Ш.Отгон-Өлзий: Боломж гарвал энэ тайзан дээр медаль зүүгээд зогсоно гэх мөрөөдөл минь биелсэн
Монгол улсын үсчин гоо засалчдын баг тамирчид Франц улсын Парис хотноо энэ оны аравдугаар сарын 12-14-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Цомын төлөөх Дэлхийн аварга” /OMC Hairworld/ тэмцээний үсчин, гоо заслын төрөлд амжилттай оролцсон байна.
Тодруулбал, нүүр будалтын секторын техникийн хүнд төрөл болох "Stage make up" буюу тайзны будалтын тэмцээнд Монгол Улсын тэргүүлэх зэргийн гоо засалч, Make up артист Ш.Отгон-Өлзий мөнгөн медаль, хуримын будалтын төрөлд тусгай байр, нийт багийн төрөлд алтан медаль хүртсэн байна.
Бид дэлхийн чанартай тэмцээнээс богц дүүрэн ирсэн Make up артист Ш.Отгон-Өлзийтэй ярилцлаа.
-OMC Hairworld тэмцээнд хэд дэх жилдээ оролцож байна. Өмнө нь ямар амжилтыг үзүүлж байв?
- OMC Hairworld тэмцээн бол 78 жилийн түүхтэй дэлхийн 50 гаруй орноос давхардсан тоогоор 3 мянга гаруй оролцогчтой, дэлхийн гоо сайхан, засалчдын дунд олимп гэгддэг тэмцээн билээ. Энэ жилийн тухайд аравдугаар сарын 12-14-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Миний хувьд өмнө нь 2017 онд тус тэмцээнд анх оролцож байсан, мөн 2019, 2021 болон энэ жил буюу 2024 онд дахин оролцлоо. 2017 онд оролцож байхдаа багаараа хурмын төрөлд тавдугаар байрт шалгарч байсан.
-Энэ жил тэгвэл анх удаагаа ганцаарчилсан төрлөөс медаль хүртсэн байна тийм үү. Эх орныхоо нэрээр дуудуулж, дэлхийн чансаатай тэмцээнээс медаль хүртсэн мөч ямар байв. Тухайн үеийн мэдрэмжээсээ хуваалцаач?
-Тийм ээ, энэ миний ганцаарчилсан төрлөөр хүртсэн анхны медаль байсан. Миний анхны медаль байгаад зогсохгүй Монголын гоо сайхны ганцаарчилсан төрлийн анхны мөнгөн медаль. Тийм учраас дэлхийн хэмжээний тайзан дээр Монгол хэмээх нэрийг дуудуулах мөч үгээр хэлэмгүй сайхан байсан.
Би анх 2017 онд энэ тайзан дээр тавдугаар байрын өргөмжлөл барьж зогсохдоо дотроо "Боломж гарвал би дахин энэ тайзан дээр медаль зүүгээд зогсоно доо" хэмээн бодож байлаа. Тэр бодол, мөрөөдөл минь ийн биеллээ оллоо.
-Тэмцээнд ямар бүрэлдэхүүнтэйгээр оролцов?
-"Алтан гар Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбоо" маань жилийн өмнө байгуулагдсан. Сая болсон Парис OMC Hairworld тэмцээнд анх 41 хүний бүрэлдэхүүнтэй явахаар төлөвлөөд бэлтгэлээ хангаад виз мэдүүлсэн боловч Францын элчин сайдын яам дээр асуудал үүсэж 27 хүний л виз гарсан. Харамсалтай нь зарим хүмүүс маань явж чадаагүй ч бид 27 Парисын тайзан дээр олон удаа нэрээ дуудуулж, оролцсон бүх төрөлдөө амжилт гаргасан.
Эрэгтэй үсний баг алтан цомыг гардаж, эмэгтэй үсний баг тусгай байр эзэдсэн билээ. Харин эмэгтэй гоо сайхны төрөлд Маралмаа, Энхцэцэг артистуудтайгаа хамтран миний бие алтан медаль авсан. Богц дүүрэн ирсэн холбооныхондоо халуун баяр хүргэе.
-"Make up" хийж эхлээд хэр удаж байна. Анх яагаад энэ мэргэжлийг сонгох болов?
-Make up хийж эхлээд найман жил болж байна.
Миний хувьд эдийн засагч мэргэжилтэй. Тухайн мэргэжлийнхээ дагуу банканд хоёр жил гаруй ажиллаад декритээ аваад гэртээ суух болсон. Ингээд хүүхдээ харж байх хугацаандаа яагаад ч юм "Make up" сонирхолтой санагдан элдэв бичлэг үзэж эхэлсэн. Өөрийгөө шинэ зүйлд сонирхолтой болж буйг анзаарч хүүхдээ нэг нас хүрэх үед нь шууд нүүр будалтын хичээл заах багш хайж эхэлснээр өнөөдрийн Make up артист Ш.Отгон-Өлзий болсон хэрэг.
-Таны мэргэжлийг гэр бүлийнхэн нь хэр дэмжиж байна?
-Намайг анх "Make up"-чин болно гэхэд нөхөр минь хоёр гараа өргөөд л дэмжсэн. Намайг Улс, дэлхийн чанартай уралдаануудад оролцох үед араа маш сайн дааж, өөрийнхөөрөө, мөрөөдлөөрөө явах боломжийг дандаа олгодог.
Тэмцээн уралдаанд орно гэдэг хүмүүсийн гаднаас харж байгаачлан амар хялбар байдаггүй. Бүх зардлаа хувиасаа гаргаж явдаг учир гэр бүлийн санхүүд жин дарах нь тодорхой. Гэсэн ч "хэрэггүй, битгий яв" гэж хэлж байсан удаагүй. Үргэлж дэмжиж тусалж урам хайрласаар байдаг. Энэ завшааныг ашиглан гэр бүлийн хүндээ баярлаж явдгаа хэлмээр байна.
-Мэргэжлийнхээ онцлогийн талаар ярихгүйюу?
-Манай мэргэжлийн хамгийн давуу чанар бол гэгээлэг байдал. Хүмүүсийн гоо сайхан байдалд анхаарч гоё сайхан харагдахад тусалдаг учир дийлэнхдээ "баярлалаа, хөөрхөн болчихлоо" гээд л гарлаг.
Саад бэрхшээлтэй тал ч мөн ажиглагддаг. Тэмцээнтэй холбоотой гэвэл, Манай салбарын тухайд ХХААХҮЯ-д харьяалагддаг. Гэтэл тэмцээн уралдаанд орлоо гээд ямар нэгэн дэмжлэг туслалцаа үзүүлдэггүй. Амжилт гаргаад ирсэн байхад элдэв шагнал нь яах вэ гэхэд дуудаад уулзаад урам зориг өгдөг байгаасай л гэж хүсдэг.
-Олон улсын артистуудаас хэнээс үлгэр дуурайлал авдаг вэ, мөн тэмцээний үеэр хамгийн өрсөлдөөнтэй улс болон артист хэн байв?
-Олон улсын артист гэх юм бол Patmcgrathreal гэх инстаграм хаягтай артистаас үлгэрлэж явдаг. Бараг өдөр шөнөгүй л хийж буй make up-уудыг нь үздэг. Мөн "All make up" гэх хаягт дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг уран бүтээлчид хийсэн нүүр будалтаа нийтэлдэг. Тэндээс мөн шинэ санаа авч хэрэгжүүлдэг.
Энэ жилийн тэмцээний үеэр Арменчууд маш мундаг оролцсон. Тэд олуулаа ч байсан. Ер нь дийлэнх улсуудыг ажиглахад цөөн тооны уран бүтээлчидтэй л ирсэн байсан.
Намайг анх тэмцээнд оролцож байх үед ОХУ, БНХАУ-ын оролцогчид хүчтэй байсан. Үнэнийг хэлэхэд бид нар өрсөлдөж ч чаддаггүй байсан. Тухайн үедээ дэлхийн make up ийм түвшинд байгаа юм байна гэх төсөөлөлтэй л буцаж байсан. Тэр цагаас хойш бид өөрсдийгөө маш сайн бэлдсэн учир дэлхийн хэмжээний артистуудтай хөл нийлүүлж зогслоо.
- Монголын make up-ийн мэргэжилтнүүдийн чансааг хэр зэрэг байна гэж хардаг вэ?
-Монголын артистуудын чадвар маш сайн гэж хувьдаа боддог. Чадвар дан ганц тэмцээнд оролцдог эсэхээр шийдэгддэг зүйл биш шүү дээ. Манай орон харьцангуй цөөн хүн амтай ч гэсэн маш олон артисттай. Тийм учраас өрсөлдөөн ч их байдаг.
Миний хувьд олон жил тэмцээн уралдаанд орж, нүүр будалт хийдэг хүмүүстэй ойр байсан учир тэдний хэр зэрэг сайжирч байгааг анзаардаг. Бүгд өөрийн гэсэн өнгө төрх, мэдрэмжийг агуулсан будалтыг хийдэг учир тэдний уран бүтээлийг харах дуртай.
-Монгол эмэгтэйчүүдэд ямар будалт зохих вэ, дийлэнхдээ тик ток бичлэг дагаж нүүр будалт хийж харагддаг.
-Монгол эмэгтэйчүүд маань дэлхийд гайхагдах үзэсгэлэнтэй гэж миний хувьд хардаг. Яагаад вэ гэвэл, олон жил артист хийж тэмцээнүүдэд оролцох үеэр ихэнхдээ европ царай төрх дээр ажилладаг. Тэд хэт хүнхэр нүд, жижиг нүүр, өндөр хамартай шүү дээ. Миний хувьд Монголд төрх дээр будалт хийгээд сурчихсан болохоор ч тэр үү Монгол зовхи будаж, Монгол арьс дээр гэрэл сүүдэр тавих нь илүү таатай санагддаг. Сая тэмцээний үеэр хуримын будалт хийх моделоо сонгохдоо заавал ази төрхийг сонгоно гэж явсаар Монгол охины төрх дээр ажилласан.
Тик ток бичлэгийн тухайд илүү тренд дагасан нүүр будалтыг харуулдаг. Гэхдээ тухайн бичлэгийг 100 хувь даган будалт хийх нь Монгол охидод жаахан зохимжгүй санагддаг. Хүн бүрийн нүүрний хэмжээ, арьсны бүтэц ялгаатай шүү дээ. Тийм учраас яг өөрт тохирсон бүтээгдэхүүнийг сонгон үзэсгэлэнтэй хэсгийг тодотгосон будалтыг хийхийг зөвлөж байна. Магадгүй тэр будалтаа олоогүй, чадахгүй байгаа тохиолдолд мэргэжлийн хүмүүст нэг удаа хандаж зөв будалтаа олохыг зөвлөж байна.
-Монголд "make up" урлаг гэхээсээ илүү бизнес болчхоод байх шиг санагддаг.
-Хэцүү асуулт байна. Гэхдээ бид бусадтай л адилхан хийсэн хөдөлмөрөө үнэлүүлж тодорхой хэмжээний мөнгө олж буй. Нэг талаасаа уран бүтээл нөгөө талдаа бол бизнес. Харин бизнес рүүгээ хэт хазайлгүй өөрийн уран чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн бүтээл хийх нь чухал.
Мөн өөрийг тань сонгоод зорьж ирсэн үйлчлүүлэгчийнхээ сэтгэлд нийцсэн үйлчилгээг үзүүлж байх нь чухал. Хэрэв чадахгүй бол манай салбар өрсөлдөөн ихтэй тул таны бизнес урагш явахгүй л гэсэн үг.
-Бүтээгдэхүүн сонголтын талаар?
-Хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа бол нэг хүн "сайн, гоё" гэхээр л аваад хэрэглэчихдэг явдал.
Хэрэв арьсныхаа онцлогийг мэдэхгүй байгаа бол оношлуулах хэрэгтэй. Ингэж байж л ямар бүтээгдэхүүн танд тохирохыг мэднэ шүү дээ. Дараагаар нь авах гэж байгаа бүтээгдэхүүнийхээ гол орц найрлага, бүтцийг анхаарч харах нь зүйтэй.
Харин make up бүтээгдэхүүн сонгохдоо хэрэгтэй хэрэггүй бүтээгдэхүүн худалдаж авахынхаа өмнө өөрөө мэдэхгүй бол мэргэжлийн хүнд хандаарай гэж зөвлөмөөр байна. Үгүй бол буруу сонголт хийчихвэл мөнгө санхүүгээрээ ч хохирох эрсдэлтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.