэрч чаддаггүй байсан. Эцэст нь эзэн биегүй, би-гээсээ гарч сэтгэдэг. Хүншүүлэл байхгүй зүйлийн мөн чанарыг бичиж байгааг ойлгоод оролдлогоо ахиулсан. Сайн бичсэн хайкунаас бүтэн ном уншигдана гэдэгчлэн урт шүлгийг ширгээж бичсэн хувилбар учраас гуравхан мөрт шингээнэ гэдэг нь алсрал, зэрэгцэл, бодол, дотоод чимээллийн дараагаар сая л нэг хайку цаасан дээр буулгаж байгаа мэт бодогддог байсан.

Эцсийн дүндээ энэ бүхэн биднийг Зэнд хүргэх юм билээ. Би сая Зэн буддизмийг унших дуртай гэж хэлсэндээ. Үүнээс л эхлэлтэй юм. Хайкуд агуулагдах нарийн чанарыг таньснаар хайкуг би хүчилж бичих биш өөрөө ирдэг зүйл болохыг нь ойлгосон. Өдрийн харсан зүйлээрээ орой нь хайку бичиж яагаад ч чадахгүй. Яагаад гэвэл өдрийн харсан зүйл дурсамж болоод үлдчихэж байгаа учраас л тэр. Хайку чинь ерөөсөө л одоо цагтаа амьдарч, одоо цагийг амталж, амьдруулдаг зүйл гэж боддог.

-Та тэгээд Хайкуны тусламжтайгаар одоо цагтаа яг амьдарч сурсан уу?

-Хоёр жилийн өмнө ганцаараа Ханх руу аялал хийсэн. Хэдийгээр хүмүүстэй хамт байх сайхан ч гэлээ. Амар амгалан орших, сүнснийхээ хэрэгцээг хангах, нөгөөтээгүүр бидэнд ганцаараа байх нэн шаардлага байдаг. Тиймээс л өөрийгөө сэрээж, аялалдаа явсан. Хайку уран яруу байх нь хамаагүй. Аниргүйд голын эрэг дээр сууж байхад загас ус руу палл гээд үсрэх чимээг мэдрэх нь, түүнийгээ өөртөө шингээж буулгах нь, их чухал. Эргээд түүнийгээ өөрөөсөө гаргах нь одоо цагийг мэдэрч амьдарч байгаагийн шинж гэж бодож байна.

-Хайкугаар, яруу найргаар, гэрэл зургаар сүнсээ амраадаг таны хувьд дуртай гэрэл зурагчин нь ямар хүн байдаг вэ?

-Маш олон байдаг. Гэхдээ тэд тухайн цаг үедээ байсан гэх юм уу. Байгалийн зураг дардаг байх үедээ байгалийн гэрэл зурагчдад дуртай байсан. Одоо бол ямар нэгэн үзэл санааг ухаж, гаргадаг уран бүтээлчдэд дуртай. Гэрэл зургийн олон төрөл жанраас би "Photo pain art, баримтат болон гудамжны гэрэл зураг"-т түлхүү дуртай. Онцлоод хэлэхэд баримтат гэрэл зураг намайг бадарч явахад дарж байсан гэхэд хилсдэхгүй. Амьдралын нүцгэн үнэнтэй, нүүр тулуулсан даа.

-Яаж?

-Лантуу дохиогийн "Ид шидийн уут" аянд гэрэл зурагчнаар яваад амьдрал гээчтэй танилцаж билээ. -35 хэмийн хүйтэнд хөл нүцгэн шахуу гүйх багачууд, халуун дулаан уур амьсгалгүй орчинд өсч байгаа балчирууд гээд эвлэлдмээргүй ч гэсэн хатуу үнэнтэйгээ нүүр тулсан.

Миний дуртай гэрэл зурагчныг Irving Penn гэдэг. Гэрэл зурагчны замналынх нь түүх таалагддаг. Нөгөөтэйгүүр эгэл юмсын орон зай руу нэвтэрч, уусан ордгоороо онцгой. Бүгд гоо зүйтэй зүйлийн төлөө хошуурч байхад ямар утга илэрхийлж байгааг нь ойлгохын аргагүй татсан тамхины ишний зургийг үзэсгэлэндээ гаргаж байгаа нь сонирхолтой.

-Ирээдүйдээ хийх зүйлсийн хамгийн эхэнд юу төлөвлөсөн бэ?

-Миний хувьд камер тооллын 10,11 дэх тоолол руугаа орчихсон байна. Бие даасан соло үзэсгэлэн, уран бүтээлээ гаргах хүсэл байна. "Shadow on us" бол зорилттой уран бүтээл байсан. Харин одоо бол өөрийн үзэл бодол, уран бүтээлчийн өнцгийг гаргасан үзэсгэлэн гаргах хэтийн зорилготой. Үзэсгэлэн гэхээр хүмүүс олон төрлийн ай савд хамааруулж магадгүй. Харин би өөрийнхөө өнцгөөс хэлэхэд, уран бүтээлч Б.Тамир гэдэг хүний нийгэмтэйгээ харилцах харилцааг гаргана. Өнгөрсөн бүх цаг үеэ ил гаргах биш тодорхой нэг зүйлийг хөндөөд, өөрийн үзэл бодлоо оруулаад, “Энэ бол Би” гэдэг зүйлийг бусдад харуулахыг зорьж байгаа. 

-Тантай ярилцаж байх хугацаандаа "артистбүүк"-тэй нь танилцлаа. Нэг зүйл анзаарахад ер нь л уран бүтээлүүдэд нь "Сүүдэр" гэсэн үг их орсон байх юм.

-Түүхэндээ гэрэл зургийг монголчууд "дүрс сүүдэр" гэж нэрлэж байсан. Энэ нь маш зөв нэршил. Ямарваа нэгэн дүрсэнд сүүдэр байдаг. Сүүдэр байгаа бол гэрэл байгаа. Нөгөө талаар бидний толинд хардаг дүрс гэрэлтэй тал бол харагддаггүй дотоод мөн чанар маань сүүдэр байж болно. 



Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button