ЭДИЙН ЗАСАГ

Сүүлийн 10 жилийн хугацаанд ипотекийн зээлд 120 мянган айл өрх хамрагдсан

Монгол Улс 2013 оноос эхлэн "Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр" хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэгвэл 2013-2023 оны хооронд нийт 120 мянган зээлдэгчид 7.7 их наяд төгрөгийн ипотекийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр орон сууцад амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн албаны эх сурвалжууд мэдээлж буй юм. Тус зээлд хамрагдсан нийт иргэдийн 40 хувь нь гэр хорооллоос орон сууцад шилжсэн гэх тоон мэдээлэл байгаа аж.

Санхүү эдийн засгийн сургууль болон МИК хамтран "Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам" гэх нэртэй судалгааны ажил хийсэн байна. Тухайн судалгаатай холбоотой тайлангаа өнөөдөр буюу 11 дүгээр сарын 13-ны өдөр танилцууллаа. Бид тухайн судалгааг хийсэн мэргэжилтнүүдтэй ийн ярилцлаа.

-Төр дангаар оролцохгүйгээр хувийн хэвшлийн оролцоог сайн хангаж чадах юм бол гэр хорооллын 20-30 хувь нь 5-10 жилийн дотор орон сууцын хороолол болохыг үгүйсгэхгүй-

Монголын Ипотекийн корпорацийн гүйцэтгэх захирал Б.Гантулга: Засгийн газраас орон сууцны санхүүжилтийн тогтолцоог цаашид хэрхэн үр дүнтэй болгох талаар яригдаж буй. Мөн Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний орон сууцны хороо хүртэл байгуулагдаад явж буй.

Тухайн ажилд СЭЗИС-тай хамтран хийсэн энэ судалгааны ажлын мэдээлэл нэлээд дэм болох байх хэмээн бодож байна. 2013 оноос эхлэн явагдаж буй. Энэ 10 жилд зээлийн нөхцөлтэй холбоотой тодорхой хэмжээний өөрчлөлт орж байсан юм.

Одоогоор Монгол банк тус хөтөлбөрөөс гарч эзэмшигч нь байхаа болих тухай Монголын Валютын сангаас зөвлөмж өгч буй. Тухайн зөвлөмжийн хүрээнд ЗГ шилжүүлэх байх. Шилжсэн эсэхээс үл хамааран энэ хөтөлбөр үргэлжилнэ байх. Бид нэгэнт хоёрдох зах зээлийн тогтолцоогоо бий болгочихсон буй. Одоогоор тулгамдаж буй гол асуудал гэвэл эх үүсвэр, хүртээмж. 2025 онд 1.2 их наяд төгрөгийг ипотекийн санхүүжилтэд зориулан гаргана хэмээн Төрийн эрх барих байгууллагаас мэдээлсэн тухай сонин хэвлэлээс уншсан.

Богино болон дунд хугацаанд юу гэж харж байна вэ гэхээр Нийслэлийн удирдлагын зүгээс эрчимтэй ярьж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил. Өнөөдрийн байдлаар Нийслэл хотын нийт өрхийн 50 гаруй хувь буюу 210 мянган айл өрх гэр хороололд амьдарч байна.

Судалгаагаар нийт 120 мянган айл өрх тус зээлд хамрагдсанаас 40 хувь нь гэр хорооллоос гэх тоо байна. Одоо эргээд харахад "тухайн газрыг аль нэг агентлаг, байгууллага авсан бол гэр хорооллын дахин төлөвлөлт дээр нүүлгэн шилжүүлэх ажилд дөхөмтэй байх байсан" хэмээн бодогдож байна.

Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр барилгын салбарт хаялга нь ирсэн. Жилд 7.5 мянган орон сууц ашиглалтад ордог байсан бол хөтөлбөр хэрэгжсэнээс хойш жил тутам дунджаар 19 мянган орон сууц баригдаж байна гэсэн тоо байна. Эргээд харахад 2,3 дахин нэмэгдсэн байна.

Тэгвэл одоо энэ бүтээн байгуулалтын хэмнэлийг үргэлжлүүлэхийн тулд гэр хорооллын дахин төлөвлөлт хэмээн миний зүгээс харж буй. Яагаад үүнийг чухалчилж хараад байна вэ гэхээр энэ хөтөлбөрийг зэвсэг хэмээн хараад гэр хорооллын дахин төлөвлөлт рүү чиглүүлэх юм бол тулгамдаад буй бэрхшээл, асуудлаас салах боломжтой. Жишээ нь, утаа, түгжрэл, газрын бохирдлын асуудлаа давхар шийдэх боломжтой. Мөн төр дангаар оролцохгүйгээр хувийн хэвшлийн оролцоог сайн хангаж чадах юм бол гэр хорооллын 20-30 хувь нь 5-10 жилийн дотор орон сууцын байхыг үгүйсгэхгүй.

-Зээлд хамрагдаж байна гэхээсээ илүү амьдралд олдож буй ганц боломжоо алдахгүй ашиглахыг хүссэн хүмүүс их байна-

Монгол банкны ахлах эдийн засагч Д.Болдбаатар: Санхүү эдийн засгийн сургууль болон МИК хамтран "Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам" гэх нэртэй сайн судалгааны ажил хийсэн. Тус судалгааны ажилд миний зүгээс зөвлөхөөр ажилласан.

Энэ судалгаанд хоёр чухал дүгнэлт бий.

Нэгдүгээрт. Орон сууцны үнэ их байгаа бөгөөд Монголчуудын өрхийн дундаж орлого 2.6 дахин өсөж байж Олон улсын хэмжээтэй харьцуулж болохуйц тохиромжтой хэмжээнд очихоор байна.

Хоёрдугаарт. Одоогоор хэрэгжиж буй хөтөлбөрийн хувьд хөнгөлөлттэй нөхцөлөөр хэрэгжиж буй. Судлаачийн зүгээс харахад энэ хөнгөлөлттэй нөхцөлд бүхий л боломжоо шавхсан нь ажиглагдаж байна. Тиймээс цааш энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэхдээ зах зээлийн тогтолцоонд шилжихэд анхаарах цаг нь болсон гэж харж байна. Энэ нь хөрөнгийн зах зээлээс орон сууцны ипотекийн санхүүжүүлэлт үзүүлэх тэр боломжийг нээхтэй холбоотой асуудал юм.

Ипотекийн зээлд хамрагдах урт дараалал үсээд байгаа нөхцөл байдлын тухайд санхүүжилтийн тогтолцоо үр ашгаа алдаж байгаагийн нэг хэлбэр гэж миний зүгээс харж байна. Ер нь зах зээлийн нөхцөл байдалтайгаа бүрэн нийцсэн тогтолцоотой бол урт дараалал үүсэх шаардлагагүй болно.

Хүү бага байгаатай холбоотойгоор тухайн зээлд хамрагдахыг хүссэн иргэд олширч байна. Зээлд хамрагдаж байна гэхээсээ илүү амьдралд олдож буй ганц боломжоо алдахгүй ашиглахыг хүссэн хүмүүс их байна.

Яг энэ урт дараалалтай, бага хүүтэй зээлээр хангаж дуусгана гэхэд манай улсын төсвийн боломж хүрэлцэхгүй шүү дээ. Дэмжлэг нь хүчтэй байгаа учир эрэлт дагаад нэмэгдэх нь тодорхой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Amar
Amar
11 сар 14, 2024 09:01

Ипотек гаргаж өгнө гэж хүмүүсээс авилга авдаг гэж дууллаа. харамс�##�тай юм даа.

Зочин
Зочин
11 сар 14, 2024 09:56

Amidraliin blomjtoi ailuud 2-3 bair hyamd vvsbereer avchihsaniig anduuraad bhii 1 aild 1 l ipotek garah btal

Холбоотой мэдээ

Back to top button