
Өнөөдөр хавдрын эмнэлэг монголд ганцхан бий. Гэтэл хавдраар өвчлөгсдийн тоо өдөр бүр нэмэгдэж байна. Төсвийн гачигдалтай шалтгаанаар ХСҮТ-ийн шинэ эмнэлгийг барина гэж 2022 оноос ярьсан. Гэвч одоог хүртэл барилга барих нь битгий хэл зураг төсөл нь гараагүй байна. Амьд явахын тулд байдгаа барж гадагшаа явах нэг сонголт эсвэл ХСҮТ-ээ бараадах.
Иймд Eguur News агентлаг монголдоо цор ганц хэмээх тодотголтой Хавдар Судлалын Үндэсний төвийн одоогийн нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжлахаар Баянзүрх дүүргийн 18-р хороог зорилоо.
Видео:
Өглөөний 08.30 цаг. Хавдар судлалын үндэсний төвийн автомашины зогсоол дүүрчээ. Харуул нь хашаанд ойртсон машинуудад буцаж эргэх дохио өгөөд, толгой сэгсрэн зогсоолгүй болсон дохио өгнө. Хашаан дотор нь модны сүүдэр, агаар бараадсан 50 гаруй хүн сууж байв. Эмнэлгийн төв хаалгаар дотогш орвол үүдэн хэсэгтээ 200 хол давсан хүн бужигнаж, зөрөлдөж байх нь тэр. Энд ирэгсдийн 90 гаруй хувь нь 50-аас дээш насныхан байх аж. Мөн үүд орчимд хоёр хөтөч зогсох бөгөөд хүмүүс тасралтгүй “Өвчний түүх хаана нээлгэх вэ”, “Цаг авах гэсэн юм” гэх зэргээр асууна. Тэр бүрт гараараа чиглүүлэн, баруун, зүүн эргэнэ зэргээр зааварчилж байлаа.
Энэ бол Хавдар судлалын эмнэлгийн өнөөгийн бодит нөхцөл байдал. Улсдаа ганцхан учраас монгол орны өнцөг булан бүрээс өвдсөн, шаналсан, урьдчилан сэргийлэх гэсэн бүх хүн энэ эмнэлгийн хаалгыг татдаг учраас коридортоо багтахгүй шахам их хүнтэй, хүлээлт ихтэй байдгийг тус эмнэлгээр үйлчлүүлэгчид болон эмч мэргэжилтнүүд нь дуу нэгтэйгээр хэлж байлаа.
Бид үүдний танхимд цаг авахаар дугаарлан суугаа иргэдээс бодит нөхцөл байдал ямар байгааг тодрууллаа. Тэд хорт хавдрын өвчлөл их. Өртөг өндөр, хүлээлт их байгааг онцлов.
-Авсан цагаа хүлээх зуураа хүндрэх тохиолдол маш их-
Иргэдийн төлөөлөл: Шинжилгээ өгөхийн тулд эмнэлэг онгойхоос өмнө 06.00 цагт ирж дараалалд зогсохгүй бол өгөх боломжгүй. Өвдөж шаналсан хүмүүст өвлийн хүйтэнд гадна олон цаг дугаарлана гэдэг амар биш. Үйлчилгээ нь сайн ч хүлээлт ихтэй байна. Томографид харуулах цаг авахад хамгийн багадаа сарын дараа ирээрэй гэх хариулт л сонсож байна. Эмч нарт үзүүлэхэд 5-6 хоногийн дараах цаг л олдоно. Хүн нь ийм их юм яах вэ дээ одоо. Хамгийн хэцүү нь эмчилгээний өртөг зардал. Санхүүгийн хувьд ихээхэн хүндрэл тулгарч байна. Өглөөний 08.00 цагт ирж цаг авахын тулд 450 дахь номерыг авсан иргэн өдрийн 12 цагт ч хүлээсээр л байх юм. ХСҮТ дотоод тохь сайтай, сандал олонтой. Гэвч Монгол Улсдаа ганцхан байдаг хавдрын эмнэлэг учраас ачааллаа яагаад ч дийлэхгүй байгаа нь үнэн шүү.
Иргэн М.Насан: Өнгөрсөн зургаадугаар сард хорт хавдартайгаа мэдсэн. Тэгээд бриллиант эмнэлэгт хэвтэж, эмчлүүлээд, Сонгдо дээр бүх шинжилгээгээ өгөөд хоёр сар гаран эмчлэгдээд эмчилгээ дуусах тийшээ хандаж байна.
Улсын эмнэлгийн оочер дугаар нь олдохгүй, хугацаа алдахаар байсан тул яалт ч үгүй хувийн эмнэлгээр явах шаардлагатай болсон. Би дараа жил ч үзүүлж амжихгүй байхаар байсан шүү. Мөнгө хуримтлуулсан тулдаа л цаг алдалгүй эмчилгээгээ хийлгэсэн байдаг.
Одоо эгч нь таван удаа хими, 25 удаагийн туяа эмчилгээнд ороод явж байна. Цаашлаад дотор туяандаа дөрвөн удаа ороод энэ сарын 20-нд эмчилгээ минь дуусна гэсэн. Би наймдугаар сарын 12-нд цаг авчихсан байсан.
-Бид үнэхээр эмнэлэгтээ багтахгүй байна-

-Хавдар судлалын эмнэлгийн ачаалал, өнөөдрийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Хавдар судлалын үндэсний төвийн лабораториор өдөрт 5000-6000 хүн үйлчлүүлдэг. Энэ бол манайхаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч бол бусдаас өвөрмөц, хүнд оношийг сонсдог хүмүүс учраас тухайн өвчтөний гэр бүлийн 3-5 хүн заавал дагаж явдаг учраас манай ачаалал нэлээн их харагддаг. Гэхдээ яг бодитойгоор лабораторийн оношилгооны, шинжилгээний үзлэгт ороод гарч байгаа хүний тоо бол 1200-1500 орчим хүн өдөрт үйлчлүүлж байдаг. Нөхцөл байдлын тухайд 10 сарын байдлаар амбулаториор нийт 122,337 үзлэг хийгдсэн. Ер нь өдөртөө манайхаар тусламж, үйлчилгээ авч байгаа хүмүүсийн 64.8 хувь нь өдөртөө тусламж үйлчилгээгээ аваад явж байна. Харин 30 гаруй хувь нь эмчилгээ, үйлчилгээгээ хүлээж байна гэж ойлгож болно.
-Өвдөж байгаа хүмүүсийг насны бүлгээр ангилбал?
-Манай дээр үзлэг, оношилгооны 40 кабинет ажилладаг. Энэ кабинетуудаас нийтдээ 7 орчим нь маш их хүлээгдэлтэй байдаг. Цаана нь үлдэж байгаа 23 кабинет тухайн өдөртөө болон 7 хоногтоо бол үзүүлэх боломжтой. Тэгэхээр хамгийн их хүлээлттэй байгаа нь компьютер томограф, туяаны эмчилгээ, химийн эмчилгээ гэх мэтчилэн өвөрмөц эмчилгээ шаардагддаг кабинетууд 21-28 хоног хүртэл хүлээгдэлтэй байдаг.
Бид энэ хүлээгдэлтийг бууруулахын тулд нэлээдгүй ажлыг зохион байгуулж байна. Жишээлбэл, Төвлөрлийг сааруулахаар орон нутагт эмч нарын баг ажиллаж байна. Харьяа дүүргүүд дээр төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэхийн тулд химийн эмч нарын болоод бусад чиглэлийн мэс заслын төрөлжсөн нарийн мэс заслын эмч нарыг бэлтгэн гаргаж байна.
-Хүлээлттэй байдаг хэд хэдэн кабинет байдаг гэлээ. Манай улсын иргэд аль төрлийн хавдраар зонхилон өвчилж байна вэ?
-Монголчуудын дунд зонхилон тохиолддог хавдрууд бол хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хавдрууд байдаг. Үүнд бол ходоод, улаан хоолой, элэг, эмэгтэйчүүдийн хавдар, бүдүүн шулуун гэдэсний хавдрууд дийлэнх хувийг эзэлж байна. Хамгийн нэгдүгээр байранд улаан хоолой болон элэгний хорт хавдар эзэлж байна.
Насны ангиллаар хараад үзэх юм бол, 40-өөс дээш насандаа буюу нас ахих тусмаа хавдраар өвчлөх магадлал, эрсдэл нь нэмэгддэг. Тийм учраас ерөнхийдөө иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт орж эрт оношлуулах юм бол хавдар гэдэг өвчин эмчлэгдэх бүрэн боломжтой. Энэ бол тухайн иргэний, тухайн гэр бүлийн урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол, мэдлэг зэргээс маш их шалтгаалдаг. Ялангуяа нас ахих тусам зонхилон тохиолдож байгаа хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт маш сайн орж байх хэрэгтэй.
-Хамгийн их хүлээлттэй байдаг нь туяа эмчилгээний кабинет юм билээ?
-Манайх туяа эмчилгээг яагаад ч сааруулж чадахгүй. Яагаад гэвэл монгол улсын хэмжээнд ХСҮТ дээр л ганцхан туяа эмчилгээ хийгддэг. Гэтэл тэр туяа эмчилгээ бол орон нутагт хийгдэхгүй шүү дээ. Туяа эмчилгээг нарийн мэргэжлийн эмч өөрөө үзлэг хийгээд, физик төлөвлөлтөд ордог. Тэр төлөвлөлтөд орохын тулд тухайн хавдартай эдийг нарийвчилсан инжинерчлэлийн аргаар бодож тухайн эрхтэнд нь шарлага хийнэ. Тэгэхээр гарцаагүй туяа эмчилгээ 30 хоногийн хүлээгдэлт байгаа.
-Жил болгон хавдрын шинэ эмнэлэгтэй болгоно гээд л төсөвт суулгасан хэдий ч хойшлуулаад байдаг шүү дээ. Та энэ салбарын тогоонд ажилладаг хүний хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байдаг. Үнэхээр бидэнд шинэ хавдрын эмнэлэг хэрэгтэй юу?
-Төвлөрөл, ачаалал бол ХСҮТ-д хамгийн их байдаг. Учир нь 21 аймаг, 361 сумын бүхий л монгол улсын газар нутагт байгаа хүмүүс ирж хавдрын тусламж үйлчилгээг зөвхөн манай эмнэлгээс авч байна. Манай эмнэлэг 1961 онд энэ баригдсан эмнэлэгтээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэтэл бид ачааллаа бууруулах, энэ их хүлээгдэлтийн талаар олон гомдол чирэгдлийг бууруулахын тулд жил болгон хамгийн ачаалалтай кабинетуудаа нэг нэгээр нэмэгдүүлсээр байгаад анх үзлэг оношилгооны 28 кабинет ажилладаг байсан бол хамгийн их ачаалалтай кабинет дээрээ жил бүр нэмсээр байгаад одоо үзлэг оношилгооны 40 кабинет болтлоо нэмэгдсэн. Гэтэл бид бол үнэхээр эмнэлэгтээ багтахгүй байгаа. Эмч нар тэр байтугай хоёроороо сууж өвчтөний үзлэгийг хийх нөхцөл бүрдээд байна шүү дээ. Тийм учраас гарцаагүй бидэнд эмнэлгээ өргөтгөх, тоног төхөөрөмжөө сайжруулах, эмнэлгийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх, эмч нарын чадамжийг сайжруулах гээд маш олон хавдрын эмнэлгийн тулгамдсан асуудал байсаар л байна.
Гэхдээ одоо бид иргэдийн хүлээгдлийг бууруулах, ачааллыг багасгах, төвлөрлийг сааруулахын тулд бусад 1,2 дугаар эмнэлэг, бусад дүүргүүд рүү харьяаллын дагуу эмчилгээ үйлчилгээ явуулж байгаа боловч 60 жилийн түүхтэй Хавдар судлалын төв эмнэлгээр үйлчлүүлэх үйлчлүүлэгчийн хүсэлт, зорилго нь яг наашаагаа эмчлүүлэх л хүсэлтэй байдаг. Гэвч бүх хүнийг хүлээн авах тийм цэлгэр сайхан эмнэлэг одоогоор байхгүй байна шүү дээ.
-Хэрхэн эмчлэх нь тодорхой болчихсон хэр нь нас баралтаар тэргүүлээд буйн гол шалтгаан?
-Удамшлын болон амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй. Буруу амьдралын хэв маягтай бол дунджаар 15-20 бүр 30 жилийн хугацааны дараа хавдар бий болно. Халдварт өвчин шиг гэнэт илэрдэггүй.
Монголчуудын 70 гаруй хувь нь хорт хавдраа хожуу үедээ мэдэж байна. Тиймээс хавдраар нас барах нь их байгаа хэрэг. Монголчууд хавдрыг эмчилж чадахгүй байгаадаа бус эмчлэх боломжтой үед нь оношлуулж чадахгүй байгаагаас болж байна.
Хүмүүс зовуурь илэрсний дараа эмчид хандах нь буруу. Хүний эд эрхтэн өвдөхдөө шууд зовуурь өгдөггүй. Хортой нөлөөлөл өгөөд байхад хүний бие эхлээд өөрөө зохицуулах гэж тэмцдэг. Тэмцэж тэмцсэний эцэст дийлэхгүй дарлуулаад ирэхээрээ шинж тэмдэг өгнө. Шинж тэмдэг өгсний дараа эмчид хандана гэдэг бол өвчин газар авсан, биеэр тархсан хойноо хандаж байгаа гэсэн үг. Энэ үед эмчид хандвал эмчлэгдэх боломж багассан байдаг. Хорт хавдар бол нэг эрхтний өвчин бус эрхтэн системийн өвчин. Нэг эрхтэн хорт хавдраар өвдөхөд гүйцэт эмчлүүлэхгүй бол ойр байгаа эрхтнүүдээ өвчлүүлнэ. Тунгалагийн систем, цусаар дамжиж холын болон ойрын эрхтнүүддээ үсэрхийлдэг. Хожуу үед оношлуулна гэдэг бусад нүдэнд үл харагдах түвшинд тархчихсан, үсэрхийлсэн байх магадлал маш өндөр.
Хавдар судлалын эмнэлэгийн хувьд засвар хийх ч боломжгүй болтлоо барилгын чанар нь муудсан. Мөн хоёр туяа эмчилгээний аппарат ажилладаг байна. Энэ нь өдөрт 80 хүн үзэх боломжтой ч 120 хүн үздэг. Тиймээс иргэд туяа эмчилгээнд орохын тулд 1-2 сар хүлээдэг аж. Зургаан ширхэг туяа эмчилгээний төхөөрөмжтэй болж байж ачаалал хэвийн болох боломжтой. Гэтэл төхөөрөмж нэмэх гэхээр одоогийн эмнэлгийнх нь барилгын багтаамж хүрдэггүй аж.
Иймд бид туяа эмчилгээний тасгийн ахлах физикч В.Энхцэцэгээс одоогийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Одоогийн бидний чадамж, хүртээмж ердөө 15 хувь л байна-

Туяа эмчилгээ үүссэн цагаас хавдрын голомт дээр хамгийн өндөр тунг өгч, эргэн тойрны эрүүл эд эрхтэнг нь дээд зэргээр хамгаалах зорилготой байсан. Одоо ч хэвэндээ. Тэгэхээр туяа эмчилгээний шинэ технологи бүр энэ зорилгод чиглэдэг гэсэн үг. Өдөртөө эмчилгээнд 90-110 хүн эмчилгээнд орж байна. Бид саяхан эмчилгээний шинэ аппрат авч суурилуулаад эмнэлгийнхээ хүртээмжийг 20-25 хувиар нэмэгдүүлсэн. Гэхдээ хөгжилтэй орнуудтай харьцуулах юм бол 1000 гаран хүнд эмчилгээ хийж байна гэдэг хангалттай тоо биш.
Бид 20-30 жилийн өмнөх технологийг одоо л гүйцэж байна. Сүүлийн 3-4 жилд хавдрын эмчилгээнд багагүй ахиц гарлаа. Гэхдээ өндөр хөгжилтэй орнуудын хийж байгаа нарийн технологи бүхий туяа эмчилгээг хараахан нэвтрүүлээгүй байгаа ч тодорхой зорилт тавьсан. Цаашид хавдрын эмчилгээний технологиудын хойноос биш олон улстай мөр зэрэгцэж явах том зорилготой ажиллаж байна.
Хөгжингүй орнуудын хувьд хийгдсэн судалгаанаас харахад нийт хавдартай өвчтөнүүдийн 50-60 хувьд нь туяа эмчилгээ хийгддэг. Хөгжиж байгаа орнуудын хувьд 30-40 хувьд нь туяа эмчилгээ хийдэг. Манайх жилдээ 7000 хүн гэж үзэх юм бол 2500-3500 хүн туяа эмчилгээ хийлгэх шаардлага байгаа гэсэн үг. Гэхдээ одоогийн бидний чадамж, хүртээмж бол 15 хувь л байна. Дахиад үүнийг 15-16 хувиар нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгаа. Одоогоор ажиллаж байгаа хүчин чадлаараа ажиллахад дахиад энэ хэмжээний тасаг, тоног төхөөрөмж хэрэгцээтэй гэж харж байна.
Боловсон хүчний хувьд монгол улсад ганцхан байгаа мэргэжлийн эмнэлэг шүү дээ. Тэгэхээр шууд зах зээл дээр бэлэн боловсон хүчин аваад ажиллуулах боломж байдаггүй. Заавал нарийн мэргэшүүлж, сургаж байж мэргэшсэн боловсон хүчин болдог. Ер нь бүх эмнэлгийн салбар тэр чигтээ л боловсон хүчний дутагдалд орчихсон байгаа шүү дээ. Манайх ч мөн боловсон хүчний дутагдалтай л ажиллаж байна.




-Монголчууд жилд ₮330-350 тэрбумыг хорт хавдраа эмчлүүлэхээр гадны улсыг зориход зарцуулдаг

Монголчууд жил бүр хорт хавдрын эмчилгээ хийлгэхээр гадаадын улс орнууд руу зорчих зардалд их хэмжээний мөнгө зарцуулдаг. Одоогийн байдлаар албан ёсны нарийвчилсан статистик мэдээлэл бүрэн биш байгаа боловч зарим судалгааны үр дүн, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн таамаглалаар жилд дунджаар 100–150 сая ам.доллар буюу 330-500 тэрбум төгрөг орчим мөнгийг монголчууд гадаадын улс орнуудад эмчилгээ хийлгэхэд зарцуулж байгаа гэсэн тооцоо бий.
Монголд хорт хавдрын эмчилгээ харьцангуй бага өртөгтэй ч эмчилгээний дэвшилтэт аргуудыг хэрэгжүүлэхэд тулгарч буй технологийн хязгаарлалттай тул олон хүн гадаад руу эмчлүүлэхийг илүүд үздэг. Эмчилгээний зардлын тухайд хими эмчилгээ, туяа эмчилгээ, мэс засал, дархлаа эмчилгээ, зорилтот эмчилгээ зэргийн төлбөр. АНУ, Япон, Солонгос, Сингапур зэрэг оронд хавдрын эмчилгээ өндөр өртөгтэй байдаг тул манай улсын иргэд энэ зардлыг ихэнхдээ өөрсдөө гаргадаг.
• Солонгос: БНСУ-д хавдрын эмчилгээний зардал Япон, АНУ зэрэг орнуудтай харьцуулахад арай хямд. Гэсэн ч мэс засал, туяа болон хими эмчилгээ зэргийн зардал нь дунджаар $20,000–$100,000 (66-330 сая төгрөг) байдаг.
• АНУ, Япон: Эдгээр орнуудад эмчилгээний өртөг өндөр. Жишээ нь, АНУ-д хавдрын дэвшилтэт эмчилгээнд 100,000–1 сая ам.доллар (330 сая–3.3 тэрбум төгрөг) зарцуулагдах тохиолдол ч бий.
-2040 он гэхэд хорт хавдрын өвчлөл, нас баралт 96 хувиар нэмэгдэнэ-
Хавдраар жил бүр 5000-6000 хүн нас бардаг гэх тоо баримт бараг чихэнд нь дасал болж. Гэтэл цөөхөн хүн амтай Монгол Улсад 6000 гэдэг бага тоо огтоос биш. Жишвэл, хүн ам олонтой нэг сум, цөөтэй бол хоёр сумын иргэнтэй тэнцэх хэмжээний хүн хорт хавдраар нас барж байна гэсэн үг.
Элэгний хавдраар манай улс дэлхийд тэргүүлж байна. Ходоод, уушги, улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдар удаалж байна. Одоо бүр шодойн хорт хавдар ч бүртгэгдэж, эрчүүд бэлэг эрхтнээ тайруулж байна. Удахгүй 10-15 жилийн дараа уушгины хорт хавдраар тэргүүлж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.
Эмнэлгийн тоног төхөөрөмж байхгүй, эрх баригч, шийдвэр гаргагчид нь яриад л байдаг хийдэггүй хэрэгждэггүй. Салбарын сайддаа нөхцөл байдлаа арайхийж ойлгуулаад ажил хэрэг урагшлах гэхээр дараагийн сайд нь солигдоод ирдэг, ахиад л учраа олдоггүй, ойлгодоггүй. Иргэд нь эрүүл мэндийн боловсрол байхгүй, хэнэггүй хүндрүүлж хожуу шатандаа орсон байдалтай аврал эрээд эмнэлэг барааддаг ч эцэстээ амиа алддаг. Насны хувьд +45 аас дээш насныхан. Уг нь, ид хийж бүтээх насны хүн гэх үнэт капиталаа хорт хавдраар бид алдсаар байна. Эмгэнэл биш гэж үү.
Монголчууд азтай, эх оронтой энэ тэр гэж цээжээ дэлдээд л байдаг юун аз, үнэндээ азгүй юм байна. Тогтолцоо нь буруу, эрүүл мэндийн салбар нь уруу. Эрүүл мэндийн салбар нь элгээрээ мөлхчихсөн. Жил ирэх тусам хавдрын өвчлөл нь нэмэгдсээр.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Asuudal n hereggui uzleg onoshlogoo ih hiideg t uchir n baigaa, 2 shatlald onoshlogoo saijruulah , irged n ter uzleg shinjilgeend itgedeg baih shaardlagatai
Tegehgui bol 2 shatlald uzuulcheed zaaval havdart uzuuleh geed baidag t oocher n ba, havdart uzuulj baij irged n itgedeg butsaad yvdag, oron nutag uruugaa buts#ag
Havdariin emneleg dotroo sudalgaa hiij achaalal haa ba yunaas bolj baigaad dugnelt hiideggui turuus mungu l neheed daatgal ih avah l huseletei baidagtai holbootoi
Darga nar n daatagl tur 2 oos ih mungu avah l huselei