
Грек улсын Крит арал дээр болж буй жюү жицүгийн ДАШТ-ий 52 кг жинд эх орноо төлөөлөн оролцож, алтан медаль хүртэн төрийн дууллаа эгшиглүүлсэн "Ralph Gracie Mongolia" академийн тамирчин Алтангэрэлийн Цагаанбилэгтэй бид ярилцлаа.
А.Цагаанбилэгийн бэлтгэл, сургуулилтаа хийдэг уг академи нь анх 7 буудалд 2018 онд 30 гаруй хүүхэдтэй үүд хаалгаа нээсэн бөгөөд одоогоор 110 гаруй хүүхдүүд хичээллэж байгаа аж. Энэхүү академи нь зөвхөн мэргэжлийн тамирчдыг бэлтгээд зогсохгүй бүх насны спорт сонирхогчид болон бүх түвшний хүмүүст зориулсан монголдоо ганцхан байдаг үнэ төлбөргүй сургалтын төв юм.
Түүний хувьд ИЗОУИС-ийн санхүү эдийн засгийн сургуулийн бизнесийн удирдлагын 243 дугаар бүлгийн оюутан юм. Их спортоор хичээллээд гурван жил л болж байгаа ч орсон тэмцээн болгондоо амжилттай оролцож, медалийн тавцанд зогсдог түүний мөрөөдөл нь олимпын аварга болох аж. "Би өмнө нь цаг хугацааг зүгээр л урсгал ус шиг өнгөрөөдөг байсан бол одоо өдөр бүр бэлтгэлээ хичээнгүйлэн хийж байгаа" хэмээх түүний ярианаас хүсэл тэмүүлэл, урам зориг мэдрэгдэнэ. Ингээд түүнтэй жюү жицү, жүдогийн спортын сайн сайхан болоод залуу тамирчинд тулгардаг хүндрэл бэрхшээлийн талаар ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу.
-Дэлхийн аваргын гурван төрөлд оролцоод хоёрт нь шагналт байр, үлдсэнд нэгт нь түрүүлж аварга болсон-

-Саяхан болсон ДАШТ-ээс яриагаа эхэлье. Дэлхийн аварга авахын тулд бие, сэтгэлээ хэрхэн бэлдэв?
-Миний сүүлд оролцсон тэмцээн бол өнгөрсөн 10 дугаар сарын 22-ноос 11 дүгээр сарын 04-ний хооронд зохиогдсон залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ болсон. Би ер нь тэмцээнүүддээ 57 кг-ийн жинд ордог. Гэхдээ сүүлийн тэмцээндээ жингээ хасаад -52 кг-ийн жинд барилдсан байгаа. Сүүлийн тэмцээнд гурван төрөлд оролцсон. Эхний төрөл бол насанд хүрэгчдийн төрөлд 24 улсын тамирчид өрсөлдсөн. Тэгээд би тус төрөлдөө шагналт долдугаар байранд орсон. Дараагийн төрөл бол U21 ангилалд жиндээ 19 тамирчин байж байгаад би шагналт тавдугаар байранд орсон. Дараагийн төрөл бол U21 No-Gi төрөлдөө Румин, Украин, Грекийн тамирчидтай барилдаад алтан медалийн эзэн болсон.
-Тухайн үед төрийн дууллаа эгшиглүүлээд уйлж байсан бичлэг нийгмийн сүлжээнд тавигдаж олны хайр, хүндлэлийг хүртсэн шүү дээ. Яг тэр үеийн агшнаа дүрсэлбэл?
-Шагнал гардуулахаас өмнө нь бол зүгээр л энгийн, тайван байдалтай байсан. Гэхдээ шагнал авах үедээ уйлахгүй дээ гэж бодож байсан. Яг шагнал авахаар гарах мөчид манай холбооны нарийн бичгийн дарга Болд-Эрдэнэ багш маань миний медалийг гардуулж өгөх гээд хүлээж байсан. Хамгийн түрүүнд аавынхаа нэрийг дуудуулаад, дараа нь монгол улсынхаа нэрийг дуудуулаад, төрийн дуулал эгшиглүүлэхийг сонсоод энгэртээ гараа тавиад дагаад дуулж байх мөчид үнэхээр сэтгэл хөдлөөд уйлдаг юм билээ.
-Барилдааны үеийн хамгийн зөв тактикаасаа онцолбол?
-Би энэ тэмцээнд түрүүлэхийн төлөө өдөр болгон л маш сайнаараа бэлтгэлээ хийсэн. Эхний барилдаан хүч шавхсан учраас дараагийнх илүү чанга өрсөлдөгч таарна гэж бодсон. Гэвч дараагийн учраа өмнөх тамирчин шиг байсан учраас алтан медалийн төлөөх барилдаанд ямар нэгэн айдасгүй, сэтгэл зүйн хувьд тогтвортой байсан. Үүнээс гадна томоохон тэмцээнд оролцохдоо заавал түрүүлэх ёстой гэж бодож сэтгэл зүйгээ бэлддэг болсон. Ялангуяа дэлхийн чансаатай тэмцээнээс медаль аваад төрийн дууллаа сонсох мөч хамгийн сайхан байдаг юм байна. Түүнээс гадна гэр бүлийнхэн найз нөхөд, багш гээд надад итгэл хүлээлгэсэн бүхий л хүний урмыг хугалах эрхгүй гэж өөрийгөө зоригжуулсан.
-Өмнө нь олон улсын тэмцээнүүдэд маш амжилттай оролцож байсан юм билээ. Энэ талаараа дэлгэрэнгүй яриач?
-Их олон олон улсын тэмцээнүүдэд оролцож байсан л даа. Заримаас нь дурдвал, Япон улсын Токио хотод зохион байгуулагдах “Их дуулга”-аас алтан медаль, Казакстан улсад зохиогдсон залуучуудын дэлхийн аваргын U21 ангилалд хүрэл медаль хүртсэн. Мөн U21 ангиллын залуучуудын ААШТ-нд мөнгөн медаль тус тус хүртсэн.
-Жюү жицүгээр хичээллээд бусдаар хүндлүүлж, бусдыг хүндэлж сурсан-
-Ингэхэд энэ спортоор анх яагаад хичээллэх болсон юм бэ?
-Би ер нь 10 жилдээ “гэр сургууль, гэр сургууль” л гэсэн сул цаг маш гардаг, тэр үедээ утсаараа маш оролддог хүүхэд байсан. Эхэндээ манай аав надад энэ клубийн талаар хэлж байсан гэсэн. Тухайн үед нь би тоогоогүй болж таарсан. Яг хичээллэх болсон шалтгаан бол нэг багшаараа дамжуулж клубтээ анх бүртгүүлж байсан.
Клубтээ ирсэн эхний өдрөөс л маш сонирхолтой байсан. Хийж байгаа дасгал, элементүүд нь хийж болохоор хөнгөн санагдсан. Тэгээд ер нь миний хамгийн мартдаггүй зүйл бол манай багшийн хэлж байсан үг байдаг юм. Анх удаа орж ирээд багш өөрөө хүүхдүүддээ гардаж дасгалуудаа заагаад явж байсан юм л даа. Тэгээд над дээр ирээд “Өдөрт гурван дасгал сураад явна шүү” гэж байсан. Ингээд дасгалуудаа өдөр өдөртөө сураад явж байхад багш “Чи ямар хурдан юм сурдаг юм бэ. Болж байна шүү. Сайн байна” гэж байсан. Тэр үгэнд нь үнэхээр их урамшсан. Бэлтгэл хийдэг цагаа хүлээдэг байснаас гадна бэлтгэлээ тарчхаад хүртэл маргаашийнхаа бэлтгэлийн талаар бодоод л харьдаг болчихсон байсан.
-Энэ төрлийн спортоор хичээллэхэд эмэгтэй хүний бие эвдрэх, гэмтэх зэрэг асуудал үүсдэг байх. Гэрийнхэн нь хэрхэн хүлээж авдаг вэ?
-Миний хувьд анхандаа бол улсдаа хоёр гурван тэмцээндээ түрүүлээд, нэрэмжит жижиг тэмцээнүүдэд түрүүлээд л яваад байсан. Ингээд явж байх үед гэрийнхэн бүр тоохоо больчихсон. Анхандаа бол алтан медалиа зүүгээд ороход “Өө миний охин түрүүлчихсэн үү” гээд л их сүрхий хүлээж авна аа. Сүүлдээ бол “Заа дахиад медаль авсан уу. Баяр хүргэе” гээд л нээх тоохоо больдог юм билээ.
Гэхдээ сүүлийн тэмцээн дээр үнэхээр сайхан санагдахаар зүйл болсон. Би гурван төрөлд орсон шүү дээ. Эхний хоёр төрөлдөө медаль авч чадаагүй болохоор гэрийнхэндээ хэлж чадахгүй, яримааргүй санагдаж байгаад тайвширсныхаа дараа ярьсан. Тэгээд сүүлийн барилдаан бүрдээ дэвжээнээсээ бууж ирээд шууд л “Би ялчихлаа” гээд гэрийнхэндээ чат бичээд байсан л дээ. Яг сүүлийн финалын барилдаандаа орох гээд байж байсан чинь гэрийнхэн миний фодволкыг мушгиад л байж байна гээд бичлэг явуулсан. Тэр бол үнэхээр энэ хорвоо дээрх хамгийн сайхан мөчүүдийн минь нэг байсан бас дэлхийн аварга болох хамгийн том урам зориг байсан юм уу даа.
-Спортоос олгосон хүмүүжил, чадвар эргээд таны ажлын амжилт, аливаад хандах хандлагад хэрхэн нөлөөлсөн бэ?
-Хамгийн түрүүнд цагийг маш ихээр үр бүтээлтэй өнгөрүүлдэг болсон буюу өдөр тутмын амьдралынхаа цагийг зөв хуваарилж сурсан. Миний хувь хүн талаас гэвэл өмнө нь бүрэг ичимхий, баргийн хүнтэй дуугардаггүй байсан бол одоо илүү нээлттэй, хүрээллээ тэлж илүү олон найз нөхөдтэй болоод бусдаар хүндлүүлж, бусдыг хүндэлж сурсан даа.
-Манай багш бол тамирчдынхаа хоолзүйч бас сэтгэлзүйч-
-Чиний хувьд олон улсын чанартай тэмцээнүүдэд их орсон байна. Гаднын улсуудтай харьцуулахад манай улсад энэ спорт хэр түвшинд явж байгаа гэж харж байгаа вэ?
-Жюү Жицүгийн спорт манай улсад 2007 оноос хөгжиж, орж ирсэн бөгөөд 17 жилийн ой болж байгаа. Гаднын улсуудтай харьцуулах юм бол нээх ч их хүмүүст танигдаж эхлээгүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ спортыг сонирхох, хичээллэх хүмүүс маш ихээр нэмэгдэж байгаа. Бас нэг зүйл нь гаднын улсуудад энэ спортоор маш дээгүүрт тооцогддог учир олон улсын тэмцээнүүдэд улсаас нь дэмждэг брендийн дэлгүүрүүд, тбб-ууд байдаг юм билээ.
Гаднын тамирчидтай манай улсын тамирчид барилдахад хүч чадлаараа маш илүү. Мөн барилдааны эв дүй, техник, юмыг хурдан бодож шийдвэр гаргаж чаддаг зэрэг байдал илт давуу санагддаг.
-Олон улсын тэмцээнүүдэд тамирчид амжилт дүүрэн ирдэг юм байна. Тэгэхээр эх орондоо ирсний дараагаар улсаас эсвэл холбооноос нь хүлээж авч уулздаг уу?
- Өмнө нь олон улсын тэмцээнүүдэд орж ирсний дараагаар биеийн тамирын үндэсний холбоо эсвэл улсаас ямар нэгэн байдлаар хүлээж авч байгаагүй. Гэхдээ өөр бусад тамирчдыг хүлээж авсан байж магадгүй.
Сүүлийн ДАШТ-д орсон тамирчид Грек рүү цаашаа тэмцээнд орохоор явчихсан байгаа юм л даа. Тэдгээр тамирчдаа ирсний дараагаар холбоо маань биднийг хүлээн авч уулзах байх.
-Долоо хоногийн хэдэн өдөр бэлтгэл хийж байна?
-Манай академи тэмцээн болох болохгүй хамаагүй өдөр хийдэг бэлтгэлээ л маш сайн хийгээд явдаг. Тэмцээн дөхөхөөр илүү цагаар бэлтгэл хийнэ гэж байхгүй дээ. Тэр нь бас их амар санагддаг. Ядралд бага, хийх ёстой зүйлээ л хийгээд явж байдаг болохоор сайхан л даа. Бид хэд чинь долоо хоногийн зургаан өдөр бэлтгэл хийдэг. Өдөр бол гурван ээлжийн бэлтгэл болдгоос өөрийн цагт тааруулаад л ирэхэд болдог.
- Тамирчин хүний хувьд биеийн дасгалтай ижил сэтгэл зүйгээ маш сайн бэлтгэх шаардлагатай гэж боддог. Өөрийн чинь хувьд сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Манай багш бол тамирчдынхаа хоолзүйч бас сэтгэлзүйч шүү дээ. Заримдаа сэтгэл санаагаар унаад багшдаа хэлэхээр тухайн асуудлыг маш эвтэйхэн болгож өгдөг. Заримдаа бол сэтгэл сэргэтэл загнана, үглэнэ.
Хооллолтын тухайд бол жингээ хасах үеэр хүн тус бүрд тохирсон бүтээгдэхүүн, зөвлөгөөнүүдийг өгдөг. Орой унтах, өглөө босох цаг дээр хүртэл ажиллаж өгдөг. Жин өгсөж байгаа үед аль болох илчлэг сайтай зүйлийг иддэг. Харин жин хасах үе л их хэцүү. Юм болгоныг идээд байж болохгүй. Ялангуяа сахар, гурил хоёрыг бол хасах хэрэгтэй байдаг.
-Тамирчдын хамгийн ойр байдаг хүн бол багш шүү дээ. Таны ярианаас сонсоход багш нь бүхий л зүйл дээр маш сайн тусалж дэмждэг юм байна. Багшийнхаа талаар яриач?
-Манай багшид хичээллэж үзээгүй спорт гэж байдаггүй байх. Цанаар хичээллэж байсан. Бас манай монголын хамгийн хурдан хүүхэд болж байсан юм билээ. Тэгээд жүдогоор хичээллэж байгаад жюү жицү төрөл рүү орж ирсэн. Одоо бол 10 гаруй жил энэ спортоороо хичээллээд явж байгаа.
-Бүх спортууд дундаас жюү жицү эмэгтэйчүүд хамгийн тохиромжтой-

-Хэдээс хэдэн насныхан энэхүү спортоор хичээллэхэд тохиромжтой байдаг вэ?
-Гадаадад төдийгүй Монголд дөрвөн настай хүүхдүүд хичээллэж байна. Сая 72 настай өвгөн хар бүс авсан. Тэр хүн 20-30 жил хичээллээд өнөөдөр л про болж байна шүү дээ. Тэгэхээр насны хязгаар байхгүй юм даа. Энэхүү спортоор хичээллэснээр бие биенийгээ хүндэтгэх хүндлэл, дэг жаяг, хувь хүний төлөвшилд асар эерэг нөлөөтэй.
Ер нь энэ спортод эрэгтэй хүүхдүүд давамгай хичээллэдэг. Манай академид гэхэд 150 гаруй хүүхэдтэй байлаа гэхэд эмэгтэй нь 20-30 хавьцаа л байгаа. Гэхдээ ирээдүйд бол эмэгтэй тамирчид ихээр нэмэгдэх байх.
-Жюү жицү бөхийг сонирхож байгаа олон хүүхэд бий. Энэ спортоор хичээллэхийн давуу тал нь юу вэ?
-Жюү жицү бөхийг зодооны төрлийн хэвтээ барилдаан гэж ойлгож болно. Энэ барилдаан спорт болон бразил гэсэн хоёр төрөл байдаг. Спорт жюү жицү нь Японд үүссэн бол бразил нь 1900 оноос тус улсад үүссэн түүхтэй. Спорт жюү- жицү өшиглөж цохидог, барилддаг, барьц авах дүрэмтэй байдаг бол Бразил жюү-жицү нь хөл гарт өчдөг, боох мэхээр өрсөлдөгчөө ялдаг онцлогтой. Тиймээс нэг хичээллэсэн хүн гарахад хэцүү. Мөн бүсний хувьд ч ялгаатай байдаг. Анхнаас нь хичээллэвэл хүн бүрт боломж бий. Бусад төрлүүдтэй харьцуулахад бэртэл гэмтэл бага авдаг. Бүх насны хүмүүс хичээллэж болно. Хичээллэсэн хүмүүсийг ажиглаад байхад бие нь өв тэгш хөгждөг онцогтой. Мөн их сонирхолтой спорт. Энэхүү спортын гол дүрмээр боож өчих нь цэвэр ялалт болдог. Мэдээж боолгосон хүн амиа аврахын тулд бууж өгнө. Хөл гараа өчүүлсэн хүн хугартал гүрийнэ гэж хэзээ ч байхгүй шүү дээ. Тиймээс бэртээд байдаггүй. Харин ширүүн тулаан дунд гар хөл нь мултрах тохиолдол цөөнгүй гарч харагддаг.
-Энэ спортыг ямар хүмүүст илүү тохиромжтой гэж бодож байна?
-Миний хувьд бүх спортууд дундаас жюү жицү эмэгтэйчүүд хамгийн тохиромжтой спорт. Хэдий энэ спортоор эрэгтэйчүүд давамгайлж хичээллэж байгаа ч хугацаа өнгөрөх тусам эмэгтэйчүүдийн тоо өсөж байна. Би өмнөх асуултад бие бялдар хөгжихөөс гадна бие хамгаалах урлагт суралцдаг гэж дурдсан шүү дээ. Энэ нь эмэгтэйчүүдэд ашигтай. Миний ажилладаг академид олон бүсгүйчүүд байдаг. Тэд Жюү жицүгийн техникээр эрчүүдийг ялж чаддаг олон мундаг бүсгүйчүүдтэй. Ер нь энэ спортоор хичээллэж эхлэхэд охид бүсгүйчүүдэд сүрдмээр, хүнд байдаг байх. Гэхдээ зориглоод эхний алхмыг хийвэл жюү жицүгээр хичээллэдэг ямар ч хүмүүс бүгд сайхан харилцаатай, гоё уур амьсгалыг бий болгож чаддаг гэдгийг хэлмээр байна.
-Энэ хүртэл хөдөлмөрлөөд ирэхэд гэр бүл, найз нөхөд, багш нь үргэлж хамт байсан байна. Эрхэм хүмүүстээ хандаж юу гэж хэлэх вэ?
"Ralph Gracie Mongolia" академийн хамт олондоо David Clahan, Zagdaa Clahan маш их баярлалаа. Мэдээж тамирчин хүний хамгийн хэрэгтэй зүйл бол заал, дэвжээ болон хувцас байдаг. Энэ бүхнийг бидэнд үнэгүй хангаж өгч байгаад үнэхээр их баярладаг шүү. Багшдаа өөрийнхөө мэддэг бүх зүйлийг зааж өгч, хаана ч явсан үргэлж дэмжиж өгдөгт маш их баярлалаа. Мэдээж гэр бүл, ойр дотнын хүмүүс миний хамгийн том дэмжигч, нөмөр нөөлөг болсон хүмүүс байдаг. Бүгдэд нь хайртай шүү. Илүү их хичээгээд амжилт гаргах болно оо.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо энэ хар хөлс болсон бөхчүүдийг больё оо ш�##� дэмий.
Ядаж үр бүтээлтэй ажил хийцгээ хүүрнүүдээ ямар олон хүн барилддаг юм.
Hun ooriinho durtai Yuma hiigd ywjin oort chin hamaatai yumuu esuul ooroo chdhgui bolhoor ataarhad bga yumuu...
Хөөрхөн охинд амжилт хүсье????????♀️