БНХАУ-ын эдийн засгаас гадаад компаниуд мөнгөө татсаар байна
Гадаадын компаниуд гуравдугаар улиралд БНХАУ-аас үргэлжлүүлэн мөнгөө татав. Бээжин эдийн засгийнхаа өсөлтийг тогтворжуулах арга хэмжээ авч байгаа. Гэхдээ ийнхүү компаниуд мөнгөө татсаар байгаа нь Бээжингийн бодлого зарим хөрөнгө оруулагчдын бодлыг өөрчлөхөд хангалтгүй байгаагийн шинж юм.
БНХАУ-ын Гадаад валют арилжааны удирдлагын газар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр мэдэгдэл хийхдээ төлбөрийн тэнцлийн шууд хөрөнгө оруулалтын өр гуравдугаар улиралд 8.1 тэрбум ам.доллароор буурсан гэжээ. Энэ үзүүлэлт нь Хятадад орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хэмждэг юм. Тус үзүүлэлт энэ оны эхний есөн сарын байдлаар бараг 13 тэрбум ам.доллароор буураад байна.
Гадаадын хөрөнгө оруулалт 2021 онд түүхэн дээд түвшинд хүрснээсээ хойш сүүлийн гурван жил дараалж буурав. Энэ нь геополитикийн зөрчил, эдийн засгийн өсөлтийнх нь талаар бүрхэг хандлага болон автомашин зэрэг салбарт БНХАУ-ын дотоодын компаниудын өрсөлдөөн нэмэгдсэнтэй холбоотой аж. Хэрэв бууралт энэ жилийн турш үргэлжилбэл 1990 оноос хойш анх удаа БНХАУ-д шууд орж ирэх гадаад хөрөнгө оруулалтын урсгал хасах үзүүлэлттэй болох магадлалтай.
Энэ онд БНХАУ дахь зарим үйл ажиллагаагаа бууруулсан компаниудын дотор автомашин үйлдвэрлэгч “Nissan Motor Co.”, “Volkswagen AG” мөн “Konica Minolta Inc.” зэрэг бусад компаниуд багтаж байгаа юм. Мөн “Nippon Steel Corp.” долоодугаар сард БНХАУ дахь хамтарсан бизнесээ орхиж байгаагаа мэдэгдсэн. “International Business Machines Corp.” Хятад дахь мянга орчим ажилтантай тоног төхөөрөмж судалгааны багаа татан буулгах болсон.
АНУ-ын ерөнхийлөгчөөр Доналд Трампын хоёр дахь удаагаа сонгогдсон тул худалдааны дайн өргөжиж, Бээжинтэй харилцаа улам дордож магадгүй нь хөрөнгө оруулалтад цаашлаад дарамт учруулж болзошгүй. Шанхайн Америкийн Худалдааны танхимын дарга Аллан Габор геополитикийн зөрчил бол тус танхимын гишүүдийн хамгийн их санаа зовж буй асуудал гэжээ.
Хятадын Олон улсын Импортын Экспо дээр байхдаа Габор “Bloomberg” агентлагт "Геополитикийн зөрчил томоохон хөрөнгө оруулалт хийхэд хэцүү болгодог. Харин эсрэгээрээ манай олон гишүүн бага, дунд хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа нь ажиглагдсан. Маш нарийн алхмаар хөрөнгө оруулалт хийх орчин үүссэн” гэж хэлсэн байна.
Есдүгээр сарын сүүлээр эдийн засгаа идэвхжүүлэхээр Бээжингийн гаргасан хүчин чармайлт нь хэсэг гадаад хөрөнгө оруулагчдад ашигтай байжээ. Тэр нь хувьцаатай гадаад хөрөнгө оруулагчид. БНХАУ-ын Төв банкны мэдээллээс харвал гадаад хөрөнгө оруулагчдын эзэмшдэг хувьцааны ханш наймдугаар сараас хойш 26 хувиар өссөн байна. БНХАУ-ын жишиг хувьцааны индекс есдүгээр сард эдийн засгийг идэвхжүүлэх бодлого хэрэгжүүлсний дараа бараг 21 хувиар өссөн юм. Гэхдээ одоо буцаад бага зэрэг буурчээ.
Гадаад хөрөнгө оруулалт буурахтай зэрэгцэн БНХАУ-аас гадагш чиглэсэн хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн байна. Гуравдугаар улиралд Хятад компаниудын гадаадад байршуулсан хөрөнгө ойролцоогоор 34 тэрбум ам.доллароор нэмэгдсэн аж. Энэ оны эхний есөн сарын байдлаар гадаад руу гаргасан нийт хөрөнгийн хэмжээ 143 тэрбум ам.доллар болж, түүхэн дэх гурав дахь хамгийн өндөр хэмжээндээ хүрсэн юм.
“BYD Co” зэрэг Хятад компаниуд түүхий эдийн эх үүсвэрээ баталгаажуулж, бусад зах зээлд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилгоор гаднын улсад үйл ажиллагаагаа өргөтгөж байгаа юм. АНУ БНХАУ-ын бүх бараанд татвар тогтооно зэргээр гаднын орнууд заналхийлж байгаа учраас энэ чиг хандлага цаашид өргөжих төлөвтэй байна.
Эх сурвалж: Bloomberg
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.