Logic puzzle-ийн мөнгөн медальт А.Оюун-Эрдэнэ: Сэтгэл санаа тавгүйтэх үед бодлого бодож тайвширдаг
Өнгөрсөн сард зохион байгуулагдсан олон улсын "Logic puzzle" тэмцээнд мөнгөн медаль хүртэж, эх орныхоо нэрийг цуурайтуулсан оюунлаг сурагч А.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.
-Өөрийгөө манай уншигчдад танилцуулбал?
-Сайн байцгаана уу, намайг Адъяажавын Оюун-Эрдэнэ гэдэг. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 12А ангийн сурагч.
-Хэзээнээс IQ-аар хичээллэж эхэлсэн бэ?
IQ буюу сэтгэх чадвараар анх гурван настайгаасаа эхэлж хичээллэж эхэлсэн. Ээж маань өөрөө IQ-ийн багш, бага байхад гэрт маань ах эгч нар маань ирээд IQ-ийн улсын олимпиадад бэлддэг байсан болохоор ер нь бол багаасаа энэ зүйлд аягүй сонирхолтой байсан.
Харин Logic puzzle-ийн хувьд гэх юм бол анх оюуны чадварын IQ төвийнхөн маань Монголд энэ зүйлийг оруулж ирээд олимпиад зохион байгуулж эхэлснээс нь буюу гурван жилийн өмнөөс анх хичээллэж эхэлсэн.
-Logic Puzzle-аар хичээллэх болсон шалтгаан?
Logic puzzle-ийн бодлого бүр яг цорын ганц зөв хариутай байдаг. Тэр зөв хариуг олохын тулд мянга мянган боломжуудаас хамгийн дөт, хамгийн зөв, хамгийн хурдан олохыг нь сонгох ёстой байдаг. Тэр зөв хариуг хамгийн түрүүнд олж чадсан хүн нь ялдаг учраас тэр нь миний сонирхлыг илүү ихээр татаж чадсан.
-Бэлтгэлээ хичээлийнхээ хажуугаар хэрхэн зохицуулдаг вэ?
-Бэлтгэлийн хувьд гэх юм бол бид нар яг жилийн циклээ алдахгүй явахыг хичээдэг. Гурван сарын улсын олимпиад, түүнээс өмнөх аймгийн олимпиад, цуврал олимпиад, сургалт, 1-8 сарын хооронд сар болгон болдог олон улсын олимпиад гэх мэтчилэн бэлтгэлтэй явдаг. Яг дэлхийн аваргын бэлтгэлийн хувьд гэх юм бол бид нар гуравдугаар сард улсын олимпиаддаа оролцчихоод жил болгон хаана болохоосоо шалтгаалаад монголоос дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг явах уу, найман хүний бүрэлдэхүүнтэй баг явах уу гэдгээ шийддэг. Хэрвээ монголын багт багтчихсан байх юм бол зургаадугаар сараас эхлээд онлайнаар бэлтгэлээ хийдэг. Онлайн бэлтгэлийн хувьд өдөрт 4-5 цагийг зарцуулахыг хичээдэг. Харин ес, аравдугаар сард танхимаар бэлтгэлээ хийдэг. Танхимын бэлтгэлдээ дор хаяж арван цагийг зарцуулдаг.
-Олон цагийн бэлтгэлд, гэр бүлийнхэн нь хэрхэн дэмждэг вэ?
-Энэ чиглэлээр тууштай хичээллэж, гадагшаа тэмцээн уралдаанд явахад бол мэдээж хамгийн ихээр тусалдаг хүмүүс бол манай гэр бүл. Тэр дундаа миний аав ээж хоёр. Аав ээж хоёр маань ямар ч үед намайг дэмждэг. Бэлтгэлтэй байх үед бол надад ямар ч саад болдоггүй. "Чи яг зуун хувь анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй, чи яг наад бэлтгэлээ хийх хэрэгтэй, чамд үүнээс өөр санаа зовох юм байхгүй, чиний хамгийн том зорилго чинь бол наад бэлтгэл чинь шүү" гэдгийг надад тэгж ойлгуулж тухтай байлгадаг.
-Хамгийн сэтгэлд хоногшсон амжилтаасаа дурдвал?
-Миний хувьд болохоор багаасаа математик, IQ, шатраар хичээллэж эхэлсэн. Ер нь бол жоохон толгойгоо ажиллуулах дуртай гэж хэлж болно. Хамгийн их сэтгэлд тод үлдсэн амжилт гэх юм бол мэдээж яахын аргагүй Logic puzzle-ийн анхны жилийн улсын олимпиад байсан. Би яг хоёр өдрийн бодолтын дараагаар есдүгээр байранд байсан. Тэгтэл нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл буюу эхний зургаан байр шагналтай байсан. Тэгээд би яг тэр өдрөө уйлаад. Маргааш нь манайд бодлого хамгаалалт гэж болдог. Би тэгээд тэр бодлого хамгаалалтад ороод хоёр бодлого хамгаалах гэж орсон. Нэгийгээ хамгаалаад нэгийгээ болохоор өөрийнхөө хайнгаас болж алдаад яг уйлж гарч ирж байсан. Тэр үед болохоор аав ээж маань яг намайг аль ч оноогоо авч чадсангүй дээ, одоо ингээд медалиас мултарчихлаа даа гэж ерөнхийдөө бодож байсан. Тэгтэл би болохоор дотроо аль хэдийн хүрэл медалийнхаа болзлыг хангачихсан нэг оноогоо аваад, нөгөө оноогоо болохоор өөрөө ингээд хэдий бодсон ч гэсэн жоохон юман дээрээс болж алдчихсан болохоор жоохон өөртөө гэмшээд уйлаад. Түүнийг л бодчихсон байсан бол би мөнгө магадгүй алт руу ч орчих байсан. Тэр медалийн тавцанд зогсох л миний хамгийн том сургамж, хамгийн том амжилт байсан гэж боддог. Ер нь бол миний хамгийн үнэ цэнтэй медаль тэр байх гэж боддог.
-Одоо төгсөх ангийн сурагч. Мэргэжлээ сонгосон уу?
-Хараахан баттай болгож, амжаагүй. Ер нь бол хоёр, гурван мэргэжлийн дунд алийг нь сонгохоо мэдэхгүй жоохон гацаад байгаа. Logic puzzle-аараа бол угаасаа цаашаа явна. Одоо надад дахиад алтан медаль авах зорилго байгаа, дахиад өөр ч зорилгууд бас байгаа тийм болохоор энийгээ бол хаяхгүй. Аав ээж маань багш болоод ч тэр үү би ер нь хүнд багшлах, юм заах аягүй дуртай. Өнгөрсөн нэгдүгээр сард puzzle-ийнхаа багийн гишүүдтэй нийлээд улс орон даяар 64 цагийн сургалтыг бусдад амжилттай заасан. Одоо дахиад хоёр дахь сургалтаа зарлах гэж байгаа. Ганцхан сургалт ч гэхгүй надаас найзууд маань, дүү нар маань, багш нар маань юм асуухад ер нь бол аль болох төвөгшөөлгүйгээр чин сэтгэлээсээ ойлгуулахыг хичээгээд шөнө байсан ч хамаагүй, өдөр байсан ч хамаагүй аль болох цаг заваараа хэлж өгч заах дуртай.
-Ер нь математик, iq зэрэг сэтгэх чадварын бодлого бодолтууд чиний амьдралд ихээхэн байр суурь эзэлжээ. Энэ талаар?
-Миний хувьд IQ, математик, шатар гэх зүйлүүдийг нэг үгээр тодорхойл гэх юм бол би шууд "анагаагч" гэж хэлнэ. Яагаад гэхээр өсвөр насны бидэнд хааяа бусадтай үг дугармааргүй, юу нь мэдэхгүй бусдад гомдоод, тунирхаад нэг л сонин мэдрэмж байгаад байдаг шүү дээ. Тэр үед би бодлогоо гаргаж ирж бодоод, утсан дээрээ шатраа тоглоход л тайвширчихдаг. Тэгэхээр үеийнхээ найзуудыг ч томчуудыг ч бас хэрвээ чамд ямар нэгэн зүйл чинь болохгүй байх юм бол ямар нэгэн зүйл хиймээргүй санагдах юм бол түр хугацаанд завсарлага аваад дуртай зүйлээ хийгээрэй гэж хэлмээр байна.
Бас эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд хэрвээ хүүхэд чинь ямар нэгэн зүйлд үнэхээр сонирхолтой түүнийгээ хүнээр хэлүүлэхгүй хийдэг, тэр зүйлээ хийхэд аз жаргалтай байж чадаж байгаа бол хүүхдийгээ битгий хориглоорой харин сонирхлыг нь улам дэмжиж, ямар ч үед бид нар ард чинь байгаа шүү гэдгийг мэдрүүлээрэй гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.